Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Х.Даваажав: Төрөлхийн тэмбүүтэй гэж оношлогдсон нярай хүүхдүүдийн 30-40 хувь нь эхийнхээ хэвлийд энддэг

ХӨСҮТ-ийн Зөвлөх эмч Х.Даваажавтай бэлгийн замын халдварт өвчин, тэр дундаа тэмбүү өвчний тархалт, түүнийг хэрхэн зогсоох, иргэдийн эрүүл мэндийн боловсролын асуудлаар ярилцлаа. 

-Эрүүл мэндийн яамнаас “Тэмбүүг устгая” үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсний үр дүн юу байв гэдгээс ярилцлагаа эхлэх үү? 

-Хөтөлбөр эхлээд гурван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд нийгэм хөдөлгөөнд орж, иргэд ч эрүүл мэндээ шалгуулъя, эрүүл байгаа эсэхээ дахин нэг баталгаажуулъя гэсэн хандлагатай болсон. Тухайлбал, ХӨСҮТ-ийн амбуларториор үйлчлүүлэгч иргэдийн тоо 30-40 хувиар нэмэгдсэн. Энэ бол иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилж буй гэдгийг харуулсан тоо баримт. Мөн хөтөлбөр зарласан нь ч үр дүнгээ өгсөн гэж үзэж байгаа.

-Сүүлийн жилүүдэд тэмбүүгийн өвчлөл нэлээд нэмэгдсэн байна. 25 хүртэл хувь болж өссөн учир шалтгаан юу байв? 

-Тэмбүү өвчнөөр 15-45 насныхан их өвдөж байгаа. ДОХ-ын асуудлаар ч ялгаагүй нөхөн үржихүйн насныхан их өвчилдөг. Нутаг дэвсгэрийн байдлаар аваад үзвэл Дорнод, Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл зэрэг аймгууд өндөр харагдаж байна. Сүүлийн таван жилийн байдлаар эдгээр аймгууд өвчлөл өндөртэй гэж гарч байсан. Гэхдээ шууд утгаараа биш шүү. Тэдгээр аймгуудад өвчин их байгаагаас гадна урьдчилан сэргийлэх илрүүлэг, үзлэг шинжилгээ маш сайн явагдаж байна гэж үзэх ёстой. Гэтэл зарим аймгууд хангалтгүй байгаа учраас тэмбүүгээр өвчилсөн иргэд байхгүй юм шиг харагдаад байдаг. Илрүүлээд, эмчлээд, тархалтыг хязгаарлаад байх боломжтой гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Хоёрдугаарт, төрөлхийн тэмбүү өвчин сүүлийн таван жил нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд 49 тэмбүүтэй эх оношлогдож, 11 нярай нас барсан харамсалтай тоо бий. Жилд 30 орчим тохиолдол бүртгэгддэг. Тэмбүүгээр өвчилсөн, төрөлхийн тэмбүүтэй гэж оношлогдсон нярай хүүхдүүдийн 30-40 хувь нь эхийнхээ хэвлийд энддэг, эсвэл төрөөд нас бардаг. Маш харамсалтай тоо шүү. Тэдгээр хүүхдүүд эрүүл энх төрөөд эх орондоо хүн болж, ажиллаж хөдөлмөрлөж байсан ч болоосой гэж сэтгэл эмзэглэн боддог юм. Энэ бол цэвэр эцэг, эхийн хариуцлагагүй байдал шүү дээ. Үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж чадахгүй, гэр бүлийн нандин харилцаагаа хадгалж чадахгүй байгаатай л холбоотой.

-Хавьтагчийг илрүүлэх асуудал маш хангалтгүй байна гэж эмнэлгийн байгууллагууд ярьж байна. Энэ талаар та тодорхой шийдэл, гарц санал болгосон. Энэ тухай саналаа дээд байгууллагад уламжилсан уу? 

-1990-ээд оноос өмнө бол арьс, өнгөний диспансер гэж ажилладаг байсан юм. Тэдгээр хүмүүс орон нутгаар яваад л халдварт өвчнөө эмчилж, хавьтагчийг нь олж илрүүлээд эмчилдэг байлаа. 10 гаруй хүний орон тоотой, нэг машинтай жил бүхэн байнга тойрч явж үзлэг хийдэг тусгай мэргэжилтэн ажилладаг байлаа. Энэ нь маш үр дүнтэй байсан юм билээ. Тухайн үед буюу 1990-ээд оны дунд хүртэл тэмбүү өвчтэй хүний тоо 10 мянган хүн тутамд 1.8 болж буурсан юм билээ. Одоо бол 20 гараад явчихлаа. Тэгэхээр үйл ажиллагааны дутагдал нөлөөлж байгаа биз. Олон шалтгаан бий л дээ. Тэмбүүтэй огт тэмцэхгүй явж ирсэн юм биш. Бид цаг үргэлж ажлаа хийдэг. Цоо шинээр тэмбүүтэй тэмцэнэ гэж гарч ирээд байгаа мэтээр хүмүүс ойлгоод байгаа юм. Сүрьеэгийн давалгаан дор ч гарч ирээгүй. Зарим хүмүүс хэвлэл болон соошлоор буруу, зөрүү ойлголт олон нийтэд хүргэсэн юм шиг байна лээ. Олон талын үйл ажиллагаанаас болж учир дутагдалтай явж ирснийг салбар яам анхаарч, илүү үр дүнтэй болгохоор хөтөлбөр боловсруулан үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд хавьтагчийг тогтоодог, халдварын эх үндсийг олж илрүүлдэг мэргэжилтэн бэлтгэх нэн чухал шаардлага байгааг би салбар яамны удирдлага болон төр засгийн шийдвэр гаргагчдад тавьж байгаа. Салбар яам дэмжсэн. Хүний эрх, хэлэхгүй байх эрхтэй гэх мэтээр иргэдийн зүгээс эсэргүүцэл ирдэг л юм. Согтуу явж байгаад танихгүй хүнтэй ойртсон гэх мэтээр булзааруулдаг. Гэвч нарийн яриад, асуудлыг нь хоёулаа суугаад уйгагүй ярилцаад ирэхээр хэлдэг л дээ.

