Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Мөрийтэй тоглогчид хуулийн хариуцлага хүлээхгүй

Монголчууд казиногоос айж бэргэсэндээ хуулийг нь ч баталж чадахгүй өнөөг хүрсэн гэх. Гэтэл манай улстөрчид, бизнесийнхэн гадаадад явахдаа мөрийтэй тоглодог, заримд нь хариуцлага тооцсон жишээ баримт олон. Монголдоо ч гэсэн төрийн том дарга нар цугларч, их хэмжээний мөнгөөр мөрийтэй тоглодог  ул мөр, барин тавим жишээг хууль хяналтынхан хэлдэг. Ил цагаан яригдаж хууль шүүхээр орсон ч бий. Нэг ёсондоо аз туршиж дэнчин тавьдаг мөрийтэй тоглоом далд хэрнээ хамгийн их үйлдэгддэг нь орон сууцны подвол, зочид буудал, баар цэнгээний газар гээд энд тэндгүй мөрийтэй тоглоомчид үүрлэснийг цагдаагийнхан байсхийгээд илрүүлсээр байна. Сүүлийн жилүүдэд нэг шалгалтаар 5-10 газар, 50-100 мөрийтэй тоглогчдыг илрүүлсэн тохиолдол байна.

Гэвч Монгол Улс наанаа казиног хадны мангаа мэтээр төсөөлж, мөрийтэй тоглоомтой тэмцэнэ гэж хашхирдаг ч энэ төрлийн хэрэгт хуулиар найр тавьж өгсөн. Мөрийтэй тоглоом тоглохыг хуулиар зөвшөөрсөн гэхэд бараг хилсдэхгүй. Учир нь 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Эрүү, Зөрчлийн хуулиар мөрийтэй тоглогчдыг шийтгэлээс мултлав. Зөвхөн мөрийтэй тоглоомын газар ажиллуулах орон байраар хангасан болон зохион байгуулсан этгээдэд торгох шийтгэл оногдуулахаар хуульчилсан нь хүлээн зөвшөөрсөн хэрэг биш гэж үү.

Зөрчлийн хуулийн 5.7 дугаар зүйлд Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэдэгт Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Хоёрдугаар хэсэгт, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, мөрийтэй тоглоом зохион байгуулсан хүнийг 500 мянга, ажиллуулсан хүнийг 20 сая төгрөгөөр торгоно. Харин хууль зөрчигч гол этгээд буюу мөрийтэй тоглосон хүн ямар ч хариуцлага хүлээхгүй. Зүйрлэвэл, хууль хяналтынхан мөрийтэй тоглоомчдыг илрүүллээ гэхэд хэргийн гол эзэд нь зөрөөд гараад алхаж болох нь. Харин мөрийтэй тоглоом тоглох орон байраар хангасан, зохион байгуулсан гэх этгээдүүд нь торгуулиад өнгөрнө. Тэднийг торгож буй 500 мянга, 20 сая төгрөг  бол бараг тэдний ганц өдрийнх нь л орлого учраас ямар ч хариуцлага биш гэдгийг хууль хяналтынхан хэлдэг.

Хууль зохиогчдын цоорхойгоос болж Эрүү, Зөрчлийн хууль шинэчлэгдэж мөрийтэй тоглогчдыг хариуцлагаас мултлахаас өмнө арай л дөнгүүр байв. Мөрийтэй тоглоомд Эрүүгийн хуулиар зургаан сар баривчлах, эсвэл хоёр жил хүртэл хорьдог байсан бол Зөрчилд тооцсоноор хүнийг 500, хуулийн этгээдийг таван сая төгрөгөөр торгохоор болсон. Харин мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан хүнийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгоод өнгөрнө. Гурван жилийн өмнө бүлэг этгээдүүд мөрийтэй тоглож мөнгөө алдсанаас болж арав гаруй хүнийг гэмтээсэн, 40 гаруй сая төгрөг авч явсныг цагдаагийн байгууллага илрүүлж байв. Энэ мэтээр мөрийтэй тоглоомын хар мөр олон залуусын амьдралыг сүйтгэж, цаашлаад улс оронд аюул учруулж буйг тооцох нь илүүц биз.

Улаанбаатарт автомат тоглоомын газар нэрийн дор нууцаар мөрийтэй тоглодог нуугдмал газрууд олон байдаг мэдээлэл бий. Түүнд нь өндөр албан тушаалтнууд,  урлаг соёлын одод  их хэмжээний мөнгөөр мөрий тавьж тоглодог хэрэг цөөнгүй гарч байсан. Бооцоо нь 10-100 сая төгрөгөөр яригддаг гэх. Тухайлбал, 2015 онд УИХ-ын гишүүн Д.Зоригт, “Макс” группын захирал Д.Ганбаатар нар “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглосон талаар хэвлэлүүд шуугиж байв.  Мөн “Мунзуй” хочит Г.Нямдорж, УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хүү, “Люмино” хамтлагийн дуучин Б.Батхишиг, Пан Азийн аварга, гавьяат тамирчин Д.Лхагва, Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд, «Хадгаламж» банкны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн гээд мөрийтэй тоглоомын хэрэгт холбогдсон хүмүүс олон бий. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн БНСУ-ын нийслэл Сөүл дэх төлөөлөгч С.Баатарцогт нарт хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөлсөн. Нийтийн албан тушаал хашдаг улстөрч, төрийн албаны ажилтнууд ийм хэрэгт орооцолдох нь ёс зүйгүй явдал хэмээн үзэж албан тушаалаас нь чөлөөлж болох ч нийтээр нь хязгаарлах учиртай. Мөрийтэй тоглогчдыг хуулийн хариуцлагаас чөлөөлөөд байхад хууль хяналтынхан ч үүнтэй тэмцээд үр дүнгүй учир хүсэл сонирхол ч буурдаг биз.

Өнгөрсөн хавар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “БНСУ-д ажлаар очиход тэндхийн казиногийн тусгай үйлчлүүлэгчид нь Монголын төрийн өндөр албан тушаалтан, төрийн өмчит газруудын дарга, захирал, удирдах албан тушаалтнууд гэдгийг хэлж байсан. Байнгын үйлчлүүлэгчдийн нэрсийг ч гаргуулж авсан” хэмээгээд төрийн албан хаагчдад хатуу анхааруулав. Зөвхөн төрийн албан хаагч гэж ялгасан нь төр мөрийтэй тоглоомчдыг улам өөгшүүлж байгаа хэрэг. Тиймээс нийтээр нь хуулиа чангатгаж, энэ төрлийн тоглоомд татагдаад байгаа залуусаа аврах шаардлага тулгарчээ.

Зөрчлийн хуулийн 5.7 дугаар зүйл

Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэдэгт Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо,  хөзөр,  бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй,  аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,  хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Хоёрдугаар хэсэгт, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан,  эсхүл ажиллуулсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,   хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.

Сүүлийн жилүүдэд илэрсэн зарим тохиолдлыг тоймлон хүргэе.

2016 оны гуравдугаар сар

-Баянгол дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Армони Жоли” компанийн байранд автомат тоглоомын газар ажиллуулж байсан. мөн Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэр дэх “Хаан бургер” үйлчилгээний төвийн хоёрдугаар давхарт, тус дүүргийн нэгдүгээр хорооны “Жүр Мандал” автомат тоглоомын газар, “Мичид” төвийн гуравдугаар давхарт, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны “Нархан хотхон”, “Оргил стар” хотхоны тоглоомын газарт, Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны “Хан-Хөхий” хоолны газрын гуравдугаар давхарт түрээслэгч нь мөрийтэй тоглоом тоглуулж байсныг  цагдаагийн хэлтсүүд илрүүлэн шалгаж эхэлжээ.

2017 оны аравдугаар сар

-Мөрийтэй тоглож байсан бүлэг этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлэв.  Хан-Уул дүүргийн III хороонд байрлах паб-д 56 настай эрэгтэй Б нь мөрийтэй тоглоом тоглуулж байсныг үйлдэл дээр нь илрүүлэв. Уг газраас 10 кадр зураг, эд мөрийн баримтаар хясаа болон бусад зүйлийг хураан авав.

2018 оны нэгдүгээр сар

-Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр хаяггүй байранд автомат тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан газруудын олсон орлого, автомат тоглоомд ашиглагддаг төлбөрийн карт зэргийг хураан авчээ. Тоглоомын газруудаар 21-50 насны 100 гаруй иргэн үйлчлүүлж байжээ.

2019 оны есдүгээр сар

-Баянзүрх дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunjin Grand” зочид буудлын караокений өрөөнд БНХАУ-ын таван иргэн хууль бусаар мөрийтэй тоглоом тоглож байсныг илрүүлсэн. Мөрийнд тавьсан бэлэн мөнгө, хөзөр зэрэг эд зүйлсийг хураан авч, БНХАУ-ын таван иргэнийг саатуулсан юм. Тэдгээр иргэдийг гадаадын иргэн харъяатын газар мэдэгдэв.

2019 оны арваннэгдүгээр сар

-Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн БНСУ-ын нийслэл Сөүл дэх төлөөлөгч С.Баатарцогт нар ОХУ-д мөрийтэй тоглоом тоглож, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагаар үйлчлүүлсэн нь баримтаар нотлогдсон тул Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*