Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Албан байгууллага бүр “Гэрт нь хүргэх комисс” байгуулъя!

(2013.12-р сард бичсэн нийтлэлийг дахин оруулав)

Шинэ жилийн хөл үймээнээр сархад хэтрүүлэн гарч яваад гудамжинд осгож, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол цөөнгүй гарч байсан. Баяр тэмдэглэж, хөөрч дэвэрсэн тэр чигээрээ гарч автомашин жолоодон аваар осолд хүргэсэн явдал ч манай аймагт тохиолдож л байсан.

Гэтэл хамгийн аймшигтай нь бөгөөд эмгэнэлтэй явдал урьд шөнө манай аймагт тохиолдлоо. Нэгэн барилгын компанийн ид хийж бүтээх насан дээрээ яваа сайхан залуу, сайхан бүсгүй өвлийн хүйтэн шөнө гудамжинд осгож, амь насаа алдсан харамсалт явдал болов. Шинэ жилийн баяраа нижгэр тэмдэглэж, байгууллага хамт олныхоо хайр хүндэтгэлийг хүлээн Оны шилдэг ажилтан болсон талийгаач залуу, эхнэртэйгээ хамт гэртээ харих замдаа золгүй явдалтай учирчээ. Дэндүү харамсалтай.

Манайхан баяр ёслол бүрийг архигүй өнгөрөөх биш. Тэр тусмаа амжилт бүтээлээр манлайлсан нэгнээ заавал уух ёстой мэт албадан шахаж, архиар угждаг нь заншил мэт болсон. Заавал ёроолыг нь харуулах “албатай” тэрхүү “амжилт, аз жаргалын хундага” гээч нь тухайн хүнийхээ амь нас, эрүүл мэндэд хэрхэн аюул занал учруулж болохыг манайхан төдийлөн сайн ухдаггүй нь харамсалтай.

Өнөөдөр 12-р сарын 20-ны өдөр. Он солигдох мөч хүртэл албан байгууллагуудын шинэ жилийн баяр ёслолын арга хэмжээнүүд үргэлжилсээр л байх болно. Шинэ жилээ тэмдэглэх гэж буй хамт олон бүхэн өнөөдрийн энэ гашуун сургамжийг дор бүрнээ тунгааж, дахин давтахгүй байхыг хичээе хэмээн уриалах гэсэн юм. Архигүй баяр зохиож болдгийн жишээг олон ч газар бидэнд харуулсан. Бид аймаг даяараа бүтэн жилийн турш Архигүй амьдрал аяныг өрнүүлж, уриалж лоозогносон. Тэгвэл үр дүнг нь шинэ жилээрээ харуулцгаая л даа.

Байгууллага бүрт “Шинэ жил тэмдэглэх комисс” хэмээх албан ёсны бус нэгж бий. Үүний хажуугаар “Гэрт нь хүргэх комисс” -ыг яаралтай байгуулчихсан ч болж байна. Ажилтан албан хаагчдаа бөөнөөр нь биш юм гэхэд хэсэг хэсгээр нь гэрийн бараа харуулчих машин тэрэгний боломж бололцоо байгууллага бүрт бий.

Гэртээ харих зам бүхэн гэрэлтэй сайхан байг!

Dornod.NET

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Narantsetseg tumendei гуай өгүүлрүүн:

    Yamar haramsaltai yum be.um sain amgalan boltugai hairan huuhduud

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*