Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Х.Баттулга Ардчилалаас урваад зогсохгүй сүүлийн үед түүнийг тэвчихээ больж, далим гарвал гутааж байна”

МОНГОЛ ХҮНИЙ ДУНДАЖ ЖИН 15 КГ-ААР НЭМЭГДСЭН НЬ АРДЧИЛАЛЫН ӨДҮҮЛСЭН НЭГ “ЗАВХРАЛ” МӨН!

Социализмын үеийн Монголд дарга болон амины (хувийн гэхийг амины гэдэг байсан) машинтай хүмүүсийг оролцуулаад хоёр мянга орчим хүн л суудлын машин унадаг байж. Тэр хүмүүс тарган гүзээтэй харагдана. Тэгээд албаны машин унадаг дарга нараа “бүдүүн дарга” хэмээн авгайлдаг байв. Дарга гэж авгайлуулдаг хүмүүс хоёр ангилагдана. Машин унадаг дарга буюу бүдүүн дарга, машин унадаггүй дарга буюу “хурган дарга” гэж. Хурган дарга албан тушаал дэвшиж машин унаадахвал бүдүүрээд л эхэлнэ. Тийм учраас гоолиг туранхай байж байгаад бүдүүрсэн хурган даргыг бүдүүн дарга болжээ гэдгийг бид андахгүй мэддэгсэн.

Иргэн хувьдаа машинтай байх явдал маш хатуу зохицуулалттай байсан. “Москвич”, “Лада”, “Нива” маркийн машин л хувьд байж болно. Өөр машиныг хувьд байлгах нь хориотой. Манай байрны Минжүүр гуай л “ачааны жаран ес” гээд бид нэрлэчихсэн дөрвөлжин бүхээгтэй УАЗ 469 маркийн машинтай байсан. Тун содон харагдана. Минжүүр гуай яаж аминдаа 469 машинтай байх зөвшөөрөл авсан юм бүү мэд? Тийм хүмүүсээ бид нүд үзүүрлэж, элдэв цуу, хов ярьцгаана.

Хувийн машины түүхийг одооны залууст яривал дебил хүний үг яриа шиг санагдаж, ой тойнд нь буухгүй биз. Гэхдээ цухас сонирхуулъя.

1960 оны дунд үе хүртэл Зөвлөлт Холбоот Улсад үндсэндээ улсын хэрэгцээнд л зориулан суудлын машин үйлдвэрлэдэг байж. Зөвлөлтийн машин үйлдвэрлэх үйлдвэрүүдийг Америкууд тусалж босгож өгсөн юм билээ. Хачин шүү! Америкчуудын босгож өгсөн Зөвлөлтийн үйлдвэрүүд нь иргэнийхээ хувийн хэрэгцээнд зориулсан суудлын машин үйлдвэрлэхгүй. Дарга нарт л зориулан суудлын хөнгөн машин үйлдвэрлэнэ. Иргэндээ зориулан суудлын машин үйлдвэрлэхгүй байгаа шалтгаан нь хувийн машинтай иргэн бол “капиталист элемент” болох учраас “социалист аж төрөх ёсонд” нийцэхгүй гэж үзсэн хэрэг. Иргэн хувьдаа машинтай байх ёстой гэж үзсэн этгээд “нийгмийн дайсан” болох аж.

“Берегись автомобиля” (“Автомобилоос болгоомжил”) гэдэг киног манай үеийнхэн андахгүй. Энэ кинонд наймаа хийж хувийн машинтай болсон иргэдийнхээ машиныг хулгайлж зардаг Юрий Деточкин нэртэй машины хулгайчийн тухай гарна. Деточкин хулгайлсан машинаа зараад олсон мөнгөө өнчин хүүхэд асрах төвүүд рүү илгээнэ. Уярмаар! Киноны төгсгөлд хулгай хийсэн Деточкинийг шүүх хурал гарна. Нэгэнт хууль зөрчсөн учраас Зөвлөлтийн хуулиар Деточкин ял авна. Хууль бол хууль, социалист ёс суртахуунтай хэдий ч хулгайч учраас өршөөгдөнө гэж байхгүй гэнэ. Гэхдээ Деточкин ял авч байгаа боловч ёс суртахууны хувьд ялалт байгуулна. Хулгайд машинаа алдсан иргэн нь марольгүй шаар, нийгмийн дайсан, харин Деточкин жинхэнэ зөвлөлт хүний өндөр ёс суртахууныг илэрхийлсэн “ардын баатар” болж кино төгсөнө. Кино дуусахад Зөвлөлтийн үзэгчид нижигнэтэл алга ташин, кино заалнаас Деточкинд баяр хүргэж байсан гэдэг.

