Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Д.РЭНЧИНХАНД: “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН АНХНЫ МОНГОЛ ЗАХИРЛЫГ ТӨРИЙН БОДЛОГООР БЭЛДЭЖ БАЙЛАА

Уул уурхайн инженерээс ажлын гараагаа эхэлж, энэ салбарын бодлого тодорхойлох ажилд мэдлэг оюунаа зориулан, уулын баяжуулах “Эрдэнэт”, Бор-Өндөрийн уурхайг байгуулах ажлыг удирдан явуулж байсан ахмад уурхайчин, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны орлогч сайд асан Дугарын Ренчинхандтай ярилцлаа. Тэрбээр өдгөө ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн зөвлөх профессороор ажиллаж, боловсон хүчин бэлтгэх ажилд хүчин зүтгэж байна.

-Та уул уурхайн мэргэжлийг яагаад сонгосон юм бэ?

-Би Дорнод аймгийн Баян-Уул сумын арван жилийн сургуулийг 1961 онд төгссөн. Манай ангийнхан 26-уулаа төгсөхөд, талаас илүү нь гадаадад сурах хуваарь авч байлаа. Намайг Аж үйлдвэрийн яамны нэр дээр ЗХУ руу явуулахаар боллоо. Би уг нь геологийн чиглэлээр мэргэжил эзэмшье гэсэн бодолтой байсан ч тэр жил яаманд геологийн хуваарь ирээгүй болохоор ашигт малтмал ашиглалтын чиглэлээр суралцахаар болсон. 1966 онд сургуулиа төгсөж ирээд тэр жилдээ Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын гянтболдын уурхайд хуваарилагдсан. Уурхайн уулын цехэд инженерээр ажлын гараагаа эхэлж, дараа нь 1968 оноос цехийн дарга, 1968 оны сүүлчээр үйлдвэрийн ерөнхий инженерээр ажилласан. 1972 оны дунд үед яамнаас дуудаж салбарын хэтийн төлөвийн чиглэлээр санал боловсруулах ажилд оролцуулсан. Тэгээд 1972 оны арванхоёрдугаар сард намайг Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны Уул уурхайн хэлтсийн даргаар томилсон.

-Яаманд орж ирээд анх ямар ажил үүрэг авч байв?

-Тухайн үед манай улсад Налайх, Адуунчулууны нүүрсний уурхайгаас гадна өнгөт металлын салбарт Бэрхийн хайлуур жонш, Бүрэнцогт, Их хайрхны гянтболдын уурхай ажиллаж байв. Үүн дээр Хажуу-Улааны жоншны үйлдвэрийг хүлээж авлаа. Мөн 1974 оны дөрөвдүгээр сард ХарАйрагт жоншны уурхай байгуулж эхэлсэн.

-“Эрдэнэт” үйлдвэрийг байгуулахад таныг нэлээд үүрэгтэй ажилласан гэж дуулсан?

-1973 оны эхээр Монгол-Зөвлөлтийн Засгийн газрын хооронд энэ салбарт хамтын ажиллагааг дахин эхлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурагдсан. Арваннэгдүгээр сард нь Эрдэнэтийн уул уурхайн баяжуулах үйлдвэр байгуулах хэлэлцээр хийгдсэн. Үйлдвэр байгуулах бэлтгэл 1974-1975 онд ид өрнөж, тэр жилдээ хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн хурлууд боллоо. Үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлэх алба яамны дэргэд байгуулагдсан. Зөвлөлтийн Медь Молибден строй трест үйлдвэрийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн.

-Уурхайд ажиллах мэргэжилтэй боловсон хүчин тухайн үед манай улсад байсан уу?

-Манай яам Эрдэнэтийн боловсон хүчнийг бэлтгэхийн тулд 1973 оноос 100 гаруй хүнийг Зөвлөлт рүү явуулсан. Эхний ээлжийн мэргэжилтнүүд 1977 онд, олонх нь 1978 онд төгсөж ирсэн л дээ. Монгол, Оросын талаас тэнцүү тооны төлөөлөгч оролцдог Зөвлөлийн Монголын талын долоон хүнийг анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай тэргүүлж байсан. П.Очирбат гуай тухайн үед Түлш эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны Уул уурхайн салбар эрхэлсэн орлогч сайдаар томилогдоод байв. 1976 онд манай яам хоёр хуваагдахад П.Очирбат Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны сайдаар томилогдсон. Харин Геологи, уул уурхайн үйлдвэрийн яам нь одоогийн Уул уурхайн яамны суурь болж үлдэхэд П.Очирбат гуай надад орлогч сайдын ажлаа хүлээлгэж өгөөд явсан л даа. Хамтарсан үйлдвэрийн зөвлөлийн Монголын талыг би 1989 оны аравдугаар сарын 20 хүртэл ахалсан.

