Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Буриадууд “босов”

ОХУ-ын орон нутгийн сонгуулийн дараа Буриадын нийслэл Улаан-Үд хотноо олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. Түмэн Дондоков тэргүүтэй депутатууд шинээр сонгогдсон Кремлийг дэмжигч Игорь Шутенковыг луйврын аргаар ялсан гэж эсэргүүцжээ. “Нэгдсэн Орос” намын нэр дэвшигч Игорь Шутенков 50 хувийн санал авчээ. Улмаар ОХУ-ын нийслэл Москва болон бусад хотууд дахь буриадууд эсэргүүцэлд нэгдэж, орон нутгийн сонгуулийг дахин явуулахыг шаарджээ. Эсэргүүцлийн жагсаалыг сонгуульд ялагдсан Коммунист намаас ч дэмжжээ. Коммунист намын нэр дэвшигч Вячеслав Мархаев нь 36 хувийн санал авсан байна. Улмаар есдүгээр сарын 15-ны ням гаригт Улаан-Үд хотын даргын сонгуулийн үр дүнг цуцлахыг шаардсан жагсаалд 2000 гаруй хүн цугларчээ. Энэ жагсаалыг сүүлийн жилүүдэд Буриадын нийслэлд болсон хамгийн том жагсаал гэж эх сурвалжууд мэдээлжээ.

ЭХЛЭЛ

Буриадууд шинээр сонгогдсон хотын даргаа эсэргүүцэж, дахин сонгууль явуулахыг шаардан төв талбайд суулт зарласан аж. Гэвч есдүгээр сарын 12-ны шөнө автобусанд хонож байсан жагсагчид руу цагдаа нар нулимс асгаруулагч бөмбөг шидэж, тэднийг хүчээр тараах гэж оролдсон байна. Цагдаа нар болон жагсагчдын хоорондох мөргөлдөөний үеэр 17 хүнийг баривчилжээ. Жагсагчдыг хуулийн 318-р зүйл ангид зааснаар албаны шаардлагыг эсэргүүцсэн гэх хэрэгт буруутгасан байна. Хэдийгээр жагсагчид албан ёсны зөвшөөрөлтэй  байсан ч цагдаагийн газрын зүгээс Халх голын дайны ялалатын 80 жилийн ойг тэмдэглэхээр Улаан-Үдийн төв талбайг хаах хэрэгтэй болсон гэж тайлбарлажээ. Орон нутгийн удирдлагуудаас жагсаалыг хүч хэрэглэн дарсан шалтгаанаа ийн тайлбарласан байна.

Өмнө нь 2015 оны зургадугаар сард Буриад-Монгол автономит бүс нутгийг үүсгэн байгуулсны 92 жилийн ойгоор томоохон эсэргүүцлийн жагсаал болж байв. Тухайн үед Буриадын эдийн засаг уналтад орж, ард иргэд байгалийн баялгийг Москва хяналтдаа тавьсныг эсэргүүцэж, захирагчаа өөрчлөхийг шаардаж байв.

ШААРДЛАГА

бөө Александр Габяшев

Жагсагчид сонгуулийн үр дүнг цуцлахыг шаардахын зэрэгцээ блогчин Дмитрий Баиров болон Якутын бөө Александр Габяшев нарыг суллахыг шаардаж байна. Дмитрий Баиров нь төв талбайн тайван жагсаалын үеэр машиндаа суун, болж буй үйл явцын дүрс бичлэгийг хийж байх үедээ баривчлагдсан юм. Тэрбээр баривчлагдах үедээ бусдаас тусламж гуйн хашхирснаар олны анхаарлыг татаж, улмаар үймээнийг эхлүүлжээ. Мөн бөө Александр Габяшев нь Якутаас Москва хүртэлх замыг явганаар туулж, Путиныг суудлаас нь буулгах ёслол үйлдэхээр явж байжээ. Тэрбээр Владимир Путиныг бөөгийн хүчээр л дарагдах хар хүчтэй хэмээн мэдэгдсэн байна.

ТҮҮХ 

Буриадууд бол Монгол угсаатны эртний нэгэн аймаг, өнөөгийн Монгол үндэстний нэгэн ястан, язгуурын монгол хэлт зон юм. Өдгөө ОХУ, Монгол, Хятад улсад “монгол” гэх нэрээр хүн амын бүртгэлд бүртгэгддэг. Буриад нутаг 17-р зуунаас Оросын эзэнт гүрний мэдэлд орсон бөгөөд 1923 онд Зөвлөлт Оросын дотор «Буриад Монгол» нэртэй автономит улс үүсэн байгуулагдаж, 1958 онд Буриад болгон нэрээ өөрчилсөн. ЗХУ бутарч ОХУ байгуулагдсан 1992 онд Бүгд Найрамдах Буриад Улс хэмээх албан нэртэй болсон. Нийт буриад хүний тоо 550 мянга орчим бөгөөд эдгээрээс 445 мянга нь Орост, 70 мянга орчим нь Монголын хойд хэсгээр, 25 мянга орчим нь Өвөр Монголын зүүн хойд хэсэгт оршин суугаа гэсэн тооцоо бий.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*