Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аавдаа дайнд яваад ирье гэдгээ хэлж чадалгүй мордож билээ

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ой Дорнод аймагт төдийгүй улс орон даяар сүр дуулиантай боллоо. Дайны халуун цэгт амь биеэ үл хайрлан тэмцэж явсан ахмад дайчид энгэр дүүрэн одон гялалзуулан ирсэн нь энэ үйл явдлын амьд гэрч байлаа. Баяндун сумын зоригт буриад басгад Халхын голын байлдаанд оролцож, гавьяа байгуулалцаж явсан түүх 1980 оноос яригдаж эхэлжээ. 40 жил дарагдсан энэ түүхэн үйл явдлын гэрч өдгөө энх тунх амьдарч 97 насыг зооглож яваа ахмад дайчин Ц.Чимэдцэрэн гуай эрэлхэг 16 охиноос амьд үлдсэн цорын ганц хүн нь юм. Ойн баярын үеэр түүнтэй хөөрөлдөхөөр очиход буриад хувцсаа иж бүрэн агсаж, гоёсон самгадыг тойруулчихсан гунигтайхан атлаа гэгэлгэн, ухаарал, уярал томсон буриад ардын дуу “Мянган голын бялзуухай”, “Алтаргана”, “Наран булаг” дууг уянгалагхан дуулж суув.

 

-Юуны өмнө Халхын голын байлдааны түүхт 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та дайн болохоос өмнөх хүүхэд насны дурсамжаасаа хуваалцана уу?

-Баярлалаа. Сурч мэдэх их хүсэл тэмүүлэлтэй хүүхэд байлаа. Орос хүүхдүүдтэй тоглосоор байгаад орос  хэл гадарладаг болсон. Хүргэн ах маань Оросоос ирээд, надад хуучин монгол бичиг зааж өгсөн нь миний амьдралын замыг нээсэн гэж боддог. Учир нь намайг 12 настай байхад Баяндун сумын төвд Сүүн завод байгуулагдаж, хоёр жил эрхлэгчээр ажилласан. Бичиг үсэг гадарладаг болохоор ажилд авсан хэрэг. Зуун литрийн торхоор цөцгий үйлдвэрлэж Сүүн заводод тушаана шүү дээ.

-Та чинь тэгвэл багаасаа хал үзэж, халуун чулуу долоожээ. 15 насандаа Халх голын дайнд Баяндун сумынхаа  16 охиныг толгойлон оролцуулсан түүх танаас эхлэлтэй гэдэг?

-Япончууд 1939 оны тавдугаар сард дайн зарлалгүй, манай улс руу довтолсон болохоор эрчүүд дайнд мордсон байлаа. Охид Баяндун сумын төвд түр суралцаж байв. 14-18 насны 45 охин суралцаж байлаа. Би 15 настай байсан.  Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга Н.Аюуш дайны гамшгийн тухай бидэнд ярьж өгөхөд бид гар хумхиад зүгээр сууж чадахгүй, эх орноо хамгаална гэж 22 охин дуу нэгтэй боссон юм. Бидний хүсэлтийг намын үүрийн дарга, аймгийн цэргийн хэлтэст танилцуулаад 16 охиныг авч явахаар болсон доо.  Зарим нь эсэргүүний хүүхэд гээд хасагдсан шиг байгаа юм.

-Ингээд дайнд мордоно гэхэд ар гэрээс нь хориглоогүй юу?

-Ээж маань багад бурхан болсон. Аав маань хөдөө мал дээр байсан. Би сумын төвд байсан болохоор аавдаа дайнд явна гэдгээ хэлж чадаагүй мордсон. Тавдугаар сарын эхээр яваад 11 дүгээр сард цэргийн эмнэлэг татан бууж, тэндээ үндсэн ажилтнаар үлдсэн дээ.

-80 жилийн өмнө олон хоног үхэр тэргээр явж байхдаа та хэд юу эсийг ярих вэ, яг юу бодож, төсөөлж, мөрөөдөж явсан бол?

-Баяндунгаас долоон өртөө газар /нэг өртөө нь долоон км/ үхэр тэргээр долоо хоног  явж байж аймгийн төвд хүрдэг.  Хурдан очих юм сан. Биднийг очиход авах болов уу гэж санаа зовж байсан. Яагаад гэвэл насанд хүрээгүй болохоор тэр газар нь авах ч юм уу, үгүй ч юм уу гэж л бодож явлаа.

-Цэцэг цэврүү шиг 14-16 насны жаахан охид дайны хүнд үед ямар ямар үүрэг гүйцэтгэж байсан бэ?

-Аймгийн төвөөс Баянтүмэнгийн цэргийн эмнэлэг рүү автомашины тэвшин дээр биднийг суулгаад хүргэж өгсөн. Орос сургагч эмч, эмнэлгийн ажилчид угтаж аваад найман ханатай, хоёр эсгий гэрт хуваагдаж байрласнаа тод санаж байна. Анх очоод л Дорнодын тавдугаар дивизийн цэргийн эмнэлэгт ажилласан.  Тогооч, сувилагч, цагаан хэрэглэл угаагч, индүүдэгч гээд л чадах бүхнээ хийж байлаа шүү дээ. Сумын даргын охин Ж.Цэмпэлмаа бид хоёр сувилагч болсон.

