Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Могой өөрөөсөө гурав дахин том амьтныг залгих чадвартай

Монголчууд могойг лусын амьтан гэж ярьдаг ч айдас төрүүлэм хүйтэн төрхтэй. Гэтэл энэ амьтныг сонирхож судалдаг цөөнгүй эрдэмтэн байдгийн нэг нь М.Мөнхбаатар юм. Тэрбээр аавынхаа мэргэжлийг өвлөж, хоёр нутагтны судлаач болжээ. Бид энэ удаагийн дугаарынхаа зочноор хоёр нутагтны судлаач, МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн захирал М.Мөнхбаатарыг урилаа.

-Таны аав могой судлаач байсан гэж сонссон. Шинэ төрлийн могой илрүүлж байсан тухай ярьдаг?

-Миний аав Дорнод аймгийн Матад суманд төрж, өссөн хүн. 1959-1963 онд МУИС-ийн биологийн ангид суралцаж, төгссөн. Өнөөг хүртэл сургуульдаа зөвлөх багш, профессороор ажиллаж байна. Монголд хоёр нутагтан судлах, хөгжүүлэх эхлэлийг тавьсан хүмүүсийн нэг нь аав маань. Үндэсний эрдэмтэн судлаачдыг бэлтгэх ажилд одоо хэр нь зүтгэж яваа буурай бий. Манай улсын хэмжээнд зургаан зүйлийн хоёр нутагтан, 22 зүйлийн гүрвэл, могой байдаг.  Олон жилийн судалгааны үр дүнд цөөнгүй зүйлийн гүрвэл, могойг нээж илрүүлэн амьтны аймагт бүртгүүлсэн ааваараа би бахархдаг. Үүнээс дэлхийн шинжлэх ухаанд данстай хэд хэдэн зүйлийг нээсэн. Алтайн болон Цагаан Богдын замба гүрвэлийг дэлхийн шинжлэх ухаанд аавын нэрээр бүртгэсэн юм. Манай гэр амьтны хүрээлэн шиг л байдаг байлаа. Багаасаа амьтадтай ойр өссөн болохоор хайрлах сэтгэл төрдөг юм. Арван жилийн сургуульд байхдаа мэлхий, гүрвэл эрэн хайх ажилд нь оролцдог байлаа. Энэ бүхэн судлаач болох зам мөрийн маань эхлэлийг тавьсан. Ингээд биологийн ангид орж, аавынхаа мэргэжлийг өвлөсөн дөө. Сургуулиа төгссөнөөс хойш олон шавьтай боллоо. Одоо МУБИС-д 22 дахь жилдээ ажиллаж байна.

-22 жил гэдэг багагүй хугацаа шүү. Та ч гэсэн олон шинэ төрөл зүйлийг нээж илрүүлсэн байх?

-Дэлхий нийтэд судалгаа, шинжилгээний ажилд технологийн дэвшил хүч түрэн орж ирж байна. Сүүлийн үед молекул биологийн аргаар зүйлүүдийг тодорхойлдог боллоо. Хоёр нутагтны экологийн ач холбогдол, хор хөнөөлийн талаарх судалгааг нэлээд нарийн хийж байна. Энэ судалгааны ажлыг манай улс хойд хөрштэй хамтарч хийсээр ирсэн. Манай судлаачид ОХУ-ын томоохон экспедицтэй хамтарч судалгаагаа хийдэг. Монголын мөлхөгч судлалд Оросын эрдэмтдийн оруулсан хувь нэмэр их учраас дурдахгүй өнгөрч болохгүй байх. 1990 оны үед амьтан судлахтай манатай л байлаа. Харин нийгэм тогтворжсон 2008 оноос мөлхөгчдийн судалгааны ажил нэлээд эрчимжсэн. Монголд хоёр нутагтны судалгааг хөгжүүлэх, тэдгээрийн амьдрах орчныг сайжруулах зайлшгүй шаардлага тулгараад байна. Хотжилтоос үүдэж хоёр нутагтан мөхөх аюулд хүрдэг. Нүүдэллэж амьдардаг амьтан биш учраас уул, уурхай хотжилтын нөлөөгөөр устаж алга болдог биологийн эмзэг төрөл зүйл юм. Ялангуяа, уул уурхай эрчимтэй хөгжиж буй өнөө үед хоёр нутагтан мөлхөгчдийг хамгаалах зайлшгүй хэрэгтэй болоод байна. Уг нь зам, барилга барихдаа мөлхөгчид явж өнгөрөх зурвас,  гарцуудыг хийх ёстой л доо. Өндөр хөгжилтэй орнууд засмал замынхаа хажуугаар могой, гүрвэл явахад зориулсан нарийн зам хийж өгсөн байдаг. Гэтэл манай улсад гарц, хонгил байдаггүй. Энэ байдлаас болоод шөнийн цагаар зам дээр машинд дайруулж үхэх тохиолдол их гарч байна.

-Цаг уурын өөрчлөлтөд мөлхөгч амьтад хэр дасан зохицдог вэ. Тэдэнд дэлхийн дулаарал ямар нэг нөлөө үзүүлэх үү?

-Дэлхийн дулаарал, гол горхины ширгэлт хоёр нутагтан амьтдад муугаар нөлөөлж байна. Хоёр нутагтан бол газар уснаа явагч гэдэг нэртэй шүү дээ. Хуурай болон усан дотор амьдрах чадвартай. Усан орчинтой салшгүй холбоотой болохоор гол мөрний ширгэлт мөлхөгчдийн амьдрах орчныг доройтуулж байна.

-Хоёр нутагтан мөлхөгчид экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ямар ач холбогдолтой юм бэ?

-Тариалангийн талбай болон ургамлын хортон шавьжийг устгадаг учраас мөлхөгчид зайлшгүй байх ёстой. Мөн олон амьтны хоол тэжээл нь болж байгалийн тэнцвэрт байдлыг хадгалж өгдөг.

-Хүмүүс могойг хүйтэн амьтан гэж цэрвэдэг. Энэ амьтан ямар зан чанартай, бас ямар онцлогтой бол?

-Монгол оронд найман зүйлийн могой байдаг талаар судлаачид тэмдэглэсэн. Тэмээн сүүлт, сум, рашааны, цариг, бамбайн хоншоорт, загалмайт, нарийн могой, усны могой, гэсэн зүйлүүд байна. Могойг шүднийх нь байдлаар хорт шүдэт, ховил шүдэт, цул шүдэт гэж гурав ангилдаг. Хорт шүдэт могой нь дээд эрүүндээ шүдтэй. Энэ шүд нь сувагтай байдаг. Мөн чамархай дээрээ хорын булчирхайтай.

• Баянхонгор аймгийн Шинэ жинст сумын Ногоон цавын хоолойг мөлхөгчдийн тусгай хамгаалалттай газар нутагт оруулъя гэсэн саналыг БОАЖЯ-нд хүргүүлсэн.

• Нөмрөгийн голын сав газарт ганцхан удаа тэмдэглэгдэж байсан цариг могой хоёр метр орчим урттай байсан юм билээ. 

• Дэлхийд айхтар хортой могойнууд бий. Тухайн амьтны нүд рүү хороо цацаж гэмтээдэг, үхлийн аюулд хүргэдэг ч могой байдаг.

Хортой шүдээрээ хазсаны улмаас хорын булчирхай нь шахагдаж, тухайн амьтныг хордуулдаг.  Могой, могой гүрвэлүүд хоёр хэлээ гозолзуулдог зуршилтай амьтад болохоор хүмүүс хэлээрээ хатгадаг гэж ойлгодог. Могойд хазуулсны дараа хоёр шүднийх нь ором гардаг. Могой бол хатгаж биш хазаж тухайн амьтныг хордуулдаг гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Дэлхийд айхтар хортой могойнууд бий. Тухайн амьтны нүд рүү хороо цацаж гэмтээдэг, үхлийн аюулд хүргэдэг ч могой байдаг. Харин цул шүдэт могойд суваг болон хорын булчирхай байхгүй. Ховил шүдэт могойд хорын булчирхай байдаг хэдий ч сувгаараа хор нь гадагшилдаггүйгээрээ ялгаатай. Тэгэхээр Монголд үхлийн аюулд хүргэх хэмжээний хортой могой байхгүй. Айлгаж цочоохгүй л бол тайван амгалан амьтан шүү дээ.

-Манай улсад ямар төрлийн могой хамгийн олон байдаг вэ?

-Монгол оронд хамгийн өргөн тархсан могой бол бамбай хоншоорт. Хотын ойролцоо ногоон бүсэд, ялангуяа Зайсан, Богд ууланд элбэг тархсан. Бамбайн хоншоорт бол хамар нүд хоёрынхоо хооронд сүвтэй. Энэ сүвээрээ дулааныг мэдэрдэг. Могой дулаан газар руу тэмүүлдэг онцлогтой амьтан. Хүмүүс гэрт могой ороод ирлээ гэж ярьдаг. Дулаан руу тэмүүлдэг учраас гэрт орж байгаа юм. Манай ард түмэн зан заншлаа дээдэлдэг болохоор гэрт могой ороход сүү дусаагаад гаргадаг шүү дээ.

-Хүйтэн цустай болохоор дулаан газар руу тэмүүлдэг гэсэн үг үү?

-Яг тэгж ойлгож болохгүй л дээ. Хүйтэн цустай амьтны бодисын солилцоог зохиомолоор ихэсгэж багасгахад температур нөлөөлдөг. Бид +5 хэмээс +8 хэмд бодисын солилцоог нь зогсоогоод, ичээ маягаар амьдруулаад тэжээх боломжтой. Амьдрах орчинтойгоо уялдаад тэнд ямар амьтан байна, түүгээр л могой хооллодог. Шувууны өндөг, ангаахай иддэг могой байхад загасаар хооллодог ч бас бий. Могой өөрөөсөө гурав дахин том амьтныг залгих чадвартай. Өвчүүгүй болохоор чээжээрээ тэлж залгидаг онцлогтой.

-Хазуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ, хорыг нь юу саармагжуулдаг юм бол. Та хэр олон удаа хазуулж байв?

-Могойн хор организм бүрт харилцан адилгүй нөлөөлнө. Зарим хүнийх бага зэрэг хавдаад гайгүй болдог. Заримынх нь тулам болтлоо хавддаг. Дэлхийн шинжлэх ухаанд хэрвээ могойд  хазуулсан бол яаралтай эмнэлэгт хандахыг л зөвлөдөг.

-Хортой могойны хорноос нь ерөндөг гаргаж авах боломж манайд бий юу?

-Дэлхийн зах зээлд хамгийн үнэтэй зүйл могойн хор байдаг. Анагаах ухаанд өргөн хэрэглэдэг  учраас тэр байх. Үхлийн аюул тарьдаг могойтой газруудад ерөндөг хэрэглэдэг юм билээ. Харин манай улсын хувьд хэрэглэж байсан баримт мэдээ байдаггүй.

-Монголд байдаг могойнуудаас хамгийн том нь ямар хэмжээтэй байна вэ, бас хамгийн жижиг нь хэр урт байдаг вэ?

-Нөмрөгийн голын сав газарт ганцхан удаа тэмдэглэгдэж байсан цариг могой хоёр метр орчим урттай байсан юм билээ. Гэхдээ энэ могой ховордсон амьтдын жагсаалтад орсон. Хамгийн өргөн тархалттай бамбайн хоншоорт болон рашааны могой бол дунджаар 50-60 см л байдаг.

-Манай могойнуудаас аль төрөл зүйл нь устах аюулд өртөөд байна вэ. Хэрхэн хамгаалах ёстой вэ?

-Улаан номонд тэмээн сүүлт, загалмайт болон нарийн могойг оруулсан байдаг. Дэлхийн болон бүс нутгийн ангиллаар тэмээн сүүлт болон нарийн могой бол ховордож болзошгүй амьтны тоонд орсон. Харин загалмайт могойг эмзэг зүйл гэсэн ангилалд оруулаад байгаа. Эдгээр могойг хамгаалах шаардлагатай гэж үзсэн. Орон нутгийн хэмжээнд устах аюулд өртөөд байгаа амьтдад зориулаад тусгай хамгаалалттай бүс байгуулах шаардлагатай. Бид Баянхонгор аймгийн Шинэ жинст сумын Ногоон цавын хоолойг мөлхөгчдийн тусгай хамгаалалттай газар нутагт оруулъя гэсэн саналыг БОАЖЯ-нд хүргүүлсэн. Сэлэнгийн Шаамарын Их, бага бүүрэг толгойг хоёр нутагтны тусгай хамгаалалттай газар болгох санал гаргасан. Одоогоор ямар нэг шийдвэр гаргаагүй байна. Могойг лусын амьтан гэж үздэг учраас хүмүүс санаатайгаар алах, устгах үзэгдэл гардаггүй. Гол нь уул уурхай, хотжилтоос шалтгаалж амьдрах орчингүй болж байна. БНСУ-д гэхэд мөлхөгчид явдаг зам дээр таних тэмдэг тавьсан харагдсан.

-Судалгааны ажил хийхэд хөрөнгө санхүүгийн боломж ямар байдаг вэ. Өнгөрсөн зун хаагуур явж судалгаа хийв?

-Олон улсын байгууллагын болон салбарын яамнаас зарласан төсөл хөтөлбрийн санхүүжилтээр судалгаа хийдэг. Өнгөрсөн зун Тэрбиш багшийнхаа хамтаар баруун хойд бүсээр явж судалгаа хийлээ. Олз арвинтай ирсэн. Эцсийн дүгнэлт нь хараахан гараагүй учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй байна.

Засгийн газрын мэдээ сонин

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*