Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Монгол Миллениалууд буюу 80,90-ээд оныхон гэж хэн бэ?

Биднийг төрөхөд Майкл Жексон алдарт “Moon walk’- оо хийж байлаа. Бидэнтэй цуг “Оддын Дайн”төрж байв. Биднийг төрөхөд Михайл Горбачев Зөвлөлтийн удирдагч болж байлаа. Биднийг төрөхөд Марти Макфлай цаг хугацааны машинаар Ирээдүй рүү буцаж байлаа. Биднийг төрөхөд Чернобылын цахилгаан станц дэлбэрч, Афганийн дайн болж, Майкрософтын хувьцаа Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр нээгдэж байв. Биднийг төрөхөд Берлиний хана нурж бас Тиан Ан Мений талбай дээр эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн хүмүүс амиа алдаж байлаа. Бидний төрөхтэй зэрэг ЗХУ задарч, Нелсон Мандела Өмнөд Африкийн ерөнхийлөгч болж, бас хүн төрөлхтөн анх удаа World Wide Web ашиглаж байлаа. Бид бол 1981-1996 онд төрсөн Y үеийнхэн буюу Миллениалууд юм. Өөрөөр биднийг 80,90-ээд оныхон буюу Шилжилтийн үеийн хүүхдүүд гэж нэрлэдэг.

Биднээс өмнөх 100 жилд хүн төрөлхтөн олон дайны хөлд нэрвэгдэж, үзэл суртлаараа хэзээ ч эвлэн нэгдэхгүй мэт хуваагдан талцаж амжсан байв. Харин манай үеийнхэн мэндлэхэд дэлхий асар том өөрчлөлт хөгжил, эвлэл нэгдлийн босгон дээр, эргэлзэж эмээнгүй боловч алс ирээдүй рүү алхан орох хүсэл эрмэлзлээр дүүрэн зогсож байж. Шинэ цагийн салхи Монголыг дайрч, 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжсэн ба энэ л он жилүүдэд бид 900 мянгуулаа төрж, ардчиллын дараах ороо бусгаа цаг үед өсөж өндийгөөд, шинэ мянганд нас биед хүрч, өнөөдөр хамгийн залуу миллениал маань 25 хүрч байна.

“Ер нь яагаад миллениалуудын тухай онцлон ярих шаардлагатай вэ? гэсэн асуултын хариу их энгийн. Учир нь урд өмнө хэзээ ч ийм олон залуу хүн дэлхий дээр нэгэн зэрэг амьдарч байгаагүй юм.” гэсэн өгүүлбэр олж уншсан маань энэ бичвэрийг бичих сэдэл төрүүлсэн юм. Миллениалууд бид хоёр нийгэм, хоёр зуун, хоёр мянган, хоёр эринийг дамжин амьдарсан сүүлчийн женерейшн бөгөөд социализмаас ардчилал, аналогоос дижиталчлал, интернационалиас глобалчлал дамнан амьдрахдаа энэ бүх өөрчлөлт хөгжилтэй хамтдаа өсөж, зэрэгцэн торнисон билээ. Насны ангиллаар үзвэл 24-39 насны энэ залуучууд Монголын нийт хүн амын 1/3 орчим хувийг эзлэх юм. Үнэхээр л том зай эзэлж, олуулаа аж төрж буй Шилжилтийн үеийнхэн гэж хэн болох, тэд ямар итгэл үнэмшил, үнэт зүйлтэй, ирээдүйн Монголын хөгжилд ямар хувь нэмэр оруулахаар бэлтгэгдсэн женерейшн болохыг энэхүү бичвэртээ зураглахыг хичээлээ.

Монгол Миллениалуудын балчир нас 

Бидний өмнөх үеийнхэн буюу 1965-1980 онд төрсөн X үеийнхний эцэг эх нь хоёул ажил хийж, ажлын төлөө төрсөн мэт амьдарч байсан тул тэд ээж ааваа түшиж өсөхөөс илүүтэй өөрөө өөрсдийгөө өсгөсөн үеийнхэн гэж тодорхойлогддог тухай MIND сэтгэл судлалын төвийн Хөгжлийн сэтгэл судлаач Д.Туул ярив. Түүний хэлж буйгаар X-үүд гадаа тоглож, хэн бүхнээс илүүтэй үеийн нөхөдтэйгээ харилцаж, бие биенээсээ суралцаж өссөн тул нөхөрлөлийг дээгүүр тавьдаг, хамтач женерейшн болж хүмүүжсэн байх талтай гэнэ. Миллениалууд ч гэсэн тэдний гадаа ‘амьдардаг’ стереотипийн ‘сүүлийг мушгиж’ амжсан бөгөөд зун зусланд, өвөл хотод, өдөржин гадаа л байх нь элбэг байв.

