Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Асар том астероид дэлхийд унаснаас үлэг гүрвэлүүд устсаныг эрдэмтэд дахин батлав

Техасын их сургуулийн эрдэмтэд Мексик улсын Юкатаны хойгт оршдог астероид унасан газраас 2016 онд цуглуулсан чулуулгын дээжийг шинжилж дуусаад тайлангаа PNAS шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлжээ.

Энэ газарт 66 сая жилийн өмнө 12 км өргөнтэй астероид унаснаас тухайн үед дэлхий дээр амьдарч байсан амьтдын 75 хувь устсан гэдэг.

Астероидын уналтаас бий болсон Чиксулуб нэртэй асар том тогооны ёроолын хад чулуунаас энэхүү гамшгийн эхний 24 цагийн дотор ямар үйл явдлууд болсныг судалж тогтоожээ. Өөрөөр хэлбэл хаданд бичигдсэн түүхэн баримтыг тайлж уншсан юм.

Гамшгийн хүч нь дэлхийн хоёрдугаар дайны үед Японы хотуудад дэлбэлсэн атомын бөмбөгний хүчээс 10 тэрбум дахин их байсныг тогтоосон байна. Үүний улмаас астероид унасан газраас 1,500 км радиус дотрох газар гал түймэрт хуйхлагдсан бөгөөд асар хүчтэй цунами тэр үеийн Америк тивийн газар нутгийг дайрчээ.

Энэ хүрээнд амьдарч байсан үлэг гүрвэлүүд галд шатаж, цунамид урсаж үрэгдсэн гэж дүгнэсэн байна. Харин дэлхийн бусад хэсэгт амьдарч байсан амьтад дараагийн шатанд үүссэн их хүйтрэлтээс болж амиа алдацгаасан байна.

Астероид унасан тогоон дотрох хад чулуулгийн бүтцэд хүхэр байгаагүй бол тогооны ойролцоох газрын чулуулаг хүхрээр баялаг байгааг судалж тогтоожээ.

Эндээс үзвэл астероид мөргөсөн газрын хад чулуулагт хадгалагдаж байсан хүхэр дэлбэрэлтийн улмаас ууршиж агаар мандалд цацагдсан байна. Барагцаалбал 325 тэрбум тонн хүхэр энэ үед агаарт цацагджээ. Энэ үзэгдлийн улмаас агаар мандлыг нарны гэрэл нэвтэлж чадахгүй болсон тул их хүйтрэлт болж, дэлхий дээрх амьдралыг сүйтгэсэн байна.

“Чиксулуб тогооны гол ёроол хэсгийн хад чулууны дээжийг амжилттай цуглуулж чадсан нь миний олон жилийн судалгааны ажлын үр жимс нь байлаа. Тухайн үед болсон үйл явдлыг ингэж дэлгэрэнгүй ойлгоно гэдэг үнэхээр гайхалтай” гэж судалгааг ахалсан Техасын их сургуулийн профессор Шон Гулик ярьжээ.

Эх сурвалж: CNN

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*