Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Төрийн байгууллагууд мэдээлэл өгөхгүй бол шүүхэд гомдол гаргаж болно”

Төрийн байгууллагууд нь олон нийтэд хүргэх боломжтой мэдээллийг өгдөггүй, өгөхөөс татгалздаг байдлыг судалгаагаар тогтоожээ. Тэгвэл Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт ямар байгааг судлахаар тодорхой асуудлаар судалгаа хийжээ. Судалгааны  талаар хуульч, судлаач Л.Галбаатараас тодрууллаа.


-Судалгаагаар төрийн байгууллага мэдээлэл өгөхдөө хэр байна вэ?

-Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт ямар байгааг судлахаар тодорхой асуудлаар мэдээлэл өгөх хүсэлтийг төрийн өмчийн 16  байгууллагад явуулсан. Ингэхдээ олон нийтэд мэдээлэх боломжтой мэдээллийн талаарх хүсэлт явуулсан юм. Хүсэлт явуулсан 16 байгууллагын гурав нь л бүрэн мэдээлэл ирүүлсэн. Бусад төрийн байгууллага нь мэдээлэл өгөхөөс зайлсхийсэн. Мөн мэдээллийг бүрэн өгөхгүй байх асуудал түгээмэл байна. Энэ байдал нь Төрийн үйл ажиллагааны ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн  хэрэгжилтэд хяналт тавих механизм байхгүйтэй холбоотой. Нөгөө талаас энэ байдал нь Төрийн болон албаны нууцын тухай хуульд  нийцэхгүй байна. Нууцлах ёсгүй, нууцын жагсаалтад ороогүй мэдээллийг нууцалдаг, ийм мэдээллийг өгөхөөс татгалздаг. Ингэж иргэдийг мэдээлэлтэй байлгахаас зайлсхийж, мэдээлэлгүй байлгана гэдэг нь ардчилалд сөргөөр нөлөөлж байгаа юм. Төрийн нууцын жагсаалтыг Засгийн газраас баталдаг. Гэтэл Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб гээд нууцын хууль тогтоомжийг илүү сайн мэдэх байгууллагууд нь боломжтой мэдээллийг өгөхөөс татгалзаж байна.

-Шалтгаан нь?

-Нууцын жагсаалт нь өөрөө нууц тул ямар ч мэдээлэл өгөх боломжгүй гэдэг.  Гэтэл Төрийн нууцын жагсаалт нь өөрөө нууцад  багтаагүй байдаг. Мэдээллийн ил тод байдлын тухай хуульд батлагдсан дүрэм, журмыг ил байлгана гэсэн байдаг. Нууцын жагсаалтыг дүрэм, журам хэлбэрээр баталдаг.

-Боломжтой мэдээллийг өгөхөөс татгалзаж байгаа байгууллагад тооцох хариуцлага бий юу?

-Үүнийг Төрийн албаны хуулиар зохицуулсан байдаг. Үндсэндээ сахилгын шийтгэлээр зохицуулагдана. Мөн мэдээлэл өгөхгүй байгаа тохиолдолд тухайн байгууллагын удирдлагад гомдол гаргаж болно. Эсвэл Хүний эрхийн үндэсний комисс, болон шүүхэд гомдол гаргаж болно. Гэхдээ хууль батлагдсан цагаас хойш Хүний эрхийн үндэсний комисст энэ талаарх гомдол гурван удаа л ирсэн байдаг. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Тиймээс Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд байнга хяналт тавьдаг, хэрэгжүүлэхийн тулд араас нь явдаг нэгжтэй байх шаардлагатай байна.

-Байгууллагууд “манайх энэ асуудлыг мэдэхгүй, өөр газраас асуу” гэх тохиолдол их гардаг. Энэ тохиолдолд яах вэ?

-Тухайн байгууллагад мэдээлэл байхгүй бол хүсэлтийг байгаа газарт нь хоёр хоногийн дотор шилжүүлж, мэдээлэл хүссэн этгээдэд мэдэгдсэн байх ёстой.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*