Аливаа женерейшний хэн болох нь тэднийг хэн хүмүүжүүлснээс шууд шалтгаална. Шилжилтийн үеийн хүүхдүүдийг хэн хүмүүжүүлсэн тухайд ярьвал багахан алаг цоог зураглал буухаар. Өмч хувьчлалын дараа олноороо ажилгүй болж, зах зээлийн шуурганд амьдрахын төлөө тэмцэж, хүн бүхэн ганзагын наймаанд явж, гадаадад ажиллаж, эрчүүд архинд орж, гэр бүлүүд хямрах нь хямарч, салах нь салж байсан тийм нэг зурвас үед бид хүн болж торнисон байдаг. Санаж байна уу, “Эзэнгүй айл” хэмээх олон ангит киног. Хүүхэд байхдаа үзэж байсан энэ кино эргээд бодоход яг л тухайн цаг үеийнхээ толин тусгал байж. Тэр үед харж хандах хүнгүйн улмаас гудманд гарсан хүүхдүүд нийгмийн үзэгдэл болтлоо олширсон байсан нь тэр цаг мөчийг дүгнэх олон өнцгүүдийн нэг мөн гэж бодож явдаг билээ.

Пост коммунист улсуудад нийтлэг ажиглагддаг ийм нэг хямрал манайд лавтай арав гаран жил үргэлжилсэн. Энэ цаг үед бидний олон хүүхэд эмээ өвөөтэйгээ амьдардаг эсвэл гэртээ цоожлуулж үлддэг байлаа. 2000 он гарсан хойно ч ээж аав нь Солонгос, Японд ажилладаг хүүхдүүд олон байсан. Тэд эмээ өвөө, ах дүү, хамаатан садангийндаа амьдарч, бага болон өсвөр насандаа аав ээжээсээ хол өссөн нь бишгүй. Урагшаа хойшоо бараа дарж, олон хоногоор наймаанд явах ээж аавууд мөн л хүүхдүүддээ хангалттай цаг зарцуулж амжаагүй мэт санагддаг. Багш, эмч, цагдаа төсвийн ажилтай эцэг эхчүүд хүний хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжил, аюулгүй байдлын төлөө явахдаа өөрийн хүүхдээ зөнд нь орхисон дүр зураг их байдаг байв. Ямартай ч шугамын радио, хар зурагтаас эхлээд фм, кабелийн телевиз үзэж, сонсох сонголттой төрсөн бид гадаа тоглохоос өөр сонголтгүй өмнөх үеийнхнийгээ бодвол дагаж хөгжих өөр эх сурвалжтай байсан нь яамай.

Ингээд харахад Миллениал багачуудын хүмүүжилд нөлөөлсөн гурван хүчин зүйл байж болох мэт санагдана. Нэгдүгээрт гэр бүлийн халамж хүмүүжлийг алдаг оног боловч хүртсэн ба эцэг эхийн гараар бүрэн ороогүй ч эмээ өвөөгийн өвөрт хүн болцгоож. Хоёр дугаарт үе тэнгийн хүрээлэл, орчны нөлөөллөөсөө бүтээгдэж, гурав дугаарт медиа хөгжил, хол ойрын соёлоос суралцаж нас биед хүрчээ. Харин бидний дараагийн Z үеийнхэн буюу 1997-2012 онд төрсөн хүүхдүүд төрөхөд нь л бүх юм байсан учир биет харилцаанаас илүү, медиа харилцаанаас хүмүүжил боловсрол авч байгаагаараа биднээс ялгаатай гэж Д.Туул судлаач хэллээ.

Миллениалуудын үнэт зүйл юу вэ?

