Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Үхрийн үнэтэй сугалаа зохиож, малчдыг луйвардах болжээ

Дунджаар хоёр сая орчим төгрөгийн ханштай байгаа эр үхрийг 90 гаруй мянган төгрөгийн үнэтэй мөнгө аягаар сольж буй эдийн засгийн харилцаа бол луйвар. Хөдөөгийн сумдаар “Адуу, үхрээр азаа үз” гэсэн уриатай хонжворт сугалаа дэлгэрчээ. Эсвэл нэг бүр нь 500 мянгаас хоёр сая төгрөгийн дэнчинтэй сугалааг зохион байгуулагчид голдуу малчдыг онилж байна. Сүүлийн жилүүдэд мянгат олширсныг хэлэх үү, ийм хэмжээний такс төлөөд хүүхдүүдээ дагуулан азаа үзчихдэг малчид ч олширч. Улаанбаатараас Зүүн аймгуудыг зорчих чиглэлд олон сум суурин таарна. Хамгийн эхэнд дайрах сумын төвөөр дайрч өнгөрдөг төв зам дагуу хоёр давхар байшинтай тэнцүү ийм самбар байхтай таарав.

Адуу, үхрээр сугалаанд оролцоод юу хожих боломжтой эсэхийг лавлан, дээр нь бичсэн  9903…. дугаарт утас цохилоо. Сумынхаа иргэдийг сайн мэддэг бололтой зохион байгуулагч “Хэнийхээс ярьж байна. Бүртгэл ерөнхийдөө дуусах дөхсөн. Нийтдээ 50 хүн л бүртгэнэ. Супер азтан маань нэг өрөө тохилог байр хожино. Удаах шагналуудад нь ачааны болон суудлын автомашин, мотоцикль ч байгаа. Юм хожихгүй байсан ч дунд гарын мөнгөн аяны эзэн болно. Азаа үзэх бол маргаашаас хөдөөгүүр явж малаа шинжиж цуглуулна” гэж байна. Сумын иргэдийн ярьж буйгаар сүүлийн жилүүдээс ганц нэг үзэгдэх болсон ийм төрлийн сугалаа улирал бүр явагдаж эхэлсэн ч супер азтан нь хараахан тодорч өгдөггүй гэнэ. Мэдээж, сугалаанд оролцогчдыг гомдоохгүйн үүднээс “Цөөн тооны хүн бүртгэнэ. Сугалаа бүхэн хонжвортой” гэх зар тараадаг. Хамгийн бага хонжвор нь бөөндөө 90-100 мянган төгрөгийн ханштай байдаг дээр дурдсан үзүүлэнгийн дунд гарын мөнгө аяга. Энэ нь хэл ам газар авахаас сэргийлсэн алхам ч байж магадгүй юм.

Ганц энэ суманд биш. Дараа дараачийн сумдыг үхэр, адууны  гэх сугалаа дайраад өнгөрчээ. Хөвсгөл, Хэнтий, Завхан, Баянхонгор, Дорнод, Төв аймаг зэрэг арав гаруй аймгийн олон сумаар ийм төрлийн хонжворт сугалаа явдаг болсон талаар мэдээлэл байна. Үндсэн орон даяар тархжээ.  Хавар ноолуур гарах цагаар нэг суманд гурван зэрэг сугалаа ч явсан тохиолдол бий гэнэ.  Анхандаа хонь, ямааны буюу 100-200 мянган төгрөгийн  дэнчинтэй хонжворт сугалаа супер азтандаа “Приус-20” маркийн автомашин амлаж, оролцсон хүн бүрт хамгийн хямд ухаалаг утас тараадаг байжээ. Улмаар амжилт олсон тул  дэнчингээ нэмэгдүүлэн хамгийн том шагналаа “Лэнд крузер”, бүр сүүлдээ хотод 1-2 өрөө байр болгон зарлаж эхэлсэн байна. Ийм зар тараасан тохиолдолд мал нь байгаа хойно малчдын сонирхлыг татахгүй гээд ч яах билээ. Ингэж орон даяар газар авсныг бодоход, Хөвсгөлийн зам чиглэлтэй нэгэн гэр гуанзны эзэн “Манайхан шал дэмий юманд хөрөнгөө үрэн таран хийх боллоо. Гаднаас л супер азтан нь тодордог шүү дээ” гэсэн ч бас оргүй зүйл биш бололтой.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН Ч ИЙМ ТӨРЛИЙН СУГАЛАА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Өнгөрсөн зун бараг л бүх аймаг нутаг уснаасаа төрсөн алдартнуудын мэндэлсний ойг тэмдэглэн наадамлалаа. Олны хөл хөдөлгөөнд дарагдсан наадмын талбайн хуушуурын гэрүүдийг дагаад хонжворт сугалаа дэлгэгддэг жамтай. Эхэн үедээ  хүүхэд хөгжөөх хэмжээний 50, 100 төгрөгийн ханштай байсан сугалаа энэ жил 10-50 мянган төгрөг, цаашлаад хонь ямаа, адуу үхэр болж хувирсан. Эдгээр дотроо бага үнийн дүнтэй бөгөөд аймгийнхаа Засаг даргын тамгын газраас тусгайлан зохион байгуулсан нь ч байна. Баянхонгор аймагт Ламын гэгээний 380 жилийн ой, “Хангайн бүсийн хурд-2019” даншиг өнгөрсөн долдугаар сарын 26-28-нд болсон. Даншигтайгаа дүйцүүлэн тус аймгийн Засаг даргын Тамгын газраас хонжворт сугалааны азтануудыг тодруулсан болохоо телевизээр шууд дамжуулж байлаа. Нэг бүрийг нь 10 мянган төгрөгийн сугалаанд   аймгийнхаа иргэдийг хоморголон оролцуулж, сугалааны супер хонжворт   хоёр өрөө байр, “Приүс-30” автомашин гурав, суурь хонь гурав, азарга адуу гурав зэрэг томоохон хонжворыг санал болгож харагдсан.  Нэг талаар төр иргэдээ сугалаанд дасгачихсан нь өөрсдийнхөө хөрөнгөөр азаа сорьж буй хөдөөгийнхөн, тэдний мэдлэг мэдээлэлгүйг дулдуйдан хөлжигсдийг буруутгаж боломгүй. Хүүхдээ цэцэрлэгт өгөх, төрөөс санхүүжүүлсэн боломжийн үнэтэй орон сууцанд орохоос авахуулаад сар тутам НӨАТ-ын сугалааны дүнг харан суух болсон иргэдэд энэ бол өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг болсон мэт санагдана.  Гэвч Монгол Улсад шударга хууль, ёс гэж байгаа л бол хэрэгжих ёстой. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, соён гэгээрүүлэх нь төрийн үүрэг. Хууль, журмаараа бол хонжворт сугалаа зохион байгуулагчид Сангийн яамнаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авч, олсон ашгийнхаа 40 хувийг татвар төлөх учиртай. Харин хөдөөд зөвшөөрөлгүй ашиг ологчид халаасаа түнтийлгээд, хуулийн гадна амьдарч байна.

