Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дайны үеийн Баянтүмэн хотыг нуун далдалсан нь…

Ѳнѳѳгийн Чойбалсан хот бол дайны гамшгийг мэдэрч, бѳмбѳгдѳлтѳд ѳртсѳн Монголын цорын ганц хот юм. Тухайн үед юу болсон талаар цухас ѳгүүлье.

1930, 1940-өөд онд Баянтүмэн хотод Монгол Ардын Хувьсгалт Цэргийн хоёрдугаар морьт корпусын командлал, 5-р морин дивиз, түүний ангиуд, ЗХУ-ын Улаан цэргийн 17-р армийн штаб, түүний харьяа зарим ангиуд,нисэх онгоцны төв буудал, цэргийн төв эмнэлэг, зэвсэг, техникийн агуулахууд зэрэг цэргийн чухал объект байрлаж байсны дээр 19З9 оноос Соловъёвск-Баянтүмэний өргөн төмөр зам, Баянтүмэн-Тамсагийн нарийн төмөр замын төв зангилаа зэрэг онцгой объект байсан учир япончуудын сонирхлыг ихэд татдаг газар байжээ.

Иймээс 1930-аад оны эхний жилүүдээс япончууд энэ чиглэлд тагнуул туршуулаа олон тоогоор идэвхтэй явуулж байжээ. 1939 оны Халхын голын байлдааны үед Монгол-Зөвлөлтийн фронт руу очиж байгаа цэргийн хүч,байлдааны зэвсэг техник Баянтүмэн хотоор дамжин өнгөрч байсан билээ. Энэ бүхэн болон бусад хүчин зүйлээс шалтаг болгон Квантуны армийн удирдлага,дээд байгууллагуудаас зөвшөөрөл авалгүй Баянтүмэн, Тамсагбулаг орчим байгаа Монгол-Зөвлөлтийн цэргийн нисэх буудлуудыг бөмбөгдөж тэнд байгаа байлдааны онгоцуудыг устгахаар шийдвэрлэжээ. Энэ тухай 19З9 оны зургадугаар сарын 26-нд болсон зөвлөлгөөнд Квантуны цэргийн дэд штабын дарга, хошууч генерал Яно Отосабаро оролцож,нисэхийн 2-р армийн командлагчид 6-р сарын 27-ны өглөө гадаад Монголын нутагт байгаа нисэх буудлуудыг бөмбөгдөх тушаал өгчээ.

Гэтэл энэ тухай Дорнод аймгийн удирдлага мэдэж, Баянтүмэн хотыг агаараас өнгөлөн далдлах арга хэмжээ авчээ.

6-р сарын 25-ны өглөө Хэрлэнгийн отрядын дарга Г.Лувсанванчиг, комиссар Г.Сандав нар ангиа түгшүүрийн дохиогоор босгож 70 шахам км-т байгаа Баянтүмэнд морин жагсаалаар ирж, МАХЦ-ийн хангалт үйлчилгээний батальон, Зөвлөлтийн армийн зарим салбарын хамт 6-р сарын 25,26-нд Баянтүмэн хотын бүх байшинг гарын дорхи шарилж, лууль, өвс ногоо зэргээр өнгөлөн далдалж, хотын айлуудын ихэнх нь Хэрлэн голын захаар зусланд гарсан байсан ч хотын төвд буюу ойролцоо байгаа айлуудыг хотоос 25 км-ээс цааш нүүлгэн шилжүүлсэн байна.

Японы нисэх хүчний 2-р армийн командлагч авсан үүргийнхээ дагуу дор дурдсан зохион байгуулалт хийжээ. Үүнд 7-р нисэх бригадын захирагч, хошууч генерал Такаракура Тира хүнд бөмбөгдөгч онгоц 30, 9-р нисэх бригадын захирагч, хошууч генерал Шитано хүнд бөмбөгдөгч онгоц 27, хөнгөн бөмбөгдөгч онгоц 10, 12-р нисэх бригадын захирагч, хошууч генерал Хигаши байлдааны онгоц 80-ыг бүгд 147 онгоцоор Зөвлөлт-Монголын нисэх буудлуудыг бөмбөгдөхөөр шийдвэрлэжээ.

