Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Д.Одбаяр: Камерын бичлэгээр нотлогдвол би өөрөө Цэцийн гадаа зогсоод өндөг шидүүлье

Онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн гэх, улмаар Солонгост арав хоногийн хилийн хоригт орж, нэг хэсэг хоёр улсын хэвлэл, нийгмийн сүлжээний анхаарлын төвд байсан  Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаяртай ярилцлаа.

-Уг нь тантай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцана гэж бодож байлаа. Гэтэл үйл явдал, сэдэв өөрөөр эргэчихлээ. Ярилцах саналыг маань хүлээж авсан нь Таныг нийгмийн дуулиан болсон сэдвээрээ бүх асуултад хариулна гэж ойлгосон, зөв үү?

-Яг үнэндээ ярилцлага өгч суух нь байтугай, өгье гэж шийдэх ч надад амаргүй байлаа. Миний нэр холбогдсон хэрэг явдал нь ярилцлага өгөх, нийгэмд үлгэрлэх хэмжээний гавьяат үйл явдал бишийг хэн бүхэн мэднэ. Солонгосоос сэтгэл санааны гүнзгий хямралтай ирсэн. Миний тайлбарыг, ер нь бодит үнэнийг хаана ч ярьсан хүлээж авахааргүй нийгмийн уур амьсгал Монголд маань бүрдсэнийг ч анзаарсан. Гэвч би хийгээгүй хэргийнхээ тухай, нийгмийн сүлжээнд яваад байгаа шиг “онгоцны үйлчлэгчийн өгзөг бөгс бариагүй, миний зүгээс тийм үйлдэл огт гаргаагүй” гэдэг үнэнээ ярих ёстой гэж бодож байна. Одбаяр гэж хүн ажил, албан тушаалын карьераа алдах нэг хэрэг. Энд би нэг их харамсахгүй ээ. Харин бодит үнэнийг тунгаахгүйгээр, зөвхөн ганц талын эх сурвалжийн мэдээллээр нэг иргэнийхээ эсрэг нийгмээрээ үерийн ус шиг давалгаалж байгаа энэ их гүтгэлэг дор нэр төрөө алдаад дуусч байгаа нь л надад хамгийн харамсалтай байна. Гутарч, заримдаа өөртөө гомдож сууна. Гэвч би болсон явдлын бодит үнэнийг ярьж, бас өөрийнхөө төвшинд нэр төрөө цэвэрлэх, буруу ташаа мэдээллийг залруулахын төлөө тэмцэх ёстой, бас тийм эрхтэй гэж бодож байна. Ийм учраас шүүхэд хандаж байгаа. Одоо өөрт чинь ярилцлага өгөөд сууж байна.

-Шүүхэд хандсан тухайд жич асууя. Харин таны надад, одоо ярих бүхэн үнэн гэдэгт яаж итгэх вэ?

-Юуны өмнө хувийн хайхрамжгүй байдал, бас болсон үйл явдалд эхэндээ хэнэггүй хандсанаас болж нийгмийг бухимдуулсан асуудалд холбогдсондоо нийт монголчуудаасаа уучлалт гуйж байна. Энэ бол миний чин сэтгэл. Хүлээж авах эсэх нь хувь хүмүүсийн эрх байх. Асуултын тухайд, би чин үнэнийг л ярина. Яагаад гэвэл энд миний ярьсан бүхэн солонгос хэл дээр орчуулагдаж КАЛ-ын төдийгүй Инчеоны цагдаагийн байгууллага, прокурор улмаар БНСУ-ын төр, засгийн зохих түвшинд очих нь тодорхой. Миний анзаарснаар Солонгосын цагдаа, хуулийн байгууллага нь сэтгүүлчидтэйгээ, бас сошиалтайгаа сүрхий хамтарч ажилладаг шиг санагдсан. Хэрвээ би энд худлаа, Солонгост ярьж байснаасаа буруу зөрүү, цагдаад мэдүүлснээсээ огт өөр зүйл яривал Солонгосын хэвлэл, сошиал дор нь харьцуулаад гаргаад цацна, эргэлзээгүй. Тэрийг би биеэрээ мэдэрсэн, харсан. Би тэнд ярьснаасаа худлаа ярьж Монголынхоо болон өөрийнхөө нэр хүндийг ахин муу муухайгаар дуудуулахыг хүсэхгүй. Болж өнгөрсөн явдлыг тойрсон нийгмийн дуулиан надад ахадсан уу гэхээс багадаагүй.

-Улаанбаатараас явснаас эхлэх үү. Хаашаа ямар зорилгоор явж байсан бэ?

-Индонезид болох олон улсын хуралд оролцохоор 2019 оны аравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатараас ниссэн.

-КАЛ-ын онгоцоор…?

-Тийм, КЕ 868 дугаар нислэгийн энгийн ангиллаар Сөүл ниссэн. Тэнд нэг хоноод цаашаа Индонез нисэх тийзтэй явсан.

-Та хэдүүлээ явсан бэ. Тантай хамт хэн хэн, ямар албан тушаалтнууд явж байсан бэ?

-Дөрвүүлээ. Надаас гадна манай Цэцийн нэг гишүүн, хоёр ажилтан явсан.

Онгоцонд яг юу болсон бэ. Таныг  ууж, үйлчлэгчийн биед хүрсэн л гээд байгаа?

