Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Арын замын тендерт аймгаас нэг ч компани оролцоогүй тул “Арцсуврага” ХХК өрсөлдөгчгүй шалгарчээ

Чойбалсан хотын арын /5,5 км/ төв замын өргөтгөлийн ажил сунжирч байгаад иргэд бухимдалтай байна. Уг ажил 10,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр 2019 оны төсвийн тухай хуульд тусгагдсан бөгөөд гүйцэтгэгч “Арц суврага” ХХК нь энэ жил 4,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсаас авч байгаа юм.

Замыг заавал энэ компаниар бариулах шаардлага байсан уу, аймгийнхаа компаниар бариулж яагаад болоогүй вэ, энэ компанитай холбоотой мөнгө угаах үйл ажиллагаа байгаа юм биш биз гэх зэрэг хардлага иргэдийн дунд хөвөрч буй. Бид энэ талаар тодруулж, тендер шалгаруулалт хэрхэн явагдсан тухай дараахь мэдээллийг бэлтгэлээ.

-Арын төв замын тендерт Дорнодын компаниуд оролцох боломжтой байсан ч оролцоогүй байна-

Аливаа тендер шалгаруулалтыг хот, хөдөө гэлтгүй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын http://tender.gov.mn вэбсайтаар зохион байгуулдаг журамтай.

Тендерт оролцохыг хүссэн хэн ч байршил үл хамааран дээрх сайтад хандаж, материалаа цахимаар илгээх ба тендер задарсаны дараа хэн хэдэн төгрөгийн санал оруулж, хэн нь ялалт байгуулав гэдгийг ил тодоор харуулдаг. Иймээс улсын хэмжээнд бүхий л баялаг бүтээгч пүүс, компаниуд өдөр тутам энэхүү сайтыг ашиглаж, тендерийн мэдээллээ авч, өрсөлддөг байна.

Зам тээврийн хөгжлийн яамнаас аймгийн төв замын тендерийг 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр зарлаж, https://www.tender.gov.mn/ хаягаар оруулсан байдаг. Тендерийн бүхий л материалыг сонирхсон хүн бүр эндээс татан авч үзэх боломжтой бөгөөд үүн дотор Төв замын зураг төсөв, ТЭЗҮ багтаж байна.

ЭНД дарж тендерийн сайт дахь дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

Ингээд 30 хоногийн дараа буюу 2019 оны 5-р сарын 3-ны өдөр тендер задрахад тендерт  “Арц суврага” гэдэг ганцхан компани материалаа илгээсэн байжээ. Өөрөөр хэлбэл, тус компани өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулсан бөгөөд Дорнод аймгийн компаниуд зам барих үнийн санал илгээж, өрсөлдөн оролцох бүхий л боломжоо ашиглалгүй, Улаанбаатар хотын дээрх компанид “бэлэглэсэн” байх юм.

ЭНД дарж тендерийн үр дүнгийн мэдээллийг үзнэ үү.

Бид тендерт шалгарч, гэрээ байгуулсан “Арц суврага” ХХК-ийн мэдээллийг УБЕГ-ын opendata сангаас сонирхож үзлээ. Ш.Алтансүх захиралтай тус компани нь 2006 онд байгуулагдсан бөгөөд хатуу хучилттай авто зам барих зөвшөөрөлтэй. Энд нэгэн сонирхолтой баримт байгаа нь тус компанийн тодорхой хувийг “Монголын алт МАК” ХХК эзэмшдэг аж.

ЭНД дарж “Арцсуврага” ХХК-ийн хувь эзэмшлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

-Зам, тээврийн хөгжлийн яам замын зураг төсвийг нуусан уу?-

Аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга Б.Энх-Отгон “Манай аймаг захиалагч биш. ЗТХЯ захиалагч учраас зураг төсвөө бидэнд үзүүлэхгүй байна” хэмээн сэтгүүлчдэд мэдээлж байв. Тэгвэл арын төв замын тендерийн баримт бичгийг хүссэн хүн бүр дээрх tender.gov.mn сайтаас татаж авч үзэх боломжтойг дахин дуулгахад илүүдэхгүй биз.

Түүнчлэн “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын зүгээс “Арын төв замын зураг төсөвт дэд бүтцийн шугам сүлжээ зайлуулах зардлыг тусгалгүй орхигдуулсан байна” гэж мэдэгдсэн. Уг зардал тусгагдаагүйгээс болж, ажил тодорхой хэмжээгээр удааширсан бололтой.

