Ц.Чимидцэрэн: Хар багаасаа хат сууж зовлон үзсэн надад дайнд явах зориг тэнхээ байж

2024 оны 03-р сарын 13

Байрны гадаа ач зээ нараа харангаа нарлаж суугаа буурай нарт ярихыг хүсдэг бас хүсдэггүй арвин түүх байдаг байхдаа гэсэн бодол тэднээс үг өдөх хүсэл түрүүлнэ. Нэг л мэдэх нь ээ инээд алдаж “Би ийм л түүхтэй хүн дээ” гэж ам халах тэдний нүд сэргэж, уртаа гэгч шүүрс алдах нь тайтгарсан, харууссан, санагалзсан зэрэг сэтгэлийн олон өнгийг илтгэх мэт. Киноноос үзээгүй сонин үйл явдал, зохиолоос уншаагүй хүний сэтгэл хөдлөлийг тэд ярьж өгдөг. Жинхэнэ баатар атлаа хамгаас энгийн амьдарч байгаа хүмүүсийн түүх ч байна. Тэднээс сонссон бүхнээ бүгдэд дуулгамаар…

“Дайн гэдэг аймшигтай зүйл. Дахин дайныг хүсэх ч юм биш. Хар багаасаа хат сууж зовлон үзсэн надад дайнд явах зориг тэнхээ байсан байж” хэмээн Ц.Чимидцэрэн хуучилна. Тэрээр 15 насандаа Халхын голын байлдаанд амь хайргүй тулалдаж, шархадсан цэргүүдийг анагааж явсан сувилагч эмэгтэй юм. Тэр бүү хэл дайнд явах саналыг өөрөө дэвшүүлж, аавдаа ч хэл дуулгалгүй хүйтэн талбарт морджээ. Ийнхүү дайнд ажиллахдаа сэтгэлийн хүч, итгэл байхад сайн сайхан бүхэн ирдэг гэдгийг өөрийн түүхээр харуулсан “Ахмад дайчин”. Мөн дайны жилүүдэд амьдралын ханьтайгаа учирч, дөрвөн хүүхэд бойжуулсан “Алдарт эх” юм.

Тэрбээр “Би 1924 онд Дорнод аймгийн Баяндун сумд айлын ес дэх буюу отгон хүүхэд болж мэндэлсэн. Манайх тээгийн булан, Салхитаар суудаг айл. Тэнд орос айл олонтой. Оросуудын хүүхдүүдтэй тоглож өссөн болохоор хэлийг нь жаахан гадарладаг болсон. Сүүлд дайны талбарт орос эмч нартай ойлголцоход дэм болж байлаа. Бичиг үсэг сурсан болохоор 12 настайдаа сумынхаа 1-р багийн Тээгийн буланд Сүүний тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан.

1939 онд охидын сургууль гэж байгуулагдахад 14-өөс 20 гаруй насны том жижиг нийлсэн 35 хүүхэд  суралцав. Бид Ч.Дондог багшаар хуучин монгол үсэг, латин хэл заалгаж овоо дөртэй болцгоосон доо. Сургуульд сурсаар хаврын адаг сар гарахад “Халхын гол, Баянцагаан, Хайлааст манхан зэрэг газруудад Японы милитаристууд довтоллоо” гэж сумын МХЗЭ-ийн үүрийн дарга Н.Аюуш дуулгасан.

Тэгж ярьсаар сургуулийн үйл ажиллагааг зогсоох тухай мэдэгдсэн. Цочирдсон хүүхдүүд сандалдаа сууцгааж, чимээгүй л Н.Аюуш даргын ухуулахыг сонсож суусан. Дайн болж байгаа газар очвол яадаг бол гэж бодогдсоор Н.Аюуш дарга аа надад нэг санал байна, хэлж болох уу гэж асуусан. Н.Аюуш дарга “Өө бололгүй яах вэ? гэхэд нь эх орноо хамгаалахаар тэр дайнд би явъя гээд мөн ангийнхныгаа уриалсан.

Охид удтал суусны эцэст түрүүл дөрвөн охин итгэл муутайхан босож ирэв. Ангийн хүүхдүүд уван цуван дэмжин боссоноор 14-22 насны нийт 22 охин Халх голын дайнд мордох болдог юм байна. Ингээд биднийг босоход Н.Аюуш дарга ”Хүүхдүүдээ би ганцаараа энэ асуудлыг шийдэхгүй ээ. Сумын намын үүрийн хороо, цэргийн штабын дарга нарт уламжилъя. Сайхан санал байна” гэж бидэнд хэлсэн. Хоёр гурав хоногийн дараа аймгийн цэргийн хэлтэст хэлэлцээд 22 хүнээс 16 нь явахаар болсон.