-Би үйлчлэгчийн бие, өгзөгт байтугай гарт нь ч хүрээгүй. Ороод нэг лааз пиво авч уусан. Тэгсхийгээд унтаад өгсөн. Энгийн ангилалд пиво, вино хоёроос өөр төрлийн согтууруулах ундаа өгдөггүйг онгоцоор нисч үзсэн хүн бүхэн мэднэ. Онгоц газардахаас 30 гаруй минутын өмнө ариун цэврийн өрөөг хаах гэж байгааг зорчигчдод сануулдаг. Тэр зараар би сэрж, гурван алхмын цаана байх 00-ын өрөө рүү орсон. Гарч ирэхэд үйлчлэгч бололтой өндөр залуу намайг зогсоогоод уучлалт гуйхыг шаардсан. Юуны төлөө уучлалт гуйх ёстойгоо ойлгоогүй. Уучлалт гуйх ямар нэгэн хэрэг хийгээгүй гэдгээ хэлтэл “Та манай үйлчлэгчтэй эвгүй харьцсан, биед нь хүрсэн” гэж хэлсэн. “Ерөөсөө тийм юм болоогүй, би 00-оос гарч ирж байна” гэдгээ тайлбарласан. Онгоцны монгол үйлчлэгч зорчигчдын заалнаас ирээд надад “Тантай хамт яваа хүн манай үйлчлэгчийн биед хүрсэн” гээд суудлын дугаарыг нь хэлсэн. Би тэр хүнтэй хамт яваагүй гэдгээ хэлсэн. Энэ хооронд би “Хүн андуурч дээ л…” гэж бодсон. Нүдний шилтэй, шилгүй хоёр хүнийг андуурахдаа яах вэ дээ гэж уур ч хүрлээ. Тэгээд уучлалт гуй, гуйхгүй гэсэн яриа болж байснаа “хэрвээ уучлалт гуйхгүй бол цагдаа дуудна” гэсэн. Би шууд л “дууд, харин та нарыг хүн гүтгэлээ гэж цагдаад чинь хэлнэ, дууд” гэсэн. Ингээд миний зөвшөөрснөөр цагдаа дуудахаар болсон. Цагдаа дуудахыг зөвшөөрсөн бичгэн дээр надаар гарын үсэг зуруулсан. Онгоц газардахад энгийн хувцастай хүмүүс орж ирсэн. Энэ үед нөгөө дарамтлуулсан гэх үйлчлэгч орж ирээд яг миний ард сууж явсан зорчигч руу заагаад юм ярьсан. Хүн андуурч байгаа нь ойлгомжтой байсан. Энэ үйл явдлыг болон миний арын суудлын хүн дээр асуудал гарч маргаан болж байгааг бидний ойр хавьд сууж явсан зорчигчид бүгд харсан. Гэрчүүдтэй үйл явдал. Тэгээд удалгүй гарч, онгоцны хоолойн шатны тэнд нилээн яриа болж байгаад намайг “Та яв, харин энэ хүнийг чинь авч үлдэнэ” гэсэн. Монгол хүн чинь нэгнээ хамгаалах ёстой биз дээ.  Тэгэхээр нь би “Та нар гэмгүй хүнийг баривчилж саатуулж болохгүй” гэж маргасан. Би өөрөө Сөүл дэх Монголын ЭСЯ-руу холбогдож болж буй явдлыг дуулгасан. Юмыг яаж мэдэх вэ гээд хажууд байсан цагдаагийн хүнээс “согтуурлын зэрэг тогтоодог үлээдэг багаж байна уу” гэж асуусан, байгаагүй. Цагдаа нь, та хамт яваагүй бол яв гэхээр нь “Бид хамт яваагүй, энэ хүн Сингапур руу яваа юм байна, би Индонез руу яваа” гэдгээ тайлбарласан. Ингэж байтал ЭСЯ-наас солонгосуудын дарга бололтой нэг хүнтэй яриад бид тарцгаасан. Болсон явдал ердөө л энэ. Энэ бүхэн хэдхэн минутад л болсон. Харин ингэж маргаж байхдаа би өөрийгөө Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхэд ажилладаг хүн, худлаа ярихгүй гэж хэлсэн маань асуудлыг улам хүндрүүлэх гол сэдэл болсныг маргааш нь мэдсэн л дээ.

-Яаж…?

-Би болохоор монгол хүнээ хамгаалж л маргасан. Харин солонгосууд болон хэвлэлийнхэнд нь миний албан тушаал асуудлыг дэврээх шалтаг болчих шиг болсон. Онгоцонд болон онгоцны гадна биднийг саатуулсан, баривчилсан ямар нэгэн юм огт болоогүй. Тэгтэл өглөө нь миний зургийг бүдгэрүүлэлгүйгээр Цэцийн веб сайтаас Солонгосын шүүхийн болон манай Цэцийн хамтын ажиллагааны мэдээний зургийг татаад “саатуулагдлаа, баригдлаа” гэсэн мэдээлэл гаргачихсан байсан. Тэрийг нь энд Монголын сайтууд орчуулаад тавьчихсан. Гэтэл бид зүв зүгээр, захиалсан буудалдаа хоноод өглөө сэрж байдаг. Сэрээд, Монголоор сонин сайхан юу байна вэ гэж Монголынхоо сайтууд руу ортол “намайг баривчилжээ, саатуулагдлаа” гэсэн мэдээ гарчихсан байсан.  Мэдээг үзээд надтай хамт явсан Цэцийн гишүүн бид хоёр буудлаасаа яаралтай гарсан. Нисэх ёстой цагаасаа таван цагийн өмнө нисэх дээр ирсэн. Өчигдрийн цагдаатайгаа уулзаж учрыг олъё гэж бодож эрт ирсэн. Нисэх дээр ирээд яахаа мэдэхгүй хэсэг суулаа. Тэгсэн биднийг гаргаж өгч явсан монгол залуу руу ЭСЯ-наас утасдаж Инчеоны цагдаагийнхан ярилаа гээд “танай нөгөө хүн Индонези явж байгаа. Бидэнтэй уулзах хэрэгтэй бол бид уулзаж болно” гэж хэлүүлсэн. Бид ч  “тэгье, уулзъя” гэж эрт ирснээ хэллээ. Удалгүй гурван хүн ирсэн. Мэхийж ёслоод энгийн байдлаар уулзсан. “Бид цагдаагаас явж байна, уулзахыг зөвшөөрсөнд баярлалаа” гэж хэлсэн. Орчуулагч монгол эмэгтэй хамт ирсэн байсан. “Таныг Индонез рүү нисэхээс өмнө ганц нэг зүйл тодруулъя” гэж хэлээд хамт явсан. Энэ хооронд манай ЭСЯ-наас Консулын ажилтнууд ч ирсэн. Биднийг нэг өрөөнд оруулж болсон явдлыг яриад, хүсэлт байвал бичиж өгч болно гэсэн. Би гомдолтой, нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байгаагаа бичиж өгсөн. Орчуулагч эмэгтэйн орчуулж бичснийг Консулын ажилтан нэмж засаад цагдаагийнханд өгсөн. Энд баривчилсан, саатуулсан зүйл огт болоогүй.

