Дорнод аймгийн мэдээллийн сайт

Хууч домгоос сэдэвлэсэн “Үзэмчин хурим”

5-7-12

Дорнод аймгийн урчуудын эвлэлийн зураач С.Лувсаншарав “Үзэмчин хурим” зургаа 1989 онд бүтээжээ.  Эцэг, хүү хоёр хол газраас айлаас бэр гуйхаар бэлэг сэлт, хадаг бэлдэн очиж байгаа болон  хадамд очих гэж байгаа үзэмчин бүсгүйн сэтгэл хөдлөл, хүлээлтийг зурагт тусган харуулсан байна. Энэ зураг нь “Магшилт”, “Морьд”, “Манан” гэсэн уран бүтээлтэй нь хамт Монголын уран зургийн галерейд хадгалагддаг ажээ. Харин байгалиасаа заяасан зураг зурах авьяастай зураач С.Лувсаншарав 56х76-ийн харьцаатай “Үзэмчин хурим” зурагаа  үндэстэн ястны судлаач, зохиолч Х.Санжаасүрэнгийн хууч яриа, тэмдэглэлээс санаа авч усан будгаар зурсан байна. Мөн зураач өөрөө үзэмчин гаралтай учраас уран бүтээлдээ үндэстэн ястныхаа ёс заншил, хувцас зүүсгэл, бөх, хурим найр, ерөөл магтаалыг тусган зурсан байна.

Тэрээр байгалийн сэдэвтэй зураг, хүний хөрөг, бурхан зурахаас гадна монгол хээ угалзаар монгол гэрийн мод, тавилга ширээ зэргийг урладаг гарын уртай нэгэн байжээ. Уран бүтээлч маань багаасаа зураг зурж эхэлсэн  бөгөөд 1970 онд Энэтхэгт болсон хүүхдийн уран зургийн уралдаанд амжилттай оролцож, цом, баярын бичгээр шагнуулж байжээ. 1977 оноос  Монголын урчуудын эвлэлийн хорооны төв орон нутгийн  уран бүтээлийн үзэсгэлэнгүүд, 1988 онд Чойбалсан хотод “Талын солонго” уран бүтээлийн тайлан үзэсгэлэн, 1988, 1990, 1995, 1997 онд ОХУ-ын Чита хотод болон 1995 онд БНХАУ-ын Шилэн хотод дэлгэсэн Дорнод аймгийн зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн,1990 онд Улаанбаатар хотод “Дорнод талын өнгө” Дорнод аймгийн зураачдын уран бүтээлийн үзэсгэлэнгүүдэд тус тус оролцож байжээ. Уран зургийн чиглэлээр сургууль төгсөөгүй, зааж сургасан багшгүй  авьяаслаг зураачийн хүү МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Л.Түмэнжаргал, аавынхаа уран бүтээлийн дээжээс нэгтгэн хэвлүүлж байгаа бөгөөд зурагт цомог нь энэ сард олны хүртээл болох юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.7  ПҮРЭВ № 90 (6315)

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

*