Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хонконгод өрнөж буй үйл явдлыг илэрхийлсэн 10 хүчирхэг гэрэл зураг

Хонконг дахь эсэргүүцлийн жагсаал 10 дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Анх иргэд гэмт хэрэгт холбогдсон иргэдийг Хятадад шилжүүлж шүүлгэх хуулийн төслийг эсэргүүцэн жагсаж байсан бол одоо иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн цагдаа нарыг хараат бус шүүхээр шүүлгэх, гэмт хэргийн сэжигтнийг Хятадад шилжүүлэх хуулийн төслийг бүр мөсөн зогсоох, Бээжингээс томилсон Хонконгийн захирагч Кэрри Ламыг огцруулахыг шаардан тэмцэж байгаа юм.

Тэмцэгчид өмнө нь хотын төвийн томоохон гудамж, метроны буудлуудад эсэргүүцлийн жагсаалаа өрнүүлж байсан бол өнгөрсөн долоо хоногоос эхлэн Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудлыг эзэлж, суулт зарлажээ. Хамгийн сүүлд Хятадын цэрэг Хонконгийн хил рүү ойртож байна гэх мэдээллийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттерт жиргэж, олон улсын хэвлэлүүд ч давхар батлаад байна.

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хонконг дахь жагсаалыг “үймээн самуун, бослого” хэмээн тодорхойлж байгаа бөгөөд Бээжингийн эрх баригчид ч тэмцлийг хүч хэрэглэн зохицуулж магадгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Харин олон улсын хэвлэлүүд, чөлөөт гэрэл зурагчид хоёр сар гаруй үргэлжилж буй Хонконгийн тэмцлийг гэрэл зургийн хальснаа ийнхүү буулгажээ.

 

1. Хонконгийн Засгийн газрын ордны гадна болсон жагсаалын үеэр цагдаагийнхан тэмцэгчид рүү чинжүүний хий цацсан ба иргэд шүхэр ашиглан өөрсдийгөө хамгаалжээ.

Эх сурвалж: Reddit

2. 150 жилийн турш Их Британийн колони байсан Хонконг 1997 онд Хятадын мэдэлд шилжсэн бөгөөд тухайн үед Хонконгийг 2047 он хүртэл бие даасан хууль, эрхзүйн системтэй байлгана гэсэн тохиролцоо хийсний үндсэн дээр Хятадын талд шилжүүлжээ. Гэвч Бээжин сүүлийн жилүүдэд Хонконгийн бие даасан байдалд халдсан шийдвэрүүд гаргах болсон нь хонконгчуудын дургүйцлийг ихээхэн хүргэдэг. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийг Хятадад шилжүүлж шүүлгэх хуулийн төсөл нь мөн үүний илрэл юм. Хэдийгээр хонконгчууд хүчирхийллээс зайлсхийж, тайван эсэргүүцлийн жагсаал өрнүүлж байгаа ч цагдаа нар иргэдийн эсрэг хүч хэрэглэж, бэртээж гэмтээсэн тохиолдол цөөнгүй гарч байна.

Эх сурвалж: New York Times, lamyikfei

3. Жагсагчид зургаадугаар сарын 12-нд Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн гадна жагсаж Засгийн газрын ордон руу орох замыг хаасан байна. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийг Хятадад шилжүүлж шүүлгэх хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахын тулд ийнхүү эсэргүүцжээ.

Эх сурвалж: Apnews, Vincent Yu

4. “Одоогийн байдлаар “Дэлхийн эдийн засгийн төв” гэсэн индексийн гуравдугаарт Хонконг, тавд Шанхай, есдүгээрт Бээжин бичигдэж байна. Гэвч Хятадын эдийн засгийн өсөлт нэмэгдэхийн хэрээр Хонконгийн эдийн засгийн бие даасан байдал алдагдаж, эх газрын зах зээлд найдахаас өөр аргагүй болно” гэсэн утга бүхий зургийн тайлбар бичжээ.

Эх сурвалж: shasha77.daily

5. Жагсагчид Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудлыг эзэлж, суулт зарлав. Үүний улмаас гадаад, дотоодын бүх нислэг цуцлагдсан байна.

Эх сурвалж: Reddit

6. “Эрх мэдэлтнүүд жагсаалд оролцож буй залуучуудыг бослого дэгдээгчид гэдгээс өөрөөр харахгүй байна. Харин энэ зураг бол тэдний эсрэг барьж буй хамгийн хүнлэг, хайр татам хариу юм. Цагдаа нар Мэй Фу өртөөн дээр байсан жагсагчид руу нулимс асгаруулах хий цацсаны дараахан..” гэсэн тайлбар бичжээ.

Эх сурвалж: James Pomfret

7. Наймдугаар сарын 12-нд Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудалд болсон суултын үеэр жагсагчид “Хонконгийн чөлөөл, бидний хувьсгалын цаг” гэсэн бичигтэй туг барьсан байв.

Эх сурвалж: Reuters, Tyrone Siu

8. Наймдугаар сарын 13-нд Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудалд болсон жагсаалын үеэр тэмцэгчид дотогшоо нэвтрэхээр завдаж буй зорчигчдыг зогсоохын тулд тэргэнцэр ашиглан хаалт босгожээ. Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн хэд хэдэн метроны буудлуудад цагдаа, тэмцэгчдийн хооронд мөргөлдөөн гарч, олон хүн бэртсэн байна. Мөн жагсаалд оролцож байсан нэгэн эмэгтэй нүдэндээ гэмтэл авч, хараагүй болсон нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэжээ.

Эх сурвалж: Reuters, Tyrone Siu

9. “Шүхэрт хувьсгал” хэмээгддэг 2014 оны томоохон тэмцэлд оролцсон иргэд “Lennon Wall”-ийг бүтээжээ. Уг хана бүхэлдээ ардчилал, чөлөөт, хараат бус байдлыг шаардсан хүмүүсийн зурвасаар дүүрчээ.

Эх сурвалж: Apnews, Kin Cheung

10. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийг Хятадад шилжүүлж шүүлгэх хуулийн төслийг эсэргүүцсэн хонконгчууд зургаадугаар сарын 9-нд анх тайван жагсаал эхлүүлсэн юм. Эхний жагсаалд нийт 240 мянган иргэн оролцсон бол хоёр дахь жагсаалд нэг сая хүн оролцож хүрээгээ тэлсэн юм. Иргэдийн эсэргүүцлээс үүдэн хотын захирагч Кэрри Лам тус хуулийн хэлэлцүүлгийг цуцалж, жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэндээ уучлал гуйсан юм. Харин Конконгийн иргэд эл үйлдлийг хангалтгүй хэмээн үзэж хотын захирагчийг огцруулахыг шаардан дахин жагсчээ. Хонконг нийт 7.5 сая хүн амтай бөгөөд гурав дахь жагсаалд 2 сая иргэн оролцсон гэх тооцоо гарсан юм.

Өнгөрсөн долоодугаар сарын сүүлээр залуучуудын эсрэг хүч хэрэглэхийг эсэргүүцэн, цагдаа нарт шаардлага тавьж буй өндөр настны зураг цахим орчинд таржээ. Залуу үеэ хамгаалж зоригтойгоор үзэл бодлоо илэрхийлсэн өндөр настан иргэдийн хайр, талархлыг хүртэж, Хонконгийн жагсагчдын бэлгэ тэмдэг хэмээгдсэн юм. Уг зургийг сэтгүүлч, гэрэл зурагчин Лаурел Чор авчээ.

Эх сурвалж: L

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*