Малчдын булан: Болзошгүй осол, эрсдлээс сэргийлээрэй!

2024 оны 06-р сарын 20

Аливаа осол, гэмтлийн дараачийн үр дагавар нь хүний бие махбодь болон өрх гэрийн эдийн засагт ямагт сөргөөр нөлөөлж байдаг. Жишээ нь, нэгэн малчин мориноос унаад хөл, нуруугаа гэмтээлээ гэж бодъё. Энэ тохиолдолд эрүүл мэндийн байгууллага, эмчид үзүүлэн рентген зураг авахуулах, эм тан бичиж өгсний дагуу тэдгээрийг худалдаж авах, тодорхой хугацаанд хөдөлгөөнгүй гам барих гэх мэтээр мөнгө санхүү, ажлын бүтээмж, цаг хугацаагаар хохирч байдаг. Цаашлаад амь насаа алдах, үүрдийн тахир дутуу болохыг ч үгүйсгэх аргагүй юм. Учир нь мал амьтантай харьцаж ажиллах нь эрсдэлтэй бөгөөд тийм ч амархан ажил биш юм. Тухайлбал эмнэг сургах, бод мал төхөөрөх, морь тэмээ унах, ачаа бараа зөөх, нүүдэллэх гэх мэт тоочоод баршгүй олон ажлууд байдаг. Хүн бүр л өдөр тутамдаа хийдэг энгийн ажил мэт боловч хайхрамж болгоомжгүй хандсаны улмаас олон хүн бэртэж гэмтэж, осолдож, эрүүл мэндээрээ хохирч байгааг бид төдийлөн анзаардаггүй.

Нийтлэг шалтгаан ба урьдчилан сэргийлэлт

Осол, гэмтлийн шалтгаан !

  • Унаж буй морь, тэмээ нь амьтны нүхэнд бүдрэх, цөмрөх !
  • Хог болон аливаа эд зүйлсээс үргэх, бусгах, туйлах !
  • Хангал, догшин морь малтай харьцах, унах, саах !
  • Эх мал төлөө харамлах !
  • Малтай буруу харьцах, зодох !
  • Морь малаас унах, ойчих үед томдсон дөрөөнд хөл шурган орох !
  • Чөдөр, тушаа хийгээгүй байх !
  • Олом, жирэм чангалах үед !
  • Малтай харьцахад тохирсон гутал, хувцасгүй байх

Урьдчилан сэргийлэх зөвлөмж

  • Амьтны нүх ихтэй, хэт огцом налуу, мал үргэх эд зүйлс (хог гм), цөмөрч болзошгүй хөрстэй газраар аль болох явахгүй байх
  • Дөрөөнд хөл шурган орохоос хамгаалсан хоригтой байх эсвэл гутал, дөрөө хоёр таарсан байх
  • Олом жирэм чангалах болон малд мордохдоо, малын амыг цааш нь дарж татаж байгаад чангалах, мордох
  • Эх малыг саахдаа чөдөр, тушаа хэрэглэх эсвэл төлийг нь ойр байлгах
  • Мал амьтантай харьцахад тохирсон ажлын хувцас, гутал, НБХХ-тэй байх
  • Аливаа малтай аядуу зөөлөн харьцах ба бага насанд нь сайн уях, номхоруулах

Мал амьтантай харьцахдаа эцэг өвгөдөөс сургаж ирсэн уламжлалт арга барилаар ажиллахаас гадна орчин үеийн техник хэрэгсэл, арга барилыг судлан хэрэгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал барилга, уул уурхайд л хэрэглэдэг гэж боддог хоншоор хэсэгтээ аюулгүйн төмөртэй ажлын гутлыг бод малд гишгүүлж хөлөндөө гэмтэл, бэртэл авахаас урьдчилан сэргийлж өмсөж болох юм. Мөн хашаа хороо засварлах, тасдагч ажиллуулах үед нүүрний тунгалаг хамгаалалт хэрэглэх, өтөг бууц хөрзөн ховхлоход нарийн ширхэгтэй тоосноос хамгаалах маск, хошуувчийг хэрэглэж болно.

ХХААХҮЯ

+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *