Тооны хэнээрхэл: Яагаад алхаа болон лайкаа тоолоход аюултай вэ!

Бяцхан хүүхдүүдэд лууван идэхэд сайн гэж хэлэхэд эсрэгээр бага иддэг. Алхсан алхаа, километрүүд, уншсаны номынхоо хуудас, ямар нэгэн зүйл хийж өнгөрүүлсэн цагийг тоолж, хэмжихэд тухайн үйлдлээс авах сэтгэл ханамж нь багасдаг. Эрүүл мэнд, үр бүтээмжийг тасралтгүй хянах нь яагаад аюултай болох талаар Скандинавын сэтгэл судлаач Микаэл Дален, Хельге Торбьёрнсен нар “Тоонд донтогсод. Тоонууд хэрхэн биднийг боолчилж, яагаад бид чөлөөлөгдөх ёстой вэ” номдоо бичжээ.

Пифагорын үед дэлгэрсэн тоо, үйл явдлын нууцлаг холбоост итгэх итгэл өнөөдөр инээдтэй санагдах ч сайтар бодож үзвэл бидний дотор бяцхан тоон зурхайч нуугдаж байж магадгүй. Бид “13” тооноос зайлсхийж, “3” тоонд дуртай байдаг. Өдөрт алхах алхааныхаа тоог 10 мянгад хүргэхийг хичээж, нийгмийн сүлжээнд авсан лайкуудаа тоолж, тодорхой тооны ном унших чэлленжэд оролцдог. Өнөөдөр хүн төрөлхтний түүхэнд хэзээ ч байгаагүйгээр тоонууд хаа сайгүй болсныг эрдэмтэд онцолжээ. Тоонууд мөн бидний бодож байгаагаас хүчтэй нөлөөтэй.

Илүү нарийхан, эрүүл, хурдан уу? 

Ухаалаг цаг, ухаалаг утас, хорвоо дэлхийн бүхнийг хянах зориулалттай хязгааргүй олон аппликэйшн авах боломжтой болсон өнөө цагт өөрийгөө хэмжих бүхий л боломж бидний өмнө нээгдээд байна. Асар олон тооны ном, сайт, олон зуун аппууд зөвхөн үүнд зориулагдан гарчээ. Бид өөрсдийнхөө үзүүлэлтүүдийг хянаж, бүртгэхдээ илүү нарийхан, эрүүл, аз жаргалтай, хурдан, бүтээмжтэй болохыг зорино. Америкчуудын 40 хувь нь өөрийнхөө үзүүлэлтүүдийг хянаснаар биеийн галбираа сайжруулж, жингээ хасаж чаддаг гэж үздэг байна.

Үнэхээр тийм байдаг уу гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Харин судалгааны дүн янз бүр байдаг аж. Ухаалаг цаг, алхаа хэмжигч, эрүүл мэндийн байдлын тухай мэдээллийг бүртгэдэг төрөл бүрийн төхөөрөмжийн үр дүнг судлахад статистикийн хувьд ач холбогдолтой ч хүмүүсийн эрүүл мэнд, үр бүтээмжид үзүүлэх эерэг нөлөө нь харьцангуй бага болох нь тогтоогджээ. Ингэхдээ зарим хүнд эдгээр мэдээлэл нь огт нэмэргүй байдаг байна. Үйлчилгээ нь богино хугацаанд л үргэлжлэх нь бий.

Дюкийн их сургуулийн судлаач Жордан Эткиний явуулсан судалгаагаар, өөрсдийнхөө үзүүлэлтүүдийг хэмжих нь тухайн үйл ажиллагаанд сонирхол буурах, зарцуулагдах хугацаа нь багасдаг болохыг тогтоожээ. Өөрийнхөө үр дүнг бүртгэдэг хүмүүсийн сэтгэл ханамжийн түвшин огт хэмжилт хийдэггүй нэгнийхээс доогуур байдаг аж. Яагаад вэ? Хэмжих явц нь бидний анхаарлыг хэмжиж буй зүйлд хандуулдаг байна.  Хэрэв та алхсан алхаагаа тоолж байгаа бол та алхааныхаа тоонд л төвлөрдөг. Та илүү хурдан эсвэл их алхах эрмэлзэлгүй байсан ч хэмжилт хийснээр ийм эрмэлзэлд хүргэнэ. Гүйхдээ зүрхний цохилт, хурд, уртаа хэмждэг бол та аажмаар тооны тухай л илүү бодож эхэлдэг ба яах гэж гүйдэг болсноо ч мартана. Өөрийнхөө үзүүлэлтийг хэмжих нь хортой болохыг харуулсан амьд жишээ нь Торбёрн Хёстмарк Борге гэгч норвег эр. Тэр спортоор хичээллэх дуртай байсан бөгөөд аажмаар үзүүлэлтүүдээ хэмжиж эхэлжээ. Харин өдгөө тэр ингэсэндээ харамсдаг. “Алхалт хэмжигчээ асаангуут л донтож эхэлдгийг би анзаарсан. Өөрийнхөө амжилтуудыг эвдэх хүсэл төрнө. Энэ эрмэлзэл нь өдөр бүр дарамт болж, маш их энерги, анхаарал шаарддаг болсон” гэж Борге ярьжээ.  Үүний улмаас тэр рабдомиолиз буюу булчингийн эдийн эсийн гэмтэлтэй болсон байна. Эхэндээ тэр өдөрт 20 мянга алхах зорилт тавьж, аажмаар алхалтынхаа тоог 30 мянга, 40 мянга болгон нэмэгдүүлж, хэт их ачааллын улмаас алхах сонирхолгүй болсноос гадна эрүүл мэндээ хохироожээ. Гаднын мотивацын тусламжтай хүмүүсийг идэвхийг өдөөдөг. Жишээ нь эцэг, эхчүүд хүүхдүүдээ зайрмаг, шоколадаар урамшуулдаг бол компаниуд ажилтнууддаа санхүүгийн урамшуулал олгодог. Гэхдээ энэ нь богино хугацаанд үйлчлэх нь элбэг. Гаднын мотивац дотоод мотивацыг дарангуйлдаг болохыг судалгаа харуулдаг байна. Дуртай зүйлийнх нь төлөө танд мөнгө төлдөг бол аажмаар танд дарамт мэт санагдана. Учир нь хүчин зүтгэл нь дотоод мотивац биш харин мөнгөтэй холбогдож эхэлдэг.

Таны зүрх таны мэдээлэл

Хэрэв та эрүүл мэнд болон спортын үзүүлэлтүүдээ хэмжих дуртай бол сая уншсан зүйл хэт сөрөг мэт санагдаж болох талтай. Үе үе үзүүлэлтүүдээ харахад юу нь муу гэж та бодож байж магадгүй. Та дуртайяа гүйж, үзүүлэлтүүддээ ч сэтгэл хангалуун байдаг. Тэр тусмаа таны үзүүлэлтүүд амин чухал байж болно. Хэрэв та жингийн илүүдэлтэй эсвэл цусны даралт өндөр бол бие организмынхаа талаар тодорхой мэдээлэл авах нь танд хэрэгтэй. Чихрийн шижинтэй хүнд цусан дахь сахрын хэмжээгээ хянах нь туйлын чухал.

