Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Социалист Монголын сүүлчийн Тэргүүн хатагтай Дорнод нутагтаа ирэхийг хүсдэг

2020.03.06-ны өдөр. Фото эх сурвалж: МУИС

Тэсгим өвлөөр ороогүй цас хаврын сар гарахын өмнөхөн шуналтайяа малгайлан орж, авто зам ч бороо орсон мэт хайлмагтан хөл хөдөлгөөнт нийслэлийн агаар ариусгах тэр нэг бүүдгэр агаад дулаахан өдөр. Галын өрөөний наран талын цонхон тушаа байрлуулсан түшлэггүй цомцгор сандалд хөл муутай, өндөр настай хүн анзааргагүй суугаад халтирах вий гэж болгоомжилмоор. Хуучин цагт бараг айл бүхэнд байсан тэр өндөр цомцгор сандалдаа А.Дариймаа гуай суугаад сурчээ. 

“Гадаа цас ороод тогтуун, агаар сайхан байна аа” гэхэд “Тийм бололтой, энэ муу хоёр хөл өөдтэйхэн бол үүдэнд гарч агаар амьсгалж, юм харж суухгүй юу. Энэ жилээс бүр дордож, өвдөх шаналгах нь хэтрээд байна аа. Би энд суугаад л цонхоор хардаг юм” гэх яриан завсраа тэсгэлгүй ёолох ч “Уучлаарай, хүүхдийн хажууд ёолж ёншоод” гэж өөрийгөө зэмлэнгүй дуугарна. 

Өвөл орохыг мартсан цас хавраас урьтах гэсэн мэт том томоор ширхэглэн хаялж, зогсоол дээрх машинууд хөвсгөр цасанд дарагдаж таван давхрын цонхоор бөмбийж цавцайн харагдахыг ажих мэт сууснаа “Хотын машин ч хүнээсээ дутахгүй олон болж дээ. Өвгөн бид хоёр бага хүүгээ эмнэлэгт хэвтэхэд эргэж тойрох унаа олдохгүй. Хоёр км шахуу газар халуун савтай хоол, цайгаа бариад ядартлаа алхдаг сан. Өнөөгийнхтэй харьцуулахад залуу байсан ч тэтгэврийн насны хоёр хөгшинд  амаргүй л байж дээ. Одоо ч цаг өөр болжээ” хэмээн санаа алдав. 

2020.03.06-ны өдөр. Фото эх сурвалж: МУИС

“Насны бөгсөнд зовоох хөлний өвчнийг би өөрөө олсон хүн байгаа юм. Хөдөө аж ахуйн техникумыг малын эмч мэргэжлээр төгссөн би өвгөнийхөө үгийг зөрж, Дорнод аймгийн “Хөдөлмөр” нэгдэлд малын бага эмчээр ажиллаж байхдаа гунан үхрийн эвэр хугарах гурван есийн хүйтнээр шуурганд уруудаж, хөлөө хөлдөөснөөс урхагтай. Өвгөн минь намайг авчирч, сайн эмчлүүлж сувилуулснаар хоёр хөлтэйгээ үлдсэн” хэмээн ярих энэ буурал бол Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Сайд нарын зөвлөлийн даргын албыг тасралтгүй 15 жил хашсан Жамбын Батмөнхийн насан туршийн хань, Тэргүүн хатагтай Авирмэдийн Дариймаа юм. 

Нас ахих тусам муудаж бохийсоор өтөл насны өвчин зовиур нь болсон хоёр хөлдөө дэм өгөх гэж гартаа нэг нэг таяг атгажээ. Нас сүүдэр 90 хүрч яваа А.Дариймаа гуай байтугай залуу хүн ч хэлэх болсон цусны даралт ихсэх эмгэг заримдаа нэрвээс болохыг гайхаж цөхөх юмгүй. Цонхоор харангаа үгээ зөөж ядан аажуухан ярих түүний өрөөсөн таягныхаа толгойд давхарлан ачсан эвдэрч бохироогүй хоёр гар нь нүднээ тусна.   Монгол орны баруун хязгаар Увс аймгийн Хяргас сумын уугуул хөдөөгийн бор залууг Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат буриад басгантай учруулсан газар нь Улаанбаатар хотын Усны гудамж. 

