Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Ганбаатар нарын санаачлан боловсруулж, өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл орж байгаа бөгөөд ирэх долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэх гэж байна.

Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл төдийгүй уламжлалт зан заншил, соёл, урлаг, спорт, үндэсний үзэл санааг түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой тэмдэглэлт баяр юм. Монгол Улсын Их Хурал 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг баталсан цагаас хойш 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч баяр наадмын хурдан морины уралдаан зохион байгуулахад тулгардаг аливаа хүндрэлийг зохицуулах талаар 2007 оноос хойш нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байна. Гэтэл хурдан морины уралдаан нь хамгийн их гомдол, маргаан дагуулдаг, эрх зүйн үр дагавар бүхий актууд нь ойр ойрхон өөрчлөгдөж буйн улмаас уяачдад тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсээр байгаа болно.

Тухайлбал, монгол, эрлийз морьдыг сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдал буюу гадаад шинжээр нь ялган тэмцээн уралдаанаас хасч, олон зуун уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж хохироох нь нэмэгдсээр байгаа тул баяр наадмаар монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудлыг хуульд тодорхой тусгах.

Уяачдын амжилтыг үнэлэхдээ Үндэсний их баяр наадам, эсвэл Засгийн газрын шийдвэрээр хийж буй шигшмэл, бүсийн уралдааны амжилтыг харгалзан улсын цол олгохоор хуульчилсан бөгөөд хууль хэрэгжүүлэх явцад Үндэсний их баяр наадамдаа түрүүлж, айрагдаагүй уяачдад улсын цол хавтгайруулан олгох болсон нь улсын цолны үнэлэмжийг бууруулж байгаа тул улсын цолны шалгуур үзүүлэлтийг өндөрсгөх.

Морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болохуйц эрсдэлийг бууруулах зорилгоор баяр наадмын хурдан морь унах насны доод үзүүлэлтийг хүүхдийн нас, сэтгэхүй, биеийн хөгжлийн онцлогт тохируулан зохих хэмжээгээр нэмэгдүүлэх, хурдан морины уралдааны аюулгүй байдал, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор уралдааны замд дагах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоох.

Үндэсний спортын голлох төрлүүд болох үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харвааг орчин үеийн шинжлэх ухааны ололт, уламжлалд тулгуурлан тасралтгүй хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, дэлхий нийтэд таниулан сурталчлах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Биеийн тамир, спортын тухай хуульд тусгасан үндэсний спортын тухай тодорхойлолтыг ойлгомжтой, практикт хэрэглэгдэхүйц болгон томъёолж өөрчлөх.

Хаврын морин уралдаан зохион байгуулж ирсэн түүхэн уламжлал болон өнөөгийн нөхцөлд хурдан морь уяж, уралдуулах нь малчдыг орон нутагтаа тогтвор суурьшилтай оршин суухад түлхэц үзүүлэх нэгэн төрлийн ажлын байр болсон зэргийг харгалзан үзэж, ил ба далд хэлбэрээр явагддаг олон арван уралдаан, сунгааг нэг мөр цэгцлэх зорилгоор хаврын уралдааныг орон даяар нэг удаа зохион байгуулж, бусад цагт хуулиар хориглох, хаврын уралдаанд хурдан морь унах хүүхэд 12 ба түүнээс дээш настай байх нь зүйтэй гэж үзэж энэхүү хуулийн төслийг боловсрууллаа.

 

 ——————————–o0o——————————–

Төсөл

 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2019 оны .. дугаар                                                                                      Улаанбаатар

сарын …-ны өдөр                                                                                                          хот

 

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 8.10, 8.11, 8.12, 8.13 дахь хэсэг нэмсүгэй:

“8.10.Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн хурдан морины уралдаанд уралдах морины сэрвээний өндөр нь стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан дээд хэмжээнээс илүүгүй байх бөгөөд энэ хэмжээнд нийцсэн морийг хурдан морины уралдаанаас хасахыг хориглоно.

8.11.Хурдан морины салбар хороо нь уралдаан дагах тээврийн хэрэгсэлд таних тэмдэг бүхий зөвшөөрөл олгох бөгөөд нэг удаагийн уралдаан дагах тээврийн хэрэгслийн тоо есөөс ихгүй байна.

8.12.Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан арван дөрөв буюу түүнээс дээш насны хүүхэд унана.

8.13.Жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд энэ хуулийн 8.12 дахь хэсэгт зааснаас бусад шигшмэл, бүсийн, хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулахыг хориглоно.”

 2 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн “8 удаа айрагдсан” гэсний дараа “, үүний дотор Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл хурдан морины уралдаанд нэгээс доошгүй түрүүлсэн, эсхүл айрагдсан”, “12 удаа айрагдсан” гэсний дараа “, үүний дотор Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл хурдан морины уралдаанд хоёроос доошгүй түрүүлсэн, эсхүл айрагдсан”, “20 удаа айрагдсан” гэсний дараа “, үүний дотор Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл хурдан морины уралдаанд гурваас доошгүй түрүүлсэн, эсхүл айрагдсан” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн “7-гоос дээш” гэснийг “найм буюу түүнээс дээш” гэж, 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийн “их” гэснийг “их нас, соёолон” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ГАРЫН ҮСЭГ

 

 ——————————–o0o——————————–

 

 Төсөл 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 

2019 оны .. дугаар                                                                                      Улаанбаатар

сарын …-ны өдөр                                                                                                          хот

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 1 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтын “үндэсний онцлог шинжийг агуулсан” гэсний дараа “үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа болон бусад” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

ГАРЫН ҮСЭГ

 

 ——————————–o0o——————————–

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*