Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

П.Түвшинжаргал: Чойбалсан хотын бүтээн байгуулалтад төмөр замын оруулсан хувь нэмэр их

УБТЗ-ын Баянтүмэн тасгийн дарга: Пэрэнлэйн ТҮВШИНЖАРГАЛ

Хэрлэн сумын наймдугаар баг буюу Төмөр зам гэж аймгийн төвөөс зайдуухан амьдрал буцалсан газар бий. Жил бүрийн есдүгээр сард Төмөр замын баяр морь уралдан, бөх барилдаж нижгэр сайхан болдгийг хэн хүнгүй мэднэ. Энэ жил Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойтой давхцан Баянтүмэний Төмөр замын 80 жилийн ой тохиож байна. Улаанбаатар Төмөр замын Баянтүмэн тасаг ойн баяраа угтаж вагоны
музей байгуулах, ажилчдын эрүүл мэнд хөдөлгөөний идэвхийг дэмжих зорилгоор фитнессийн танхим байгуулах, Эрээнцав, Хэрлэн өртөөг цахилгаантай холбох гээд олон ажлыг төлөвлөн хийж байна. Найман арван жилийн буурал түүхтэй Баянтүмэн Төмөр замын тасгийн дарга П.Түвшинжаргалыг “Дорнод зон” сэтгүүл урилаа.

– Дорнод аймагт Төмөр зам байгуулагдсан он цаг Халхголын дайнтай тоолбол нас чацуу юм байна. Түүхт 80 жилийнхээ ойтой золгож буй Баянтүмэний Төмөр зам өнөөдөр хэрхэн ажиллаж байна вэ?
– Дорнод аймагт 1939 онд анх төмөр зам тавьж, 1956 он хүртэл цэргийн зориулалтаар ашигласан. 1956 оноос хойш Орос, Монгол хоёр улсын Засгийн газрын шийдвэрээр энэ төмөр замыг манайд бэлэглэсэн юм. Энэ зам бол 238 км урттай Монголын хамгийн анхны өргөн царигийн төмөр зам. Социализмын үед Чойбалсан хотод Хивс, Ноос, Гурил, Махкомбинат гээд олон үйлдвэр, хотыг тойрсон цэргийн анги нэгтгэлүүд байсан. Тэр бүх үйлдвэр цэргийн ангийн хангалт, тоног төхөөрөмж, түүхий эд материал, ачаа барааг ОХУаас төмөр замаар тээвэрлэдэг байжээ. Чойбалсан хотыг бүтээн байгуулахад хэрэглэсэн бүх л барилгын материал, бараа таваарыг төмөр замаар тээвэрлэж авчирч байв. Бидний Дорнод аймаг, Чойбалсан хот 21 аймаг хотоос илүү цэцэглэн хөгжихөд төмөр замын ач тус их байсан шүү. Үүнийг л бодоход зам дагаж хөгжил ирдэг гэж яах аргагүй үнэн үг. Баянтүмэн тасаг 1980-аад оны үед жилд нэг сая 200 мянган тонн ачаа боловсруулж байсан бол, одоо Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компаниас өөр ачаа тээвэрлэхгүй байна. “Шинь шинь” компани ачаагаа манайхаас ачиж ОХУ-аар дамжин Хятад улсруу тээвэрлэдэг. Зүүн гурван аймгийн нефтийн бүтээгдэхүүн ОХУ-аас Баянтүмэнд тээвэрлэгдэн орж ирдэг. 16000 хүн ажил амьдралаа залгуулдаг Улаанбаатар Төмөр замын Баянтүмэн тасагт 230 гаруй хүн ажиллаж Монголын төмөр замын өртөөг зүүн хязгаарт үргэлжлүүлж байна.

