Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Монгол Улс В.Путины айлчлалаас юутай хоцров

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын хүрээнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсэн 10 баримт бичигт гарын үсэг зурсан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар ганцаарчилж уулзацгаасан юм. Айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж, найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэлд хүргэснээрээ онцлогтой болж өнгөрлөө. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал Монгол Улсад ямар үр өгөөжтэй болсон талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нараас тодруулж, байр суурийг нь сонирхлоо.


Д.ЦОГТБААТАР: 100 ТЭРБУМ РУБЛИЙН ЗЭЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН САЛБАРТ ЗАРЦУУЛНА

-Монгол, Оросын хооронд хамгийн суурь гэрээ болох 1993 онд байгуулагдсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчилж, иж бүрэн түншлэл стратегийн түвшинд хүрч байгаагаа тусгаж, хугацаагүй болголоо. Энэ бол түүхэн хэлэлцээр. Шинэ Монгол Улс, ОХУ-ын хоорондын харилцааны гол суурийг тавьж өгсөн эрх зүйн бааз шүү дээ. Дандаа өөрчлөгдөөд байхгүй, харилцаа шинэ шатанд гарч ирж байгаа учраас шинэчилсэн. Энэ бол зүгээр нэг яриа биш. Ард нь мэдээллийн технологи, боловсрол, шинжлэх ухаан, инновацын тал дээр хоёр тал нягт хамтран ажиллах тал дээр гэрээндээ тусгаж өгсөн. Үүний хажуугаар 10 гэрээ хэлэлцээр байгуулагдсан. Энд эдийн засгийн ач холбогдолтой олон гэрээ байгуулагдсан.

Жишээлбэл, хоёр орны хооронд худалдаа ярихдаа бараа материал ярьдаг. Гэтэл орчин үед үйлчилгээний худалдаа гэдэг нь маш том орон зайг эзэлдэг. Шинэ боломж, шинэ ажлын байр, шинэ орлогын эх үүсвэрийг бий болгодог салбар. Хоёр төрийн тэргүүн ярьж байсан. Учир нь, Монгол Улсын хөдөө, аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх асуудлыг хоёр талдаа анхаарч ажиллах ёстой. Тэр утгаараа малаа эрүүлжүүлэх тал дээр ОХУ-тай хамтарч ажиллаж ирсэн. Үүнийгээ илүү үр дүнтэй өргөжүүлэх ёстой. Энэ бүхнээ дагаад экспортынхоо жинг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Үүнийгээ илэн далангүй ОХУ-тай ярилцаж байгаа. Харин 100 тэрбум рублийн зээлийн асуудлыг төмөр замын салбарт хэрэглэх, яг тодорхой нэг салбарт хөрөнгө оруулалт хийгээд явах асуудал яригдаж байна. Өмнө нь хэд, хэдэн салбар яригдаж байсан. Одоо бол төмөр замын салбарт зарцуулахаар тогтсон.

Халхын голын ялалтын 80 жилийн ой гэдэг бол томоохон үйл ажиллагаа. Энэхүү ялалтын баярыг зүгээр тэмдэглэх биш хоёр улс төрийнхөө түвшинд үнэлж ирсэн. Энэ нь бидний үнэтэй зүйл юм. Өнөөдөр баяраа хамтарч тэмдэглэж байна. Энэ нь харилцааны сэтгэхүйн суурь орчин байгааг харуулж байна. Энэ суурь, сэтгэхүйн орчныг онцолж ярьж байгаа нь цаанаасаа ундарч байгаа олон сая хүний бие биеэ дэмжих тэр харилцааг ярьж байна. Энэ бол хоёр улсын хамгийн чухал асуудал юм.

Ц.ДАВААСҮРЭН: ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ДОТООД ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

-Манай хоёр оронд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг. Өнөөдөр өдөр тутам ОХУ-ын эрчим хүчний системтэй холбогдож зохицуулалт хийж байна. Өөрөөр хэлбэл, дутагдсанаа авч илүүдсэнээ шөнөдөө зохицуулж байна. Тиймээс өдөр тутам ОХУ-ын системтэй уялдаатай ажилладаг гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг найдвартай байлгах, эрчим хүчний системийн дотоод эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг тодорхой асуудал яригдаж явж байна.

Үүний нэг нь IV цахилгаан станцын дөрвөн генераторын хүчин чадлыг нэмэх, сая эхний генераторын үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Энэ жилдээ хоёр генератор ашиглалтад орно. Нийт 40 мега ваттын нэмэлт хүчин чадал бий болно. Жилд 60-80 мега ваттаар шинэ хэрэглээ бий болж байдаг. Үүний 50 хувийг хангана. Ирэх онд үлдсэн хоёр генератор ашиглалтад орно. Нийтдээ 90 мега ваттын шинэ станц шиг хүчин чадал бий болж байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Цаашлаад III цахилгаан станцын өргөтгөл дээр ОХУ-тай хамтарч ажиллах чиглэлээр яриад явж байна. Харин саяын айлчлалаар компани хооронд Азийн супер сүлжээний хүрээнд хамтарч ажиллах гэрээ байгуулж байгаа харагдана билээ.

Б.ЭНХ-АМГАЛАН: ОРОСЫН ТАЛ ХАНГИ МАНДАЛ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛСЭН

ОХУ-ын “Оросын төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг”-ийн Ерөнхийлөгчтэй уулзсан. Цаг орчим ярилцсан. Энэ хугацаанд төмөр замын шинэчлэлийн бүх асуудлаар ярилцлаа. Улаанбаатар төмөр замын суурь бүтцийг шинэчлэх нь тулгамдсан асуудал. Энэ асуудлыг яаралтай шийдэх ёстой гэдэг зарчмын байр сууриа илэрхийлсэн. Улаанбаатар төмөр замын суурь бүтцийг шинэчлэх 240 сая ам.долларын зээлийн асуудал шийдсэн. Энэ зээлийг яаралтай авч ажиллах, суурь бүтцээ яаралтай шинэчлэх ажилд санал нэгдлээ. Дээр нь шинэ төмөр замуудын бүтээн байгуулалтын ажилд хамтарч оролцох асуудлыг хөндсөн. Өмнө нь ОХУ, Монгол, БНХАУ-ын төрийн тэргүүн нар уулзаж байхдаа ОХУ-ын Ерөнхийлөгч Ханги мандлаас Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцох хүсэлтээ хэлсэн байдаг.

Ханги Мандлаас Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд оролцоход бэлэн байгаагаа Оросын талаас илэрхийлсэн. Үүний хамт баруун бүсийн Арц суурийн чиглэлийн төмөр замаа ч явуулж Кураганы чиглэлийн замтай холбох нь зүйтэй гэдэгт байр сууриа нэгтгэлээ.  Өмнө нь 100 тэрбум рублийн зээл яригдаж байсан. ОХУ-ын талаас энэ зээлийг төмөр зам болон эрчим хүчний салбарт оруулах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тиймээс энэ хөрөнгөөр шинэ төмөр зам болон Улаанбаатар төмөр замын шинэчлэлд зарцуулахаар тогтоод байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Юу ч үгүй хоцорчээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*