Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хонгконг сүйрч байна

Эх газрын Хятадын бодлогыг эсэргүүцэж буй Хонгконгчуудын уур хилэн дээд цэгтээ хүрч байна. Бараг зургаан сар үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал хүчирхийллийн шинжтэй болон хувирч, цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн ширүүсч байна. Бараг зургаан сар үргэлжилж буй эсэргүүцэл тэмцэл, мөргөлдөөний дүнд Азийн санхүүгийн төв Хонгконг танигдахын аргагүй сүйджээ.

Хонгконгийн бизнес дүүрэг, Хонконг дахь Хятадын их сургууль (CUHK) мягмар гаригийн /2019.11.12/ эсэргүүцлийн үйл ажиллагааны гол бай болсон байна. Оффисын ажилчид хар хувцас өмсөж, баг зүүсэн жагсагчидтай нэгдэн бизнес дүүргийн хамгийн гол уулзварыг эзэлжээ. Энэ үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд ширүүхэн мөргөлдөөн болж, цагдаа нар нулимс агаруулагч хий цацаж, хэдэн арван хүнийг баривчлав. Жагсагчид урьдаас бэлтгэн авчирсан тоосго, чулуу, шидэж болох бүгдийг цагдаа нар руу чулуудаж, бензинд дүрсэн галт бөмбөгүүдийг хоосон машинууд руу шидэж байв.

Мөн даваа гаригт болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр цагдаа жагсагч руу гал нээж шархадсан жагсагчийн биеийн байдал хүнд байгаа талаар хэвлэлүүд мэдээлэв. Өөр нэгэн жагсагч өөрсдөд нь шаардлага тавьсан энгийн иргэн рүү шатамхай шингэн цацаж, амьдаар нь галдсан хэрэг гарсан юм. Хохирогчийн их бие маш их хэмжээний түлэгдэлтэй, биеийн байдал нь бас л тааруухан байгаа ба нөгөө жагсагчийг хүний амь насанд санаатайгаар халдахыг завдсан хэргээр баривчилсан байна. Жагсаал цуглаан эхэлснээс хойш Хонгконгийн цагдаа гурав дахь удаагаа жагсагчид руу гал нээсэн нь энэ юм. Мөн өнгөрсөн долоо хоногт Хятадын талыг баримтлагч хууль тогтоогчийг сонгуулийн кампанит ажлынх нь үеэр нэгэн тэмцэгч гудамжинд хутгалсан хэрэг гарсан.

Харин олон улсын хүний эрхийн байгууллагууд Хонгконгийн цагдаа нарыг жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ зогсоохыг уриалж байгаа. Жагсаал цуглаан эхэлснээс хойш нийт 3,000 орчим хүн баривчлагдаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртээд байна.

Энэ бүх үймээн самуунаас үүдэн тус хотын боловсролын байгууллагууд хаалгаа барихад хүрээд байна. Хэдий дээрээс албан ёсны зөвшөөрөл өгөөгүй ч энэ их үймээний хажуугаар сургууль, цэцэрлэгүүд ажиллах боломж огт байхгүй байгаа юм.

Хонгконгийн удирдагч Кэрри Лам жагсагчдыг хүчирхийллээ зогсоохыг шаардан“Үймээн самууныг дарахын тулд боломжтой бүх арга хэмжээг авах болно. Хүчирхийллийн замаар Засгийн газарт шахалт үзүүлнэ гэвэл нойрноосоо сэрэх хэрэгтэй. Тийм зүйл болохгүй. Энэ бол хувиа хичээсэн үйлдэл.  Хэрэв та жагсагчдаас холбоогоо тасалж чадахгүй, тэднийг хамгаалах шалтаг хайж байгаа бол та ч мөн тэдний хамтрагч гэсэн үг” хэмээн хэлсэн байна. Кэрри Лам өнгөрсөн долоо хоногт Хятадын дарга Ши Жиньпинтэй Хонгконгод эсэргүүцлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш анх удаа нүүр тулан уулзсан юм. Ши Жиньпин Кэрри Ламд бүрэн итгэж байгаагаа илэрхийлсэн билээ.Хонгконг бол Хятадын төдийгүй Азийн аялал жуулчлал, санхүү эдийн засгийн төв. Харин олон сар үргэлжилсэн үймээн самууны нөлөөгөөр Хонгконгийг зорих жуулчдын тоо огцом буурч, эдийн засаг нь тэр чинээгээрээ суларсаар байна. Мөн энгийн иргэд ч энэ их үймээн самуун, хүчирхийллээс залхаж, жагсагчдыг тэмцлээ зогсоохыг уриалж, амар тайван амьдрахыг хүсч байгаагаа илэрхийлж эхэлжээ. Харин Хятадын зүгээс байдлыг тэвчээртэйгээр ажиглаж байгаа ч буулт хийх хүсэлгүй, шаардлага гарвал асуудлыг өөр аргаар шийдвэрлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байгаа. Нөгөөтэйгүүр, Кэрри Ламд найдаж байж болох юм.

АНУ-ын зүгээс Хонгконгод өрнөж буй эмх замбараагүй байдалд санаа зовниж буйгаа илэрхийлээд, цагдаа нар болон жагсагчдыг аль аль нь тайван байж, асуудлыг аль болох тайван замаар шийдвэрлэхийг уриалжээ.

Мягмар гаригт /2019.11.12/ Хятадын төрийн мэдлийн “Global Times” сонины эхний нүүрэнд Хонконгийн жагсагчдыг “Исламын улс бүлэглэлийн террористуудаас ялгарах зүйлгүй” гэж тодорхойлсон нийтлэл гарчээ. Мөн тус нийтлэлд  Хонконгийн цагдаа нарт хандан Ардын чөлөөлөх арми болон Хятадын цагдаа нар шаардлагатай үед Хонконгийн аюулгүйн хүчнийг бэхжүүлэхэд бэлэн байгааг цохон тэмдэглэсэн байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*