– Та Төмөр замтай ажил амьдралаа холбосон үүх түүхээс хүүрнээч.
– Би Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат хүн. Баян-Уул сумын 10 жилийн сургуулийг 1982 онд төгссөн. Арван жилийн сургууль төгсөөд Москвагийн Төмөр замын дээд сургуульд ашиглалтын инженерийн ангид сурсан. Тухайн үед Монгол улс зах зээлийн нийгэмд шилжиж тавдугаар курсын амралтаар нутагтаа ирээд буцаж сургуульдаа очоогүй. Амьдралын эрхээр олон жил Орос руу наймаа хийсэн. Бүх л зүйлд тодорхой цаг хугацаа хэм хэмжээ гэж бий. Ганзагын наймаанд ч гэсэн оргил үе байж, тэр цаг үе нь дууссан даа. Би нутгаасаа холдоогүй ээ, 2001 он хүртэл нутагтаа амьдарсан. Москвагийн Төмөр замын дээд сургуульд Монголоос 10 уулаа очсон. Найз нар минь бүгд мэргэжлээрээ ажиллаж байна. 2000 оны үед Москвад хамт сурч байсан найз минь Улаанбаатар төмөр замын Москва хот дахь төлөөлөгчөөр ажилладаг байлаа. Тэр нөхөр нутагтаа ирж манай хэд уулзалдах болсон юм. Би ч их нэрэлхүү хүн. Сургууль соёлоо төгссөн биш уулзалтад явахгүй гэсэн нь эхнэр юу ярьж байгаа юм таван жил хамт сурсан найз нартайгаа уулз гэж ятгаад Улаанбаатар явуулсан. Найз нарынхаа уулзалтад очсон минь Төмөр замд хөл тавих учрал тохиол бүрдсэн дээ. Найз нартайгаа уулзаад оюутан байсан цаг хугацаа одоо үеийн амьдрал ахуй гээд түмэн зүйлийг ярилцаж дурсаж суухад тэд нар маань намайг одоо сургуулиа төгс гэж байна. Би “Одоо яах юм бэ” гэтэл “Чи дипломгүй л болохоос инженер хүн. Бид дэмжинэ.” гэсэн. Арав гаруй жилийн дараа мэргэжлийнхээ дипломоо авч болох үгүйд эргэлзэж байлаа. Тэгсэн нь Улаанбаатар Төмөр замын вагоны албаны дарга Л.Болд тухайн үеийн УБТЗ-ын ерөнхий инженер байсан “Чамд Монголд, Москвад аль алинд сурах боломж байна” гэж зөвлөсөн. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, хэзээ хойно Монголын төмөр замын дээд сургууль төгссөн дөө. Сургуулиа төгсөж 2004 онд Улаанбаатар төмөр замын ЗамынҮүдийн тасагт шилжүүлэн ачих ангид 13 жил ажиллаж, 2017 онд Баянтүмэн Төмөр замын тасгийн даргаар томилогдон ирсэн. Манай эхнэр Төмөр замын унаган хүүхэд. Манай гэр бүл өмнө нь Төмөр замд амьдарч байлаа. Баянтүмэн тасгийн даргаар томилогдож ирэхэд мэдэхгүй танихгүй газар огт биш, харин ч миний төрж өссөн нутаг, хийж дадсан ажил байсан.