-Урт хугацаа байна шүү.

-Тийм л дээ. “Эрдэнэт”-ийн эхний ээлж 1978 онд ашиглалтад орсон. Энэ бүх ажлыг хүлээж авах, ашиглалтад оруулах нь миний хариуцсан гол ажил. Тэр үед бараг л Эрдэнэтийн хүн шиг тэнд амьдарч, ажилладаг байлаа. 1989 онд анхны монгол захирлыг томилуулаад би ажлаа хүлээлгэж өгсөн.

-Анхны монгол захирлаар Ш.Отгонбилэгийг томилсон гэдэг?

-Бид бодлоготой бэлдсэн л дээ. Тэр үед инженерүүд ч нэлээд төгсөж ирсэн байв. Ш.Отгонбилэг тэдний л нэг, 1976 онд төгсөж ирсэн инженер. Хэн, хаана сурч байгаа тухай судалгаа бидэнд байдаг. Улаан дипломтой төгсөж байгааг нь ч бид мэдэж байсан. Гэтэл ирэх ёстой хүн маань алга. Тэгээд Намын төв хорооны Аж үйлдвэрийн хэлтсийн Ц.Гүрбадам даргатай уулзаад “Манай нэг инженер төгсөөд ирсэн байх учиртай. Хаана хуваарилагдаад очоогүй юм бол” гэж асуулаа. “Чи боловсон хүчний хэлтсээр эргээд үз дээ, манайхаар орж ирээгүй” гэв. Боловсон хүчинтэй уулзтал нөгөө нөхрийг маань Л.Түдэв гуай Эвлэлийн дарга болгох гэж байхад нь таараад татаж авсан юм. Ш.Отгонбилэгийг 1976-1981 он хүртэл яаманд ажиллуулаад, Орост аспирантурт сургасан. Эрдэмтэн болоод ирснийх нь дараа “Монголросцветмэт” нэгдлийн нэгдүгээр орлогч дарга болгосон. Ингээд 1989 оны аравдугаар сарын 20-нд “Эрдэнэт” үйлдвэрийн анхны монгол ерөнхий захирлаар батлуулж байсан юм.

-1989 оныг хүртэл манай улс яагаад Монголын талын захирлаа томилоогүй юм бэ?

-Манай талыг хүнээ томил гэдэг. Гэтэл өндөр хэмжээнд бэлтгэсэн боловсон хүчин тухайн үед манай улсад байгаагүй юм. Жирийн инженерийг тийм том үйлдвэрийн захирлаар томилж болохгүй. Зөвлөлтийн талаас олон үйлдвэрт насаараа ажилласан мундаг туршлагатай хүмүүсийг томилдог байсан учир тэдэнтэй ижил түвшний боловсон хүчин манай улсад байсангүй л дээ.

-Манай улс үйлдвэрт ажиллах боловсон хүчнээр хангагдсан байв уу?

-1978 онд үйлдвэрт ажиллагсдын тав хүрэхгүй хувь нь монголчууд, 95-аас илүү хувь нь Зөвлөлтийн мэргэжилтн үүд байлаа. Тэгвэл 1989 онд ажиллагсдын 90-ээд хувь нь, инженер, техникчдийн талаас илүү нь монголчууд болсон байв. -Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай яригддаг ч биелэхгүй байгаа.

-Зэсийн баяжмалыг металлургийн аргаар боловсруулж, зэс гаргах шаардлагатай. Энэ асуудал үйлдвэр байгуулахтай зэрэгцэн яригдаж эхэлсэн. Тухайн үед эртэдсэн яриа байлаа. Том үйлдвэрийн санхүүжилтийн асуудал, байгаль орчинд яаж нөлөөлөх вэ гэх мэт бэрхшээл бий. Зэс хайлуулахад хүхэрт хий ялгарна. Хүхэрт хий байгаль орчинд сөрөг нөл өөтэй. Тэр асуудалд тулаад гацдаг байсан, одоо ч тийм. -Уул уурхайн салбар тухайн үед манай улсын эдийн засагт ямар байр суурь эзэлж байсан бэ?

