Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Жамсрангийн Дулмаа (1934-2019)

Эмгэнэл

Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавъяат ажилтан, ахмад дипломатч Жамсрангийн Дулмаа 2019 оны 8 дугаар сарын 29-нд 85 насандаа өвчний учир таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Тэрээр 1934 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд мэндэлж, 1954 онд Чойбалсан хотын 10 жилийн дунд сургууль, 1959 онд ЗХУ-ын Одесса хотын Технологийн дээд сургуулийг тус тус төгсөж, Хүнсний үйлдвэрлэлийн инженер мэргэжил эзэмшсэн.
Жамсрангийн Дулмаа нь ухамсарт амьдралаа Монгол Улсын аж үйлдвэр, хөнгөн хүнсний болон гадаад худалдаа, гадаад харилцааг хөгжүүлэхэд зориулсан нэрт инженер, гарамгай дипломатч, төр нийгмийн зүтгэлтэн бөгөөд
1959-1961 онд Аж үйлдвэрийн яаманд инженер, хэлтсийн дарга,
1961-1962 онд Хүнсний үйлдвэрийн яаманд газрын орлогч дарга,
1962-1968 онд Хүнсний үйлдвэрийн яамны орлогч сайд, 1-р орлогч сайд,
1968-1972 онд Хөнгөн, Хүнсний үйлдвэрийн яаманд 1-р орлогч сайд,
1972-1979 онд БНМАУ-аас ЗХУ-д суух худалдааны төлөөлөгч,
1979-1981 онд Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны сайд,
1981-1984 онд БНМАУ-аас БНАГУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд,
1984-1988 онд Гадаад худалдааны яамны сайд,
1988-1991 онд БНМАУ-аас Чехословак улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд,
1991 оноос Монголын ахмадын хоршоодын холбооны дарга,
1998 оноос Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байв.
Жамсрангийн Дулмаа нь МАХН-ын 17-р их хурлаас Төв хорооны орлогч гишүүн, 18,19-р их хурлаас Намын төв хорооны гишүүн, Ардын Их хурлын 9,10,11-дэх удаагийн сонгуулиар АИХ-ын депутатаар тус тус сонгогдон төр түшилцэж байлаа.
Тэрээр 1960-1970 онд Аж үйлдвэрийн яам, Хүнсний үйлдвэрлэлийн яам, Хөнгөн ба хүнсний үйлдвэрлэлийн яамыг удирдан ажиллаж байхдаа хүнсний бүхий л салбарын үйлдвэрүүдийг өргөтгөн шинээр барих техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, барилга угсралтыг зохион байгуулах, санхүүжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, ашиглалтад оруулах, жигдрүүлэх бүхий л үе шатыг салбарын ууган инженерийн хувьд гарамгай удирдаж, хүчин зүтгэсэн билээ.

Түүнийг Гадаад худалдааны яаманд ажиллаж байх 1970-1980 оны хугацаанд Монголын экспорт, импортын нийт бараа эргэлт 2 дахин нэмэгдсэн байна. Ж.Дулмаа нь элчин сайдаар ажиллаж байхдаа төрийн гадаад бодлогыг боловсруулах, гадаад харилцааг өргөжүүлэхэд хичээн зүтгэж, тухайн ажиллаж байсан улсуудтайгаа улс төр, худалдаа эдийн засаг, соёл боловсролын бүхий л салбарт нягт харилцаа,хамтын ажиллагааг бэхжүүлэн ажилласан гарамгай дипломатч байлаа.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын болон цэргийн ойн медалиар, ЗХУ-ын улс түмний найрамдлын одон, БНАГУ-ын Улс түмний найрамдлын Алтан таван хошуу одон, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор тус тус шагнаж байв.
Жамсрангийн Дулмаа таны оюунлаг саруул ухаан, туйлын хөдөлмөрч, хүнлэг нинжин сэтгэл, эгэл даруу гэгээн дүр төрх тань бидний зүрх сэтгэлд үүрд мөнх хадгалагдан үлдэх болно.

Х.Баттулга
Г.Занданшатар
У.Хүрэлсүх
Д.Цогтбаатар
Х.Болорчулуун
Д.Тэрбишдагва
Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөл
Улаанбаатар хот дахь Дашбалбар сумын нутгийн зөвлөл
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхөд
Дорнод нутгийн зон олон

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*