– Монголын Төмөр зам гэх их айлын ачааны хүндийг үүрдэг Замын-Үүдийн тасагт ажиллаж байжээ. Ямар ажлын байран дээр байв?
– Төмөр замд бүх зүйл шат дараатай байдаг. Шууд мэргэжлээрээ ажиллана гэж үгүй. Дагалдангаас л ажлаа эхлэнэ шүү дээ. Би Төмөр замд ачаа вагон хүлээлцэгчээр Замынүүдийн шилжүүлэн ачих ангид олон жил ажилласан. Ачаа вагон хүлээлцэх хэсгээс л төмөр замын тээвэрлэлт эхэлдэг. Тэнд ачааны бичиг баримтыг бүрдүүлэх ачих, тээвэрлэх, буулгах, хүлээж авах гээд бүх ажлыг гүйцэтгэдэг. Би Замын-Үүдийн Төмөр замын тасагт дагалдан, пуүлэгч, ээлжийн ахлагч, диспетчер, цехийн дарга Хөдөлмөр хамгааллын инженер гээд бүх л ажлыг хийсэн. 40 насыг шүргэж энэ их айлд хөл тавихдаа хойш сууж, хойрго хандаж байгаагүй ээ. Хүнд ачаа, орон нутаг чингэлгийн тээвэр, шилжүүлэн ачилт гээд ачаа бараа буулгах ачих төмөр замын халуун цэгт ханцуй шамлан ажиллаж байлаа. Ажлын ачаалал даадаг хүмүүс л Төмөр замд ажиллаж ажлын ард гарна шүү дээ. Төмөр замын ажилчид ажлын ачаалал даадаг байхаас гадна ажлыг зөв зохион байгуулах чадвартай байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ их ажлыг нугална. Улаанбаатар төмөр замын Замын-Үүдийн ШАА-д Монголын Төмөр замын орлогын 80 хувийг ганцаараа бүрдүүлдэг онцлогтой байсан. Миний ажиллах хугацаанд хоногийн 24 цагийн нэг ээлжинд л гэхэд 200 сая төгрөгийн орлого ордог байх жишээний. Магадгүй Замын-Үүдээс өөр газарт ажиллаж байсан бол би энд ирэх байсан уу, үгүй юу мэдэхгүй. Манай Төмөр замд ажлаас хойш суусан, хөдөлгөөн удаан хүн тэнцэхгүй. Төмөр замын ажил хүнд хөдөлмөрийн хүмүүжил суулгадаг байх.

– Төмөр замчид цаг бол алт гэх үгний утгыг хором мөч бүхэнд мэдэрч нэг минут нэг секунд анхаарлаа сарниулах эрхгүй өндөр хариуцлага хүлээдэг байх ?
– Өө тэгэлгүй яахав. Цагийг ягштал барьдаг хүмүүс гэвэл төмөр замчид шүү дээ. Төмөр замын мэргэжил хүнд хариуцлага сахилга бат суулгадаг. Нэг хором ч алдаж болохгүй өндөр хариуцлагатай алба. Манай албыг хагас цэргийн зохион байгуулалттай алба ч гэж нэрлэдэг. Галт тэрэг цагаасаа минут хоцорч хөдөлнө гэсэн ойлголт байхгүй ш дээ. Хүний амь нас, эд хөрөнгө бүхий л үнэ цэнэтэй зүйлийг тээж тээвэрлэдэг галт тэрэг цагтаа хөдлөхгүй бол юу болохов. Би багадаа Дашбалбар сумын бага сургуульд сурдаг байлаа л даа. Монгол хэлний Лувсанцэрэн багш манай ангийн багш байсан. Зургадугаар ангидаа Монгол хэлний улсын олимпиадад ангиараа түрүүлж би бүлгийн дарга байсан болохоор ХБНГУ-д хүүхдийн зусланд амрах эрхээр шагнуулж байв. Белгелин Пекийн нэрэмжит хүүхдийн зусланд 39 хоног амрахдаа Германчууд цагийг ягштал барихыг нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн. Би хүүхэд учраас очсон дариудаа мэдэхгүй цагаа барихгүй хоолноосоо хоцорно. Тэгж л хүүхэд насандаа л цаг хугацааны үнэ цэнийг ойлгож цаг барих соёл хариуцлагад суралцсан. Цаг барина гэдэг зөвхөн цагтаа ирэхийн нэр биш. Цаг барина гэдэг цагтаа ажлаа хийх, бусдад болон өөртөө, ажилдаа аливаа юманд хандах хариуцлага. Энэ бол хувь хүний соёл, зохион байгуулалт.