Үнэндээ хувийн машинтай наймаачин Зөвлөлтийн л хуулийн дагуу наймаа хийсэн хүн шүү дээ! Хувийн машинтай хүнийг нийгмийн дайсан болгон харуулж буй энэ киноны ер бусын тэнэглэл нь юу байсан гээч?!

Энэ кино гарч байх үед Зөвлөлтийн суудлын машин үйлдвэрлэгчид баларчхаад байсан юм. Жишээ нь “Москвич” маркийн машин гэхэд л нэг саяыг үйлдвэрлээд экспортод гаргах гэсэн чинь нөгөөдөх нь барууны ядуу хэрэглэгчид (уг нь тэдэнд зориулсан юм)-д гологдоод агуулах дүүрэн борлогдохгүй хэвтэхэд хүрсэн аж. Зүгээр хэвтүүлэхээр үүнийгээ дотоодын зах зээл дээр борлуулахаас өөр аргагүй болжээ. Ингэж 1970-аад онд л дөнгөж Зөвлөлт хүн олноороо хувьдаа машинтай байх боломжтой болсон юм.

Гэтэл барууны ядуу иргэдэд гологдсон машинаа ядахдаа дотооддоо борлуулах сурталчилгаа буюу маркетинг хийх ёстой атал эсрэгээрээ иргэдээ хувийн машинтай болох явдлыг нь буруушаан гутаасан “Автомобилоос болгоомжил” киног орон даяар цацдаг байгаа. Энэ киноны дараа нэг хэсэг хувийн машинтай хүнийг бусад нь нүд үзүүрлэн хялайн хардаг болсон юм. Эзнийх нь буусан араар машиных нь арьсыг хурц үзүүртэй зүйлээр зурж хорлох жишээтэй. Социализмын үед хувьдаа машинтай болох явдал ийм л тэнэглэл дор явагдаж байв шүү дээ!

Хүн хувьдаа машинтай байх явдлыг хатуу хязгаарлаж байсан мунхаг бүдүүлэг ёсыг Ардчилал устгасан. Ардчилалаас хойш хүн хувийн машин эзэмших эрхтэй болсон. Тэгэнгүүт наанаа хувийн машинтангуудаа хялайгаад байсан боловчиг цаанаа хүн болгон л чадвал хувьдаа машинтай байхыг хүсдэг болох нь харагдсан. Энэ хүсэлдээ хөтлөгдөн, ардчиллын 30-аад жилд монголчууд ганзагын наймаа эрхлэхээс авхуулаад авилгадах хүртэл бүх төрлийн “бизнес”-ийг хийж, хувьдаа машинтай болцгоов.

Өнөөдөр Монголын бараг өрх бүр хувьдаа машинтай болсон. Улаанбаатарын зам түгжрээд “тэг” зогсолт хийж байна. Машинтай болох бололцоотой хэрийн ядуучууд ч “Москвич” тоож авахаа больсон. Дор хаяж л “Приус” авна. Хөдөөд малчид маань малаа приусээрээ хариулдаг болсон.

Намайг иймэрхүү зүйл хэлээдэхсэн чинь Цензургүй ихэд олзуурхан Деточкин царайлан жүжиглэж билээ. Үнэндээ Улаанбаатарын гудамжинд “Москвич” харагдахгүй л байгаа шүү дээ. Гэхдээ л “Приус” хөлөглөсөн манай зарим иргэд ядуугаараа түрээ барьдаг. Приусээрээ малдаа явж байгаа нэг малчин камер хармагцаа ядуугаа гайхуулж байна билээ!

Манайхан сүүлийн үед Цензургүй зэрэг, жийп унасан баячуудыгаа деточкин маягаар нүд үзүүрлэх болжээ. Цензургүй маань “Цензургүй”-г бүтээх сэтгүүлчийн нөр их хөдөлмөрөөр, шударгаар жийптэй болсон юм шүү дээ. Түүний жийпийг хулгайлж аваад ядууст приус болгон тараасан Деточкин өдгөө манайд л лав “ардын баатар” болохгүй байх!

Социализмын үед хоёр мянгаадхан суудлын машинтай байсан улс өнөөдөр зургаан зуун мянган суудлын машин унаж байна. Суудлын машины тоо ардчиллын үед даруй гурван зуу дахин нэмэгджээ.