-Танаас чухам юу гэж  асууж байх юм?

-Та Монголын хэд дэх өндөр албан тушаалтан бэ? Та суудлаасаа хэдэн удаа боссон бэ? Таны ард сууж явсан А гэж хэн бэ? Та тэр хүнийг үйлчлэгчтэй хамт байхыг харсан уу? зэрэг асуулт асуусан. Би болсон явдлыг яриад, нислэгийн туршид ганцхан удаа босч ариун цэврийн өрөөнд орсноо хэлсэн. Иргэн А-г үйлчлэгчийн биед хүрсэн эсэхийг мэдэхгүй, хараагүй гэдгээ хэлсэн. Намайг тэндээс гарахын өмнө “Та 6-нд Индонезоос буцахдаа Сөүлээр ирэх үү” гэж асуусан. Би ирнэ гэдгээ хэлсэн. “Ирээд уулзах хэрэг байвал уулзаарай” гэсэн. “Уулзанаа” л гэсэн. Тэгээд л бид цаашаа ниссэн.

-Онгоцонд болсон үйл явдлыг дэврээхэд таны албан тушаал нөлөөллөө гэдгийг та юуг үндэслэж хийсэн дүгнэлт вэ. Баримт байна уу,  хардлага уу?

-Ер нь хардлага л даа. Алдсан хүн арван тамтай гэдэг шиг онгоцонд зүгээр явсан хүн гэнэт “үйлчлэгчийн биед хүрсэн” болж, захиалсан буудалдаа хоноод босоход “Сөүлд баригдлаа, саатуулагдлаа” гээд мэдээ гарахаар янз бүрийн л юм боддог юм билээ. Улсын нэр хамт гарч байгаа учраас бүр их санаа зовсон. Тэгээд Индонезид очоод янз бүрийн юм уншлаа. Сайтуудыг нэлээн ухаж нөхөж уншлаа. Миний тухай мэдээллийг анх гаргасан Солонгосын сайтыг ч олж мэдлээ. Өмнө нь  хүний нэр төрд халдсан гэж торгуулж байсан сайт юм билээ. Тэр сайт руу КАЛ, Инчеоны цагдаа хоёрын нэг нь мэдээллийг анх буруу ташаа өгсөн шиг байгаа юм. Бидний Сөүл явсан нислэгээр КАЛ-ын том дарга нар явсан, Монголд хөөцөлдсөн ажил нь бүтэмж муутай буцсан гэх мэдээллийг ч сайтаас уншлаа. Гэтэл хардлагаас давсан нэг үйл явдал болсон. Индонезид байхад, нэг өдөр Монголоос нэг мессеж ирсэн. Бид анх билетээ “Айр Транс”-аас авсан юм. Гэтэл Улаанбаатарт байдаг КАЛ-ын салбараас буцах чиглэлээ өөрчилж Сөүлээр биш, өөр газраар дамжин Улаанбаатарт ирэхийг санал болгосон мессэжийг “Айр Транс”-аар дамжуулж ирүүлсэн. Одоо ч миний утсанд байгаа. Маш их гайхсан. КАЛ-ын салбарын эрхлэгч монгол хүн байна уу, солонгос хүн байна уу гэдгийг тодруултал Жан гэдэг нэртэй солонгос хүн байдаг гэв. Түүнд Сөүлд байдаг КАЛ-ын төвөөс ийм чиглэл өгөө юү, эсвэл өөрөө дураараа нислэгийн чиглэл өөрчлүүлэх гэж байгаа юм уу гэж лавлалаа. Өөрөө санаа зовоод ийм санал гаргасан юм гэсэн хариу ирэв. Хоёр улсын нийгмийн сүлжээнд онцгой шуугиан үүсгэсэн асуудалд холбогдсон зорчигч нь Сөүлээр дамжин буцах билеттэй байхад яагаад өөр улсаар дамжуулан нутаг руу нь буцаах гээд байна вэ, тэгээд ийм саналыг яагаад Улаанбаатарт байдаг салбарынх нь эрхлэгч илэрхийлэв гэдэг их сонин санагдаж байгаа юм. Хэрвээ би билетээ өөрчлөөд Сөүлээр дайрахгүйгээр Монголдоо очвол өөрөө буруутай учраас Сөүлийг тойрч зугтаж ирлээ гэж хардагдана. Магадгүй, Солонгосын тал намайг интерполын хэмжээнд хайж, улам шуугиан дэгдээж мэдэх юм гэдгийг ч хүртэл бодож байгаа юм.

-Жан захиралтай нь холбогдож ямар учиртайг асуугаагүй юу?

-Би өөрөө холбогдоогүй. “Айр транс”-аар дамжуулж хариугаа хэлсэн. Чиглэлээ өөрчлөхгүй, Сөүлээрээ л буцна гэдгээ КАЛ-ын Монголд дахь төлөөлөгч Жан-д хэлүүлсэн. Ингээд 11 дүгээр сарын 5-ны орой КАЛ-ын нислэгээр Индонезээс нисээд Сеүлд буусан. Өөрөө санаачлагаараа цагдаатай уулзах гэж ирж байгаа хүн шүү дээ, би. Гэтэл  кинон дээр гардаг шиг  олон улсын гэмт хэрэгтэн, хар тамхины мафийн толгойлогч, зартай алан хядагчийг л ингэж тосдог байх даа гэж бодогдохоор энгийн хувцастай  40 орчим цагдаа намайг тосов. Буудлын транзит зааланд байцаагч болон манай Консулын хоёр ажилтан ирсэн. Байцаагч мэндэлснээ “Танаас ганц хоёр зүйл тодруулна, та өнөөдрийн онгоцоор Улаанбаатар явж амжих уу” гэсэн. “Өнөөдөр явж болноо” л гэлээ. Тэгээд хамт яваа хүнтэйгээ хамт 00 ороод буцаад гараад иртэл өнөө байцаагч маань аль хэдийнэ бичээд аваад ирсэн дөрвөн хуудас “Баривчлах тогтоол” уншдаг байгаа. Учрыг ойлгохоо больж, нөгөө кино шиг бодогдож байсан маань зүүд зэрэглээ шиг болоод явчихав. Тэгээд Инчеоны цагдаагийн газар руу явсан. Хаана ч хэвлэлийнхэн битүү дагаж явах юм билээ. Бид Индонезид байхдаа холбогдож өмгөөлөгч авсан байсан юм. Байцаалтын өрөөнд тэд, бас  Консулын хоёр ажилтан бидэнтэй байнга хамт байсан. Манай өмгөөлөгч нар үйлчлүүлэгчээ шууд хамгаалдаг бол тэднийх эвийг нь олж зуучлах маягтай ажилладаг шиг санагдсан.

Байцаалтын өмнө өмгөөлөгч нартайгаа уулзлаа. Болсон бүх явдлыг ярилаа. Тэд, нилээн гайхаж, “Манайд энэ хууль гараад 3 жил болж байгаа. Ийм гомдол их гарах болсон. Гүтгэлгийн шинжтэй нь ч их байдаг. Автобус, метро, нийтийн унаанд залуучууд ихэнхдээ хоёр гараа өргөөд явдаг” гэх мэт зүйл ярив. Байцаалт эхлэхээс өмнө байцаагч маань явган суучихсан “Та уучлалт гуйчихвал нөгөө үйлчлэгч өргөдлөө татна гэсэн шүү” гэж шивнэж байна. Би уучлалт гуйх хэрэг хийгээгүй гэдгээ хэлээд байцаалт өгөх боллоо. Байцаалтын явцад манай өмгөөлөгч болон Консулын ажилтнууд  орчуулагчийг “буруу орчуулж байна” гээд орчуулагчийг гурван удаа сольсон. Дараа, дараагийн орчуулагчийг ирэхийг хүлээж нэлээд цаг алдсан.  Манай монгол эмэгтэйчүүд тодорхой төлбөртэйгөөр орчуулга хийдэг юм билээ. Мэргэжлийн үг хэллэг, нюансыг буруу орчуулж байна гэж манай консулын ажилтнууд ч хэлсэн л дээ.

-Өмнө, Индонез явахын өмнө асуусан асуултуудаа л давтаж асуусан уу. Өөр зүйл нэмж асуусан уу?

-Энэ удаа иргэн А-гийн тухай нилээн асуусан. Та үйлчлэгчийн биед хүрч байгааг нь харсан уу гээд л.

-Ер нь таны яг юунд буруутгаж ахин дахин  байцаагаад байгаа хэрэг вэ, үндэслэл нь…?

-Асуултуудыг харвал байдал нь эхлээд иргэн А-гийн гаргасан байж болзошгүй үйлдлийг л надаар нотлуулах гээд байгаа бололтой санагдсан. Дараа нь намайг буруутгасан. Би мэдэхгүй, хараагүй, би тийм үйлдэл хийгээгүй гэж үнэнээ л хэлсэн.

-Таны үйлдлийн тухай байцаасан юм биш үү. Та сүүлдээ “Би согтуу байсан, үйлдлээ санахгүй байна” гэж хэлсэн гэсэн. Тийм мэдээ гарсан?

-Солонгосын ч, Монголын ч хэвлэлээр миний мэдүүлгийг хагас дутуу, ерөнхийдөө намайг ямар нэгэн байдлаар буруутгахад л чиглэж тасдаж мэдээлж байсан. Тэр байцаалтын үеэр яг надтай холбоотой гэвэл байцаагч надаас “та виски уусан уу” гэж асуусан. “Уугаагүй, энгийн ангилалд виски өгдөггүй шүү дээ” гэж хэлсэн. Бас “Та нар виски уусан” гэж давтан хэлээд “ийм” гээд 50 граммын жижиг шилтэй байдаг вискиний савыг хуруугаараа төсөөлж харуулсан. Бүр “танай хүмүүс өөрт чинь мэдэгдэхгүйгээр аяганд чинь виски хийчихсэн байхгүй юу. Та мэдэхгүй уусан” гэсэн. Мэдүүлэгт иймэрхүү л асуулт, хариулт байгаа. Миний гэдэн хөдлөөд “За, би виски уусан гэж бодъё. Согтуу байсан гэж бодъё. Тэгвэл та нар наад хэрэг гээд байгаа юмаа нотлох ёстой. Би бол хэн нэгний биенд хүрсэн, виски уусан гэх юу ч санахгүй байна” гэж хэлсэн. Гэтэл хэдхэн минутын дараа Солонгосын телевизээр үүнийг товчлоод “согтуу байсан учир санахгүй байна гэж мэдүүлжээ” гэсэн мэдээ гарсан юм билээ. Уг нь асуудлын үнэн зөвийг тогтоох зорилготой, хуулийн дагуу нууцлалтай байдаг байцаан шийтгэх ажиллагааны нэг хэсэг нь шууд л телевиз, сайтын мэдээ болоод гарч байсныг би одоо ч гайхаад л байгаа.

-Бас таныг хэргээ хүлээж уучлал гуйлаа гэсэн мэдээ явсан?

