Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Н.Баяртсайхан: Хар жагсаалтад орох гэж байсныг саарал болгосон

  • Сонгуулийн жилийн төсөв мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах нөхцөлийг бүрдүүлсэн гэв
  • Саарал жагсаалтад орсноор Монгол Улсаас гадагшаа гарч байгаа мөнгөний урсгалд тавих хяналт чангарна гэж FATF-аас мэдэгджээ
  • Монголбанк ирэх онд багтан саарал жагсаалтаас гарахаар төлөвлөж байна
  • Л.Энх-Амгалан: Сангийн яам, ХЗДХЯ, Монголбанк гурав өөр, өөр зүйл ярьж байхаар цуг суугаад монголчууддаа бодитой мэдээлэл өгөх ёстой
  • FATF-аас алт, мөнгө, үнэт чулууны зах зээл, үл хөдлөх хөрөнгийн урсгалыг хяналтад нэмж оруулахыг шаарджээ

Эдийн засгийн байнгын хорооны хурлаар “Төрөөс мөнгөний талаар баримтлах 2020 оны үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар хэлэлцэв. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ирэх онд хийх ажлынхаа талаар “Төрөөс  мөнгөний талаар баримтлах 2020 оны үндсэн чиглэлд гадаад өрийн тогтвортой байдлыг үргэлжлүүлэх, мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцоог сайжруулах, зээлжих зэрэглэлээ дээшлүүлж, валютын нөөцөө нэмэх, банкны салбарын эрсдэл даах засаглалыг сайжруулах, санхүүгийн дэд бүтцийг бэхжүүлэх, банкны салбарын хууль эрх зүйг шинэчлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэсэн юм.

Мөн тэрбээр арилжааны банкуудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлэхээ онцолж гадаадын хөрөнгө оруулалттай банкны тухай хуулийн төслийг парламентаас яаралтай баталж өгөхийг хүссэн юм. Хэдийгээр хэлэлцэх асуудал мөнгөний бодлого байсан ч гишүүд Монгол банкны удирдлагуудаас Монгол улс саарал жагсаалтад орсон шалтгааныг илүүтэй тодруулж байв. Тухайлбал,

С. Чинзориг:
-Саарал жагсаалтаас хэдий хугацааны дараа гарна гэж Монголбанк төлөвлөж байгаа юм бэ. Эдийн засгийн ямар нэг хориг тавигдах уу гэдгийг хэлж өгөөч.

Н.Баяртсайхан: 
-FATF-аас 2017 онд ШриЛанкад болсон хурлаараа Монгол улсыг бүр хар жагсаалтад оруулах гэж байгаагаа мэдэгдсэн.  Бид хар жагсаалтад орох гэж байгаагаа тэр хурлаас мэдсэн. 2017 оноос хойш хоёр жилийн хугацаанд бид чадлаараа ажилласны үр дүнд хар жагсаалтад орох байсан нөхцөлийг цайруулж сая саарал жагсаалтад орох мэдэгдлийг сонслоо. Цаашид холбогдох чиглэлээр шуурхай арга хэмжээг авч ажиллах шаардлагатай. Энэ бол ганц Монголбанкны ажил биш. Ялангуяа Чинзориг сайд аа, Засгийн газар маш их анхаарал хандуулж ажиллах нь чухал байгаа шүү.

Л.Энх-амгалан:
-Монголбанкны ерөнхийлөгч хар жагсаалтад орох байсныг бид ажилласаар байгаад саарал болгосон гэж маш хариуц-лагагүй зүйл ярьж байна. УИХ-аас 2019 оны мөнгөний бодлогыг батлахдаа мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр олон улсын байгууллагын гаргасан үнэлгээг дээшлүүлэх шат дараалсан арга хэмжээ авахыг Монголбанкинд үүрэг болгосон.  Гэтэл Монголбанк өнөөдөр дээшлүүлэх бус бүр дордуулчихаад харыг саарал болгосон гэдэг дүгнэлт хийгээд сууж байна. Мөн ҮАГ-аас 2020 оны төсөвт хийсэн эрсдэлийн үнэлгээнд “Монгол улс саарал жагсаалтад орвол улсын орлого буурах, зээлийн хүүгийн зардал өсөж, дунд, урт хугацаанд төсөвт сөрөг нөлөө үзүүлэх, зээлжих зэрэглэл буурч, гадаадын хөрөнгө оруулалт буурах эрсдэл учирна” гэсэн байна. Ийм аюул нүүрлэсэн байхад үүссэн нөхцөл байдалд бодитой үнэлэлт, дүгнэлт хийж, шуурхай арга хэмжээ авахын оронд Монголбанк гэнэн дүгнэлт хийгээд сууж байна. Ингэж болохгүй. Сангийн яам, ХЗДХЯ, Монголбанк гурав өөр, өөр зүйл яриад байх юм. Уг нь цуг суугаад монголчууддаа бодитой мэдээлэл өгөх ёстой.

Д.Эрдэнэбат:
-Муу л бол хойд талын хар овоохой гэдгээр АН-д бүх бурууг тохдогоо боль. Бид тэр жагсаалтад байсан үед одоо муу хэлэгдээд байгаа бондуудыг босгож, эдийн засгаа сайжруулан саарал жагсаалтаас гарч байсан. Гурван жилийн өмнөөс төрийн байгууллагууд үндсэн үүргээ биелүүлээгүйгээс саарал жагсаалтад орчихоод буруутан хайдгаа зогсоо. FATF-аас тавьсан дөрвөн шаардлагаа биелүүлээд, хяналтын байгууллага, Засгийн газар нь ажиллаад л гарчих зүйл дээр хэт улстөржүүлж дуулиан үүсгэхээ боль. Хэлэлцэх асуудалтай холбоотой зүйлээ ярьцгаа. Монголбанкны ерөнхийлөгчөөс асуухад 2020 оны төсөв сонгуульд зориулан маш их хөөсөрсөн байсан. Мөнгөний бодлого чинь үүнийг даах юм уу, хөрөнгө оруулалт 3.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэнээр импортын хэмжээ өсөж, валютын ханш чангарахаар байна. Өнөөдөр арай гэж найман хувьд барьж байгаа инфляц хоёр оронтой тоонд хүрэх нь. Энэ эрсдэлийг давах ямар төлөвлөгөө байгаа юм бэ?

Н.Баяртсайхан:
-2020 оны төсвийг бид сонгуулийн жилийн төсөв гэж харж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх жилүүдийнхээс өссөн. Дээр нь нэмээд цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмэхээр байгаа. Энэ бол мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа. Сая ОУВС-тай уулзахад валютын нөөцөө нэмэх, ханшаа барих гэж нөөцөөсөө үрэхгүй байх, мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах зөвлөгөө өгсөн. Ийн байнгын хорооны гишүүд мөнгөний бодлого бус саарал жагсаалт ярьж мэтгэлцсэний дараа тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн. Харин гишүүд саналаа хэлэх явцад Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн FATF-аас санхүүгийн хяналтад хоёр салбарыг нэмж оруулах шаардлага тавьсан талаар дуулгасан. Түүнд алт, мөнгө, үнэт чулуун эдлэлийн зах зээлийн эргэлт, үл хөдлөх хөрөнгийн зуучлалд тавих хяналтыг бий болгохыг шаардсан аж.

П.Батбөх
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*