Гэтэл замын зураг төсөв, ТЭЗҮ-г Дорнод аймгийн холбогдох агентлаг, хэлтсийн дарга, удирдлагууд бүгд тойруулан хянаж, баталцгаасан байх бөгөөд эдгээр гарын үсэг дунд Дорнод НАА ОНӨААТҮГ-ын дарга Г.Баярсайханы гарын үсэг, тамга тэмдэг ч цохиж явааг доорх зургаас үзэж болох юм.

Зураг төсвийн 1-р хуудас: (Зураг төсвийг бүрэн эхээр нь эндээс татаж авч үзэх боломжтой)

Ямартай ч орон нутгийн удирдлагууд дээрх дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдвэрлэж, замын ажил хэвийн үргэлжлэх боломж нөхцлийг бүрдүүлж өгөх биз ээ.

-Арын төв замыг хэзээ барьж дуусгахаар төлөвлөсөн бэ?-

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Монгол Улсын төсвийн тухай хуульд дээрх ажлын санхүүжилт 10,9 тэрбум төгрөгийг 2019-2020 онд дамнуулан олгохоор тусгуулсан. 2019 онд 4,7 тэрбумыг улсын төсвөөс олгоно. Гэхдээ гүйцэтгэгч компани ажлаа энэ онд багтаан өөрийн хөрөнгө, хүчин чадлаар гүйцэтгэж дуусгана. Ирэх оны төсвөөс үлдэгдэл санхүүжилтийг нь олгоно” гэж мэдэгдсэн.

Тендерийн урилга дээр “Ажил гүйцэтгэж, хүлээлгэн өгөх хугацаа”-г тодорхой заадаг. Tender.gov.mn сайт дахь арын төв замын тендерийн урилгад “Гүйцэтгэгч компани ажлаа 2019 оны 10 дугаар сарын 30-ны дотор өдөр гүйцэтгэж дуусгах” шаардлагыг заан тэмдэглэжээ.

Ийнхүү “Арцсуврага” ХХК  энэ онд багтааж, ажлаа дуусгах үүрэг хүлээсэн боловч гүйцэтгэл хангалтгүй, энэ жилдээ барих үүрэг амлалт талаар өнгөрөх шинжтэй байна. Тус компани хүний нөөц, техник хэрэгслийн хүчин чадавхи муутай байгаа нь олны нүдэнд илхэн байгаа. Дээр нь Улаанбаатар хотын Налайх дүүрэгт замын ажил давхар авсан нь Дорнодын замыг гацаахад хүргээд буй бололтой.

Гэлээ ч гүйцэтгэгчид “Энэ оны 10-р сарын 30-ны дотор авто замын хучилтаа хийж дуусгана. Ирэх хавар явган болон унадаг дугуйн замаа барина” хэмээн амласаар буй.

Манай аймгийн зүгээс шийдэх нэг чухал асуудал тулгамдсаар байгаа нь газар чөлөөлөлт. Замын ажилд хамгийн их тээг, тушаа болж байсан Шүр захын хойд уулзвар дахь “МТ” ШТС газраа чөлөөлж өгөхөөр болоод байгаа бол шүүхийн шийдвэрт хураагдсан “Жаст ойл” ШТС-ын газар өнөөг хүртэл шийдлээ хүлээсэн хэвээр байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Энэ хачин компаниа ажлаа хурдан хий гэж шахаад өгөөчээ аймгийн даргашуу ухаантай юмнууд аа. Машин тэрэг дуу ороод хэцүүдлээ.

  2. Зрчин гуай өгүүлрүүн:

    Энэ мэдээллийг бичсэн хүн зүгээр иргэдийг төөрөгдүүлэх гэсэн худлаа шоу байна. Зүгээр л иргэдийн анхаарлыг өөрөөсөө холдуулах гэсэн нэг арга байна. Энд тавьсан мэдээлэлд нэгч үнэн зүйл алга. Мөн юу ч мэдэхгүй, мэдлэггүй хүн байна

  3. Zochin гуай өгүүлрүүн:

    Ац суваргын 2инжинэр хэлэхдээ хүлээлгэж өгөх хугацааг ирэх онд гэж хэлсэн.энэ мэдээлэлээс харахөд 10сар 30нд дуусгах ёстой гэх юм.хэрэв тийм бол захаас нь эхлээд замаа тавиад явж болохгүй бсан юм уу ямарч байсан юм асуухаар их биеээ тоосон 2 нөхөр байна лээ.хурдан тавиаачээ Замд саад бологч МТ ЖАСТ ын ШТСын хавтанг түрээд хуулаад замаа хурдан тавиа ард түмэн бид толгойнуудаараа хариуцъя аа.энд газар ашиглах өмчлөх эрх гагцхүү аймагт байгаа хэнч бүү марга

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*