Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Б.Жаргалсайхан: Битгий “Саарал жагсаалт”-ын нэр барьж, сүржигнээд бай

-Сүүлийн өдрүүдэд Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсон тухай асуудал улстөрч, эдийн засагчдын анхаарлын төвд байгаа. “Саарал жагсаалт”-д орсон асуудлыг Та хэрхэн харж байна вэ?

-Зарим хүний амьсгал нь хамраараа савсаад их л сандарч, дэвхцээд байгаа харагдах юм. Юундаа сандраа вэ. Дэлхий сөнөнө гээд нэг эмэгтэй  “Лаа, чүдэнзээ бэлдээрэй” гэж баахан сүржигнэсэнтэй адил зүйл болж байна. “Саарал жагсаалт”-д ороо л биз. “Туг ч барьдаг, тугал ч хариулдаг” юм, амьдралд. Нөгөө талаар биднийг хүн тоож байна гэж ойлгох хэрэгтэй. Зимбабвегээс гадна Ази, Арабын хэн ч тоож ярьдаггүй олон улс бий. Харин биднийг тоож байна. Эд нар ямар булхай, луйвар хийв гэж харж байна. Санхүүгийн сахилга батаа цэгцэл гэж сануулга өгч байна. Түүнд сүржигнээд байх юм байхгүй. Урьд өмнө ч тэгж байсан.

-“Саарал жагсаалт” бизнесийн орчинд ямар нөлөөлөл үзүүлэх бол?

-Бизнесийн орчинд ямар ч нөлөө байхгүй. Экспорт хийж байгаа байгууллагууд хийдгээрээ л хийнэ. Жишээлбэл, ОХУ-д эдийн засгийн хоригтой байгаа. Бүх арилжааны бакуудынх нь дансыг хаасан. Харин манайхыг арилжааны банкуудаа цэгцэл. Банкууддаа Монголбанк нь тийм их мөнгийг хаанаас олоод тавьчихав. Энэ асуудлаа цэгцэл гэсэн даалгавар өглөө. Сүржигнээд байх юм байхгүй. Тийм учраас нөхдүүдтэйгээ МАН-ынхан яаралтай хариуцлага тооцох хэрэгтэй.

Уг нь Олон улсын валютын сан “Танай банкууд дампуурлын хэмжээнд хүрчихлээ. Үүнийгээ цэгцэл” гэдэг даалгавар өгсөн. Гэтэл цэгцэлж байна гээд Монголбанк, Сангийн яамнаасаа активыг нь нэмэгдүүлээд баахан мөнгө хийчихсэн. Түүнийгээ нуухгүй юу, наадуул чинь. Тэр мөнгийг хийхгүйгээр шударгаар явах юм бол банкууд дампуурчих гээд байсан. Дампуурчих юм бол Монголын гурван сая хүн дагаад дампуурчих гээд байдаг. Мэдээж банкуудыг дампууруулахгүй цэгцлэх боломж байсан. Банкуудын хувьцааг гаргах, тодорхой хувийг нь төр худалдаж авах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад худалдах боломж байсан. Энэ бүхнийг алгасаад зүгээр мөнгө аваачаад хийчихгүй юу даа.

-Энэ асуудалд 500 тэрбум төгрөгийг нотолж чадаагүй гэдэг. Тэр мөнгийг улсаас гаргасан хэрэг үү?

-Өөр хаанаас гарах вэ дээ. Оффшорчингууд мөнгөө оруулж ирээгүй байлгүй. 500 тэрбум төгрөг бол их мөнгө. Гэхдээ Засгийн газар, ноён У.Хүрэлсүх энэ асуудлаа шийдэх байлгүй. У.Хүрэлсүх чинь бас эрэмгий шүү дээ. Сэлмээ далайх хэрэгтэй. Олон улсын байгууллага хариуцлага тооц гээд албан ёсоор даалгавар өгчихөөд байхад үл тоогоод бүлгээ хуралдуулж аргалаад, аялаад байж болохгүй. Монголчууд бүх асуудлыг танил тал, ар өврийн хаалгаар шийддэг. Ийм аргаараа олон улсын байгууллагыг хүртэл хуурах гэж оролдоод байна. Тэгэх тусам цаадуул нь эгдүүцээд байхгүй юу.

-МАН-ын зүгээс “Саарал жагсаалт”-ын асуудал АН-ын үед үүссэн гэж тайлбарлаж байна.

-Энэ дампуурлын эхлэл АН-аас эхэлсэн. Асар их хэмжээний зээл аваад ямар ч хэрэггүй үрээд дуусгасан. Гүйлгээнд бараг 10 их наяд төгрөг хэвлээд оруулчихсан. Тэрний балгаар манай эдийн засаг хүнд байдалд байлаа.

-ФАТФ-аас эдийн засгийн гэмт хэрэгтнүүдээ шийтгэдэггүйг гол үндэслэл болгосон гэж тайлбарлаж байгаа шүү дээ.

-Оффшортонгуудынхаа мөнгийг оруулж ирэх асуудал юм. Уг нь манай Ерөнхийлөгч хийх ёстой. Тэрийг л амлаж гарч ирээ биз дээ. Ерөнхийлөгчийн доор прокурор, шүүх, аюулгүйн зөвлөл байгаа. Тагнуул, эдийн засгийн цагдаадаа даалгавар өгч байгаад оффшорын мөнгийг олж ирэх хэрэгтэй. Дээрээс нь хариуцлага алдсан төрийн албан хаагчдадаа хариуцлага тооц. Монголбанк, Сангийн яам сүүлийн 10-аад жил хуурамч тайлан үйлдэж, худлаа ярьж ирсэн.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдаж, 34 их наяд төгрөг гараад ирсэн асуудлыг ФАТФ ойлгохгүй байгаа гэж тайлбарлах юм билээ.

-Биш ээ, биш. Монголбанк, Сангийн яам хамгийн их хамаатай. Эд нар Монгол Улсын мөнгийг дур зоргоороо үрэн таран хийдгээ болих хэрэгтэй.

-“Саарал жагсаалт”-д орсон мэдээлэлтэй зэрэгцээд ам.долларын ханш огцом өслөө. Цаашдаа валютын хомсдолд орох эрсдэл бий юу?

-Ер нь санхүүгийн сахилга бат, хариуцлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй. Гол нь мөнгө хүүлэгчдэд асуудал бий. Хадгаламж зээлийн хоршоонууд асар өндөр хүүтэй мөнгө зээлж, иргэдийг мөлжиж байна. Тиймээс яаралтай хууль гаргах хэрэгтэй. Зөвхөн банк л мөнгө хүүтэй өгдөг, авдаг болох хэрэгтэй. Ийм тогтолцоо байхгүй учраас гүйлгээнд их хэмжээний мөнгө замбараагүй гараад түүнийгээ валют болгож байна. Эсвэл ам.доллар болгож авдартаа хадгалдаг муу зуршил бий болчихлоо. Энэ бүхэн санхүүгийн сахилга баттай холбоотой.

Өнөөдөр бензиний үнэ нэмэгдэхээр маргааш махны үнэ нэмэгддэг. Нөгөөдөр гурил нэмэгддэг. Энэ тэгээд тийм шударга юм уу. Монголын үхэр мал бензин уудаггүй шүү дээ. Бензиний үнэ нэмэгдэх малд ямар хамаатай юм. Ийм зүйлийг далимдуулж улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд халдаж байгаа этгээдүүдэд хатуу хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Тэгэх юм бол ийм асуудал гарахгүй. Хүн болгонд ам.доллар хэрэггүй. Санаатайгаар улс орныг эдийн засгийн дампууралд оруулах гэж байна. Эцсийн бүлэгт би иргэдэд нэг зүйл хэлье. Уралдаж юмныхаа үнийг нэмээд байвал бид нар өөрсдөө л хохирно. Тиймээс “Саарал жагсаалт” гэж сандраад улам инфляцыг хөөрөгдүүлэх гээд байгаа бол тэг, тэг. Тэгээд хэн хожихыг харъя. “Саарал жагсаалт” бол манай гүйлгээг хаах шийдвэр биш. Санхүүгийн хатуу сахилга бат, хариуцлагыг дотооддоо бий болго гэсэн шаардлага. Үүний гуйвуулах шаардлага байхгүй.

-ФАТФ-аас олон удаа шаардлага хүргүүлсэн ч манайх биелүүлээгүй гэх юм?

-Одоо биелүүлэх хэрэгтэй. Биелүүлэхгүй бол дансаа хаалгана. Ер нь бид мөнгө олохоосоо илүү зөв зарцуулж сурах хэрэгтэй байна. Монгол хүнд нэг дутагдал бий. Мөнгө зарж сураагүй. Мөнгө л байвал заавал үрэх гэдэг зантай. Маргааш ямар нэгэн асуудал үүслээ гэхэд ямар ч хөрөнгийн нөөц байхгүй. Гэр бүлээр жишээлэхэд, нөхөр нь өвдлөө гэж бодъё. Биеэ эмчлүүлж байна гээд гэр байшингаа зардаг. Тэгээд нас бардаг. Үлдсэн гэр бүл нь гудамжинд үлддэг. Бид мөнгөтэй ингэж л харьцаж байна. Мөнгө гэдэг зөв зарцуулалтыг шаарддаг зүйл.

-“Саарал жагсаалт” санхүүгийн сахилга батаас гадна өөр утга агуулгатай байж болох уу?

-Та нар “Саарал жагсаалт”-ын нэрийг барьж битгий сүржигнээд бай. Хэрэв тэгж байгаа бол бид Валютын сан, Дэлхийн банкийг хөөгөөд явуулчихъя. ФАТФ-тай хамтарч ажиллахгүй гэж болно. Үнэндээ сүүлийн 27 жил олон улсын санхүүгийн байгууллага, Ази, Европын хөгжлийн банкууд, дэлхийн том банкууд манайд маш их тусалсан. Туслуулах болохоороо алгаа тосдог. Хариуцлагатай бол гэхээр нүүрээ буруулдаг байж болох  уу. Нэгэнт олон улсын байгууллагын гишүүн бол мөрдөж байгаа дүрэм журмыг нь хатуу дагаж мөрдөх ёстой. Өөр зам байхгүй. Энэ байгууллага дэлхийн бүх улс оронд санхүүгийн хяналт шалгалт хийдэг. Америкт ч гэсэн олон банк дампуурсан шүү дээ.

Тиймээс өнөөдрийн мессежийг буруу ойлгосон байна. Нийтээрээ ажил хий, нэмүү өртөг бий болго гэсэн сануулга. Монгол Улсынхаа төсвийг зузаатга гэсэн дохио. Тэгэхгүйгээр нийгмийн халамжаар амьдрах гээд эсвэл бүгдээрээ төрийн албан хаагч болох гээд зүтгээд байж болохгүй. Өнөөдөр ногоо хураах хүн алга. Ноос ноолуур авъя гэхээр хүн олддоггүй. Бүгдээрээ биеийн хөдөлмөр хийхгүй гэж байна. Бүгдээрээ такси унаж халтуур хийж амьдрах гээд байна. Бид 27 жил өөрсдийгөө хөөрхийллөө. Аав, ээждээ эрхэлж болно. Хөгжил дэвшилд эрхэлж болохгүй. ФАТФ биднээс өндөр хариуцлага шаардана. Япон, Солонгос хариуцлагатай болохоороо хөгжсөн. Манай залуус Солонгост гөлийтлөө ажиллаж байж 1000 ам.доллар авч байгаа. Эх орондоо болохоор 10 дахин хөнгөн ажил хийж байж 1000 ам.доллар нэхэж байна. Асуудал ердөө энэ. Хариуцлагыг хэрэгжүүлэхэд төр барьж байгаа намд л жаахан хэцүү. Цаашдаа улс орны хөгжилд чухал юм. Биднийг нийтээрээ ажил хөдөлмөр хийж амьдардаг бол, татвар төлөгч бол гэж байгаа л асуудал. Өнөөдөр 180 мянган оюутан сурч болдог юм уу. 200 мянган төрийн албан хаагчтай байна. Үлдсэн нь ажил хийдэггүй. Ингэж болох уу. Сайхан биетэй залуучууд нэг бол бөх, үгүй бол хамгаалалтын албанд зогсож байна. Биеэ хөдөлгөе гэж бодохгүй байна шүү дээ. Тэдэнд нийгмийн баялаг бүтээх сонирхол алга. Тэгээд сонгууль болохоор 10 мянган төгрөгөөр саналаа худалдана. Ингэж амьдарсаар байвал бид их л зовно доо. Хэзээ ч бусад улс биднийг тэжээхгүй. Тэр ч битгий хэл хятад, оросууд ч дахиж тэжээхгүй. Социалист орнуудын нэр нүүрийг бодож биднийг жаахан дэмжсэн. Одоо толгойгоо ажиллуулж байж л сайхан амьдрах цаг ирлээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. сандаг гуай өгүүлрүүн:

    зөв ш дээ.голыг нь оноод л хэлж байна. энэ хүн чинь өмнөх одоох хоёр нийгмийг нэвт мэддэг хүн ш дээ.их хурал засгийн газарт байх л ёстой хүн .үнэн хэлдэг болохоор нь хүмүүс тойрдог шиг байгаа юм намд нь ч сэхээтнүүд байгаа

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*