“1939 оны зургадугаар сарын 27-ны өглөө үүр гэгээрэхээс өмнөхөн Хайлар хотын нисэх буудлаас Японы нисэх хүчний 1ОО гаруй онгоц агаарт хөөрч баруун зүг чиг авч явсаар О6 цаг 2О минутад Тамсагбулагийн хээрийн нислэгийн талбайнуудыг бөмбөгдөж эхлэхэд Зөвлөлт-Монголын байлдааны онгоцууд агаарт гарч агаарын байлдаан эхлэв” хэмээн Хөлөнбуйрын харьяат Ц.Авид “Номон ханы дайн” гэдэг номынхоо 85-86-р талд бичжээ.

Хошууч генерал Такаракурагийн удирдсан 30 хүнд бөмбөгдөгч онгоц, 10 гаруй хөнгөн бөмбөгдөгч онгоцоор хамгаалуулан бүгд 42 онгоц Тамсагийн нислэгийн талбайнууд дээгүүр өнгөрөн баруун зүг нислэгээ үргэлжлүүлэн Баянтүмэн хотыг ололгүй Хэрлэн голыг даган нисч хуучин Хэрлэн Бар хотын хоёр цамхаг хүрээд эргэх замдаа Баянтүмэн хотыг олж бөмбөгджээ. Хотын байшингуудыг сайн өнгөлөн далдалсан учир гол чухал газруудыг олж хохирол учруулж чадаагүй байна.

Зөвлөлтийн армийн ангиудын болон МАХЦ-ийн 5-р дивизийн сургуулийн талбай,түлшний хураасан мод, Хорихын байр зэргийг бөмбөгдөж, пулемётоор шүршжээ. Энэ үед Баянтүмэнд байсан нисэхийн ангиуд фронт руу явсан тул хотын хамгаалалтад үлдсэн Зөвлөлтийн гурван дайрагч онгоц агаарт гарч тулалдан Японы гурван онгоцыг устгасан гэдэг. Тэдгээрээс нэг нь Цантын хүрд, хоёрдох нь Хэрлэн голын урд, гурав дахь нь Гурванзагал сумын нутаг Яхи нуурын өмнө Гүнсаваагийн балгасны орчимд унажээ. Амь үрэгдсэн нисгэгчид нь онгоцондоо хүлээтэй үлдэж яс, бугуйн цаг гэх мэт хатуу зүйлийн үлдэгдэл нь 1987 оны үед онгоцныхоо сэгэн дээр байсныг хошууч Ш.Адъяасүрэн олж ирж байсан билээ.

Япончууд Баянтүмэн хотыг бөмбөгдөхөд тэнд цэргийн албан хааж байсан улсын аюулаас хамгаалах байгууллагын ахмад ажилтан, дэд хурандаа Шархүүгийн Бадрах хожим дурсан бичихдээ: “Би Баянтүмэн хотоос зүүн тийш 5,6 км-т Бунхан толгойн баруун талд Монголын нисэх хороонд цэргийн алба хааж байсан юм.Тэр өдөр хорооны комиссар Шагдарсүрэн лагерийн сүүдрэвчинд хичээл зааж байтал өдрийн 12 цагийн үед хахир муухай дуутай нэг онгоц зүүн хойноос баруун урагш явж далд ороод удаагүй байтал баруун өмнөөс 5О-иад онгоц гарч ирж Баянтүмэнийг бөмбөгдөж, пулемётоор буудсан.Манай нислэгийн талбайгаас И-15,И-16 онгоцууд хөөрч агаарт хүч тэнцвэргүй байлдаан болж дайсны хэд,хэдэн онгоц унасаны дараа онгоцууд зүүн зүг нисч далд орсон юм. Бөмбөгдөлтийн дараа нисэх хорооны тусгай ангийн дарга, сүүлд ДЯЯ-ны сайд,хошууч генерал болсон Бат-Очирын Шагдаржав намайг корпусын тусгай хэлтэст мэдээ хүргүүлэхээр явуулахад хотын дотор бөмбөгдөлтөд нэрвэгдсэн хашаа байшингуудаас утаа манарч,хотын дотор тоос босч байсан”гэжээ. /Эх нь Улсын хилийн музейн фондод бий./

