Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Баатруудын зоригт залуу нас, золбоо хийморийг ассан галын бадрах дөлөнд онголон оршооё

Халхголын түүхт ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээ өнөөдөр Чойбалсан хотноо Монгол дайчдын хөшөөний өмнө дайнд оролцсон баатруудын гэгээн дурсгалд зориулж Мөнхийн гал бадраах үйл ажиллагаагаар эхэллээ. Арга хэмжээг нээж Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн хэлсэн үгийг хүргэж байна.

Эрхэм хүндэт Дорнодчууд аа

Чойбалсан хотын минь иргэд ээ

Ахмад дайчдын үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд өө

Генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа

Хорьдугаар зууны Монгол оронд болсон Халхын голын дайнд Монгол-Зөвлөлтийн дайчдын байгуулсан баатарлаг ялалт нь манай улсын тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөө, жаргалант амьдралыг батлан хамгаалсан үеийн үед дуурсагдах үүрдийн гавьяат үйлс билээ. Энэхүү түүхэн ялалтын үнэ цэнэ, ач холбогдол нь он цагийн урсгалд ч, үе үеийнхний залгамж холбоонд ч, нийгмийн хөгжлийн сэлгээнд ч бүдгэрч буурах ёсгүйг энэ онд тохиож буй түүхт ялалтын 80 жилийн ой яруу тод харуулж байна.

Тиймээс бид ялалтын баатруудын гавьяат үйлсийг өргөн хүрээтэй сурталчлах, тэдний гэгээн дурсгалыг нандигнан хадгалж хамгаалах, шинэчлэн сэргээх, шинэ баримтаар баяжуулах зэрэг ажлыг эрхэмлэн хийж байна. Түүний нэг нь Монгол дайчдын алдар гавьяаны энэхүү цогцолборт мөнхийн гал асаан бадраах өнөөдрийн ёслол юм.

Энэхүү мөнхийн галыг бүтээхэд бидэнтэй хамтран ажиллаж гардан гүйцэтгэсэн Дорнод тээх компанийн захирал Даваахүү, мөн энэхүү хөшөөг өөрийн хөрөнгөөр засварласан аймгийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Пүрэвгэрэлийн Гэрэлбаатар, гадна талбай, зогсоол, шат, жагсаалын индэрийг засварлах ажлыг гүйцэтгэсэн дэд хурандаа Томиддүүмий захирагчтай Зэвсэгт хүчний 327-р ангийн бие бүрэлдэхүүн, дайны хор уршгийг илтгэх Бөмбөгдөлтийн хөшөөг сэргээн засварласан аймгийн Хурлын Төлөөлөгч ДОЦ ХХК-ийн захирал Базаргүр нартаа Халхын голын дайны баатрууд, тэдний үр хойчийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

1930-аад оны дунд үеэс Дорнод аймгийн нутагт Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 5, 6, 8, 7 дугаар морьт дивиз, их буу, хуягт, холбоо, нисэхийн ангийн салбарууд, хязгаарын цэргийн дөрвөн хороо байлдааны бэлэн байдалд байрлаж байлаа.

1935 оны 01 дүгээр сарын 24-нд Халхын сүмд гарсан буун дуунаас эхлээд 4 жил 5 сарын хугацаанд Японы өдөөсөн их бага хэмжээний 60 удаагийн элдэв өдөөн хатгалга, зэвсэгт тулгаралт, томоохон мөргөлдөөнд манай хилчин дайчид Эх орныхоо сөөм газар, сөөг дэрсний төлөө анхны ялалтуудаа байгуулж алдраа дуурсгаж эхэлжээ.

Халхын голын дайны гал дүрэлзсэн тэр өдрүүдэд Монголын зоригт эрс Зөвлөлтийн дайчидтай мөр зэрэгцэн давшиж, сум тоолон тулалдаж, Японы булаан эзлэх дайнчдыг ялан дийлж, даран сөнөөж ялалт авчирсан. Тиймээс тэд Халхын голын баатрууд гэдэг нэг алдарт нийтээрээ багтдаг юм.

Монгол баатруудын гэгээн дүр, алдар гавьяаг далайсан сэлэм, давхин дүүлсэн морьтой нь цогцлоон дархалж, мөнхжүүлсэн энэ сайхан цогцолбортоо Монгол баатруудынхаа зоригт залуу нас, золбоо хийморийг ассан галын бадрах дөлөнд онголон оршооё.

Даян дэлхийд энх тайван мандтугай

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*