-Хүүхдээрээ шахуу амьтад эх орныхоо төлөө тангараг өргөж, дайны халуун цэгт орохоосоо өмнө сувилагчийн дамжаанд сууж бэлтгэгдэж байв уу?

-Шууд л цэргийн эмнэлэгт очиж, орос эмчийн заавраар бүх юмыг эхнээс нь сурч байлаа. Дайнд шархадсан өвчтөнүүдэд шууд гардан эмчилгээ хийж эхэлсэн. Их бууны шархтан бол маш хүнд. Зуны халуунд шарх нь идээлсэн, өвчиндөө дэмийрч, хоёр гурав хоног тарчилж байгаад л амь тавьдаг. Эмнэлгийн байшин шархтнаар дүүрч, арав гаруй гэр нэмж барьсан ч дүүрээд л зүрх шимширмээр байлаа.

 

 

Халхын гол шиг аймшигтай дайн өөр үзээгүй.

 

 

-Үхэл, зовлон үзэж хар багаасаа хатуужил үзэхдээ хэр их уйлж байв даа?

-Заримдаа ч уйлж л явсан. Заримдаа ч нулимсаа залгиж л явсан. Япончууд Алаг морьтын гүүр, Баянцагаан, Хайлааст, Халхын гол хүртэл цөмрөн орж ирээд хаяанд шахуу үхлийн үнэр нь ханхалсан тэр үеүдэд үргэлж айдас түгшүүртэй байдаг байсан.  Дайснууд 12 бөмбөгдөгч онгоцтой аймгийн дээгүүр эргэлдэж, бөмбөгдөөд, пулемётоор шүршиж байхад ч бид итгэл алдаагүй юм шүү. Одоо дорнод аймгийн Чойбалсан хотын төвд анхны бөмбөг хаясан түүхэн газар бий.

 -Хаана, юунд ирчих вэ дээ, харих юм сан гэж гэр орноо санаж байв уу?

-Санаж байгаагүй ээ. Зорьсон хэргээ бүтээж, нэг ч гэсэн хүний амь насыг аврах юм сан гэж бодож явснаас харья, буцъя гэж халгаж байсангүй.

-Шархадсан цэргүүд дунд нутаг орны таньдаг хүн гарч байв уу?

-Олон аймгаас ирсэн цэргүүд байсан болохоор танихгүй л дээ. Голдуу баруун аймгийн хүүхдүүд байсан. Орос цэргүүд нь Хэнтий аймагт 55 дугаар госпиталь эмчлүүлж байсан.

-Өдгөөгөөс 80 жилийн өмнө Халхын голын байлдааны ялалтын мэдээг сонсоод ямар санагдаж байсан бэ?

-Япон бууж өглөө, дайн зогслоо гэж зарласан. Тухайн үед ямар сольют молют байх биш. Энх тайван цаг ирлээ гэж баярлаж байлаа.

-Дайнд оролцсон 16 охид бүгд дайнаас эсэн мэнд буцсан уу?

-Бүгд дайнаас эсэн мэнд нутаг буцсан л даа. Гэвч нутаг буцах замд 16 настай Магсарын Цэгмид гэдэг охины унаж явсан морь нь буун дуунаас үргээд,  охин мориндоо чирэгдэж нас барсан харамсалтай түүх бий.

Та дайнаас буцаж ирээд ямар ажил алба хашиж байв даа?

-Аймгийн эмнэлэгт энгийн болоод эмчээр ажиллаж байтал аавын бие муудаад дуудлага авсан. Аав дээрээ очиж асарч байтал аавын бие тэнхэрсэн. Тэгээд байж байтал сумын дарга дуудаж, сумын эмнэлэгт ажилла гэсэн. Ингээд буцаж аймаг руу очиж чадаагүй дээ.

-Таныг 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байсан гэдэг?

 -Тухайн үед цэргийн хангамж сайн байсан. Манай цэргүүд л хилийн голомтон дээр ажиллаж, бид арын албанд зүтгэж байлаа. Халхын гол шиг аймшигтай дайн өөр үзээгүй.

-Таныг бага залуудаа тэмдэглэл хөтөлдөг байсан гэж сонссон. Ер нь ижил нөхөдтэйгөө уулзах зав хэр байсан бэ?

-Бага залуудаа /ичингүйрэн инээмсэглэв/ тэмдэглэл бичдэг байсан. Дайнд очоод тэмдэглэл бичих нь байтугай цай уух ч  завгүй болсон. Үргэлж агаарын дохио өгнө, тэр бүрийд нуувчиндаа орно, шархтнуудаа зөөнө, эмчилнэ, асарна. Халуурсан шархтныхаа амыг нойтон алчуураар норгох, эм тариаг нь цагаар хийх гээд унтах ч завгүй байлаа шүү дээ.