Бөмбөгдөлтөд 4 хүн амь эрсэдсэнээс гадна учирсан хохирлын талаар 1939 оны долдугаар сарын 1-ний өдөр бичсэн актанд үзвэл “Эмнэлгийн болон сууцны 4 барилгын цонх хагарч, ханын шавар нурсанаас 1500 төгрөг, суудлын форд машин гараажийн хамт сүйрсэнээс 6000 төгрөг, банзан хашаа эвдэрч, тэрэгний морь 2 алагдсан, бас бус эд аж ахуйн зүйлүүд хэрэгцээгүй болсоноос 1300 төгрөг, бүгд 8800 төгрөгийн хохирол учирсан” гэжээ. /Эх нь Дорнод аймгийн улсын архив Ф-1,Д-1,Х-46/

Үүнтэй холбогдуулан Дорнод аймгийн даргаас 1939 оны 6 дугаар сарын 27-нд тушаал гаргаж дор дурдсан журам тогтоожээ. Үүнд:

1.”АГААР” дохио өгмөгц хэн боловч нуувчинд орж биеэ хамгаалах, ийм үед эмнэлгийн эмч сувилагч,гал сөнөөгчид, агаараас хамгаалах ангийн хүмүүсээс бусад хүн гадуур явахыг хориглоно.

2.Албан газар,ардын байр, конторуудын дэргэд ба олон хүнтэй зах газруудад бие хамгаалах нуувчуудыг энэ шөнийн дотор ухуулахыг цагдан сэргийлэх,хотын захиргааны дарга нарт даалгажээ.

З.Албан газруудыг 24 цагийн жижүүртэй байлгах,эрүүлийг хамгаалах ба эмийн сангууд энэ үед эмнэлгийн тусламж үзүүлэх, мөн цэргийн эмнэлгүүд ардуудад нэгэн адил эмнэлгийн тусламж үзүүлнэ.

4.Шөнийн цагт албан байгууллагууд ба ардууд цонхыг хар хөшигтөй байлгах, машинуудыг гэрэлгүй явуулах, цахилгаан станцыг унтраах.

5.Утасны хороо агаарын дайсны мэдээ авмагц МАХН-ын хороо, аймгийн яам, дотоод яамны хэлтэс, сэргийлэхэд “Агаар” мэдээ өгөх, түргэн тусламжийн машиныг бэлэн байлгах, бусад газрын машинуудыг дайчлах, ”Агаар” мэдээ авмагц хонх цохиж байхыг цагдан сэргийлэх ба Хотын захиргаанд тус тус даалгаж журамласан байна. /Эх нь Дорнод аймгийн намын хорооны намын архив. ф-1.д-1.т-132-133/

Квантуны цэргийн командлал Баянтүмэн, Тамсагбулагийг бөмбөгдсөн явдлаа туйлын амжилттай нүүр бардам боллоо гэж баярлацгааж байлаа. Гэтэл Японы цэргийн төв штаб тэдэнтэй хамт баярласангүй. Анхнаас нь эсэргүүцэж Баянтүмэн, Тамсагбулагийг бөмбөгдөх байлдааны ажиллагааг зогсоох үүрэгтэйгээр Токиогоос дэд хурандаа Аримацуг томилон явуулсан боловч Квантуны цэргийнхэн замд нь саатуулж байж гадаад Монголын нутгийн гүнд бөмбөгдсөн байна. Энэ нь буруудаж Квантуны цэргийн удирдлага Төв штабаасаа зэмлэл хүлээсэн ажээ. Үүнээс шалтгаалан Халхын голын байлдааны саруудад Японы тал дахин Баянтүмэн хотод агаараас халдан довтлоогүй билээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Нүдний булай булай юм зохиож бичих юм. Үнэн түүхээ бичээсэй

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*