Цомцгор сандалд удаан сууж чадашгүй нь бололтой, удалгүй дасаж сурсан ороо сандайлан тааваараа хэсэг суулаа. А.Дариймаа гуай залуудаа сайхан бүсгүй байжээ. Урт хар салаа гэзэгтэй,  торомгор алаг нүдэн бүсгүй насны хань шинэ үеийн сэхээтэн залуутай татуулсан хар цагаан гэрэл зураг зочны өрөөний хойморт хүндэтгэлтэйеэ байраа эзэлжээ. Хажууд нь Монгол төрийн тэргүүн, энэ өрхийн тэргүүн Жамбын Батмөнх даргын том хөрөг зураг хойморт сүр бараатай харагдах нь өрөөг ер бусын эрчмээр дүүргэж, дулаан харцаар ширтэх мэт. 

Жамбын Батмөнх гуай Эдийн засгийн сургуулийн орлогч захирал, захирал, МУИС-ийн проректор, ректор, Намын төв хорооны Хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны зургаадугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогджээ. 1984 оныг хүртэл БНМАУ-ын 13 дахь Ерөнхий сайд, 1984-өөс 1990 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох мэдэгдэл хийх хүртлээ Монгол төрийн тэргүүнээр ажилласан социалист нийгмийн сүүлчийн удирдагч. 

Монгол орны баруун хязгаар Увс аймгийн Хяргас сумын уугуул хөдөөгийн бор залууг зүүн хаяа Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат буриад басгантай учруулсан газар нь Улаанбаатар хотын Усны гудамж. Хөдөө аж ахуйн техникумын оюутан 17 настай охин, Улсын их сургуулийн оюутан хоёрыг сургуульдаа явах зам нь анх учруулснаас хойш, амьдралын урт харгуйг 50 шахам жил хамт туулжээ. 

II.
Жамбын Батмөнх гуай Төрийн тэргүүнээр томилогдон “Их тэнгэр” цогцолборт амьдрах болсноор эднийх 12 дугаар хороолол буюу одоогийн Улсын II эмнэлгийн арын орон сууцны дөрвөн өрөө дулаахан байраа улсад тушаажээ. “Байргүй айл олон байхад тэнд хоосон байр цоожлоод юу хийнэ. Хотын захиргаанд  тушаая” гэсэн өвгөнийхөө шийдвэрийг дагаж А.Дариймаа гуай байраа улсад шилжүүлжээ. Хожим нь Төрийн тэргүүнээс өөрийн хүсэлтээр буусныхаа дараа харуул хамгаалалт, унаа хангамж байтугай 500 төгрөгийн тэтгэврээс өөр орлогогүй, хамаг хогшлоо битүүмжлүүлж, орох оронгүй хөөрхийлэлтэй хоцорсныг олон түмэн бүдэг бадаг ч атугай гадарлах болсон болов уу. 

Социализм нуран унасан эхний жилүүдэд Ж.Батмөнх даргын хүүхдүүдийг ажлаас халж, тэд нь амьдрахын эрхээр юм оёж, арилжаа наймаа ч хийж үзээд аргагүйн эрхэнд Америк руу гарцгаасан аж. “Одоо манайхнаас Америкт арваад айл, Энэтхэгт хоёр айл байна” гэж А.Дариймаа гуай ярив.  

Төрийн тамгыг тушааснаас хойш өмч хөрөнгөө лацдуулан эрүүгийн хэрэгтэн мэт адлагдан шүүх, цагдаад хоргоолгох болсон тэд зуны байшинд зутруухан амьдарч байв. Ах, дүүс нь тэдэнд хашаа хатгаж өгөхөд Ж.Батмөнх дарга хүүтэйгээ байшингаа барьж, Их тэнгэрийн амнаас Дамбадаржаа руу нүүсэн нь одоогийн төр, засгийн тэргүүнүүдийн хангамжтай харьцуулахад чихэндээ ч итгэмгүй баримт. Ж.Батмөнх дарга улсаас орон сууц хүссэн байсан нь шийдэгдэж, 1990 оны өвөл 13 дугаар хорооллын энэ орон сууцандаа шилжиж ирсэн байна. Өвгөнийхөө барьсан байшинг А.Дариймаа гуай нандигнан хайрлаж, гэр музей болгохсон гэж мөрөөдөж байсан ч одоо түүний чадал чансаа хүрэхгүй болжээ.  

