Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ч.Машаа: Монголын худалдаа, үйлчилгээний салбарт ИННОВАЦИ нэвтрүүлэхээр ажиллаж байна

Бид дижитал технологийн үсрэнгүй хөгжлийн үед амьдарч байгаа билээ. Бүх зүйлс өдрөөс өдөрт ухаалаг болж, бид бүгдийн хэрэглээг хялбарчилж байна. Тэгвэл хэрэглэгчдийн хэрэгцээг улам хялбарчлахад голчлон ажиллаж байгаа бас нэгэн компани болох “Одо эко системс”-н захирал Ч.Машаатай уулзаж ярилцлаа.

  • Сайн байна уу? Бидний ярилцлагыг хүлээн авч ярилцаж байгаад баярлалаа. Хамгийн түрүүнд та өөрийгөө танилцуулахгүй юу. Таны талаар мэдээлэл бага зэрэг ховор байлаа.

Би ер нь технологийн хүн биш, 14 жилийн турш жижиглэн худалдаа, борлуулалт, дистрибьютерийн компаниудад менежерээс гүйцэтгэх захирал хүртэл дэвшиж чадсан хүн байгаа. Ер нь бол 2005 оноос хойш л борлуулалтын шинэ арга, техникийг хөгжүүлж явна даа.

  • Тэгвэл Одо ордерийн хувьд нэлээд туршлагатай мэргэжлийн гэж хэлж болох юм байна тийм үү?

Тийм ээ. Манай одо эко систем бол технологийн компани. Харин технологи дотроо жижиглэн худалдааны салбарт технологийн инноваци нэвтрүүлж байгаа гэсэн үг. Гэхдээ технологийн инноваци хийхдээ, дан ганц технологийн программист ч юм уу, кодоор хийгээгүй байх нь. Харин энэ салбарт олон жил ажилласан туршлагатай хүмүүсийн салбартаа ажилласан туршлага дээр үндэслээд, дээрээс нь хамтран үүсгэн байгуулсан хүмүүс дандаа Японд төгсөөд, Японы хамгийн том компаниудад ажиллаж байгаад ирсэн туршлагатай инженерүүд байгаа юм. Манай багийнхан бол дандаа л Японы fujitsu, hitachi зэрэг томоохон компаниудад ажиллаж байсан хүмүүс байгаа. Ингээд нэг талаас жижиглэн худалдааны салбарт ажиллаж байсан хүмүүс, нөгөө талаас шинжлэх ухаан технологийн салбартаа ажиллаж байсан туршлагатай хүмүүс хамтраад энэ борлуулалт худалдааны салбарт шинэ инноваци, шинэ бүтээгдэхүүнийг гаргаж ирж байгаа гэсэн үг.

  • Одо эко системс нь ер нь хэзээнээс үүсгэн байгуулагдаад, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм бол оо?

Бид 2016 онд байгуулалгдсан. Хамгийн анх “ibarimt” нэртэй үнэгүй кассын программ гаргаж, ажилаа эхлүүлж байсан. Нэг хэсэг ихэнх жижиг дэлгүүрүүд кассын программаас болоод хэцүүхэн байсан. Учир нь кассын программ гадуур их үнэтэй байсан. Яг тэр л үед манайх үнэгүй кассын программаа гаргаж, ажлаа эхлүүлж байсан гэсэн үг. Одоо тэр өдрөөс хойш 3 жил өнгөрсөн байгаа ба түүнээс хойш нийт 2000 гаруй хэрэглэгчид манай үнэгүй кассын системийг одоог хүртэл ашиглаж байна.

Энэ гурван жилийнхээ хугацаанд бид зөвхөн кассын системээс гадна борлуулалт жижиглэнгийн худалдааны эко системийг бий болгох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод “Одо ордер” захиалгын системийг хөгжүүлж зах зээлд гаргасан байгаа. Энэхүү системээ бид 2 сарын өмнө зах зээлд анх танилцуулж эхэлсэн. Харин энэ хоёр сарын хугацаанд 30 гаруй аж ахуйн нэгж гэрээ байгуулаад ороод ирсэн байх жишээтэй. Тэр тундаа дандаа Монголын топ компаниуд байгаа. Энэ нь нэгдүгээрт хэрэгцээ шаардлагаа олж чадсан байна, хоёрдугаарт цаг үеэ олсон байна, гуравдугаарт чанарын шаардлагыг нь хангасан байна. Ийм гурван шаардлагыг хангаж чадсан учраас энэ богино хугацаанд тэдгээр том компаниуд манай системийг сонгон орж байна гэж бид харж байгаа. Бүгдээрээ л цагаа, зардлаа хэмнэх сонирхолтой байгаа шүү дээ. Тиймээс манайх цаг үеэ олж борлуулалтыг бүрэн дижитал болгож эхэлж чадсан байгаа юм.

  • Одо ордер одоохондоо байгууллага хамт олны хооронд үйлчилгээгээ нэвтрүүлсэн байгаа. Тэгвэл хувь хүн, гэр бүлийн хэрэгцээнд нэвтрэх боломж ер нь хэр байгаа вэ?

