Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

CNN: Ухань коронавирусын тархалт: 2020.01.27 – 22.00 цагийн байдлаар

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай корона вирусын тархалтын нөхцөл байдлын талаар CNN агентлагийн цаг тутмын шуурхай мэдээллийг багцлан хүргэж байна.

Хятадад гарсан дэгдэлт: Эх газрын Хятад улсад 2,744 тохиолдол бүртгэгдэж, 80 хүн нас баржээ. Вирусын тархалтыг хязгаарлах үүднээс Хятадын 15 хотод бүрэн буюу хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. Үүнд 60 сая орчим хүн түгжигджээ.

Дэлхий даяарх тархалт: АНУ, Малайз, Сингапур, Тайланд, Франц, Австрали болон бусад улсад 50 гаруй тохиолдол батлагдсан. Зарим улс вирус дэгдэлтийн голомт болсон Ухань хотоос иргэдээ нүүлгэн шилжүүлэхийг оролдож байна.

Анхаар: Вирусын шинж тэмдэг илрэхээс өмнө вирусыг тараах аюултай гэж Хятад улс ням гарагт анхааруулав. 

Ухань коронавирус гэж юу вэ?

Коронавирус нь амьсгалын замын цочмог хам шинж (SARS) ба Ойрхи Дорнодын бүс нутгаар тархаж байсан амьсгалын замын хам шинж (MERS) нарын багтдаг вирусын нэг юм.

Нийтлэг шинж тэмдгүүд нь: хамраас ус гоожих, ханиалгах, хоолой өвдөх, зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх. Дархлаа суларсан, тэр дундаа залуучууд, ахмад настнууд хүндээр өвчлөх магадлалтай.

Ухань коронавирус анх амьтнаас хүнд халдсаныг тогтоосон боловч хүнээс хүнд халдаж байгаа нь илэрсэн. Хүний дархлааг сулруулж, уушигны үрэвсэл үүсгэдэг.

Канадад анхны хоёр тохиолдол зэрэг бүртгэгдлээ

Онтарио хотод гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр  коронавирусаар халдварлагдсан болох нь илэрсэн бөгөөд өнөөдөр орон нутгийн цагаар  11.30 цагт хэвлэлийн бага хурал хийж мэдээлэх юм байна.

 

Шинэ вирус яг ямар нэртэй вэ?

Одоогоор дэлхий дахинд уг вирусыг “Ухань коронавирус” гэж албан бусаар нэрлэж байгаа бөгөөд анагаахын шинжлэх ухаанд бүртгэсэн албан ёсны нэршил нь “Novel коронавирус” гэдэг үгийн товчлол буюу “2019-nCoV” гэж нэрлэж байна.  “n” нь “novel” гэсэн утгатай бол “CoV” нь ” коронавирус” юм.

Аливаа шинэ төрлийн вирусыг анх илэрсэн газар, эсвэл тухайн бүс нутгийн нэрээр нэрлэх нь элбэг байдаг. 2012 онд Ойрх Дорнодод илэрсэн вирусыг бүс нутгийнх нь нэрээр MERS гэж байсан бол Эбола вирусыг Конго улс дахь Эболоа голын нэрээр нэрлэж байжээ. Испанийн томуу, Рифтийн хөндийн халууралт гээд олон жишээ бий.

Харин 2015 онд ДЭМБ-аас зөвлөмж гаргаж, аливаа шинэ вирусыг улс, орон нутгийн нэрээр нэрлэх нь тухайн улс орны эдийн засагт сөрөг үр дагавар үзүүлж болзошгүй тул 

газар усны нэрээр нэрлэхийг хоригложээ. 

Үүнээс гадна Крутцфельдт-Жакобын өвчин, Чагас өвчин гэх мэт хүний нэр, гахайн томуу, шувууны ханиад гэх мэт амьтны нэр, түүнчлэн хоол хүнс, ажил мэргэжил болон айдас төрүүлэх нэршлүүдийг хориглосон юм байна. Харин өвчний хүндрэл, эсвэл улирлын шинж чанарт үндэслэсэн ерөнхий тодорхойлолт маягаар нэрлэж байх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Ухань хотын захиргаа вирус тархсан тухай сэрэмжлүүлэг мэдээллийг
анх түгээхдээ хугацаа алдсан

Ухань хотын дарга Zhou Xianwang үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд “бид баримт мэдээллийг үр дүнтэй ашиглааж чадаагүй“ гэж CCTV-д өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Хятадын хуулийн дагуу халдварт өвчний талаарх мэдээллийг эхлээд орон нутгийн засаг захиргаа Үндэсний эрүүл мэндийн газарт мэдээлж, Төрийн зөвлөлөөс зөвшөөрөл авч байж мэдээлэх ёстой юм байна. 