-Байцаалтын явцад надад хоёр бичлэг үзүүлсэн. Гар утасны бичлэг. Нэг нь цагдаа дуудахыг зөвшөөрч гарын үсгээ зурж байгаа миний дүрстэй бичлэг. Нөгөө нь онгоцонд явсан монгол үйлчлэгчийг загнаж байгаа бичлэг. “Та энэ үйлчлэгчийг заналхийлсэн үү” гэж асуусан. “Заналхийлээгүй, загнасан. Гүтгүүлснээсээ болоод би ууртай байсан учир загнасан гэдгээ хэлсэн. “Монгол хүн байж чи, монгол хүнээ хамгаалсангүй, чи Монголдоо очно биз дээ гэж загнасан. Үүнийхээ  төлөө бол уучлал гуйж чадна аа” гэж хэлсэн. Гэтэл хэдхэн минутын дараа Солонгосын телевизээр “Уучлал гуйж эхэллээ” гэсэн мэдээ явсан. Орчуулагч хүлээх зуур өмгөөлөгчтэйгээ ярьж байсан үеийн зураг болон бичлэгийг телевизээр шууд гаргаж байсан. Ер нь мөрдөн байцаалтын мэдээлэл хагас дутуу гадагш гарч байгаа,  хэвлэл, сошиалынхан нь ажиллаж байгаа зэрэг нь үнэхээр залхмаар, дарамтад оруулдаг юм билээ. Би аргаа бараад байцаагч нарт “Та нар хүнийг сэтгэл зүйгээр нь алдаг хүмүүс юм байна. Үнэнийг тогтоогоогүй байж зураг хөрөг гаргаж, ингэж нэр төрд халдаж болдог юм уу.  Монгол руугаа шарилаа хүргүүлсэн нь дээр юм байна. Аятайхан хүргээд өгчихөөрэй” гэж хэлж хүртэл үзсэн. Тоож байгаа шинжгүй. Тэгээд би “За, та нараас нэг зүйл л хүсье. Би буруутан болъё оо. Та нар намайг буруутан болгоод аль. Харин Та нар эрүүгийн эрх зүйн олон улсын үндсэн зарчмын дагуу үүнийгээ хөдлөшгүй баримтаар нотлох ёстой. Онгоцны камерын бичлэгээ л гаргаад үзүүлчих. Тэгээд бол оо.” гэсэн. Байцаагч онгоцонд камер байхгүй гэсэн. Би болохоор онгоцонд камер байгаа, бичлэг ч бий гэдэгт итгэлтэй байгаа. Солонгост энэ төрлийн хэргийг ихэнхдээ камерын бичлэгт үндэслэж  шийддэг юм билээ. Хэрвээ нотлогдвол шууд Эрүүгийн хэрэг үүсгэдэг юм байна. Миний нэр холбогдсон гэх хэргийн тухайд Эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж Инчеоны прокурорын төлөөлөгч телевизээр ярьсныг та бүхэн үзсэн байх. Ер нь бол Манай Монголд аймгууд руу явдаг тендерийн машинууд зарим нь камертай байхад, КАЛ шиг дэлхийн хэмжээний том авиа компанийн, тэгээд олон улсын нислэг нь камергүй явна гэж байхгүй. Иймэрхүү маягаар намайг 4 цаг орчим байцаасан. Гарахын өмнө надаас хэзээ явахыг асуусан. Нөгөөдөр нь буюу 8-ны өдөр буцах билеттэй гэдгээ хэлсэн. Гэтэл “гадаадын хүмүүсийг байцаахдаа хилийн хорио тогтоодог юм. Та хилийн хориотой байгаа. Маргаашаас хорио тавигдаад нөгөөдрөөс хугацаандаа буцна биз дээ” гэж хэлээд гаргасан.

-Хилийн хоригийг нэг биш,  арав хоногийн хугацаатай тавьсан биз дээ?

-Эхлээд хугацаа энэ тэр хэлээгүй юм. Билетийнхээ хугацаанд буцаж амжина л гэж хэлсэн. Маргааш нь боллоо. Гэтэл дахиад КАЛ-ынхнаас танай хүмүүс МИАТ-ээрээ явсан нь дээр байх аа маягийн юм манай МИАТ-ийн төлөөлөгч рүү хэлсэн байж. Бид ч ярилцаад тэр нь зөв байх, МИАТ-ээрээ явъя гээд нэрээ КАЛ-ын бүртгэлээс хасуулахаар боллоо. Бүртгэлээс дөнгөж хасуулчихаад МИАТ болгож амжаагүй байтал ЭСЯ руу өмгөөлөгч холбогдсон байгаа юм. Танай хүмүүс билетээ солиулж байгаа тухай прокурор мэдсэн байна. Прокурор хилийн хориог цуцлахад хүнд боллоо гэсэн.

-Яг ямар асуудлыг шийдэх гэж хилийн хориг тавьж байгаа хэрэг вэ, хэрэг явдлын байцаалт дуусаагүй байсан хэрэг үү?

-Байцаалтаа хэвийн явуулахын тулд л хилийн хорио тогтоосон байх. Арав хоногийн хоригийн хугацаанд асуудлаа бүрэн шийдэж дуусгаад яв гэсэн санаа шиг байгаа юм.

Тэгээд цагдаагаас прокурорт хоёр санал хүргүүлсэн. Нэгдүгээрт хэрэгсэхгүй болгох, хоёрдугаарт торгох. Энэ хоёр саналыг алийг хүлээн зөвшөөрч байгаагаа би хэлэх ёстой болсон.

-Цагдаагийн хоёр саналаас алийг нь сонгохоо эхлээд та хэлэх ёстой гэсэн үг үү. Хуулиараа тийм байдаг юм уу?

-Харин тийм, өмгөөлөгч маань л тэгж хэлсэн. Прокурор нь энэ хоёроос сонгож шийдвэрлэнэ, харин та ямар саналтай байна вэ гэж өмгөөлөгч асуусан. Би “хэрэгсэхгүй болгох саналтай байна, хийгээгүй хэргийн төлөө торгуулах нь шударга ёсонд нийцэхгүй” гэж хэлсэн. Тэгсэн маргааш нь өмгөөлөгч “прокурор хэрэгсэхгүй болгоё гэхээр болохгүй байна. Урьдчилсан нөхцөл байдал, тэр талаар ямар нэг зүйл хийгдээгүй байна” гэсэн. Ямар нөхцөл вэ, гэтэл хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд та эхлээд үйлчлэгчээс уучлалт гуйж зарим төлбөр төлсөн байх ёстой. Уучлалтыг та олон нийтийн өмнө буюу КАЛ-ын ажилтнуудын өмнө туганд нь мөргөж гуйх шаардлага тавьж магадгүй, та бодох хэрэгтэй” гэж өмгөөлөгч хэлсэн. Үнэхээр гэдэн хөдөллөө дөө, шууд бухимдсан. Монгол ноёд, түшмэд худлын өмнө бөхийхгүй байсаар буудуулаад дуусч байсан болохоос үнэнийн эсрэг буулт хийж байгаагүй түүхтэй. Бодох юмгүйгээр, “тийм юм байхгүй” л гэсэн . Тэгээд аргагүйн эрхэнд торгуулахыг нь хүлээж авсан л даа.