– Таны хувьд тал нутгийн Төмөр замын ирээдүйг яаж хардаг вэ?
– Би ирээдүйг нь сайхнаар хардаг. Улс орны эдийн засаг хөгжихийн хэрээр төмөр замын
тээвэр хөгжинө. Дэлхий дээр агаарын, усан, автомашины гээд олон төрлийн тээвэрлэлт байна. Үүн дотор төмөр замын тээвэр хамгийн зардал багатайд тооцогддог. Та бүхэн сонсож байсан байх. Дорнод аймгийн Матад суманд Хөөт гэж нүүрсний уурхай бий. Энэ нүүрсний уурхайгаас Бичигтийн боомт руу төмөр зам тавихаар яригдаж байна. Хятадын тал цаанаасаа Бичигтийн боомт хүртэл төмөр замаа тавьчихсан. Бид Баянтүмэнгээс Хөөт рүү төмөр зам тавих юм бол Орос, Монгол, Хятад гурван улсыг холбосон Монголын Төмөр замын зүүн коридор бий болно. ОХУ Забайкалаар Манжуур луу гарч байгаа төмөр замын ачааллаа дийлэхгүй болж байна. Тэр урсгал манайхаар дамжиж эдийн засгийн маш том урсгал бий болно. Манай Баянтүмэний Төмөр зам ОХУ-аас энд хүрээд зогсдог мухар зам. Бид 80 жилийн түүхтэй энэ байгууламжаа цааш үргэлжлүүлэх ёстой. Монгол улсад хойд хилээс урд хил рүү нэвт гарсан нэг л төмөр зам бий. Хоёр дахь нь Баянтүмэний Төмөр зам байх боломжтой. Тавантолгой, Зүүнбаянгийн төмөр замыг үргэлжлүүлэх, Эрдэнэтийн төмөр замыг ОХУ-тай холбох, Сайншандыг Хөөттэй холбох гээд Монгол орны хаа л бол хаа хүрэх төмөр замын сүлжээ байгуулах боломж бидэнд байна.

– Нутаг ус аав ээжийнхээ тухай яриач?
– Аав минь Дорнод аймаг Дашбалбар сумын хүн. Сум нэгдлийн даргаар 20 жил ажилласан Пэрэнлэй гэж хүн байсан. Миний аав Дорнод аймгийн Гэгээрлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан түүх газарзүйн багш мэргэжилтэй хүн л дээ. МУБИС-ийн онц төгсөгчдийн самбарт аавын минь нэр бий. Оюутан байхдаа УБИСийн онц төгсөгчдийн самбараас аавынхаа нэрийг хараад удам судраараа бахархаж байлаа. Миний ээж мөн багш хүн. Би айлын зургаан хүүхдийн дундах нь. Аавыг 1967 онд Баян-Уул сумын сургуулийн захирал байхад нь нутгийнхан нь нутгийхаа хүнээ нэгдлийн дарга болгоно гэж урьж нэгдлийн даргаар тавьсан юм билээ. Сум нэгдлээс нь Гавъяат нэгдэлчин, Хөдөлмөрийн баатарт хэдэн удаа тодорхойлсон боловч аав өөрөө татгалзаж нэгдлийн саальчнаа Гавъяат болгосон гэдэг. Миний аав тийм л хүний төлөө сэтгэлтэй бичиг номын хүн байсан. Дээр үед улс нутагтаа нэрээ дуурсгасан мундаг багш нар олон байсан ш дээ. Миний аав тэр л хүмүүсийн нэг. Би бага ангидаа Цэрэн, дунд ангидаа Лувсанцэрэн, ахлах ангидаа Жаргал гэж агуу багш нараар хичээл заалгаж байсандаа талархаж явдаг юм. – Та юу сонирхдог вэ? – Би спортод дуртай. Бага байхаасаа ширээний теннисээр хичээллэсэн. Наймдугаар ангидаа улсын аварга шалгаруулах тэмцээнээс ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, багийн төрөлд хүрэл медаль хүртэж Дорнод аймагт анх удаа ширээний теннисний төрлөөр медаль авчирч байлаа. Есдүгээр ангидаа мөн УАШТ-ээс хос медаль хүртсэн. Москва хотод Төмөр замын дээд сургуульд сурч байхдаа спортоосоо хөндийрсөн хэдий ч орхиогүй ээ. Наймдугаар сарын 23-ны өдөр Төмөр замын аварга шалгаруулах тэмцээнд оролцож тоосоо өргөнө дөө.

– Ярилцсанд баярлалаа.

Дорнод зон сэтгүүл
DornodMedia.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Манлайлагч мундаг найздаа баяр хүргэе.Төмөр зам гэж том айлыг авч яваа чалварлаг удирдагч танд улам их ажлын амжилт хүсье

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*