-Мэргэжлийн хүн байх ёстой юу? 

-Хэн ч байж болно. Эмнэлгийн байгууллага дотооддоо ярилцаад сувилагчаа ч сургаж болно. Энэ чиглэлээр мэргэшсэн манай байгууллагын эмч, эмнэлгийн ажилтнууд орон нутгаар тойрч яваад сургалт өгч болж байна. Заавал эмнэлгийн дээд мэргэжилтэй, халдвар судлаач байна гэх мэтээр хатуу шалгуур тавиад хэрэггүй. Манай эмнэлэг жил бүхэн л сургалт явуулдаг. Орон нутагт очоод ч сургалт хийдэг. Тэгэхээр хэдэн мэргэжилтэн бэлтгэн гаргах төсвийг нь шийдээд өгчихвөл асуудал байхгүй.

-Өөр бэрхшээл юу байна вэ. Төсвийн асуудал хангалтгүй явж ирсэн юм билээ. Энэ бэрхшээлийг шийдэж чадаж байна уу? 

-Хамтын хүчээ нэгтгэх нь маш чухал. Төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх ёстой. Салбар дундын хамтын ажиллагаа гэж нэрлээд байгаа юм. Иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгох нь дан ганц эмнэлгийн ажилтны ажил биш. Энд төрийн албан хаагчид ч оролцох ёстой юм. Хөрөнгө мөнгийг нь шийдэж өгөөд, шаардлагатай оношлуур, эмийг төвлөрүүлэх нь чухал. Нэгдсэн журмаар улсын хэмжээнд баталгаат оношлуураар хангах ёстой. Иргэд рүү чиглэсэн, тэдний үүрэг хариуцлагыг дээшлүүлэх нь чухал байгаа. Эрүүл мэндийн боловсрол, гэр бүлийн үнэ цэн, үр хүүхдийнх нь аюулгүй байдал гээд олон талаас нь сургалт, сурталчилгаа хийгээд тогтмол үзлэгт хамруулаад байвал тэмбүү өвчнийг дарж болно.

-Тэмбүү өвчнөөр өвчилсөн иргэнд ямар хор хөнөөл учирдаг вэ. Иргэд мэдэхгүйгээс болоод өвчнөө хүндрүүлдэг, эсвэл эмчлээд явуулахаар эргээд өвдчихөөд иргэд гэдэг? 

-Маш хор хөнөөлтэй өвчин. Тэмбүүгийн халдвар авсан хүнд өөрт нь зовиур шаналгаа байдаггүй. Тиймээс мэдэхгүй яваад байдаг. Бусдад халдвар тараана. Тийм учраас аль болох илрүүлэх, хор уршгийг олон нийтэд сурталчлах ажил маш чухал гэж хэлээд байна. Хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэх, иргэдээ мэдлэгтэй болгох шаардлагатай. Тэмбүү өвчин хүний бүх эрхтнийг гэмтээдэг. Яс, үс, арьс салст, дотор эрхтэн, бүр мэдрэлийн эсийг ч гэмтээдэг учраас хүн эрүүлээр сэтгэж чадахаа больдог. Үүнээс сэргийлэхийн тулд анхан шатанд нь оношилж, эмчлэх ёстой.

-Эрэгтэй, эмэгтэй хүний аль нь илүү энэ өвчнийг авч байна вэ. Мөн салбараар нь ялгадаг. Уул уурхай дагасан гэдэг ч юм уу? 

-Хувь нь ер нь тэнцүү. Адилхан л 20 гаруй хувьтай байдаг. Аль ч өвчинд эмэгтэйчүүд нэг хувиар илүү байдаг юм. Энэ өвчинд ч адилхан нэг хувиар илүү байгаа. Бэлгийн замаар дамжих халдварт эрсдэл өндөртэй бүлэг гэж бий. Тухайлбал, биеэ үнэлэгчид, бэлгийн чиг хандлага нь өөр, мөн хөдөлгөөнт хүн ам ордог. Олон сараар тээвэрт явдаг жолооч, уул уурхайд ажилладаг эрчүүд, мөн наймаа арилжаа хийдэг, хил гаалиар их зорчдог хүмүүсийг эрсдэлт бүлэг гэж тооцдог. Эдгээр иргэдийг түлхүү үзэж, оношлох ёстой. Дараа нь орон нутгийн бүх иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж болно. Саяхан тэмбүү болон сүрьеэ өвчний асуудлаар шийдвэр гаргагчид Сэлэнгэ аймагт чуулсан. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн жишээг их ярилаа. Тухайн аймгийн сумдууд бүх иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад, БЗХӨ болон тэмбүү өвчин илэрсэн иргэдтэйгээ нууцлалын гэрээ байгуулан маш хурдан хугацаанд эмчилж, эдгээсэн туршлагаа хуваалцлаа. Бусад аймгууд ч энэ мэтээр суралцах ёстой юм. Олон аймагт эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа идэвхжиж байна. Тухайлбал, Булган аймагт бид өнгөрсөн долоо хоногт очиж үзлэг, шинжилгээ хийлээ. Төв аймгийн Борнуур зэрэг сумдад ч үзлэг, шинжилгээ явагдлаа. Энэ мэтээр аймгууд ажиллаад эхлэхээр үр дүн маш тодорхой гарна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*