Төрийн тэргүүнээс бууснаас хойш хоёр жилийн дараа буюу 1992 оны наймдугаар сарын 10-ны өдөр шүүхийн шийдвэр гарч “Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6-р зүйлийн 2-т заасныг үндэслэн Ж.Батмөнх… нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосноор өөрийн гэсэн эд хогшилдоо гар хүрэх эрх нь нээгдсэн гэдэг. 

Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, төрийн хэргийг шинэ үеийн залууст шилжүүлэх нь Ж.Батмөнх даргын санаачилга, манлайллаар гарсан түүхэн шийдвэр мөн боловч энэ нь түүний хүссэн ардчилал байгаагүйг амьдралынх нь сүүлийн жилүүд болон гэргий А.Дариймаа гуай ч нотолж, ном дурсамжууддаа тэмдэглэн үлдээсэн байна. 

…Монгол Улс Ардчиллын замыг сонгосон эхний жилүүдэд ард түмний амьдрал уруудан доройтож, дэлгүүрийн лангуу давснаас өөр хүнсний зүйлгүй хоосорсон зах зээлийн ороо бусгаа жилүүд байв. Ард түмэн картын бараанд дугаарлаж, эмх замбараагүй байдал гарах үед “10 төгрөг атгасан арван настай хүү хүмүүсийн хөлд гишгэгдэн нас барсныг Ж.Батмөнх дарга сониноос уншаад бухимдан, уншиж байсан сониноо базаад шидсэн гэдэг. “Өвгөн минь, юу болов?“ гэхэд ”Энэ сониноос унш, Монгол хүн ингэж өлсөж, ядарч явах ёсгүй” хэмээн дуугаа өндөрсгөж, гэртээ анх удаа ухаан алдаж унажээ. А.Дариймаа гуай хашир хүн учир шуурхай тусламж үзүүлэв. Удирдаж байсан улс оронд нь ажлын байр хомсдож ядуурал, гуйланчлал, хулгай зэлгий урьд байгаагүйгээр газар авсан нь түүнд хүнд цохилт болж, бухимддаг. Бухимдахдаа үе үе ухаан алдаж унах болжээ. Ж.Батмөнх дарга Н.Багабанди, П.Очирбат нар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин, сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байх 1997 оны тавдугаар сард эмнэлэгт насан эцэслэжээ. Өнгөрөхийнхөө өмнөх орой “Хоёр нэр дэвшигчийн халз ярилцлагыг телевизээр харна” гэж эхнэр, хүүдээ хэлж байсан юм гэдэг.  Төрийн тамгыг тушааснаас хойш өмч хөрөнгөө лацдуулан эрүүгийн хэрэгтэн мэт адлагдан шүүх, цагдаад хоргоолгох болсон тэд зуны байшинд зутруухан амьдарч байв. Ах, дүүс нь тэдэнд хашаа хатгаж өгөхөд Ж.Батмөнх дарга хүүтэйгээ байшингаа барьж, Их тэнгэрийн амнаас Дамбадаржаа руу нүүжээ. 

Ардчиллын залуус социализмыг үгүйсгэж, ямар эрх чөлөөгүй, битүү бөглүү нийгэмд амьдарч байснаа зүхэн ярьцгаахын зэрэгцээ тухайн үеийн нам төрийн удирдагчдыг ч төрийн ивээлээс хол хөсөр хаяжээ. Улс орныхоо хөгжлийн төлөө чин шударга ажилласныг үнэлдэггүй юм гэхэд үгүйсгэх харлуулах нь хэтийдсэн тул социалист нийгмийн сүүлчийн удирдагч Ж.Батмөнх “Хариу хэлэх юм байна” гэж 1996 онд номоо бичиж эхэлсэн ч дуусгаж амжаагүй аж. 

