Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Т.Гэрэл: ТЕГ-аас эдгээр хятад иргэдийн ажиллагааг наймдугаар сараас хойш ажигласан

БНХАУ-ын иргэд олноороо нэг дор байрлан цахим гэмт хэрэг үйлдэж байгаад баригдах явдал сүүлийн хоёр жилийн хугцаанд нэлээд хэдэн улсад гарчээ. Тэдгээр улсууд нь БНХАУ-ын хөрш зэргэлдээ буюу стратегийн чухал ач холбогдолтой улсууд байгаа нь анхаарал татаж байна. Эх газрын Хятад болон гадаад улс оронд цахим луйвар хийдэг гэмт бүлэглэл 2010 оноос хойш үйл ажиллагаа нь эрчимжих болсон бөгөөд Зүүн өмнөд Азийн улсуудаас эхлээд Испани, Кенид хүртэл суурьшаад амжжээ.

Өнгөрсөн шөнө Тагнуулын Ерөнхий газар болон Цагдаагийн Ерөнхий газрын албан хаагчид нийслэл хотод байрлах дөрвөн зочид буудалд өнгөрсөн шөнө тусгай ажиллагаа явуулж, БНХАУ-ын 500 шахам иргэнийг саатуулсан билээ.

Байрлаж байсан газарт нь өндөр хүчин чадал бүхий 1000 гаруй компьютер, гар утсасны 10 000 дугаар илэрсэн гэсэн мэдээлэл цацагдаж байна.

ТЕГ-ын дарга Т.Гэрэл хятад иргэдийг баривчилсантай холбоотойгоор Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өглөө. Тэрбээр “Шалгах ажиллагаа нэлээд өргөн хүрээнд явагдаж байна. ТЕГ болон ЦЕГ-ийн энэ ажиллагаа өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн. Хэсэг хятад иргэд манайд ирээд манай цахим орчинд ажиллах нөхцөл боломжийг судалж эхэлсэн. Тиймээс цаашид энэ асуудал хэрхэн өрнөхийг ТЕГ-аас ажигласан. Ингэхэд дараагийн саруудад эхний ээлжинд 80 хүн гэх мэтээр өссөөр байж өчигдрийн байдлаар 800-д хүрсэн. Үүнийг зохион байгууж байгаа хүн нь тодорхой болсон. Дөрвөн хятад хүн, нэг монгол иргэнийг саатуулсан. Байцаалтаа өгч байна.

Хамтарсан ажлын хэсэг байгуулаад ажиллагаа явагдаж байгаа учраас нарийн асуудал хэлэх боломжгүй.Одоо бүрэн хяналтад байгаа учраас айж түгших асуудал байхгүй. Мэдээж цахим орчинд аюулгүй байдал үүсгэж болзошгүй байсан учраас энэ асуудалд анхаарч байна. Мөнгө угаахтай холбоотой тоглоом ч байж болно. Бусад хэлбэрээр ч байж болно. Үүнийг тогтоох ажиллаага явагдаж байна.

Эцсийн байдлаар тодорхой болоогүй байна. Удахгүй дүнгээ гаргана. Энэ хүмүүс буусан таван буудалдаа байгаа. ЦЕГ дээр бүх мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Дандаа жуулчны визээр орж ирээд хөдөлмөр эрхэлсэн. Тиймээс бид албадан гаргах бүрэн эрхтэй. Хятадын элчин сайдын яамнаас дэмжлэг үзүүлсэн гэсэн. Тиймээс хамтраад албадан гаргана. Германд нэг хүнд гурван сим авах эрхтэй байдаг. Гэтэл манайд хэн дуртай нь хэдэн ч сим авдаг. Тиймээс энэ асуудалд анхаарч хуулинд тусгаж өгөх нь зүйтэй. Буруу зөрүү ойлголт төрүүлэхгүйн тулд маш богино хугацаанд мэдээлэх болно” гэв.

С.БААТАРЖАВ: ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ ШАЛГАЖ, АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН ХЯТАД ИРГЭДИЙГ АЛБАДАН НУТАГ БУЦААНА 

Харин ЦЕГ-ын дарга С.Баатаржав хэлэхдээ “Цагдаагийн байгууллага хуулийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Өгөх мэдээлэл Т.Гэрэл даргынхтай ижил. Үүрэн телефоны компани болон байрлаж байсан таван зочид буудлыг шалгана. Шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа учраас өөр хэлэх мэдээлэл алга. Тэднийг хорьж шалгах байр байхгүй учраас буудалдаа байгаа. Одоо зохион байгуулагчдыг шалгаж байна. Бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах зорилгоор л орж ирсэн хүмүүс байна. Энэ хүмүүсийг албадан нутаг буцаана” гэв.