“Халдварт өвчнийг зарлан мэдээлэх шат дараалалтай гэдгийг ойлгоно гэдэг найдаж байна. Гэхдээ бид үүний төлөө хариуцлага хүлээхэд бэлэн” гэсэн утгатай мэдэгдэл хийжээ. 

Шанхай хотын дэлгүүр, худалдааны төв,
сургуулиуд 2-р сар хүртэл хаалттай хэвээр байх болно

Шанхай хотын удрдлагууд 2-р сарын 9-нийг хүртэл дэлгүүр, худалдааны төв, сургуулиудыг хаалаа. Харин шатахуун түгээх станц, эмийн сан, супермаркет гэх мэт байгууллагуудыг нээлттэй байлгахыг зөвшөөрч байгаа аж.

Эпидемиологийн талаархи үнэлгээ хийсний дараа сургуулиудыг дахин нээнэ гэж нэмж хэллээ.

Одоогоор Шанхайд коронавирусын халдвар авсан тохиолдол 53 болж, нэг хүн нас барсан байна.

Хүмүүс халдвартай гэдгээ мэдэлгүй хугацаа алдаж байна уу? 

Хятадын эрүүл мэндийн албаныхан өчигдөр коронавирусыг ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байхдаа тарааж байж болзошгүй гэж мэдээлсэн. 

Английн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал доктор Ивонн Дойлын үзэж буйгаар вирусын дэгдэлтийн талаар мэдэхгүй зүйл бидэнд олон байгаа боловч өвчтөн шинж тэмдэг нь илрээгүй байхдаа халдвар тараадаг гэдгийг одоогоор батлаагүй байгаа  гэнэ. 

“Энэ бол бидний зайлшгүй судлах ёстой зүйл” гэж тэр нэмж хэлэв.

Доктор Дойлийн BBC Radio 4-ийн өнөөдрийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагаас:

Асуулт: Хятадууд өвчтөн шинж тэмдэг нь илрээгүй байхдаа вирус тарааж байна гэж ярьж байна? 

Хариулт: Одоогоор бид үүнийг баримтаар нотолж чадаагүй байна. Ийм зүйл тохиолдож болзошгүй гэж таамаглаж болох ч одоогоор бид үүнийг илрүүлээгүй байна.

Асуулт: Их Британид ч мөн адил тархалт ихэсч асуудал үүснэ гэж бодож байна уу?

Хариулт: Тийм ээ. Гэхдээ Шинэ жилийн эхээр үүнийг анзаарсан тул бид бэлтгэл сайтай байгаа. Бид бэлтгэлээ сайн хангаж,  NHS (Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээ) -ийн тусламжтайгаар урьдчилан сэргийлэлтийг эрчимжүүлэн  ажиллаж байна.

Асуулт: Хятадын албаны хүмүүс вакцин бүтээж байгаа гэж сонссон, тэр нь цагтаа бэлэн болох уу?

Хариулт: Вакцин хийхэд хэдэн сарын хугацаа шаардагддаг, магадгүй хөгжүүлэлт хэдэн жил ч үргэлжлилж мэднэ.

 

Коронавирусын тархалт нэмэгдэхийн хэрээр хөрөнгийн зах зээл хүчтэй хэлбэлзэж байна

Даваа гаригт Европын томоохон биржүүдээр арилжаа огцом буурч байна. Ялангуяа тансаг хэрэглээ, аялал жуулчлалын компаниуд хамгийн их хохирол амсаж байгаа аж. 

Мөн Brent маркийн нефтийн үнэ баррель нь 59 доллараас доош унаснаар газрын тосны үнэ 3% буурч 10-р сараас хойшхи хамгийн доод түвшиндээ хүрчээ.

Түүнчлэн АНУ-д вирусын тав дахь тохиолдол батлагдсаны дараа АНУ-ын хувьцааны ханш ням гарагаас эхлэн буурах төлөв ажиглагдсан байна. 