Дутуу үлдээсэн номыг гүйцээх нь ханийнх нь үүрэг гэдгийг ухаарсан А.Дариймаа гуай “Түүх үнэнээрээ үлдэх ёстой” хэмээн ханийнхаа гар бичмэлүүд, өөртэй нь холбоотой архивын баримтууд, ярилцлагуудад тулгуурлан “Жамбын Батмөнх” хэмээх номыг доктор Т.Өлзийбаярт захиалан бичүүлж, ээмэг бөгжөө худалдан байж мөнгө босгон хэвлүүлжээ. Үүнээс хойш “XX зууны Монгол төрийн зүтгэлтэн Жамбын Батмөнх” хэмээх жижгэвтэр дурсамж ном гаргасан байна. Уйгагүй хөөцөлдсөөр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг ханийнхаа нэрэмжит болгон, тус сургуулийн өмнөх талбайд хөшөөг нь босгуулав. “Аав маш эрч хүчтэй хүн байсан тул сууж байгаагаар бус цувныхаа хормойг дэрвүүлэн алхаж яваа хөшөө байх хэрэгтэй” хэмээн хүү нь саналаа хэлж байсан гэдэг. Мөн Увс аймгийн Нутгийн зөвлөлтэй хамтарч “Бүү март” нэртэй баримтат кино бүтээх ажилд оролцон, төрж өссөн Увс аймгийн Хяргас суманд нь очиж, олон хүнтэй уулзаж ярилцах зэргээр зураг авалт хийх бүхий л ажилд гар бие оролцжээ. Цаг үедээ үнэлэгдээгүй ханийнхаа  дутуу үлдээснийг гүйцээж, үйл хэргийг мөнхжүүлэхийн төлөө өвчин шаналлаа умартан явж, хүслээ гүйцэлдүүлсэн түүний сэтгэл санаа нь багахан ч атугай уужирсан бололтой. 

Хотод шилжин ирснээс хойш МУИС-ийн Номын санч, ном зүйч, Номын сангийн эрхлэгч хүртэл тэтгэвэрт суутлаа 36 жил ажилласан энэ хүн ном, сонинтой шадарлаж, тасралтгүй уншиж судалж, бичиж тэмдэглэж ирсэн нь өвгөнөөсөө хоцорсноос хойш хэд хэдэн ном гаргахад их тус дөхөм болсон нь мэдээж. Одоо бол хараа муудсан учир цаас шагайгаад нэмэргүй.  Орныхоо эсрэг талын ширээн дээр байрлуулсан телевизээр цаг үеийн мэдээллийг сонсдог байсан бол удирдлагаа буруу зөрүү даран будилж, мэдээ сонсож  ч чадахаа больжээ. Тасралтгүй өвдөх хөлийн өвчин зовиураасаа болж “Энэнээс л илүү зоволгүй явдаг газартаа явах сан” гэж ярих түүний сонирхлыг хорвоогийн юмс үзэгдэл татахаа больж, аргаа барсан мэт сонстох нь өрөвдмөөр.  

III.
Ж.Батмөнх даргынх гурван хүүтэй. Залуу насны хайхрамж хэнэггүйгээс анхны хүүхдээ дутуу төрүүлснээс хойш үр хүүхэд төрүүлж чадаагүй учир Батмөнх даргын ахаас хоёр хүү, Дариймаа гуай төрсөн эгчээсээ нэг хүү үрчилж аваад үртэй хүний жаргалыг эдэлж, элэг бүтэн амьдарцгаажээ. Хөвгүүд эх, эцгээ харж халамжлахдаа охидтой харьцуулшгүй, бүдүүн хадуун гэдэг ч Ж.Батмөнх гуайн бага хүү настай болсон аав, ээжийгээ асарч тойлохдоо баргийн ажилтай охиныг дагуулахааргүй хайр халамжтай, хорвоод ховор хүү байжээ. Байжээ гэхийн учир нь бага хүү нь хүний нутагт ажиллаж, амьдарч ахуйдаа бурхан болж, Дариймаа гуай өнчрөхийн дээдээр өнчирч үлдэв. Халамжит ханиасаа өнчирч үлдсэн буурал ижийнхээ сэтгэлийн зовлонг хугасалж, хайр халамжаар дутаагаагүй ачтай хүүгээ цаг бусаар алдсан эхэд хорвоогийн өдрүүд наргүй мэт бүүдийжээ. “Тэнгэр” цэлмэх нь нэгэнт оройтжээ.   Хөвгүүд эх, эцгээ харж халамжлахдаа охидтой харьцуулшгүй, бүдүүн хадуун гэдэг ч Ж.Батмөнх гуайн бага хүү настай болсон аав, ээжийгээ асарч тойлохдоо баргийн ажилтай охиныг дагуулахааргүй хайр халамжтай, хорвоод ховор хүү байжээ. Байжээ гэхийн учир нь бага хүү нь хүний нутагт ажиллаж, амьдарч ахуйдаа бурхан болж, Дариймаа гуай өнчрөхийн дээдээр өнчирч үлдэв. 

Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугийн зовлонг биеэр үзсэн хөөрхий ижийд үүрд одсон хайрт хүүгийнхээ өнчирч үлдсэн хоёр охиныг өсгөж, өндийлгөх үүрэг ногдсоныг бүрнээ ухамсарлаж байв. Ааваасаа арваадхан настай үлдсэн охид эмээгийн халамжинд мэргэжил боловсрол эзэмшин, ажил амьдралдаа залган айлын бэр болцгоов. Охидын бага нь эмээгийндээ ойр амьдардаг тул орж, гарч хоол ундыг нь дөхүүлнэ. 

А.Дариймаа гуай гэр зуураа хөдөлж, ойр зуурын ажлаа ч амжуулах тэнхэлгүй болж. Галын өрөөндөө орохоос өөр өрөө тийш хазайх нь ховордсоор. Энэ удаа жаахан яриа дэлгэх гэж зочны өрөөндөө  тухлав. 

Том өрөөнд эгнүүлж тавьсан мебель тавилга сэлт хуучных атлаа элэгдэж гундаагүй, тохь тухтай дулаан энерги мэдрүүлэх нь энэ айлын эзэгтэй юмандаа ариг гамтай, нямбай чамбайг илтгэнэ. Буйдангийн түшлэг дээр тохсон цагаан торон хучлага илүү чамин. Аяга, тавагны суурь, цонхны тавцан дээр тавьдаг торон эмжээртэй цагаан сальфетка эднийд олон харагдахуйд хуучны айлууд толиныхоо өмнө, цэцгийн савныхаа дор ийм суурь тавьж хээнцэрлэдэг байсан нь санаанд оров. А.Дариймаа гуай оёж, хатгахдаа сайн, хоол ундаа цэвэрхэн хийдэг охид, бүсгүйчүүлд үлгэр болох ажилч хичээнгүй эмэгтэй болохыг айл хөршийнхөн, ах дүүс нь гэрчилнэ. Энэ бүх дэвсгэр салфеткийг өөрөө нэхэж, цэцэг навч урлан хатгахыг нь хатгажээ. Өнөөдүүл нь 30-40 жил болсон ч сэмэрч сэтэрсэн нь үгүй, янзаараа. 