-1972 онд аж үйлдвэрийн бүтээгдэх үүний хоёр орчим хувь, экспортын бүтээгдэхүүний нэг орчим хувь нь уул уурхайн салбарт ногдож байсан. 1990 он гэхэд экспортын бүтээгдэх үүний 40 орчим хувь, аж үйлдвэрийн бүтээгдэх үүний дөрөвний нэгийг манай салбар үйлдвэрлэдэг болсон. Одоо бол нийгмийн нийт бүтээгдэх үүний гуравны нэгийг, аж үйлдвэрийн бүтээгдэх үүний 70 орчим хувь, экспортын 90 орчим хувийг уул уурхайн салбарт эзэлж байна шүү дээ.

-Уул уурхайн үйлдвэрлэл хүчээ авахтай зэрэгцэн энэ чинь байгаль орчинд халтай гэж шүүмжлэх хүн олон боллоо.

-Өмнө нь нөхөн сэргээлт хийдэггүй байлаа шүү дээ. Нөхөн сэргээлт хийх ёстой зардал мөнгийг нь улс өгдөггүй байсан. Сангийн яам орлогоо төвлөрүүлж авдаг. Энэ бол төрийн л хийсэн ажил. Тухайн үед улс үйлдвэрүүдээс татаж авч болох бүхнийг төвлөрүүлж байлаа. Түүнээс биш аль ч улс оронд уул уурхайн үйлдвэр явдгаараа явж л байна. Нөхөн сэргээлт хийгээд явбал уул уурхайгаа ашиглахад болохгүй юмгүй. Санхүүгийн эх үүсвэргүйгээс нөхөн сэргээлт хийгээгүй нь ард түмний толгойд сөрөг мэдээлэл болж, хүчтэй буудаг. Тиймээс уурхай дэмий юм байна, баахан онгойсон нүх үлдээдэг гэсэн ойлголт ард түмний толгойд бууж байна. Одоо бол хувийн үйлдвэрүүд нөхөн сэргээлт хийдэг болжээ.

-Таны төрсөн нутаг Дорнод аймгийн Баян-Уул сум мэргэн харваачдаараа улсдаа алдартай. Таныг бас сур харвадаг гэж дуулсан?

-Манай сумаас сурын арав гаруй мэргэн, спортын 30 гаруй мастер төрсөн. Намайг дунд сургуульд байхад харваачид өглөө эрт босоод хэдэн сум харваж байгаад ажилдаа явдаг. Орой ажлаасаа ирээд харанхуй болтол харвацгаадаг байсан. Би сумыг нь ойртуулж, зөөж өгдөг, сум хариулна гэж харвадаг хүүхэд байлаа. Үндэсний сурын холбооны тэргүүн нь анагаах ухааны доктор, профессор Д.Балдандорж гуай байсан. Би орлогч нэртэй 20-иод жил явсан даа. Үндэсний сурын хүндэт мэргэн цолтой. 1990-ээд оноос хойш улсын наадамд тасралтгүй орж байна. Дунд сургуульд байхаас би цана, сураар хичээллэж, цанаар улсад гурван жил уралдсан. 1959 онд наймдугаар ангийн сурагч хотод ирж, цанын насанд хүрэгчдийн УАШТ-д оролцож тавдугаар байрт орсон. 1960 онд есдүгээрт, 1961 онд Бүх ард түмний спартакадаас хүрэл медаль авсан даа.

-Цанын бэлтгэл сургуулилтаа та сумандаа л хийдэг байв уу?

-Манай сум урдуураа нарстай үргэлжилсэн толгодтой. Хүүхдүүд урд ууланд гарч цанаар гулгадаг. УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн аав Л.Раднаа багш хүүхдүүдийг дагуулж гулгадаг, сайн цаначин байлаа. Бид дагаж гүйсээр гайгүй болсон хэрэг. Ирэх зун Дорнод аймгийн Баян-Уул сум байгуулагдсаны 90 жилийн ой болно.

 

Х.БОЛОРМАА
Өнөөдөр сонин

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*