Том ах

Таны эрүүл мэндийн мэдээллийг хэн эзэмшдэг талаар та бодож үзэж байсан уу? 2019 онд Google компани Fitbit компанийг 2.1 тэрбум ам.доллароор худалдаж авах тухай зарласны дараа мэдээллийн технологийн ихэнх мэргэжилтнүүд болон энгийн хэрэглэгчид Fitbit төхөөрөмжүүдийг ашиглахаа больжээ. Учир нь тэд өөрсдийнхөө нойрны дэглэм, дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийн талаарх мэдээллийг Google компанид өгөхийг хүссэнгүй. Тэдний бодлоор Google тэртээ тэргүй тэдний талаар олон зүйл мэдэж байгаа. Хожим нь эрүүл мэндийн мэдээллийг их хэмжээгээр худалдан авч байгаа талаар олон хүн дургүйцлээ илэрхийлэх болсон тул 2020 оны наймдугаар сард Европын комисс Google компанийн Fitbit компанитай байгуулсан гэрээ, хүмүүсийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг хэрхэн авч байгаа талаар өргөн хүрээний шалгалт хийх гэж буйгаа зарлав. Fitbit компани 100 сая гаруй төхөөрөмж борлуулж, 28 сая идэвхтэй хэрэглэгчтэй тул гүйлт, зүрхний цохилт, газар зүйн байршлын талаар асар их хэмжээний мэдээлэлтэй компани юм. Харин Google компани тус компанийг худалдан авч, хиймэл оюун ухааныг эрчимтэй нэвтрүүлсний ачаар хүмүүст хүргэх чанартай мэдээллийг тоог нэмэгдүүлж, улмаар тэдэнд өөрсдийнхөө талаар илүүг мэдэх, улмаар амьдралын чанараа сайжруулах боломж олгоно гэдэгтээ итгэлтэй байна.

Бид янз бүрийн хэмжигч, харьцуулагчийн тусламжтай илүү сайн, хурдан, бүтээмжтэй болж чадна гэж итгээд зогсохгүй эл итгэлээ компанийн урамшууллын системээс авхуулаад сургуулийн дүн гээд эргэн тойронд буй бүхий л зүйл дээр хэрэглэж байна. Бид тоог тодорхой, мөнхийн, харьцуулж болохуйц гэж үздэг тул тоон дээр суурилсан шийдвэр, системүүд бодит бөгөөд тунгалаг мэт санагддаг. Мэдээж хэрэг, энэ нь тийм биш. Тэгвэл юуг хэмжих вэ?

Сонирхолтой нь Швед, Норвег зэрэг улсын иргэд тоо, хэмжээ бүтээмжийг дээшлүүлдэг гэдэгт бараг итгэдэггүй байна. Эдгээр орнуудад иргэд хоорондын итгэлцэл, төрийн албанд итгэх итгэх өндөр байдаг. Эдгээр улсад төрийн тогтолцоо, улс төрд тоонуудын гүйцэтгэх үүрэг итгэлцлийн түвшин доогуур орнуудынхаас бага. АНУ-д эсрэгээр аль 1960-аад онуудад төрийн албанд үл итгэх байдал үүсжээ. Энэ нь юунд хүргэв? Тоонууд болон хэмжилтийн системүүд нь туршилтад суурилсан субьектив үнэлгээ, шийдвэрүүдийг орлох болжээ. Сургуулиас авхуулаад цагдаагийн газар хүртэл.

Тоталитар дэглэмтэй улсад ч гэсэн тоон үзүүлэлтүүд бүтээмжийг сайжруулдаг гэдэгт итгэх итгэл хүчтэй байна. Үүний тод жишээ Хятад улс. 2020 онд тус улсад тухайн хүн, компани болон байгууллагад итгэж болох эсэхийг тодорхойлдог мэдээллийн сан болон мониторингийн системээс бүрдсэн системийг нэвтрүүлжээ. Хүн бүр өөрийн гэсэн рейтингтэй. Рейтинг өндөр хүмүүсийг урамшуулдаг бол доогуур рейтингтэй хүмүүсийн эрхийг зөрчинө. Тухайлбал боловсрол олох, аялах эрхийг хязгаарлаж, бага хурдтай интернэт хэрэглэж, банкнаас өндөр хүүтэй зээл авна.

Тоон үзүүлэлт, хэмжилт нь бүтээмж, магадгүй сахилга батыг нэмэгдүүлдэг гэсэн итгэл АНУ, Норвег, Хятад зэрэг олон оронд өндөр байдаг. Амазоны мундуруку, пираха зэрэг омгоос бусад дэлхийн бүх хүнийг тоон тахал нөмөрчээ. Тэд тооны тусламжтай хүмүүсийг хянаж, урамшуулж, бүтээмжийг нь дээшлүүлж болно гэдэгт итгэдэг.

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