Бидний эхний зорилго бол дэлгүүр болон бараа нийлүүлэгчдийг холбох байсан. Жишээлбэл одоо гэрээ хийгдсэн байгаа гучаад ААН-үүд нь ойролцоогоор 5000 дэлгүүрүүдтэй дижиталаар холбогдчихлоо гэсэн үг. Харин холбогдчихсон юм чинь, одоо хоорондоо хамтарч ажиллаж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цаг хугацаа бараг алдагүй, ерөнхийдөө бараг зардалгүй шахам аргаар хоорондоо харьцаад бизнесийн уян хатан ажиллах боломж бүрдээд ирж байна гэсэн үг. Хэрвээ энэ хүмүүс хоорондоо холбогдох юм бол цаашлаад хувь хүн буюу эцсийн хэрэглэгчийг дэлгүүрүүдтэй нь холбож эхэлнэ гэсэн үг. Ер нь бол технологийн боломж байгаа ч алхам алхамаар урагшлах хэрэгтэй. Мэдээж хэрэг шууд бүх зүйлийг шийдчихнэ гэж байхгүй шүү дээ. Тиймээс эхний зорилгоо биелүүлж, BtoB буюу бизнес эрхлэгчийг, бизнес эрхлэгчидтэй нь холбоод өгчихөж байгаа юм.

  • Танай Одо эко системсийн бас нэгэн үйлчилгээ болох “a-b” түгээлтийн системийн тухай

А-гаас Б гэсэн утгатай a-b хэмээх ачаа тээврийн систем нь ер нь баруунд ашиглагдаж байгаа UBER таксины системтэй төстэй гэж хэлж болно. Гэхдээ UBER бол такси үйлчилгээ, харин манайх бол ачааны машины үйлчилгээ л гэж ойлгох хэрэгтэй. Жишээ нь энэ олон дэлгүүрүүд бараагаа захиалчихдаг, тэгтэл магадгүй зарим нийлүүлэгчдийнх нь хүргэлтийн унаа нь хүрэхгүй тохиолдолд сул зогсож байгаа, өөрт ойр байгаа машинтай хүнийг манай системээр дамжуулан захиалж болж байгаа юм. Өөрөөр хэлбэл түгээлтийн олон машин авч байхын оронд өөрөө машинтай хэрнээ сул зогсож байгаа хүмүүсийг бага өртгөөр ажиллуулна л гэсэн үг.

  • Тэгэхээр борлуулалт, худалдааны үйл ажиллагааг цогцоор нь шийдэх гэж байгаа гэсэн үг үү?

Тийм ээ, ер нь дижитал бүтээгдэхүүнүүд бол аливаа зүйлийг цогцоор нь шийдэх гэж л хичээж байдаг юм. Жишээлбэл өнөөдөр 21 аймаг бүгд л ургацаар хураах хэрэгтэй болж байна. Тэгтэл тарьсан ногоогоо Улаанбаатар хот руу түгээх хэрэгтэй болох үед унаа хэрэг болдог. Харин манай системийн тусламжтайгаар заавал өөрийн унаа тэрэг хайлгүйгээр, аймагтаа ачаагаа буулгачихаад хот руу сул явах гээд байсан унааг харьцангуй бага үнээр хөлсөн авах боломжтой болно гэсэн үг. Энэ нь хүмүүсийн цаг завыг хэмнээд зогсохгүй, мөнгийг нь ч хэмнэх боломжыг олгож байгаа юм. Гэхдээ энэ систем маань хараахан нэвтрээгүй байна. Харин бидний одоогийн төлөвлөгөөгөөр бол энэ 9-р сард гарахаар байгаа.

  • Танай компани саяхан нэгэн тэмцээнд оролцсон байсан, тэр тэмцээнийхээ амжилтын тухай хувалцаач

Тус тэмцээн бол дэлхийн 85 улсад зэрэг зохион байгуулагдсан “Seed Star” хэмээх гарааны бизнесүүдийг шалгаруулдаг шалгаруулалт байсан юм. Тус тэмцээний хамт олон бол сая манайд ирээд 40 гаруй гарааны бизнесийн компаниудын дунд шалгаруулалт хийсэн юм байна лээ. Харин түүнээс 10 компани шалгаруулсны нэг нь манайх байсан. Өөрөөр хэлбэл манай компани Монголын энэ жилийн шилдэг 10 гарааны бизнесийн компанийн нэг болсон гэсэн үг.

  • За, бидний ярилцлага ерөнхийдөө дуусах дөхөж байна. Тиймээс уншигчиддаа хандаад хэлэх үг байна уу?

Ер нь технологийн эрин зуун эхлэсэн өнөө үед энэ салбарын мэргэжилтгүүд их дутагдалтай байгаа. Монголын программ хангамж, Java гэх мэтчилэн технологийн салбарт мэргэшсэн залуусыг Япон гэх мэт томоохон газруудаас авч ажиллуулах сонирхолтой байдаг. Манай ахлах программист Даваадорж бол Японы тэргүүлэх “Sucia” хэмээх төлбөрийн картын систем дээр ажиллаж байсан хүн байгаа. Ирээд ердөө 14 л хонож байна. Харин энэ хүн маань Монголынхоо шинэ залуу, технологи суръя гэсэн залуучуудад үнэгүй сургалтыг манай компани дээр зохион байгуулах гэж байгаа. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлж, цаашид программ хангамжийн чиглэлээр ажиллах сонирхолтой залуучуудыг манай компани үнэгүй суралцаад, туршлагажаад, цаашлаад Японд ажиллах боломжтой болно гэсэн үг юм.

  • Үнэхээр сайхан мэдээ байна. Залууст ийм хэрэгтэй ажлыг зохион байгуулах гэж байгаад үнэхээр талархууштай байна. За, ингээд ярилцлагынхаа буланг өндөрлөцгөөе. Бидний урилгыг хүлээн авч, ярилцсан танд баярлалаа.

Бэлтгэсэн: Оюун- Эрдэм

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*