Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ш.Пүрэвсүрэн: Гацууртын ордын хүнцлийн хэмжээ стандартаас 8,000 дахин их байна

Ноён уулын шүүх хурал уржигдар товлогдсон ч дахин хойшилсон. Энэ үеэр Ноён уулыг ухуулахын эсрэг тэмцэж байгаа эрдэмтэн, доктор Ш.Пүрэвсүрэнтэй ярилцсан юм.

-Ноён уулыг ухуулахгүй гэдэг байр суурийг та бүхэн тууштай барьж байгаа. Үүнээс гадна Гацууртын орд орчимд байгаа хүнцлийн талаар таны яриа сонирхол татаж байна?

-Гацууртын ордыг одоогоор 50 тонн цэвэр алтны нөөцтэй гэдэг боловч цаашдаа 100 тонноор тогтохгүй нөөцтэй гэж судлаачид үздэг.

Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд Ноён уул дахь Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах хүнцэл гэгч аймшигтай хорны хэмжээ 50,000 мг/кг хүрч байна.

Өөрөөр хэлбэл, манай улсад мөрдөж буй стандартаас даруй 8,000 дахин их гэсэн үг. Мөн судалгаанаас үзэхэд Гацууртын голын ёроолын шавраас авсан дээжинд хүнцлийн хэмжээ 136мг/кг байна.

Ноён уулаас эх авдаг Гацууртын голын дагуух шороон ордыг Монголын “Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж  алт угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгаран голын ус болон ойр орчим нь хордсоныг дээрх баримт өгүүлдэг.

“Бороо Гоулд” уурхайн хаягдлын санд хүнцэл 2,820 мг/л  буюу усанд байвал зохих хэмжээнээс 300-400 дахин их байгаа нь хүний аминд хүрэх өндөр тун. Хүнийг хүнцлийн хордлогын үхэлд хүргэх тун нь 130 мг/л байдаг ба усанд 2.2 мг/л хүрэхэд л хүний бие организмд хордлого мэдрэгдэж эхэлдэг.

Хүнцлийн ангидрид дээр туршсан судалгаануудаас үзэхэд молтогчин туулайг 14-30 мг/кг, нохойг 30-70 мг/кг  тунгаар хордуулахад л шууд үхдэг болохыг тогтоосон.

Хүнцэл ихтэй учир уг голын дагуу амьдардаг айлуудыг “Бороо Гоулд” компанийнхан зөөврийн усаар хангадаг талаараа одоогоос есөн жилийн өмнө гүйцэтгэх захирал ноён Казаков олны өмнө өөрөө ам алдан ярьж байсныг ТВ-9 телевизээр хэд хэдэн удаа харуулсан юм шүү дээ.

Өнгөцхөн шороон ордыг нь ашиглахад ийм их хүнцэл ялгарч байгаа юм чинь төслийн баримт бичигт дурдсанаар хэдэн зуун метр гүн ухаж, үндсэн ордыг нь дэлбэлэн хүнцэлтэй хүдрийг нь ил гаргаад эхэлбэл юу болох бол. Энэ бол алтны төлөө үхэлдэж байгаа шуналдаа шартчихсан мунхгуудад зориулан булшилсан байгаль эхийн тэсрэх бөмбөг юм.

Өвөг дээдэс маань онголсон шарилаа хөндүүлэхгүйн тулд оролдсон хэн бүхэнд үхэл дагуулах энэ уулыг сонгосон нь юутай ухаалаг шийдэл байж вэ.

-Хүнцэл гэдэг тийм аюултай бодис уу?

-Монгол Улсын стандартаар  нэг кг хөрс, нэг литр усанд хүнцэл 6 мг-аас илүү байвал хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг.

ДЭМБ-ынхаар бол 10, ОХУ-ын стандарт бол бүр хатуу, ердөө 2 мг/л байхад л хортой гээд тогтоочихсон байдаг юм. Одоо ашиглалт нь дууссан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь “Бороо Гоулд”-ын уурхайн хаягдлын нуурын лаг  шаварт агуулагдах хэмжээ нь 4,419мг/кг-д хүрчихсэн байгаагаас үзэхэд ямар их хор тэнд агуулагдаж байгааг төвөггүй ойлгож болно.

ОХУ-ын эрдэмтэн С.Чалов нарын 2012 онд хийсэн судалгаагаар Заамарын уурхайгаас жилд 30 тонн хүртэл хүнцэл Туул гол руу орж, Сэлэнгэ мөрний сав газрыг  бохирдуулж байна гэсэн бол Германы эрдэмтэн Хофман нарын 2013 онд хийсэн судалгаагаар Хараа гол руу ордог хүнцлийн хэмжээ жилээс жилд ихсэж, 3.3 тоннд хүрсэн гэж дүгнэжээ.