-Шүүхэд хандаад, шүүхийн төвшинд үнэнээ  шийдүүлж болохгүй байсан уу?

-Асууж үзсэн л дээ. Торгуулийг эсэргүүцэж болно, таны эрх. Эсэргүүцвэл шүүхэд шилжинэ. Таны хилийн хориог л сунгах байх гэж өмгөөлөгч хэлсэн. Шүүх ямар хугацаанд хуралддаг вэ гэтэл “Гурван шатны шүүх хуралдана. Хэзээ зарлахыг мэдэхгүй. Бараг жил хагасаас хоёр жил болох болов уу” гэсэн. “Би тэгээд энд хоёр жил хилийн хориотой байх хэрэг үү” гэтэл “Магадгүй” гэж хариулж байгаа юм. Эхэндээ ч шүүхдвэл ч шүүхдэе гэж бодож үзсэн. Хоёр жил хаана байх билээ. Буудалд уу. Орж гарч чадахгүй хэвтээд л байх хэрэг үү. Айл дамжаад явах уу. Ар гэр, хашиж байгаа төрийн ажил алба юу болох билээ гээд бодсон. Үнэнийг олох гээд тэнд долоо хоноход өндөг шидэж угтана гэж байгаа хүмүүс хоёр жил сунжирвал намайг Монголоос минь шууд хөөнө биз дээ. Би ч өөрөө долоо хоноход сэтгэл санааны хямралд гүнзгий орж байгаа хүн шар махтайгаа хатах хоёр жилийг давахгүй, аягүй бол Солонгосын улстөрчид, урлагийн одод шиг амиа хорлох дээрээ тулах байх гэж бодлоо. Хамт явсан нөхөр, эндээс санаа тавьж байсан зарим хүмүүс, тэнд надад тусалж байсан монголчуудтайгаа нэг орой зөвлөлөө. Тэгээд торгуулаад ч хамаагүй, Монголдоо л очъё, амьд дээрээ эндээс л ховхороё гэж бодсон. Адилхан л хэлмэгдэх хойно худлаа хэрэг хүлээж КАЛ-ын тугны өмнө бөхийж байхаар, эх орондоо очоод ард түмнийхээ өмнө үнэнээ хэлээд бөхийсөн нь дээр гэж бодсон. Өөрөөр хэлбэл, торгуулийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй шахаанд орсон л доо.

-Яг хэдээр торгуулсан бэ. Арван сая, долоон сая гэдэг хоёр тоо яваад байгаа?

-Долоон сая воноор торгуулсан. Торгохдоо “Хоёр улсын найрамдлыг бодож 7 саяар торгож байгаа юм шүү” гэсэн юм хэлсэн. “Манжлах ч яах вэ, зүгээр дээрэлхэж байгаа л байхгүй юу танайхан. Би ч бас найрамдлыг бодож зөвшөөрье, гэхдээ би торгуулах гэмт хэрэг хийгээгүй шүү” гэж хэлээд өгсөн л дөө. Тэгсэн, манайхан таны хөрөнгө орлогын мэдүүлгийг Монголын сайтуудаас харсан, та бол 7 сая воны торгууль төлөх чадвартай юм билээ гэж хүртэл хэлж байна лээ.

-Торгуулийн үндэслэл нь чухам юу гэж байсан бэ. Үйлчлэгчид бэлгийн дарамт учруулсан учраас хүлээлгэж байгаа хариуцлага уу, эсвэл өөр үү, зүйлчлэл нь яг юу гэж байсан бэ?

-Нислэгийн аюулгүй байдлын дүрэм зөрчсний учир гэж торгосон. Тэр нь онгоцонд уучлалт гуйна, гуйхгүй гэж үйлчлэгчтэй маргасан, монгол үйлчлэгчийг загнасан,  арын суудлын хүний өмнөөс маргасан энэ тэр гэсэн утгатай. Энэ торгуульд бас нөгөө гүтгээд байгаа нь ч багтах байх гэсэн юм өмгөөлөгч хэлсэн.

-Бэлгийн дарамт үзүүлсэн гэдэг нь үү?

-Тэгж орох байх гэж өмгөөлөгч л хэлсэн. Энэ бол цэвэр гүтгэлэг л дээ. Хэрвээ “иргэн А-г үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн, харсан” гэж хэлсэн бол би өөрөө ингэж гүтгүүлэхгүй, аягүй бол торгуулах ч үгүй өнгөрөх байсан юм байна гэж сүүлд бодсон л доо. Гэхдээ миний хувьд өөрөө нэр цэвэр гарахын тулд хараагүй, мэдэхгүй зүйлээрээ бусдыг гүтгэх нь үйлчлэгчийн биед хүрсэн гэдгээс ч гутамшигтай л даа. Миний хүмүүжил, ёс суртахуунд таарахгүй байсан л даа.

-Тэгээд торгуулаад үйл явдал дууссан уу?

-Солонгост бол дууссан. Харин Монгол дахь үйл явдал эхэлсэн дээ.

-Энд өндөг шидэж угтах, ажлаа өг гэдэг хоёр шахалт их байсан л даа. Даргын ажлаа өгчихлөө. Одоо Цэцийн гишүүнээсээ чөлөөлөгд гэж байна, та яах вэ?