Маргааш, нөгөөдрийн аль нэг өдөр та бүгдийг үдэж гаргана. Явах бэлтгэлээ хийгээрэй гэж хэлсэн юм. Ингээд дарга нар биднийг Баянбулаг сумаас Яргайн даваа хүртэл туг далбай барьж үдэж өгөөд цаашаа аймгийн төв хүртэл үхэр тэргээр долоо хоног явж очсон. Аймгийн удирдлагууд ч биднийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, цэргийн эмнэлэгт хүргэлээ. Ингээд нэг хоног амраад сургагч багш нарт хүлээлгэж өгөөд Ж.Цэмпэлмаа бид хоёрыг сувилагчаар бусад охидыг индүүчин, тогооч, цагаан хэрэглэл угаах зэрэг ажлуудад хуваарилсан даа. Харин би орос эмч Таня Петровнагийн удирдлага дор Цэргийн эмнэлэгт ирсэн шархтан цэргүүдийг асрах сувилах ажилд гардан оролцож эхэлсэн.

Өөрийн саналаар дайны талбарт ирсэн учир айж болохгүй. Туслах гэж ирсэн болохоос ус болж болохгүй гэдгийг маш сайн ойлгосон учир харьцангуй гайгүй л байсан. Шархадсан цэргүүд биеийн байдал нь маш хүнд эмнэлгийн тусламж авахаар ирнэ. Зарим цэргүүдийн ухаан санаа орж гарна. Зуны нар, шархны халуунд цэргүүд их зовдог байв.

Миний ажиллаж байсан газрын ойролцоо буюу Хэрлэнгийн гүүр, Бухын толгой, мал эмнэлгийн хашаа гэх гурван газарт Япончууд 12 онгоцоор дайрч бөмбөг хаясан. Энэ гурван газрын нэгд нь бөмбөг дэлбэрээгүй. Бөмбөгдөлтөд нэг малын эмч , нэг нохойн үхсэн. Хэсэгтээ пульмот шүршиж байгаад дахиж нааш довтлоогүй, тойрсон. Ингэж галдаж байхад би зургаан ч удаа дайны талбараас шархадсан цэрэг үүрч явсан.

Бөмбөгдөлтөд өртсөн цэргүүд 2-3 л хоног тэсдэг байсан. Хэний ч юм нэрийг дуудаад орилоод л байна. Бодвол ойр дотнын бүхнээ дууддаг байсан биз.

Дайнтай байхад бүтэн нойртой байна гэж байхгүй. Харанхуй тэнгэр ширтээд бүгчим гэрт сууж л байна. Газар доошоо гурван метрийн гүн нуувч ухаад дотор нь таван ханатай гэр барьж, нуувчны ам хүртэл дээврийг өвсөөр хучна. Бороо орсны дараа өвдөг хүртэл, заримдаа өвдөг давсан их ус хурчихдаг. Ингэж л нуувчинд байдаг байсан даа. Харин хангамж бол их сайн байсан. Цэргүүдийн зориг чангалах идээ гэж орос архи овоолготой. Хоол унд ч арвин. Гэхдээ хоолойгоор хоол давахгүй. Тэр зуныг дуустал нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилсээр есдүгээр сард дайн дууслаа гэж зарласан.

Дайны дараа цэргийн эмнэлэгтээ үргэлжлүүлэн сувилагчаар ажилласан. Тэнд ажиллаж байхдаа нөхөртэйгөө танилцсан юм. Нөхөр маань цэргийн хүн. 1945 оны чөлөөлөх дайнд нөхөр бид хоёул дайнд ажилласан. Ингэж хоёр ч удаа дайнд оролцож явсан даа. Нөхөр бид хоёул “Ахмад дайчин” болсон.

Чөлөөлөх дайн ялалтаар өндөрлөхөд үдшийн тэнгэрийг өдөр мэт гэрэлттэл салют буудуулсан. Тэр мөчид л цээж онгойж, хамгийн сайхан байсан даа” хэмээн “Ахмад дайчин” ярилаа.

100 насыг зооглон суугаа Ц.Чимидцэрэн энх цаг ирэхэд гэр бүлийн хамт Улаанбаатар хотын иргэн болжээ. Улмаар тогооч мэргэжил эзэмшин Нийтийн хоолны газруудад тогооч, ахлах тогоочоос худалдаа, нийтийн хоолны салбарын зөвлөх тогооч болтлоо дэвшин ажилласан бол өнөөдөр нийслэлийн хүндэт иргэн юм. Өдгөө Халхын голын байлдааны цор ганц амьд гэрч.

GoGo.mn

+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *