Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Б.Амгаланбаатар: Өвс ачсан машин дээр цэргүүд суулгасан нь ХАБ зөрчсөн

Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангид хугацаат цэргийн албан хаагч амиа алдсан хэргийн талаар ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатараас тодрууллаа.

-Зэвсэгт хүчний 327 дугаар ангид гарсан хэргийн талаар тодруулаач?

– 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын “Өлзийт” гэдэг газар хадлан бэлтгэж байх явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөнөөс болж Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Б.Наранбаяр чиргүүлтэй машин дээрээс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Одоогийн байдлаар Дорнод аймгийн Цагдаагийн хэлтэс дээр шалгаж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт болоод бусад эцсийн хариу хараахан гараагүй. Тухайн үед хадлан дээр ажиллаж байсан цэргүүдийг дэд ахлагч н.Баяртулга ахалж явсан бөгөөд миний мэдэж буйгаар өвс ачсан машин дээр сууж явахдаа замын донсолгоонд унасан байх магадлалтай гэсэн дүгнэлт байна. Бусад дүгнэлт хараахан эцэслэн гараагүй учраас хэлэх боломжгүй.

-Ер нь хадлан хураах ажилд Зэвсэгт хүчний анги салбар оролцуулах заалттай юу?

-Улс орныг хамарсан бүтээн байгуулалтын ажил цаг үеийн арга хэмжээ, аж ахуйн ажилд цэргийн анги салбарын ажлыг алдагдуулахгүйгээр оролцуулж болно гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журамтай. Энэхүү журмынхаа дагуу цэргүүд тухайн нутаг дэвсгэрийн зэвсэгт хүчний нөөцийн сүргийн хадлан бэлтгэх ажилд явж байгаад ийм осол гарсан.Дүрмийнхээ дагуу тухайн үед ангийн захирагч тушаал гаргаад ажиллуулсан байгаа.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөнтэй холбоотой албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцсон бэ?

-Тухайн үед өвс ачсан машин дээр цэргүүд суулгасан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн үйлдэл. Хариуцан ажиллуулж байсан албан тушаалтнууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиагүйгээс ийм асуудал болсон гэж урьдчилан дүгнэж байгаа. 327 дугаар ангийн захирагч дэд хурандаа Т.Тогмиддүүмий бид хоёрыг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчсөнөөс үүдэлтэй ийм осол болсон гэдгээр Жанжин штабын даргын тушаалаар, Хуурай замын цэргийн командлалын тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан.

-Цаашид энэ тал дээр яаж анхаарч ажиллах гэж байна вэ?

-Ер нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахиулах зайлшгүй шаардлага байна гэж үзээд бидэнд сахилгын арга хэмжээ авсан. Улс орны хэмжээнд тэр дундаа энэ жилийн хувьд хур бороо ихтэй, ургац арвинтай байгаагаас үүдээд энд тэнд аж ахуйн нэгж байгууллагууд дээр олон цэрэг ажиллаж байна. Цаашдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиулах бүх чиглэлээр нь үүрэг даалгавар өгсөн. Зарим газруудад шалгалт хийж байна. Мөн тухайн үед ахалж байсан н.Баяртулгад энэ хэрэг эцэслэн шийдэгдсэний дараа хариуцлага тооцно. Амиа алдсан алба хаагчын оршуулгын тэтгэмж мөн “Цэргийн албаны тэтгэвэр тэтгэмжийн хууль”-д заасны дагуу ахлагчийн цалинг 5 жилийн дунджаар тооцож ар гэрийнхэнд олгосон.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Өөрөө гуай өгүүлрүүн:

    Өө дөө

  2. Генерал гуай өгүүлрүүн:

    Тогмиддүүмийгээ захирагчийн ажлаас буулгах хэрэгтэй ац аагенерал

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*