-Хэрвээ би үнэхээр өгзөг базах, биед нь хүрэх гэж оролдсон, тэр нь нотлогдсон, ядаж л камерын бичлэгээр байгаа бол өндөг байтугайг нь шидүүлэхэд бэлэн байна. Гэтэл би тийм үйлдэл хийгээгүй. Тэгэхдээ би хувь хүний хайхрамжгүй үйлдлээ зөвтгөж өмгөөлөхгүй. Бодит үнэнийг л ярилаа. Ажил, албан тушаалын тухайд би ирсэн өдрөө л болсон бүх үнэнийг Цэцийн гишүүддээ ярьсан. Тэр оройдоо Цэцийн даргаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан. Даргын суудалтай зууралдах, сонирхол, шалтгаан надад байгаагүй. Би бага залуугаасаа ард түмнийхээ дэмжлэг, буяныг хангалттай амсч, бас авч явсан хүн. Гэмт хэрэг хийгээгүй, гүтгэгдсэн  учраас Цэцийн даргын ажлаа өгөхгүй гэж би гүрийдэг юмаа гэхэд Монголын төр энэ зэргийн өндөр албан тушаалаа нэр сэвтээгүй хүнээр хашуулах гэх нь зүйн хэрэг. Олон нийтийн шаардлага ч зөв. Үүнийг би бүр Индонезид байхдаа л ойлгож байсан. Харин  Цэцийн зарим гишүүдийн томилолтоос хамаарч хэд хоног сунжирсан. Тэрийг нь надтай холбосон, албан тушаалтайгаа зууралдаад байгаа юм шиг бичсэн харагдсан. Тийм юм байхгүй ээ. Нэмээд Цэцийн гишүүнээсээ хэрвээ татгалзах шаардлагатай гэвэл би зууралдаад байх юм байхгүй. УИХ юу гэж шийднэ, би хүндэтгэнэ.

-Монголын төр бас таныг авчрах гэж нэлээд юм болох шиг боллоо. УИХ-ын дарга, Гадаад харилцааны сайд нар лав өмгөөлж мэдэгдэл хийсэн. Ер нь таныг өмгөөлсөн хүн болгон сошиалд өндөг шидүүлж байх шиг харагдсан?

-Монгол Улсын маань олон зуун иргэд, төр засаг, улс төрийн зарим нам болон улстөрчид байнга анхаарал тавьж байсан. Тэдэнд баярлалаа гэж хэлье. Гадаад харилцааны яам болон Солонгост суугаа ЭСЯ-нхан ихээхэн хүчин чармайлт гаргасан. Бүгдэд нь талархсанаа илэрхийлье. Монголын төр Одбаяр гэж хувь хүний нэр холбогдсон, сэжиглэгдсэн үйлдлийг өмгөөлөөгүй. Харин Монгол  төрийн нэгэн өндөр  албан тушаалтнаа олон улсын гэрээ конвенцын хүрээнд чадлаараа өмгөөлсөн. Хэрхэн яаж ажилласан, хэн нь ямар хандлага гаргасан тухай энд хэлж болох, хэлж болохгүй юм гэж бас байна.

-Солонгост үйл явдал дууслаа, энд Цэцийн даргын ажлаа өглөө. Гэвч үйл явдал дууссангүй. Нийгмийн энэ их эсэргүүцэл, сошиалыг дайралт хувь хүндээ хэцүү байна уу?

-Хэцүү гээд яах билээ. Ийм асуудалд өртсөн нь миний хувь заяаны асуудал байх. Төрд зүтгэж яваа нэгний хувьд тун  харамсалтай, сургамжтай явдал боллоо. Солонгост би КАЛ-ын тугны өмнө бөхийхгүй бол торгууль төлөхөөс өөр сонголтгүй болж байсан. Түүнтэй адил Монголдоо болж байгаа дайралтыг даваад гарахаас өөр сонголт надад байхгүй. Хэдийгээр Одбаяр гэж хүний нэр гарч байгаа ч, надтай хамт миний гэр бүл, ажил төрөл,  хамт олон, найз нөхөд маань хамт яллагдах нь л хэцүү байна. Кимчитэй шөлөө өмнө нь бүү уугаарай гэж Солонгосын зүйр үг байдаг юм билээ. Асуудлын цаад нарийн  учрыг шүүж тунгаалгүй, тодорхой нотлох баримтгүйгээр миний нэр төрд хэрцгийгээр халдан, хийгээгүй хэрэгт гүтгэж Инчеоны цагдаа, прокурор болон Солонгос, Монголгүй зарим хүн эх адаггүй авирласаан. Миний үгийг сонсдоггүй юмаа гэхэд надтай хамт энгийн суудалд зорчиж үйл явдлыг харсан бусад зорчигч нараас, ядаж л надад загнуулсан монгол үйлчлэгчээс учрыг асуухыг хэвлэлийнхэн ч оролдоогүй, хөөцөлдөөгүй. Өөрөөр хэлбэл, солонгос монгол гэлтгүй зарим хүн кимчитэй шөлөө дэндүү яаран уусан… Гээд яалтай билээ.

-Цаг хугацаа эдгээнэ гэж найдаж байна гэж үү?

-Үгүй ээ, цаг хугацаа эдгээнэ гэхээсээ би буруугүй байсан нь цаг хугацааны эрхээр улам тодорно гэдэгт итгэлтэй байгаа. Яагаад гэвэл саяын миний ярьсан бүхэн онгоцонд болсон маргаанаас эхлээд Монгол руу буцахаар МИАТ-ийнхаа онгоцонд суух хүртэлх бүгд олон гэрчтэй. Зарим хүн, бүр миний огт танихгүй, энгийн суудалд сууж явсан хүмүүс хүртэл над руу утасдаж мессэж бичиж байгаа. Үйл явдал таны арын суудлын хүн дээр болсон, харин та өмгөөлсөн, би ярих уу гэж. Би “Танд маш их баярлалаа, та яриад хэрэггүй ээ л” гэж байгаа. Яагаад гэвэл нэгд, би өөрөө нуугдаад бусдаар үнэнээ яриулах хэмжээний буруу үйлдэл хийгээгүй. Саяхан нэг хүн өөрөө санаачилгаараа болсон явдлыг ярьж ярилцлага өгсөн байна лээ. Тэгсэн тэр хүнийг Одбаяраас мөнгө авсан энэ тэр гээд баахан дайрсан харагдсан. Тийм учраас хоёрт, би өөрийнхөө хайхрамжгүй үйлдлийн төлөө гэмгүй нэгнийг сошиалын дайралтад оруулж сийчүүлмээргүй байна.  Манай сэтгүүлзүй, нийгмийн сүлжээ ч заримдаа хэн нэгнийг үгээ хэлэх ч боломж олгохгүйгээр буруутан болгож ялладаг, сийчдэг болсон байна. Мэдээллийн террор гэж болохоор ийм туйлшрал газар авч, удаан оршиж болохгүй. Хэрвээ тэгвэл Азийн зарим улсын нийгэм шиг мэдээллийн террорт өртсөн, гүтгэгдсэн, ялангуяа эмэгтэйчүүд, залуучууд амиа хорлодог болно. Аюул нь энэ шүү. Энэ алдааг нийгмээрээ засах ёстой.

