Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Эрүүгийн хуульд малын хулгайн чиглэлээр ямар өөрчлөлт оруулах вэ

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 25 гишүүний санаачлан боловсруулж, өргөн барьсан Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс танилцуулж байна. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор орох юм.

Өөрчлөлт-1:

Одоо мөрдөгдөж байгаа хуулиар, 24 бог, 8 бодоос дээш тооны малыг “Олон тооны мал” гэж үздэг. Хулгайлсан малын тоо энэ хэмжээнд хүрээгүй бол гэмт хэрэгтэнд хөнгөн хэлбэрийн ял шийтгэж байгаа нь хулгайг өөгшүүлэх, давтан хэрэг үйлдэх нөхцлийг бүрдүүлж байна.

Иймээс малчин иргэдийн амь амьжиргаа болсон мал сүргийг гэмт халдлагаас хамгаалж, хохирлыг бодитоор тооцох үүднээс “Олон тооны мал”-ын шалгуур хэмжээг зохистой түвшинд хүртэл буулгах нь зүйтэй гэж үзлээ. Хуулийн төслөөр, 1 бод, 5 толгой малаас дээш мал хулгайлсан этгээдийг хүндрүүлэн үзэж, ял шийтгэнэ.

Өөрчлөлт-2:

Шүүхийн практикт, бусдын мал хулгайлсан этгээдийг хорих ялаар биш, “нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх”-ээр шийтгэх нь түгээмэл байна.

Ингэснээр малын хулгайч нар нийтийн ажил хийх нэрийн дор хохирол нөхөн төлөлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөлгүйгээр өнгөрч, харин малаа алдсан иргэд хохирч үлдсээр байгаа юм.

Хуульд өөрчлөлт оруулснаар, “нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх” ял шийтгэлийн хувилбарыг Малын хулгайн зүйл ангиас хасна.

Өөрчлөлт-3:

Малын хулгайчдын багагүй хэсэг нь Эрүүгийн хуулийн “Хүндрүүлэх нөхцөл” буюу нийтэд аюултай буу зэвсэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн тоног хэрэгсэл ашиглаж байна. Түүнчлэн 2 буюу түүнээс олон хүн урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн мал хулгайлах нь ч элбэг байна. Гэтэл малын хулгайн зүйл ангийн хувьд, зөвхөн олон тооны малаар зааглан хүндрүүлж байгаа тул буу зэвсэг, машин техник, хэрэгсэл ашигласан, бүлэглэн хулгайлсан гэмт этгээдүүдэд хүндрүүлэх нөхцлөөр ял шийтгэл оногдуулдаг болгохоор төсөлд тусгалаа.

Өөрчлөлт-4:

Малын генетик нөөцийн тухай хуульд заасан “Гойд ашиг шимт мал”, “Цөм сүрэг” буюу хурдан удмын адуу, ноолуурын чиглэлийн ямаа, сүүний чиглэлийн үхэр гэх мэт шилэгдмэл мал сүргээс хулгайлвал хүндрүүлэн үзэж, ял шийтгэнэ.

Өөрчлөлт-5:

Мал, махны чиглэлээр худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид хулгайн замаар олсон мал, мах, түүхий эд худалдан авч, борлуулах зэрэг дам хэлбэрээр хэрэгт хамтран оролцох нь түгээмэл байна. Иймээс гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах, түүхий эд худалдсан этгээдэд хариуцлага тооцох зохицуулалтыг Эрүүгийн хуультай хамт Зөрчлийн тухай хуульд нэмж оруулж байна.

ОДОО ҮЙЛЧИЛЖ БУЙ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ:

17.12 дугаар зүйл.Мал хулгайлах

1.Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.

-Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно.

Нэмэлт, өөрчлөлт хийгдсэнээр өөрчлөгдөх хувилбар:

17.12 дугаар зүйл.Мал хулгайлах

1.Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.олон тооны мал хулгайлж;

2.2.бусадтай бүлэглэж;

2.3.галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн тоног хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж;

2.4.Малын генетик нөөцийн тухай хуулийн 4.1.7,  4.1.9-д заасан малыг хулгайлж үйлдсэн бол гурван жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.

-Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж таван бог, нэг бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг таван богоор тооцно.

——————–

Зөрчлийн тухай хууль

13.5 дугаар зүйл.Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчих

1.Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчиж:

1.1.мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, эсхүл мал, мах тээвэрлэсэн, худалдаалсан;

1.2.тусгайлан бэлтгэсэн төвлөрсөн цэгээс өөр газарт мал, мах бэлтгэсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*