Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Шинэ сумын бүтээн байгуулалтад 500 гаруй хүн оролцжээ

Дорнод аймгийн Халхгол сумынхан “Шинэ сумын төв”-өө хүлээн авлаа. Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Халхгол сумыг шинээр барих ажил өнгөрсөн онд эхэлсэн юм.

ОХУ-ын “Роснефть” компанийн найман сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн уг бүтээн байгуулалтад Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламж багтаж байгаа юм. Мөн дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдэж, сумын орон сууц, аж ахуйн нэгжийн барилгыг дулаанаар хангах гурван уурын зуух шинээр барьжээ. Түүнчлэн ОХУ-ын Эрхүү мужаас бэлэглэсэн маршал Г.К.Жуковын дөрвөн метр өндөр морьт хөшөөг Халхгол суманд босголоо. Бүтээн байгуулалтын ажилд “Их модун” ХХК, Зэвсэгт хүчний 138, 110 дугаар барилгын цэргийн ангийн алба хаагчид, сумын иргэд зэрэг 500 гаруй хүн оролцжээ.

Тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн шинэ сум төслийн нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ “Шинэ сумын төв нь Монгол-Зөвлөлтийн баатарлаг дайчдын ариун цус, энх цагт Монгол-Зөвлөлтийн барилгачдын хөлс шингэсэн энэ нутагт бослоо. Шинэ цагийн энэ бүтээн байгуулалтад Халхголын залгамж үе маань мэндэлж, өсч бойжиж, сурч хүмүүжиж, эрдэм соёлын шимийг хүртэнэ. Монгол Улс, Оросын Холбооны Улсын найрамдал нөхөрлөл үеийн үед мөнхрөхийн нэгэн үндэс энэ” хэмээн онцоллоо.

МОНЦАМЭ Дорнод

Д.Дэлгэрмаа

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*