-Энэ баатарлаг үйлсээ үр хүүхдэдээ ярьж байв уу?

 -Цэргийн нууц гээд ярихыг хориглосон байсан. Ихэнх нь насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар тэр л дээ. 1980 оны үед сурвалжлагч Цэнднасаа гэдэг хүнд би өөрийн биеэр уулзаж ярьж өгсөн. Тэр тухай сонин хэвлэлд нийтлэгдэж бидний түүх ил болсон доо.

-Таны гэр бүлийн хүн цэргийн хүн байсан уу? Үр хүүхэд өнөр өтгөн болж байна уу?

-Миний хань Тамсагбулгийн 27 дугаар отрядад хилийн цэргийн хошууч, ахлах нябо Барс гэдэг хүн байсан. Бид хоёр нэг хүү, гурван охинтой. Өдгөө долоон ач, гурван гуч, нийтдээ 20 орчим хүн болжээ.

-Эмээгийнхээ гавьяа үйлсийг залгамжлуулж цэргийн хүн болсон хүн үр удамд нь байна уу?

-Манай хүргэн л /хүргэн рүүгээ заав/ цэргийн хүн байна даа /инээв/

-Таны болон үе тэнгийн охидынх нь гавьяа зүтгэлийг төр хэрхэн үнэлсэн бэ?

-1990 оны дараа Батлан хамгаалах яаманд дайнд оролцсон тухай өргөдөл бичиж өгсөн юм. 16-ийн тав, зургаа нь  орон сууцтай болсон төдийгүй ахмад дайчин цол тэмдгээр шагнуулсан. Эмээ нь Халхын голын ойн медалиуд, ахмад дайчин цол тэмдэг, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнуулж байлаа.

 -Энх цаг ирснээс хойш тогооч болж, олон хүнийг хооллож ундлах буянтай ажил хийж явсан тухайгаа ярина уу?

-Цаг тайван болж 1950 онд хилийн отрядыг татан буулгаж, манай хүн Улаанбаатар хотод Энгэрчандын 31 дүгээр отрядаас Одон тэмдэгт тусгай хороонд нябогоор шилжиж ирсэн. Би Алтай зочид буудалд залны зохион байгуулагчаар ажиллаж байгаад, Худалдааны техникумд нэг жил суралцаж төгсөөд Туул рестораны ахлах тогоочоор очсон. Худалдааны яамны сайдын тушаалаар Сүхбаатар аймгийн Төмөр замын ахлах тогоочоор ажилласан. Буцаж Улаанбаатарт ирээд их сургуулийн гуанзны ахлах тогоочоор ажилласан. Тэтгэвэрт гарахаасаа өмнө Сталины номын сангийн хажууд “Дугуй” гэдэг ресторанд ажиллаж байлаа. Тогоочоор 26 жил тасралтгүй ажиллажээ. Их тэнгэрийн аманд тогооч хийдэг байлаа. Америк, Хятад, Оросын ерөнхийлөгч гээд гадаад, дотоодоос зочид төлөөлөгч их ирнэ. Гурав хоног ажиллаж 900 төгрөг авдаг байсан.

-Та намайг орж ирэхэд их сайхан дуу дуулж байсан. Нэг сайхан буриад дуугаа дуулж өгөөч?

“Алаглан харагдах

Адуунчулууны гоёыг ээ

Андуутай явахад шалгаруулсан (засаж залсан)

Ардын намын гоёыг ээ

Эрээлэн бараалан харагдах

Өврийн чулууны гоёыг уу

Эндүүтэй явахад шалгаруулсан

Эвлэл намын гоёыг ээ”

/”Адуун чулуун” буриад ардын дууг уянгалуулан дуулав/

-Баяндум сумын Наранбулагт Адуун чулуун гэдэг газар дайнд явсан дайчдын нэрийг сийлэн мөнхөлсөн. Тэрхүү адуун мэт догшин, дагшин эрмэг хангал дүртэй ууланд  нутгийн зон олон очиж хүслээ шивнэж, сүслэн залбирч байдаг. Дайнд мордсон 16 охины хөшөөг Адуун чулуунд босгож байгаа. Бидний хөшөөг анх сүрлэг том хийх байсан юм байна лээ. 80 сая төгрөгийн төсөвтэй учир мөнгө төгрөг нь болоогүй юм байлгүй арай багасгасан юм байна лээ. Хөшөөний зургийг нь надад үзүүлсэн л дээ.

-Энх тунх насандаа өөрийнхөө хөшөөг босохыг харна гэдэг юутай их аз завшаан бэ. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулж бүтээсэн “Дайнд мордсон охид” киноны нээлт Чойбалсан хотноо боллоо. Танд ямар санагдав даа?

-Сайхан кино болсон байна лээ. Дайны хүнд үе нүдэнд харагдаж, сэтгэлд мэдрэгдлээ. Гал цогтой залуу халуун насаа зориулж явсан атар цэцэг шиг 15 охиноо үгүйлэн дурсан суув. Буриадын домогт охидын тухай эргэн харахад хоолой зангирч, уйлах шахсан шүү.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*