Энэ үеийнхний хамгийн гол онцлогийг нэрлээч гэхэд судлаач маань “Ажил амьдралаа тэнцүү авч явах хүсэл эрмэлзэл” хэмээн хариуллаа. Тэд гэр бүл, үр хүүхэд, ажил карьер, нийгмийн харилцаа, хувь хүний хөгжил гээд алийг нь ч орхигдуулахгүй авч явах үнэн эрмэлзэлтэй бөгөөд үүнийхээ хажуугаар бүгдэд нь амжилт гаргах сайн амбицтай ажээ. Тэд шинэ зүйлсийг туршиж, аливаа уламжлалт хандлагыг шинэчлэн, нийгмийн бүх л салбарт оролцоо, дуу хоолойтой байх туйлын сонирхолтой гэнэ. Үүнийг одоогийн залуусын дүр төрхтэй харьцуулж үзэхэд хол зөрөөгүй дүр зураг буухаар. Амьдралын хэв маягт тусах өчүүхэн зүйлсээс эхлээд нийгэмд үйл хэрэг болох аливаа шинэлэг санаанууд, бизнес модель, соёлын нөлөөллүүд, технологийн дэвшлийг чухалчлах байр суурь гэхчлэн олон өөрчлөлт 25-40 насны залуусын санаачилгаар хэрэгжиж байгаа ажиглагддаг. Тэднийг дэвэргэж, хий магтаж буй хэрэг биш шүү. Тэд угаас өнөөдрийн хөдөлмөрийн болон хэрэглээний зах зээл дээр хамгийн том сектор болж буй тул тэр хэрээрээ хандлагыг тодорхойлогч байх нь аргагүй юм. Минимал амьдралын хэв маягийг туршиж, хог хаягдалгүй зеро вейст байхыг эрмэлзэж, тансаг хэрэглээнээс татгалзаж эхэлсэн тэдний ‘балгаар’ зарим төрлийн үйлчилгээ, бизнес зах зээлгүй болж буй судалгаа байна. Бас тэдний хэрэгцээ шаардлагад нийцэхийн эрхэнд олон старт ап бизнес цэцэглэжээ. Сошиал медиа болон дижитал платформд тулгуурласан үйлчилгээнүүд хүчээ авч, уламжлалт худалдаа үйлчилгээ хумигдаж байна. Мөн энэ үеийн залуучууд согтууруулах ундааны хэрэглэх нь өмнөх үеийнхнээс харьцангуй бага тул архи, шар айрагны эрэлт дэлхий даяар буурах хандлага ажигдлагдаж эхэлсэн. Түүнчлэн тэд бие, сэтгэлийн эрүүл мэнддээ хэн хүнээс илүүтэй анхаарах тул үүнийг нь даган аялал жуулчлал, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт гэхчлэнгийн зөвлөгөө, үйлчилгээний салбарууд хурдтай хөгжиж буй юм.

Олон эх сурвалжаас боловсрол, мэдээлэл олж авах арга барил эзэмшсэн 80,90 оныхон маань нийгмийн тогтолцооны сайн мууг ялган дэнсэлж, цэнгэг уур амьсгал, цэвэр агаарыг ‘өрөөнд оруулах’ найдлага тээж буй цөм насныхан гэж хэлбэл тэднийг хэт өндрөөр үнэлж, басхүү дээд үеийнхнээ дорд үзсэн хэрэг болуузай. Гэвч миллениалууд үнэхээр амьдралын бүх л сэдвийг зэрэг анхаарч, нийгмийн тэгш байдлаас авахуулаад сэтгэцийн эрүүл мэнд, мөнгөний урсгал, гэр бүлийн харилцаа, цаг уурын өөрчлөлт, хувь хүний ёс суртахуун гээд юуг ч үл орхигдуулах хүсэлтэй тул олонх салбарт сайн өөрчлөлт авч ирэх женерейшн байгаасай гэх хүлээлт их бий.

“Миллениалуудын сайхан чанар нь тэд маш мөрөөдөмтгий. Өөр аль ч үеийнхэнд байгааагүй мөрөөдөл тэдэнд бий. Нийгмээ сайхан болгоно, амьдралаа сайхан болгоно гэж мөрөөдөж, түүнийхээ дагуу янз бүрийн салбарт туршилт хийж, эрсдэл гаргаж үзсэн хүмүүс байдаг. Гэтэл Z үеийнхэн бол мөрөөдлөөр амьдардаггүй, бүх зүйлийг бодитоор харж, яг таг зорилго тавьж, эрсдэлгүй амьдрах эрмэлзэлтэй.” гэж Д.Туул хэлэв.

Гэтэл мөрөөдөл хүслээр дүүрэн тэдний өөдрөг үзэл 2019 оны “Глобал миллениал” судалгаагаар рекорд доод хэмжээ тогтоожээ. Тэдний сайн сайханд итгэх үнэмшил хэзээ хэзээнээсээ буурч, бүх зүйлд итгэл алдарч эхэлсэн тухай энд өгүүлсэн байх юм. Үүний шалтгаан нь 2000 онд дэлхий даяар тохиосон эдийн засгийн хямралын дараа хүмүүсийн амьдралын чанар дээшлээгүйгээр үл барам, миллениалуудын амьдрал зохиох үед хөдөлмөрийн хөлсөөрөө сайхан амьдрах бололцоо улам хумигдсантай холбоотой гэнэ. Иймээс дэлхий даяар энэ насны залуус санхүүгийн хуримтлал үүсгэж, ирээдүйгээ төлөвлөхөөс илүү, хорвоо ертөнцийн уудмыг үзэж харан, биеэр туршлага хуримтлуулах сонирхолтой болж буй тухай энэ судалгаанд дурджээ. Үүнээс үүдэн хөгжингүй орнуудын миллениал залуус гэр бүл зохиохоо хойш тавьж, санхүүгийн дарамтгүй амьдрахыг илүүд үзэж буй гэнэ.

Харин Монголд Миллениалууд эрт гэрлэж, гэр бүл салалт төдий хэрээр их буйг статистик үзүүлэлтээс харж болно. Сүүлийн 10 жилийн дотор салалтын тоо 2 дахин нэмэгдсэн бөгөөд гэрлэсэн жилээр тооцвол 7-10 жил амьдраад салж байгаа үзүүлэлт Миллениалууд руу чиглэж байна. Энэ тухай Д.Туул судлаач хэлэхдээ “Тэд гэр бүлээ эрт зохиосон шүү дээ. Төлөвшиж амжаагүй буюу 25 наснаасаа өмнө гэрлэсэн нь тэдний салах шалтгаан болж байна. Аа харин яагаад эрт гэрлэв гэвэл магадгүй тэдний онцлог болох тав тухтай, гэр бүл төвтэй амьдралыг чухалчлах сэтгэлгээ нь залуу насандаа эрт илэрч, гэрлэлтэнд яарсан байхыг үгүйсгэхгүй. Харин тэдэнтэй харьцуулахад Z үеийнхэн бол гэрлэлтэнд огт яардаггүй хүүхдүүд. Судалгаагаар Z-үүдийн 80-аад хувь нь ажил карьер бүхнээс чухал гэж хариулсан байсан. Тэгэхээр дараагийн женерейшний үед гэр бүл салалт багасах байх.” гэлээ.

Миллениалуудын ажил карьер

Тэд дургүй ажлаа хэзээ ч хийхгүй. Тиймээс тэд олон зүйлийг туршиж үзэж, таалагдах эсэхийг таньж мэдэж, нэг ажлаас нөгөөд санаа зовох зүйлгүй шилжиж, өөртөө утга учиртай бүхнийг цогцлоохоор яваа женерейшн гэж олон эх сурвалжид тэмдэглэжээ. Бүр “санхүүгийн хувьд хөл дээрээ тогтоогүй атлаа ингэж олон ажил сольдог женерейшн урьд нь байгаагүй.” гэж бичсэн байх юм. Бусдын нүдээр туйлбаргүй, ажил хийх дургүй мэт харагдаж болох ч магадгүй тэд хэн хүнээс илүүтэй өөрөө өөрийгөө сонсож сурсан хүүхдүүд байж болох юм.

Өмнөх үеийнхнийгээ бодвол илүү нээлттэй зан суртахуунтай энэ үеийнхэн ажил амьдралын аливаа асуудалд ч нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэдэг тухай хүний нөөцийн мэдээллийн нэгэн веб сайтад бичжээ. Тэд ажлын байранд аль болох нээлттэй харилцаа, тэгш зарчмыг баримтлах сонирхолтой бол X үеийнхэн фракц үүсгэх сонирхолтой, түүний дээдэх Baby Boomer-үүд маш зарчимч тул залуу хүмүүстэй захиргаадалтын арга маягаар харилцах сонирхолтой гэжээ. Гэхдээ Д.Туул судлаачийн өгүүлснээр үе хоорондын эдгээр ялгаа бол онолын шинжтэй хийсвэр ойлголтууд бөгөөд ялган зааглах тусам нас насны хүмүүсийн хоорондын харилцаа холдож, ойлголцолд хүрэх арга замууд багасах гэнэ. Харин ялгаатай байдлаа прагматик хэлбэрээр сайтар ойлголцож, нэгнээ хүлээн зөвшөөрч явах нь нийгмийн хөгжилд тустай гэлээ.

Миллениалуудын зан шинжид тулгуурлан дэлхий даяар ажлын орчин нөхцөл ч өөрчлөгдөн шинэчлэгдэж буй гэнэ. Жишээлбэл тэд гэр бүлээ ажлаас дээгүүр тавих тул илүү цагаар ажиллахгүй, мөн гэрээсээ ажиллах боломжтой нөхцөлд ажилдаа ирэх гэж зүтгэхгүй, бас хөдөлмөрөө шударга үнэлүүлэх эрмэлзэлтэй тул цалин хөлсний асуудалд няхуур ханддаг гэхчлэн жишээ дурдсан байна. Миллениалууд байгууллагын харилцаа холбоо, технологийн салбарыг хариуцахдаа авьяаслаг, оролцоо сайтай гэх мэт сайшаах зүйлс олон ч шүүмжлэл хүлээх зүйлс ч мундахгүй. Тэд ажлын байранд бусдаас ямар нэг зүйл хүсэхдээ хүсэлт тавих бус шаардаж буй өнгөөр ярьдаг гэнэ. Мөн дэлхий дээрх хамгийн олуулаа, хамгийн сайн боловсрол эзэмшсэн женерейшн гэдэгтээ эрдэж хэт их өөртөө итгэлтэй байдаг нь шүүмжлэл дагуулдаг аж. Бас ажлын орчинд нүүр тулсан харилцаа, утсаар ярих зэргээс илүүтэй мессеж, и-мэйлээр харилцах гэдэг нь бусдад төвөг учруулдаг гэнэ.

Миллениалууд юунд зовниж бас тэмүүлж явна вэ?

40-өөс доош насныхны уламжлалт мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл улам л буурч буй тухай судалгааны мэдээллүүд хааяагүй байх юм. Медиа хэрэгслээр хүлээж авах мэдээллүүд нэг талыг барьсан, хэн нэгний эрх ашигт үйлчилсэн байх нь элбэг гэж тэд боддог гэнэ. Ер нь тэд юунд ч итгэхээ больж буй үл итгэгч женерейшн болон хувирч буй аж. Миллениалуудын хувьд капитализм тэгш байдлыг хангах, шударга тогтолцоо биш агаад өнөөгийн дэлхий ертөнцийн дэг журам, улс төрийн нөхцөл байдалд ямар нэг өөрчлөлт хэрэгтэй хэмээн үздэг. 2019 оны сүүлээр хэвлэгдсэн “Глобал Миллениал” судалгаанд өгүүлснээр Миллениалуудын хамгийн их санаа зовниж явдаг зүйл бол уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэнэ. Түүний дараагаар баялгийн тэгш бус хуваарилалт, авлига хээл хахуулийг нэрлэжээ.

Монголд ч гэсэн энэ зовнил бодит бөгөөд залуус алхам тутамд тулгарах шударга бус хандлага, баян ядуугийн ялгаа, ялгамжтай хандлагаас залхсан дүр төрх ажиглагдана. Иймээс хэн нэгэн эрхтэн дархтан бус олон нийтийн эрх ашгийг төлөөлж, тогтолцооныхоо асуудалтай талыг гэрэлд гаргаж ирж ярьдаг, шийдэл хайдаг, дор дороо ажиллаж түүнийгээ хэрэгжүүлдэг залуус олон болжээ. Олон нийт ч залуу хүмүүсийг сонсдог, сонгодог болж. Бидний төлөөлөл олон залуус өнөөдрийн нийгэмд гэрэл гаргаж, мөрөөдлийнхөө хойноос тэмцэж, тогтолцооныхоо гажуудлыг засаж сэлбэхээр түүчээлэн яваагаас Ид Шидийн Орон төслийн залуучууд, Хүний эрхийн активист Б.Болороо, Unlock podcast-ын залуучууд гээд нэр дурдан тэмдэглэх хүмүүс олон. Миллениалуудын үед л хүйсийн тэгш эрх, хүүхдийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлууд анх удаа гэрэлд гарч, миллениалуудын үед л мэргэжлийн, хараат бус сэтгүүл зүй, ёс зүйтэй, олон ургальч мэдээлэл нийгэмд түгж, миллениалуудын үед л боловсролыг дээдлэж, хувь хүний хөгжлөөс нийгмийн хөгжил эхэлдгийг ойлгосон нь энэ юм.

Тэдээс дээш насныхан үхвэл Монгол хөгжинө гэх мэт инээдтэй явган ярианууд олширч, үе үеээрээ хоорондоо тэмцэлдээд ч байгаа юм шиг төрх байдал дунд Миллениалуудыгаа хүний олноор нь ‘түрий барин’ ийнхүү зураглалаа. Хэрвээ чи энэ нийтлэлийг уншиж суугаа, мөрөөдөл хүслээр дүүрэн миллениалуудын нэг бол мөрөөдлөө битгий унтрааж бөхөөгөөрэй, сайн сайханд итгэх итгэлээ бүү гээгээрэй. Яагаад гэвэл бид дэлхий дээр урьд өмнө хэнд ч хэзээ ч олдож байгаагүй боломжуудыг атгаж төрсөн хүүхдүүд юм шүү.

Ж.Мөнхзул
Ub.life

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*