-Шүүхэд хандсан гэж түрүүн хэлсэн, олон улсын шүүхэд ханджээ гэдэг мэдээ явсан. Үндэслэл нь юу болох, хэнийг буруутгаж шүүхэд өгсөн бэ?

-Олон улсын шүүхэд хандана гэсэн зүйл би яриагүй ээ. Олон улсын шүүх ийм асуудал авч хэлэлцдэггүй. Би хуульч хүн. Үүнийг мэдэхтэйгээ.  Харин Солонгосын болон Монголын шүүхэд хандана. Бэлтгэж, ажиллаж байгаа.

-Эцэст нь, иргэн А гэж хэн бэ. Таны танил уу?

-Иргэн А-гийн тухай би ярихгүй ээ. Тэр хүн үйчлэгчийн биед хүрсэн байж магадгүй гэж  сэрдэгдэж, Солонгосын тал хэргийг шалгаж байгаа. Тэр нь нотлогдоогүй байхад би энд тэр  хүний тухай зарлах эрхгүй. Хэрвээ би зарлабал намайг захиалсан буудалдаа хоноод босоход “баригдлаа, саатуулагдлаа” гэж гүтгэсэн шиг би иргэн А-гийн нэр төрд халдсан хэрэг болно. Хэрвээ би иргэн А гэж ийм хүн гээд задалбал Солонгосын ч, Монголын ч нийгмийн сүлжээнд тэр хүнийг намнаж өгнө. Тэр хүн гэмт хэрэг хийсэн, үгүй нь тодорхой болоогүй, шалгагдаж байгаа асуудлынх нь үнэн зөв тодроогүй байхад өөрийнхөө явсан нийгмийн сүлжээний дайралт дундуур бас нэг монгол иргэнээ туучуулах ёс суртахуун надад байхгүй. Хэргийг шалгаж байгаа Солонгосын тал нэр усыг нь задлаад зарласны дараа бол өөр хэрэг. Жишээ нь, биед нь хүрсэн гэж хэлсэн үйлчлэгчийг надтай нэг ч удаа нүүрэлдүүлээгүй, бас манай өмгөөлөгчтэй ч уулзуулаагүй. Энэ нь нэгд, би тэр үйлчлэгчийн биед хүрээгүй учраас нүүрэлдүүлэх шаардлагагүй гэж үзснийх байх, хоёрт гэвэл Солонгосын тал иргэнээ ядаж л сэтгүүлчдийнхээ нүдэнд өртчихөөс сэргийлсэн байх.

-Иргэн А үйл явдлаас хойш, Монголд ирээд  тантай уулзсан уу, холбоотой байгаа юу. Асуудлыг өөрөөс нь боллоо гэдгийг мэдэж хүлээн зөвшөөрч байгаа юу?

-Уулзаагүй. Түүний асуудлыг хэрэг үүсгэсэн тал нь шийдэх байх.

-Цэцийн гадаа хэд хоногийн өмнө жагсаал болж Таныг гишүүнээсээ татгалзахыг  шаардсан. Та уг үйл явдлыг юу гэж хүлээж авч байгаа вэ?

Цэцийн гишүүнээс татгалзах, эс татгалзах тухайд түрүүн хариулчихсан. Харин хэрвээ миний нэр холбогдсон үйл явдлын үнэнийг үнэхээр үнэнээр нь мэдье гэж хүсч байгаа бол  камерийн бичлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг хөдөлшгүй баримтад л итгэ гэж хэлмээр байна. Түүнээс биш, бусдаар улстөржүүлж хэрэггүй. Цэцийн гадаа сая болсон жагсаалыг тодорхой улс төрийн нам зохион байгуулж дэмжиж оролцсон. Улс төрийн сонгууль дөхсөн нь үнэн ч, миний нэр холбогдсон энэ асуудлыг бол улс төржүүлж хэрэггүй л юм. Би  жагсаалтай холбоотой нэг л зүйлээс болгоомжилж, санаа зовж байгаа. Аливаа асуудлыг улс төржүүлэх тусам үнэн нь замхардаг. Ингэвэл, үнэн надаас холдвол эцсийн дүндээ нийгэмд ч, надад ч хохиролтой.

-За ярилцсанд баярлалаа. Танд нэмэлтээр хэлэх өөр зүйл байна уу?

-Байхгүй ээ. Би бүгдийг, болсон явдлыг үнэнээр нь, Инчеоны цагдаад мэдүүлсэн шигээ л ярилаа.

Itoim.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    uur hun baisan bol uchraa olohgui gutguuleed shorond suuh ni l dee, jisheelbel huuliin medleg muutai ih hurliin gishuun eneter bol. Aimaar muuhai uls yum bainaa

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Болсон процесс ийм л байсан байна даа.Одбаяр өөрөө хуулийн хүн учир асуудалд маш нухацтай хандаж сонголт хийсэн байна. Ер нь Солонгост яагаад байнга нэрд гарч яваа залуус амиа хорлоод байгааг ч бид бодох л ёстой.
    гарах гарцгүй болтол нь нийгмийн сүлжээгээр дайрч доромж үзүүлдэг болоод л тэр шүү дээ. Манай улсын өндөр дээд албан тушаалтныг ингэж байнаа гэдэг чинь зэвүүн дээрэлхүү, хорчин нийгэмтэйн бодит илэрхийлэл.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*