Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Б.Цацралт-Од: Энэ онд тэмбүүгийн 560 тохиолдол шинээр бүртгэгдсэн

ХӨСҮТ-ийн дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор Б.Цацралт-Одтой ярилцлаа.

2019 оныаравдугаар сарын байдлаар ХДХВ-ийн нийт 281 тохиолдол бүртгэгдсэн гэж байна?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай Монгол Улсын зүгээс хамтарч ХДХВ-ийн халдварыг тогтоосон байгаа. Улсын хэмжээгээр 281 тохиолдол одоогийн байдлаар бүртгэгдсэн байна. Монгол Улсын Засгийн газрын 11 дүгээр тогтоолын хүрээнд үүнийг бууруулахын тулд Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад байгууллагатай хамтран ажиллаж байна.

Илрүүлэлтийг яаж хийдэг юм бэ? Иргэд сайн дураараа ирж үзлэг, шинжилгээнд хамрагддаг уу?

– Тухайн иргэн сайн дураараа үзлэг, шинжилгээнд хамрагддаг. Халдварт өвчин судлалын үндэсний төвд ДОХ-ын кабинет гэж байдаг. Тухайн хүн өөрөө сайн дурын үндсэн дээр ирж, шинжилгээ өгнө. Монгол Улсын хэмжээнд аймаг болон дүүргүүдэд ДОХ-ын кабинет бий. Мөн Глобал сангийн олон салбар үүн дээр хамтран ажиллаж байгаа.

Эрсдэлтэй бүлгийн хүмүүсээс албадан шинжилгээ авч болдог уу? Энэ чиглэлээр хийж байгаа ажлууд юу байна вэ?

– Монгол Улсын Их хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролоор удирдуулсан ажлын алба хэлэлцүүлэг хийсэн байгаа. Ялангуяа хөдөлгөөнт хүн ам буюу уул уурхайн салбарт ажиллаж байгаа эрсдэлтэй бүлэгт хууль, эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байна. Албадан үзлэг, шинжилгээнд хамруулна гэдэг нь харьцангуй төвөгтэй бөгөөд хүний эрхийн асуудал. Тухайлбал, “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд долоодугаар сараас эхлэн үзлэг, шинжилгээг хийж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 73107 хүн сайн дураараа шинжилгээнд хамрагдсан байгаа юм. Эдгээр иргэдийн 2100 нь одоогоор эмчилгээ хийлгээд явж байна.

ХДХВ/ДОХ-ын халдвартай 25 эхээс төрсөн хүүхдүүд бүгд эрүүл байна

ХДХВ/ДОХ-ын хувьд?

-ХДХВ/ДОХ-ын хувьд иргэдэд мөн адил эмчилгээ хийж байгаа. Үр дүн нь одоогийн байдлаар 98 хувьтай байна. ХДХВ/ДОХ-ын халдвартай 25 эх амаржсанаас зургаа нь давтан төрсөн. Төрсөн хүүхдүүд бүгд эрүүл байна.

Жил ирэх тусам бэлгийн замын халдварт өвчний тохиолдол залуужиж байгаа нь үнэн үү?

– Бэлгийн замаар дамжих халдвар нь нийт халдварын 40 хувийг эзэлж байна. Ялангуяа халдварт өвчин дотроо тэмбүүгийн халдвар 38.8 хувьтай байна. Заг хүйтэн, Трихомониаз болон ХДХВ-ийн халдвар насны хувьд харьцангуй залуужаад байна. Шалтгаан нь залуучуудын эрүүл мэндийн боловсрол бага байгаатай холбоотой. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдадэрүүл мэндийн хичээлийн хүрээнд бэлгийн боловсролын цогц хичээлүүдийг орж байгаа. Үүний хүрээнд хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсрол харьцангуй сайжирч байна. Залуу үедээ энэ чиглэлийн боловсролыг сайн олгох нь бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, сайн дураараа үзлэг, шинжилгээнд хамрагдах, өөрийгөө хамгаалах, эрүүл байх үндэс болно гэж бодож байна.

Олон улстай харьцуулахад энэ тоо үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн үү?

– Жил ирэх тусам тэмбүүгийн халдвар нэмэгдэж байна. Өмнө жилтэй харьцуулахад 560 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар төрөлхийн тэмбүүгийн халдвартай хүний тоо 56-д хүрсэн байна. Тиймээс жирэмсний эрт үеийн хяналтыг маш сайн хийлгэх хэрэгтэй.

Бэлгийн цөөнхөд хамаарагддаг хүмүүсийг албадан шинжилгээнд хамруулах боломж байдаг уу?

– Үүнд хүний эрхийн асуудал давхар яригдана. Тиймээс хүний эрхийн хороо болон бусад байгууллагатай энэ талын гарц, гаргалгааг ярилцаж, хамтран шийдвэр гаргана.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*