Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Допинг хэрэглэсэн бөхчүүдийг зарлах хугацаа хойшлов

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ. Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдийн шинжилгээний хариуг Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн ч хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар комиссоос энэ сарын 12-ны өдөр олон нийтэд мэдээлсэн.

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны журмын дагуу хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүд арав хоногийн дотор “В” сорьцийг хийлгэх хүсэлт гаргах ёстой гэнэ. Хэрвээ бөхчүүд “А” сорьцийн дүнг хүлээн зөвшөөрвөл албан ёсны мэдээллийг өгөх болохоо Баяр наадмын зохион байгуулах хорооноос мэдэгдсэн.

Ямартай ч өнгөрсөн бямба гаригт  энэ жилийн үндэсний их баяр наадмын түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболд албан ёсны мэдээллээс урьтаж “Зохион байгуулалттай гэмт хэргийн золиос боллоо, миний шээсийг сольсон байна. Хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, шалгаж өгнө үү. Би гуравдагч орон руу хандаж, шинжилгээ өгмөөр байна. Мөн би ДНК шинжилгээг өгмөөр байна” гэж мэдэгдсэн юм.

Тэрбээр энэ сарын 16-ны өдөр баяр наадмыг зохион байгуулах комисст гомдол гаргажээ. Тодруулбал, сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, цахим орчин, мэдээллийн сайтуудаар намайг улсын баяр наадамд барилдахдаа хориотой бодисын жагсаалд орсон эм, бэлдмэл, допинг хэрэглэж аварга цол авсан гэсэн агуулгатай  мэдээллийг олон нийтэд тарааж, миний нэр, төр, алдар хүндэд халдсаар байна.

Тухайлбал, зарим  бөхөөс допинг илэрсэн ч энэ талаар олон нийтэд мэдээлэхгүй шинжилгээний хариуг зарлахгүй байх, шинжилгээний дүнг зориудаар өөрчлөх, сорьцыг будлиантуулах, өөр хүний сорьцыг шинжилгээнд өгөх зарим сорьцыг итгэмжлэгдсэн лаборатирот явуулахгүй үлдээх зэргээр допингтой бөх шударга бусаар улсын цол авсан, түрүүлж үзүүрлэсэн ч тохиолдол байгаа талаарх хардлага сэрдлэг байна.

Энэ асуудлыг би холбогдох чиг үүрэг бүхий хууль хяналтын байгууллагаар шалгуулахын зэрэгцээ миний  сорьцыг будлиантуулсан гэж үзэж өөрийн ДНХ-ийн шинжилгээг хийлгэх болно” гэжээ. Харин үлдсэн бөх хэн болох нь олны анхааралд байгаа. Хэрвээ хориотой бодис хэрэглэсэн бөхчүүд “А” сорьцийг хүлээн зөвшөөрөхгүй “В” сорьцийг шинжлүүлэхээр хүсэлт гаргавал 10 хоногийн дараа нийтэд мэдээллэх ёстой.

Баяр наадмын зохион байгуулах хорооноос мэдэгдснээр бол өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ний өдөр”В” сорьцийн шинжилгээний хамрагдах хүсэлт гаргаагүй бол албан ёсоор мэдэгдэл гаргах ёстой байсан. Гэвч Улсын аварга Э.Оюунболд “А” сорьцийн шинжилгээгээ хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн, нөгөө бөхийн хувьд  Д.Цэрэнтогтох допинг хэрэглэсэн байж болзошгүй гэсэн таамаг бөх сонирхогчид болон олон нийтийн дунд байгаа юм.

Ямартай ч өнөөдөр “В” сорьцийн шинжилгээнд хамрагдах хүсэлт гаргасан эсэх, тэдний нэрийг зарлах  эсэх нь өнөөдөр тодорхой болох юм.

Э.БУРАМ
News.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*