Коронавирусын гол халдварын хэлбэр нь “агаар дусал, ахуйн замаар дамждаг” гэж Хятадын судлаач Фэн Люжао хэлэв. Түүний тайлбараас үзэхэд ихэнх хүмүүс халдвар авсан хүнтэй ойр дотно харилцаатай байх замаар вирусыг авч байжээ.

Өчигдрөөс эхлэн 1,600 орчим эмч мэргэжилтнүүд Ухань болон зэргэлдээх хотуудад хүч нэмэгдүүлэн очлоо.

 

Франц, Испани улсууд хэдэн зуун иргэдээ Ухань хотоос нүүлгэн шилжүүлнэ

Парис, Мадрид хоёулаа Уханьд байгаа Франц, Испанийн иргэдийг эх оронд нь буцаахаар Хятадын эрх баригчидтай хамтран ажиллаж байна.

Францын Эрүүл мэндийн сайд Агнес Бузын: Ухань хотод 800 орчим франц иргэн консулын газартайгаа холбогдсон. Бид тэднийг энэ долоо хоногийн дундуур буцаан татах болно. Бид Уханиас Парис руу шууд нислэг үйлдэнэ гэв. 

Франц улс Уханиас буцсан хүмүүсээ 14 хоног тусгаарлаж хянах юм байна.

Мөн Испанийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Хятадад байгаа иргэдээ Европын бусад орнуудтай хамтарч буцаан татах нислэг зохион байгуулахаар ажиллаж байна” гэжээ.

Ухань хотод 20 орчим испани хүн амьдарч байгаа гэнэ.

Дэлхий нийт уг өвчинд бэлтгэлтэй байх хэрэгтэй

Хонгконгийн их сургуулийн Анагаах ухааны тэнхимийн профессор, Габриэль Леунг:

Ухань коронавирусаар халдварласан хүмүүсийн тоо зургаан өдрийн дараа гэхэд хоёр дахин нэмэгдэж болзошгүй байна.  Халдвар авсан болон шинж тэмдэг нь хараахан илрээгүй байгаа өвчтөнүүдийн тоо ойрын үед 44,000-д хүрч болзошгүй байна.

Энэ халдварт өвчин маш хурдацтай тархаж байгаа. Ухань хотоос гадна Бээжин, Шанхай, Гуанчжоу, Шэньжэнь зэрэг газрууд нь халдварын тархалтын төвүүд болж байна.

Леунгийн урьдчилсан мэдээгээр 2020 оны 4-5-р сарын дунд үе хүртэл томоохон хотуудад тохиолдлын тоо дээд цэгтээ хүрч болзошгүй байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд “хүн амын хөдөлгөөнийг эртнээс хязгаарлах дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна.

Дэгдэлт дэлхийн даяар тархах аюулд хүрэхээр байгаа тул бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэдийгээр энэ нь баталгаатай бус тооцоолол ч гэлээ бид үүний төлөө илүү сайн бэлтгэх ёстой.

АНУ-д тав дахь тохиолдол бүртгэгдээд байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдвар авсан хүмүүстэй уулзсан, харилцсан хүмүүсийг илрүүлэх замаар тархалтыг судлах нь зүйтэй гэж зөвлөж байна.

Ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Лос Анжелесын Нийгмийн эрүүл мэндийн газрын захирал доктор Барбара Феррер  Хятадаас ирсэн бүх хүнийг үзлэг шинжилгээнд хамруулж байна гэв. 

Ням гарагийн үдээс хойш АНУ-д батлагдсан коронавирусын тохиолдлын нийт тоог тав болоод байна.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: МОНГОЛ УЛС

Одоогийн байдлаар ХӨСҮТ-д гаднаас эмч мэргэжилтнүүдийг дайчлаагүй. Хэрэв байдал хүндэрвэл нөөцийн судалгаан дээрээ үндэслээд оюутнууд, тэтгэвэрт гарсан эмч нар болон хувийн эмнэлгийн эмч нараа ажиллуулна гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлсэн юм.

***

Шинэ Коронавирусийн генетикийн дарааллыг Америк, Герман, Японы эрдэмтэд хамтран тогтоосноор эхний оношлуурыг Япон улс үйлдвэрлэжээ.

Оношлуурыг Япон Улсаас өнөөдөр /2020.01.27/ Монголд авчирлаа. Оношлуурыг ХӨСҮТ-д хүргэсэн бөгөөд маргааш дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд өгөх юм байна.

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*