Барууны орнуудад эхнэр нөхөр хоёр тус тусдаа машинтай байдаг гэхэд мэл гайхдаг байсан социалист монголын олон айлын эхнэр, нөхөр өнөөдөрардчиллын ачаар тус тусдаа машин унадаг болоод байна.

Социализмын үед, суудлын машин унадаг хоёр мянга орчим хүнээс бусадмонголчууд туранхай, нарийн гоолиг байсан билээ. Яагаад гэвэл өдөржин явган гүйнэ, автобусанд чихцэлдэнэ, мах сүүнд очёрлоно, ховор бараанд алалдана, байнга байхгүй тул таргалуулах амттан маш бага хэрэглэнэ. “Хоёр зээрд”-ийнхээ хүчээр л өдрийг залгуулж байв. Хөдөөнийхөн морио унаад малаа хариулдаг байсан. Нэгдэл уналганы мориноос өөр унаа өгөхгүй юм чинь.

Тураах дасгалын фитнесс заал, эрүүл хоолны газрууд энэ тэр гэж байгаагүй. Тийм зүйлс хэрэггүй байсан. Тэртээ тэргүй өдөржин хоолоо олж авах гэж хүч үзэн “фитнесс” хийдэг байлаа шүү дээ. Ардчиллын ачаар ихэнх хүн машинтай болсон. Одоо, эрүүл мэндээ бодож алхдаг цөөхөн залуусыг эс тооцвол манайхан хоёр зуун метр ч алхахаа байсан. Малаа хүртэл мотоцикл, машинаараа хариулан бэлчээдэг болсон. Мах сүүнд оочёрлон, ховор бараанд алалдахаа байсан. Угаасаа ховор бараа гэж байхгүй болсон. Дэлгүүрийн лангуун дээр амтат идээ бялхдаг болсон.

Энэ бүхнээс болоод монголчуудын биеийн жин социализмын үеийнхээс дунджаар 15 кг-аар нэмэгдсэн. Нийтээрээ хэт таргалах эмгэгтэй болсон. Өнөөдрийн монгол эрэгтэй, эмэгтэй хүний галбир эвдэрсэн. Бэлхүүс өргөн, бөгс оцгор, гүзээ урагш түрсэн, ер нь найман сартай жирэмсэн эх шиг галбиртай болсон.

Ардчилал монголчуудын галбирыг эвдсэн. Ардчилал монголчуудыг хэт таргалалтын эмгэгтэй болгосон. Хэт таргалалтаас болоод иргэд маань даралттай, сахартай тулуйтай болсон. Энэ бол Ардчилалын өдүүлсэн нэг “завхрал” мөн!

Тийм учраас манай тамирчин Ерөнхийлөгч маань уурлаад, Путины айлчлалтай зэрэгцүүлэн “Завхрал тодорсон сүүлийн гучин жил” хэмээн Ардчилал руу дайрсан үгтэй илгээлтийг УИХ руу явуулсан биз!

Өөрөөр Ардчилалыг гутаах санаатай бол би л хувьдаа Ерөнхийлөгчийг “ёстой хуцлаа л байна!” хэмээх болно. Уг нь Улсынхаа Ерөнхийлөгчийг ингэх нь зохисгүй бүдүүлэг л дээ.

Гэхдээ Х.Баттулга Ардчилалаас урваад зогсохгүй сүүлийн үед түүнийг тэвчихээ больж, далим гарвал гутааж байна шүү дээ! “Завхарсан гучин жил” гээд байхдаа яахав дээ. Арай ч дээ ?! Түүний Путин ч Ардчилалыг улаан цайм хэл амаар доромжилж зүрхлээгүй байгаа!

Э.Бат-Үүл

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. зочин гуай өгүүлрүүн:

    өөрөө ажиллаад зүтгээд амьдралаа босгоод автомашиныг аваад амьдралдаа хэрэглээд байнаа л гэж боддог байлаа.гэтэл би өөрөө биш ардчилалаар авхуулж уначихаад хүний юмаар л хүүдэгнээд байжээ.авч өгсөн баримтаа дэлгээд энийгээ ирж авахгүй юу даа.харин яаж өөрөө нэг юм авч унах вэ.

    • Зочин гуай өгүүлрүүн:

      Чи “өөрөө ажиллаап амьдралаа босгоод автомашиныг аваад хэрэглээд байх тийм боломж хуучин нийгэмд байгаагүй” юм. Ардчилал чамд тэр боломжийг чинь авч өгсөн юм аав ээж өвөө эмээ нараасаа асуу

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*