Газрын харилцааны зүүн бүсийн сургалт боллоо

2024 оны 05-р сарын 21

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Дэ Нэйче Консерванси байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар /TNC/-тай хамтран “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем”-д газрыг улсын тусгай хэрэгцээнд авах үйл ажиллагааг цахимжуулж хөгжүүлэлт хийгдсэн бөгөөд энэхүү ажлын үр дүн болон газрын удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан газар ашиглалтын зохистой менежментийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулах, чадавхижуулах зорилгоор “Зүүн бүс”-ийн сургалт, зөвлөгөөнийг 2024 оны 05 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгууллаа.

Сургалтад Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нар, газар, геодезийн улсын байцаагч, газрын мониторинг, кадастр, газар зохион байгуулалт, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнүүд болон сумдын газрын даамлууд оролцсон.

Сургалтад Газрын тухай хууль, журам бусад хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт, салбарын бодлого, цахим системийн үйл ажиллагааны шинэчлэлт, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авч хамгаалахын ач холбогдол, бүсийн экосистем, биологийн олон янз байдал, усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх хамтын ажиллагаа, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс ба газар ашиглалт зэрэг чиглэлээр мэдлэг, мэдээлэл өгөх болон албан хаагчдын дунд ажил, мэргэжлийн ур чадварыг сорьсон илтгэлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт биологийн олон янз байдлын хамгаалалт төслийн зүгээс батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, биологийн олон янз байдлыг бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд харгалздаг болгох ажлыг хөнгөвчлөх зорилгоор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар хооронд гэрээ байгуулан газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд биологийн янз байдал, газар зохион байгуулалтын төлөвлөлт, хэрэгжилтийн динамик өгөгдлийг харуулсан дашбоардыг хөгжүүлсэн. Энэхүү дашбоардыг ашиглах ур чадварыг олгох, хэрэглээнд нэвтрүүлэхээр сургалтын үеэр мөн танилцууллаа.

2024 оныг Монгол улсын Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан төвийн бүсийн сургалт, зөвлөгөөнийг арван хоёрдугаар сарын 05-наас 07-ны өдрүүдэд, баруун бүсийн сургалт, зөвлөгөөнийг нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 02-ны өдрүүдэд, говийн бүсийн сургалт, зөвлөгөөнийг дөрөвдүгээр сарын 11-нээс 13-ны өдрүүдэд, зүүн бүсийн сургалтыг тавдугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, өндөрлөлөө.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *