Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Б.Ганболд: Илүү олон хүнд буян бол, тус хүргэ гэж надад гавьяат цол олголоо

“Би бусдын төлөө төрсөн хүн” хэмээн бардам хэлэх энэ эрхмийг Б.Ганболд гэдэг. Тэрбээр шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртсэн юм. Хүүхэд байхаасаа л нийгмийн идэвх, санаачилгатай байсан тэрбээр Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй амьдралаа холбоод 30 гаруй жил өнгөрсөн гэнэ. Энэ хугацаанд олон зуун хүнд өгөөмөр зан, өр нинжин сэтгэл, сайхан санааны илчээр урам зориг, итгэл хайр, амь амьдрал бэлэглэсэн эгэл ардын дундах баатар юм. Тэрбээр Дорнод аймгийн 14 настай түнхний мултралтай хүүг үнэ төлбөргүй хагалгаанд оруулахаар БНСУ-ыг зорьж байгаа аж. Хүний төлөө гэх сэтгэлээр алс орныг зорихоос нь өмнө бид амжиж ярилцлаа.

-Таньд шинэ оны мэнд хүргэе! Бас Гавьяат цол хүртсэнд тань баяр хүргэе!
-Баярлалаа. Танай сонины хамт олон болон уншигчдад шинэ оны мэнд хүргэе. Намайг зорьж ирсэнд үнэхээр их баярлаж байна. Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаагийнхаа хайр ивээл, хамт олныхоо дэмжлэг, аймаг орон нутгийн төр захиргааны байгууллага, дорнодчуудынхаа хайр хүндлэлийн үр шимээр энэхүү шагналыг хүртлээ. Хязгааргүй их баяртай байна. Жаахан хүүхэд шиг л умбаж, цалгиж сууна даа. Энэ их талархал, хүндлэл, итгэлийн ач тусыг би ажлаараа л хариулах ёстой байх.

-Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс цол тэмдгээ гардаж байх мөчид чухам юу бодогдож байв? 
-Ерөнхийлөгчөөс шагнал авна гэдэгтээ эхлээд итгээгүй. Би чинь хэн билээ, юу хийлээ зэрэг олон зүйл бодсон. Нуулгүй хэлэхэд айх, балмагдах зэрэгцсэн шүү. Их цочирдсон гэж хэлж болно. Би нулимс ойрхонтой хүн. Бусад хүн баярлаж байхад уйлалтай нь биш гээд тайвшруулах эм хүртэл уусан. Төрийн ордонд хурал зөвлөгөөн, ажил төрлөөр олон л орж байсан. Яг тэр үед бол өмнө нь мэдрээгүйгээр айж, сандарсан. Одоо бодоход Ерөнхийлөгч гар барьж “За та сайн явж ирэв үү. Танд баяр хүргэе” гэхэд бага зэрэг тайвширсан санагдаж байна.

-Аав, ээж тань өнөөдөр хүүгээрээ бахархах өдөр байлаа? 
-Шагнал, урамшуулал авсан хэн хүн хамгийн түрүүнд ижий, аавдаа очиж үнэрлүүлдэг. Миний хоёр ачтан бурхан болсон учир би нутагтаа очихдоо хамгийн түрүүнд ээж, аавынхаа газар дээр очсон. Тэдэндээ баярлаж, талархсанаа хэлж, адис авлаа. Магадгүй хаа нэгтээгээс хүүгээ хараад баярласан байх. Ер нь хүний хайрлах, шүтэх учиртай бурхан гэвэл эцэг, эх юм шүү.

-Өнөөдрийн гавьяат маань багадаа ямар хүүхэд байв. Олон жилийн тэртээг эргэн дурсвал?  
-Би 1964 онд Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн. Бусдын жишгээр аймгийнхаа цэцэрлэг, сургуульд сурсан. Хотод оюутан болж, Биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр төгсөж байлаа. Төгсөөд энэ мэргэжлээрээ ажиллаагүй л дээ. Миний ээж их эмч, аав Дорнод аймгийн Хүнсний комбинатын хангамжийн мэргэжилтэн байсан. Манайхан гэр бүлээрээ хүний төлөө ажиллаж, амьдарч ирсэн хүмүүс. Аав, ээжийн минь нөмөр нөөлөг, ажлын онцлог, бусдыг гэх сэтгэл бидэнд их нөлөөлсөн гэж боддог. Ижий, аавынхаа захиасыг санаж, нэг ч гэсэн хүнийг баярлуулчих юмсан гэсэн сэтгэлээр хүмүүнлэгийн салбарт тогтвор суурьшилтай ажиллаж ирлээ.

-Таныг Улаан загалмайн Б.Ганболд гэж хүмүүс авгайлдаг юм билээ. Хэзээнээс энэ байгууллагатай зам, заяагаа холбосон бэ? 
-Ерөнхий боловсролын сургуульд байхаас эхлэлтэй. Тухайн үед ангийн багш, сургуулийн удирдлагууд надад итгэл үзүүлж, үнэлдэг байсан. Ариун цэврийн даргаас эхлээд ангийн, сурагчдын зөвлөлийн дарга болж, мандаж байв (инээв). Энэ нь нийгмийн идэвх, хичээл зүтгэлийг минь үнэлж байгаа хэрэг юм. Ангийнхаа болон сургуулийн эмзэг бүлгийн хүүхдэд тусална. Жишээлбэл, манай ангид ядруухан амьдралтай хүүхэд байсан юм. Бид нөхрийгөө усанд оруулна, илүү хувцсаа өгнө. Эндээс эхлээд л би бусдын төлөө сэтгэл зүрхээ зориулах болсон. Мэдээж хэрэг дээр хэлсэнчлэн аав, ээжийн минь нөлөө байгаа. 1990-ээд оны үед би аймгийн Улаан загалмайн хорооны удирдах зөвлөлийн гишүүн байсан юм. Мөн “Есөн-Эрдэнэ” компанийн менежерээр ажиллана. Тэр үед аймгийн ИТХ-ын дарга Г.Хүрэлбаатар байсан. Нэг өдөр хурал дээр дуудаад “Аймгийн Улаан загалмайн ажлыг чамд өгнө” гэдэг юм байна. Ажлаа өгөх хүн нь ангийн багш байдаг. “Би багшийгаа яалаа гэж унагах вэ” гэж хэлсэн боловч “Би мэддэг юм” гээд намайг хот руу дагуулаад явсан. МУЗН-ийн Ерөнхийлөгч Л.Одончимэд гэдэг хүнийг тэгэхэд л анх удаа нүүр тулж харж байгаа нь тэр. Одоо бодоход шинэхэн болохоор нэг ч хүн таньдаггүй байж. Тэгээд уулзаад намайг ямар сургууль соёл төгссөн, ямар мэргэжилтэй вэ, эхнэр, хүүхэд, орон байр гээд ер нь нэлээн шалгаасан. Тэгээд Л.Одончимэд дарга “Таныг Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны нарийн бичгийн даргаар томиллоо” гэдэг байгаа. Буцаж ирээд багшаасаа тамга гардаж, ажлаа эхэлсэн дээ. Багшийнхаа ажлыг авна гэдэг тийм ч сайхан хэрэг биш юм билээ. Жигтэйхэн эвгүй байсан.

-Бусдын төлөө 30 гаруй жил зүтгэнэ гэдэг амаргүй даваа. Энэ хугацаанд хэдэн хүнд тус хүргэснээ ч санадаг уу? 
-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур, Хайлаар, ОХУ-ын Эрхүү хотын эмнэлгүүд болон БНСУ-ын Тичон эмнэлэг, Тайвань улсын эмнэлгүүдтэй хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажилладаг. Энэ хугацаанд аймгийн Улаан загалмайн шугамаар 1000 гаруй хүнд эмчилгээ, мэс засал хийлгэж, амь нас, эрүүл мэндийг нь аварсан байна. Мөн өнгөрсөн жил манай байгууллага “Нэг зам ба нэг бүс, гэрэлт зам аялал” гэсэн сайхан арга хэмжээ зохион байгуулсан. Энэ хүрээнд Дорнод аймагт анхны нүдний болор солих мэс ажилбар амжилттай болсон. Улсын хэмжээний ажил шүү дээ. Өмнөговь, Архангай, Сүхбаатар, Хэнтий, Увс, тэр бүү хэл алс хязгаар Ховд аймгаас хүртэл хүмүүс ирсэн. Нийт 580 хүн хамрагдсанаас манай аймгийн 58 өвчтөн тэнцэж, 100 хувь үнэ төлбөргүй нүдний болор солих мэс засалд орсон. Өөрөөр хэлбэл, аймгийнхаа харааны бэрхшээлтэй 58 иргэнд хорвоо ертөнцийг харах боломжийг олгосон. Энэ нь Монголын Улаан загалмайн түүхэнд алтан үсгээр бичигдэх нүсэр ажил болсон. Нүдний болор солихоос гадна зүрхний мэс заслаар олон хүнд тус хүргэсэн. Жишээлбэл, өнгөрсөн жил гэхэд 0-5 насны 100 хүүхдэд зүрх, судасны мэс ажилбар амжилттай хийсэн. Эмнэлгийн орон дээр өвчиндөө шаналж байсан хүмүүс эрүүл саруул болчихсон, ажил хөдөлмөр эрхэлж, хичээл сургуульдаа явж байхыг харах сайхан байдаг.

-Улаан загалмайн нийгэмлэгийн хийж бүтээсэн ажил энэ мэт мундахгүй байх. Та сайхан дурсамжаасаа хуваалцаач? 
-2006 онд Халх гол сумд зуд болсон юм. Аймгийн төвөөс 330 км зайтай, хамгийн хол сум болохоор цасан шуурганд хоригдож, машин сууж 48 цаг явж очиж байлаа. “Ковш” машинаар бидний урд цас ханзалж, зам гаргаад явж байгаа хэр нь тэрүүхэн хооронд буцаад цас хунгарлачихна. Тэгээд дандаа хүүхнүүд явна шүү. Мөн бид Дундговь аймагт болсон харын зудаар тусламж хүргэж байлаа. Айлын хүмүүс тооноороо гадаа гардаг, хаалгыг нь дараад олон үхэр үхчихсэн хэцүүхэн байсан цаг үе. Бусдад хүргэх гэж яваа ачаагаа яаралтай өгөх чинь л бидний үүрэг. Тэгэхээр улаан загалмайчид ямар их тэсвэр, хатуужил, зориг зүрхтэй гэдэг нь харагдаж байгаа биз. Бид авралын гараа сунгаж, нэг нэгэндээ туслахгүй бол болохгүй. Зуд гэдэг санаанд багтамгүй, ам гарамгүй хэцүү зүйл. Нэлээн олон жилийн өмнө зуд тохиож, хот айлаараа амиа егүүтгэсэн тохиолдол Говь-Алтай аймагт гарч байсан. Өлсгөлөнгөөс болж тийм зүйл болсон хэрэг.

-Та бусдын баяр гуниг, жаргал зовлонг хуваалцаад уджээ. Мартаж чаддаггүй, өр өвтгөм тохиолдолтой таарч байв уу? 
-Байлгүй яах вэ. Манай аймгийн “Манан” гэх газар хоёр хүүхэд гэртэйгээ шатсан харамсалтай явдал болсон. Тухайн үед би өөрийн биеэр цогцсыг нь очиж авч байлаа.  Хүн шатна гэдэг харах эцэсгүй, нүд хальтрам. Тэр чигтээ үнс болчихсон, гар хүрэхэд үйрч унаад байдаг юм билээ. Аваарт орсон хүнд анхны тусламж үзүүлэх, гар дээрээ хүн алдах гээд өр өвтгөм, сэтгэл шимшрэм мөч олон таарсан даа. Нэгэнт хүний төлөө гэж сэтгэл зүрхээ зориулж ажиллаж байгаа болохоор айж ичиж, цэрвэж сэжиглэх зан байдаггүй.

-Та түрүүхэн “Би нулимс ойрхон хүн” гэсэн. Хувь хүний зан араншин, сэтгэлзүйн энэ байдал ажлын шаардлагатай тань зөрчилддөггүй юу? 
-Яг бодит байдалд очиход харьцангуй гайгүй. Дотроо мэдээж эмээнэ, түгшинэ, өрөвдөж хайрлана. Зовж байгаа хүмүүсийг уруу татаж уйлалтай нь биш. Дотроо л нурж явдаг. Олон жил зовлон үзсэн болоод тэр үү, их уяхан болчихдог юм байна.

-Хүсэл зорилгодоо хөтлөгдөж, өрөөлийн төлөө өөрийгөө мартаж болох юм. Харин гэр бүлээ та орхигдуулаагүй биз?
-Мэдээж хэрэг гадаад улс, хөдөө орон нутаг гээд ажлын шаардлагаар маш их явдаг. Энэ үед ар гэр орхигдох нь бий. Гэр бүлийн хүн намайг дагаад улаан загалмайчин болсон байдаг. Хань минь миний ажлыг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа учраас би амжилттай ажиллаж чаддаг. Бид хоёр ханилаад 35 жил болж байна. Манай гэр бүлийн хүн Дорнод аймгийн улсын тэргүүний VIII цэцэрлэгт тогоочоор ажилладаг. Бид хоёр хүүтэй. Том хүү маань аймгийн ЗДТГ-т мэргэжилтнээр ажиллаж байгаад БНСУ-д магистрт суралцахаар яваад байна. Бага хүү маань МУБИС-д багшилдаг. Одоо ахынхаа хамт БНСУ-д докторантаар суралцаж байна. Хоёр сайхан ач охинтой өвөө болсон.

-Таны санаачилсан “Атга будаа” аяныг хэн хүнгүй мэдэх байх. Хэрхэн эхэлж байсан бэ? 
-Анх энэ ажлыг авахдаа аймаг , орон нутгийнхаа иргэдийг хүмүүнлэг болгохыг зорьсон. Тэр дундаа хүүхдэд хүрч ажиллая гэж шийдсэн юм. Цэцэрлэгээс эхлээд хүүхдэд хүнийг хайрлах эрхэм чанар, ёс суртахуун, хүмүүжил төлөвшлийг олгохыг хичээж эхлүүлсэн ажил. Хүүхдийн гар, түүнд багтах атга будаа гэдэг хэдий хэмжээтэй билээ. Өхөөрдөм жаахан шүү дээ. Гэвч тус багаддаггүйн жишгээр нийлсээр байгаад 500-600 кг болчихдог юм. Энэ жилийн будаа гэхэд 7.5 тонн будаа цугласан. Хүүхдийн сайхан сэтгэлээр цугласан энэ их будааг бид агуулахдаа хадгалдаг. Учир нь аливаа гамшиг, ган зуд, гал түймэр, гоц халдварт өвчний үед тухайн орчинд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд, малчин иргэддээ будаагаар тусламж үзүүлдэг. Энэ нь тэдгээр хүмүүст бэрхшээлийг давах сэтгэл санааны болон бие мах бодийн томоохон дэмжлэг болно. Дорнодын хүүхдүүд жаахан гартаа буян, будаа хоёроо атгаад хорин жил өнгөрсөн байна. Бахархалтайгаар хэлэхэд, Дорнод аймагт Улаан загалмайн нийгэмлэгийг мэдэхгүй нэг ч хүн байхгүй. Манай аймагт явж очоод сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс МУЗН-ийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, аймгийн УЗН-ийн даргын нэрийг асуухад хэн нь ч цээжээр хэлээд өгнө. Мөн манай байгууллагын үйл ажиллагааг мэднэ.

-Хүмүүнлэгийн салбарт ажилладаг учир хүний мөс, эрхэм чанар монголчуудад ямар байгааг та анзаардаг байх?
-Нууж хаалгүй хэлэхэд, хүн чанарын хувьд хэцүүхэн болжээ. Нийгэм, цаг үетэйгээ ч бас холбоотой байх. Би цөөнгүй улс орноор явж байсан. Тэднээс ажиглахад, хэдий хүн чанартай байна, нэгнийгээ хүн ёсоор хүндэлж чадна, тэр улс хөгждөг шиг байгаа юм. Гэтэл манайхан хэрэглээ талдаа брэндлэг болоод, сэтгэхүй нь хоосорчихож. Нэгнээ үгүйсгэсэн, бусдын улыг шагайсан, амин хувийн үзлээ хаях хэрэгтэй. Өр нимгэн, өрөвч зөөлөн, тусч сэтгэл л бидэнд дутаж байна. Биднийг хүүхэд байхад, залуу байхад ийм байсангүй. Чадаж байгаа нэгнээ дэмждэг, бүтээдэг байсан юм.

-Миний хувьд тортой хүнсээ өргөж яваа эмээг гэрт нь хүргэж өгчихөөд сэтгэл дүүрчихдэг. Харин та бүхэн хэдэн зуун хүнд дэм, тус хүргэдэг. Тэр өдөртөө тусалсан хүмүүсээ бодоход сэтгэл дүүрэн байдаг биз? 
-Тэгж бодоод байх зав гардаггүй. Өнөөдөр би нэг ч гэсэн хүн баярлуулж байж аз жаргалтай болдог. Хэрэв хэн нэгнийг баярлуулж чадсан бол би хоол ч идэхгүй хонож чаддаг. Учир нь тэр сэтгэлийн өглөгөөр цадчихаж байгаа хэрэг.

-Нутаг усаа доргитол найр наадам хийж байгаа болов уу гэж бодтол Солонгос явахаар болсныг тань сонсоод гайхсан? 
-Идэж, уух, наргиж, наадах цаг олдох байх. Бид идэж, уудаг шигээ ажилладаг бол улс маань илүү хурдан хөгжчихсөн байгаа. Аймаг, орон нутгийн удирдлагууд болон холбогдох байгууллагууд хүндэтгэл үзүүлсэн. Гэвч би хамхуул шиг очоод л ирлээ. Илүү олон хүнд буян бол, тус хүргэ гэж надад гавьяат цол олголоо.  Өнөөдөр (өчигдөр) Дорнод аймгийн 14 настай хүүг түнхний хагалгаанд оруулахаар Солонгос явж байна. Бид БНСУ-ын Сичон эмнэлэгт жилд нэг хүүхэд үнэ төлбөргүй эмчлүүлэх гэрээ байгуулж чадсан. Тиймээс 50 гаруй сая төгрөгийн зардлыг шийдэж, үнэ төлбөргүй хагалгаанд оруулах боломж олдсон учир яарч байгаа нь энэ юм.

Үндэсний шуудан сонин

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*