Матад сумын нутагт орших газрын тос олборлох “Матад-ХХ” талбайн “Цэн тогоруу” газрын тосны орд нээлтээ хийжээ. Нээлтэд АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд, АҮЭБЯ-ны ГТБХЗХ-ийн дарга Ч.Хишигдалай нар оролцсон байна.
Тухайлбал, АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар “Цэн тогоруу” газрын тосны ордын нээлтийг нээж үг хэлэхдээ “Өнөөдөр бид Монгол инженер, геологичид, геофизикчид өөрсдөө илрүүлсэн, үндэсний компанийн газрын тос олборлох орд ашиглалтад орж байгаагийн гэрч болж байна” гэжээ.
20-р талбайн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас дараахь мэдээллийг түгээжээ.
“Матад-ХХ” талбайд газрын тос олборлох зөвшөөрөлтэй “Петроматад” ХХК 2005 онд байгуулагдсан. Улмаар 2006 онд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, 2008 онд Лондоны хөрөнгийн биржид хувьцаагаа гарган Олон улсын хөрөнгийн зах зээлд хөл тавьсан Монгол анхны компани юм.
Тус компанийн зүгээс өнгөрсөн хугацаанд 67 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж:
- 1800 тууш км-т чичирхийллийн 2 хэмжээст судалгаа,
- 134 км² талбайд 3 хэмжээст судалгаа,
- 14 хайгуулын цооногийн өрөмдлөг,
- Туршилтын ажлуудыг гүйцэтгэсний үр дүнд 8.7 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тосны баталгаат нөөцийг 2021 онд бүртгүүлсэн.
Петроматад ХХК-ийн Цэн тогоруу-1 цооногоос 2024 оны туршилтын байдлаар өдөрт 200 баррель газрын тос олборлох төлөвлөгөө гарч, шингэн хагалбарын ажил, цооногийн гадаргуугийн байгууламжийн угсралтын ажлуудыг хийжээ.
Газрын тос олборлох бүтээн байгуулалтын үйл ажиллагаа өргөжин тэлснээр, Дорноговь аймагт бүтээн байгуулалтын шатанд явагдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрлэл, технологийн паркийг тосоор хангаж, цаашлаад Монгол Улс дотоодын хэрэгцээнийхээ 55 хувийг өөрсдөө хангахаар төлөвлөж буй аж.