Хятад иргэд цахим луйвар хийгээд олноороо баригдсан тохиолдлууд

Эдгээр хятадууд ямар гэмт хэрэг үйлдсэн, гол зорилгыг өмнө гарч байсан тохиолдлуудаас хайгаад үзье.

Хятад иргэд цахим луйвар хийгээд олноороо баригдсан тохиолдлууд-I

2017 он. Фижи улс гадаадын иргэн харъяатын хуулиа чангатгалаа. Цагдаагийн байгууллага нь 2016 онд БНХАУ-ын 77 иргэнийг баривчилж, албадан гаргасны дараа ийнхүү чангаруулжээ. Аялал жуулчлалын компаниуд нь бага зэрэг эсэргүүцсэн ч “Өөрчлөөгүй, чангатгаж байгаа” хэмээгээд авч хэлэлцээгүй аж. 77 этгээдийн заримыг БНХАУ-ын хуулийн байгууллагатай хамтарч барьсан байдаг. Тэднийг олон улсын онлайн луйвар хийсэн гэж сэжиглэсэн ч хэвлэлд бие үнэлэлтийг зохион байгуулах сүлжээний нэг хэсэг байсан гэсэн эргэлзээтэй мэдээлэл гарч байсан аж.

2018 оны аравдугаар сар. Филиппиний цагдаа, Гадаадын иргэн харъяатын газар энэ сарын 6-ны өдөр гадаадын 542 иргэнийг Манила хотын дүүргүүдээс баривчилсан. Тэднийг цахим гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгасан юм. Баривчлагдсан хүмүүсийн 400 гаруй нь Хятадаас, үлдсэн нь Мьянмар, Малайз, Вьетнам, Тайван, Индонезийн иргэд байжээ. Баригдсан газраас нь өндөр хүчин чадал бүхий компьютер, гар утас олноор гарсан байдаг. Энэ баривчилгааны дараа Филиппиний Дүрвэгсдийн товчооны нарийн бичгийн дарга Дана Сандовал интернэт тоглоомын луйвартай тэмцэхэд улс онцгой анхаарал хандуулах хэрэгтэй болсныг сануулсан юм. Учир нь дээр дурдсан 542 хүнтэй нийлээд энэ онд нийт 1500 гаруй хүнийг ижил төрлийн үндэслэлээр баривчилсан юм.

2018 оны арваннэгдүгээр сар. Камбож улсын Алан хядлага, олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх газар нийслэл Пномпений ойролцоох Такео мужаас 235 хятад иргэнийг баривчиллаа. Тэднийг мөн л интернэт орчинд луйвар хийсэн хэмээн буруутгасан юм. Камбож нь БНХАУ-ын ийм төрлийн гэмт хэргийн сүлжээнд 2010 оноос орж хохирогч болсон бөгөөд өнгөрсөн есөн жилд 1500 хүнийг баривчилж албадан гаргасан аж.

Хятад иргэд цахим луйвар хийгээд олноороо баригдсан тохиолдлууд-I

Хятадууд хөрш улсуудынхаа цахим орчинг хянадаг уу

Хятадууд цахим луйвар хийгээд олноороо баригдсан тохиолдлуудыг энэ мэтчилэн дурдаад байвал дуусахгүй. Тиймээс дараа үргэлжлүүлнэ гэж амлаад арай өөр сэдэв хөндъе.

Комьютер, программ хангамж, интернет сүлжээний өндөр мэдлэгтэй хүмүүсийг нэг дор олноор нь ажиллуулснаар тухайн улсынхаа интернэт орчныг хянах зорилготой юм биш үү гэсэн хардлага хакерууд албадан гаргагдсан бараг бүх улсад гарч байжээ. Ингэж хардах үндэслэл ч байна. Жишээ нь, Вануату улс өнгөрсөн долоон сард БНХАУ-ын зургаан иргэнийг цахим орчин ашиглан гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчилсан ч шууд БНХАУ руу албадан гаргасан. Ингэхдээ шүүхээр оруулах нь байтугай яг ямар гэмт хэрэг үйлдсэнийг тодорхой мэдээлэлгүйгээр гаргаад явуулчихсан нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн байдаг. Үнэхээр ч ийм хэргээр баригдсан хүмүүсийг албадан гаргаад явуулдаг практик байдаг аж. Гэтэл БНХАУ эдгээр иргэдээ шийтгэж, хариуцлага тооцдог эсэх нь бүрхэг. Нэг улсаас баригдсан хүмүүсийн дотор өмнө нь өөр улсад гэмт хэрэг үйлдэж байгаад албадан гаргагдсан хүмүүс олон байдаг нь “БНХАУ өөрсдөө хариуцлага тооцохгүй байх сонирхол байгаа юм биш үү” гэж хардахад хүргэдэг ажээ.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*