ХЭТ ӨНДӨР ХОНЖВОР АМЛАСАН СУГАЛААНД САНХҮҮГИЙН ЛУЙВРЫН ШИНЖ ЧАНАР АГУУЛАГДДАГ

Өндөр үнэтэй эд хөрөнгө, их хэмжээний мөнгөний дүнтэй хонжвор амлаж буй сугалаа пирамид хэлбэрийн санхүүгийн луйвартай маш төстэй харагдаж байгаа. Эхлээд тавин хүн хайрцаглан адуу, үхрийг нь хураахад, дор хаяж тавин сая төгрөг босгоно. Дараа нь тавин ширхэг мөнгөн аяга тараагаад өнгөрөхгүй гэхэд 10 гаруй сая төгрөгийн үнэтэй суудлын автомашины нэг азтан тодруулчихна. Үлдсэн нь сугалааг сэтгэгчдээ ямар нэгэн татвар татаасгүйгээр ашиг болон үлдээд бүх зүйл дуусаа.  Харин луйврын пирамидын оройд байрлах хүмүүс тухайн сүлжээнд бусад хүмүүсийг ятган оруулах буюу өндөр ашиг хонжоо мөнгө босгодог.  Пирамид сүлжээнд хүмүүс нэгдэж орохын тулд гишүүний хураамж төлнө. Энэ нь хөдөө хөхөрч, гадаад гандаж нас бие гүйцээсэн үхрээ өөрөө туугаад очихтой яг адилхан. Хонжворт сугалаа болон пирамид хэлбэрийн луйвар хоёрын өөр нэг төстэй тал нь баталгаажсан зүйл байхгүй мөртлөө ам дамжин нэг хүн нөгөөгөө татан оролцуулж элсүүлдэг явдал. Манайхан шиг нэг сумынхан бүгд бие биенээ таньдаг нөхцөлд энэ сүлжээ хамгийн хялбар, хамгийн хурдан үр дүнгээ өгөх боломжтой. “Тэдний хүү үхэр авч очоод машинтай болчихож, би юугаараа дутах вэ” гээд амаа барьсан тохиолдол ч цөөнгүй байна. Иргэдийн хувьд өөрөө очоод хөрөнгөө тушаачихсан учраас энэ талаар холбогдох байгууллагуудад гомдол гаргалгүй толгой зохиод өнгөрүүлдэг нийтлэг дутагдал бий. Тэгвэл Эрүүгийн хуулийн  17.3 дугаар зүйлд залилах гэдэг “…Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авахыг…” гэмт хэрэг хэмээн томъёолжээ. Хуулийн хариуцлагын тухайд 450 мянгаас 14 сая төгрөгөөр торгох, эсвэл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.

ХОНЖВОРТ СУГАЛАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХТЭЙ 10 КОМПАНИ БИЙ

Хуулиараа эд мөнгөний хонжворт сугалаа эрхлэх зөвшөөрлийг  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Сангийн яамнаас олгодог. Энэ зөвшөөрлийг 240-600 мянган төгрөгийн хураамж төлөөд авдаг аж.  Ингэхдээ сугалаа зохион явуулах техник, эдийн засгийн үндэслэл, сугалаа зохион явуулахтай холбогдон гарах зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр, сугалааны орлогын урьдчилсан тооцоогоо тайлагнах хуультай. Одоогоор Сангийн яамнаас зөвшөөрөл авсан эд, мөнгөний хонжворт сугалаа явуулах зөвшөөрөлтэй байгаа 10 компанийг танилцуулъя. “Бизинвин” компани Үндэсний лоттерей, “Ди Энд Эс Консалтанси” компани Спорт лото, “Күүл дизайн” компани Цахим сугалаа, “Топ бинго” компани  Сугалаа, “Лотто Энтертайнмент” компанийн  Монгол Лоттерей, “Гранд сумо МGL” компани   Сумо Лотто, “ЭЙ ТИ ӨҮ ЭМ” компани  Эд мөнгөний хонжворт сугалаа, “Хос чагтага” компани Дэлхийн спорт сугалаа, “Монгол сугалаа” компани Монгол сугалаа, “Лоттери де ла монголи” компани Есөн шагай нэртэй сугалааны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байна. Эдгээрээс өөр компани, хувь хүн хонжворт сугалаа санал болгосон тохиолдолд хууль бус гэсэн үг.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*