Ж.Батмөнх даргыг Төрийн тэргүүн болоход нь улсаас тогооч томилж гэрийн эзэгтэй галын өрөө, хоол ундандаа санаа зовохгүй байх боломжийг бүрдүүлж өгчээ. Мэдээж хэрэг, одоогийн удирдлагууд ч тийм хангамж эдэлж байгаа. Гэрийн ажилдаа бусдын гар харж үзээгүй эзэгтэй тогоочтойгоо тохиролцоод оройн хоолоо өөрөө хийх болов. Мөн нөхөр, хүүхдүүдийнхээ аяганд тус тусад нь тараг бүрж, өдөр бүр шинэ тараг уулгана. Өвгөнийхөө хувцсыг угааж индүүдээд тавьчихна. Хуучин цагт цамцны зах хатуу, даргар байвал цэвэр гэж үздэг байж. “Тэр үед крахмал гэж байсангүй. Цагаан будаа буцалгаж, шүүсэнд сальфеткануудаа зайлж, чийгтэйд нь индүүдэхэд дарайгаад цэвэрхэн харагддаг. Өвгөнийхөө цамцны захыг будааны шүүсэнд норгосон даавуугаар арчиж индүүдэхэд өнгө зүсээ алдахгүй, үргэлж шинэ мэт цэмцгэр харагддаг” хэмээн Төрийн тэргүүний хувцсыг хэрхэн арчилдаг байсан туршлагаасаа сонирхуулав. Юм бүхэн цахилгаанжиж бэлэн зэлэн болсон учир орчин цагийнхан түүний хөдөлмөрийг ойлгохгүй байж мэдэх ч алба, амины ажлыг хослуулсан ханьдаа халамжтай хөдөлмөрч чанар нь эрхбиш харагдах буй за. 

А.Дариймаа гуай мэргэжлээ дээшлүүлж ХААИС-ийн хоёрдугаар курсэд сурч байх үед хань нь Орост аспирантурт сурах болсон учир “Охин минь, нэг гэрийн эр, эм хоёр зэрэг сурна гэвэл ар гэрийн ажил орхигдоно.  Чи энэ удаа сурахаа хойшлуулбал ямар вэ?” гэсэн аавынхаа хүсэлтээр сургуулиасаа чөлөө авч, ажлаа хийхийн зэрэгцээ хүүхдүүдээ өсгөх, ар гэрийн ажилдаа анхаарах болжээ. Хэдийгээр ажил, амьдралын шаардлагаар сургуулиа дүүргэж чадаагүй ч Их сургуулийн Номын сандаа үр бүтээлтэй ажилласан учир харамсах, халаглах зүйл үгүй. Өвгөнийхөө үйл хэргийг мөнхжүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэндээ багахан ч гэсэн уужирч энэ амьдралаас олон зүйл хүсэхээ больжээ. 

А.Дариймаа гуай айлын өргөмөл хоёр хүүхдийн том нь боловч эрэгтэй дүү нь өөд болж ганцаараа үлджээ. Төрсөн талаасаа эх, эцгээс зургуулаа ч одоо мөн л ганцаараа үлдсэн байна. “Ах, эгчийнхээ байхад бид гэр гэрээрээ орж, гарцгааж, хөзөр даалуу тоглоод зугаатай байлаа. Хоёр жилийн өмнө бага ах Мархааж өнгөрсөн. Манай энэ байранд ч тэр, 1990 онд хамт орж байсан хуучны хүмүүс бүгд бурхандаа явсан. Таних мэдэх, ярьж хөөрөх хүн ч үгүй боллоо. Муухай юм” гэнэ. 

Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг, сумын төвөөс баруун тийш 20-иод км-ийн зайтай Шогжид нуур хэмээх газарт А.Дариймаа гуай төрсөн. Төрсөн нутгаараа өвгөнтэйгээ, өвгөнөөсөө хойш ч цөөн хэд очсон гэнэ. “Манай гэрийн ойролцоох бидний умбаж, шумбаж өссөн Шогжид нуур өвгөнийг байх үед л ширгэсэн байж билээ. Хүн хөгшрөхдөө өсөж, төрсөн газар нутгаа санадаг юм байна. Ирэх зун л нутагтаа очих санаа байна. Хүүхдүүд авч явна гэсэн” гэв. Эмэгтэй хүнд өдрийн од мэт тохиох хувь тавилан Тэргүүн хатагтай түүний амжуулах ганц ажил нь энэ. Ижий аав болон хүүхэд насны гэрэлт дурсамжууддаа эргэн очих, жаргал зовлон хосолсон бүхий л амьдралаа эргэцүүлж нэг бодох СҮҮЛЧИЙН ХҮСЭЛ нь мэт. 

Э.Энхмаа

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Хөөрхий дөө. Төрсөн нутагтаа очих хүсэл нь биелчихээсэй дээ. Эгэл даруухан сайхан хүн байлаа Батмөнх дарга маань.Дариймаа гуайд сайн сайхныг хүсье.

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*