Дээрх ноцтой асуудлуудыг ул суурьтай судалж үзэлгүйгээр 50-хан тонн алтанд нь шүлэнгэтэж, харийнхны гар хөл болох зүрх сэтгэл өнөөгийн энэ эрхтэн дархтануудад байгааг хараад үнэхээр жигшиж байна. Хүнцэл аюулгүй гэж яриад ард олны тархийг угаагаад байгаа хүмүүст хандаж жишээ дурдахад, хүнцэлтэй хуурай сүү хэрэглэсний улмаас  Японд 12,000 гаруй хүүхэд  хордож, 120 нь нас барсан харамсалтай тохиолдол гарч байв.

Хүнцлийн  хордлого 1998 онд  Энэтхэгийн Бенгал мужид гарч ундны усанд хүнцэл хэт ихэссэнээс 200 мянган хүн хордож, дараа нь хөрш Бангладеш улсад үүнээс том хэмжээний хордлого гарч байлаа.

-Байгаль орчны үнэлгээ болон бусад судалгаа хийгээгүй гэж байсан?

-2012 онд УИХ-аар батлагдсан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 7.1.2-д заасны дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэж, уг үнэлгээндээ мэргэжлийн байгууллагаар дүн шинжилгээ болон хянан магадалгаа гаргуулаагүй ямар ч аж ахуйн нэгжид ашиглалт олборлолт явуулах эрх олгох ёсгүй юм.

Гэтэл ийм юм огт хийгээгүй “Сентерра Гоулд” компанид  ашиглалтын лицензийг шууд олгочихсон юм билээ. Энэ талаар надад хангалттай баримтууд байгаа.

Мөн “Ашигт малтмалын тухай” хуулийн 39.7-д зааснаар нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд дараагийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байхаар заасан. Эдгээр хуулийн дагуу “Сентерра Гоулд”-ынхан хаана ч олборлолт явуулах эрхгүй.

Өнөөдөр тэд Ноён уулыг ухан алттай хүдрээ “Бороо Гоулд”-ын ашиглаж байсан үйлдвэр рүүгээ зөөн тэнд тээрэмдэж угаахаар бэлтгэлээ базаачихсан.  Тэр үед  уурхайн хаягдлын далангийн хүнцлээр бохирдсон шавартай ус хэд дахин нэмэгдэнэ. Энэ даланг анх 2000-аад оны үед барихдаа Их Даширын нуруунаас 10 тн алт ялгаж авах хүдрийг угаасан хаягдлыг хуримтлуулахаар тооцож барьсан.

Одоо дахиад үүнээс тав дахин их алт авахаар сая сая тонн хүдрийг тээрэмдэн цианаар  угааж, энэ нуур руу асгахад хаягдлын далангийн хаалт ачааллаа дийлэх үү. Энэ талаар хийсэн эрсдэлийн тооцоо судалгаа тэдэнд огт байдаггүй юм.

Монгол орон бол газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдагийг хэн хүнгүй мэддэг болсон. Сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж ойрхон болж, жилд 400-500 том жижиг чичирхийлэл бүртгэгдэж байна.

Хэрэв байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр уурхайн хаягдлын далан сэтэрч, нуурын хэдэн сая тонн циан болоод хүнцлээр бохирдсон их шавартай ус алдагдвал Бороо, Хараа гол, Сэлэнгэ мөрөн цаашлаад Байгаль далай хордож, байгаль орчинд онц ноцтой хор нөлөө үзүүлбэл хариуцлагыг нь хэн үүрэх вэ.

Үндсэн чулуулгийг дэлбэлэн ухаж ил гарган олборлолт явуулснаар газрын гүнд байгаа их хүнцэл агуулсан эрдсүүд наранд ил гарч, бороо цасны устай холилдон исэлдэж, усанд уусамтгай нэгдлүүд үүсгэн орчноо бохирдуулна.

Бохирдсон  Гацуурт голоор дамжин  Бороо, Хараагийн гол, Сэлэнгэ мөрөн хүнцлээр цалгилж эхэлбэл зөвхөн нутгийн иргэд мал амьтнаар тогтохгүй, тэнд ургасан тариа ногоо, малынх нь мах сүүг хэрэглэдэг хэнбугайд ч энэ асуудал хамаатай болно. Энэ бол цөөхөн монголчуудын ч асуудал биш. Яагаад гэвэл Байгаль далайн 50 хувь нь Сэлэнгэ мөрнөөр тэжээгддэг.

Цаашлаад Байгаль далайн их ус Ангар, Енисей мөрнөөр дамжин Хойд мөсөн далай хүрснээр дэлхий нийтийн байгаль орчны асуудал хөндөгдөх нь гарцаагүй.

-“Сентерра Гоулд” компани Киргиз улсад том орд эзэмшдэг гэдэг?

-Тиймээ. Тэнд 700 тонн алтны нөөцтэй том орд эдний эзэмшилд байдаг юм. Одоогоос хэдэн жилийн өмнө Тяншаны нуруун дахь Сентерра Гоулдын “Кумтора майнз” уурхайг зогсоохын тулд цус асгаруулсан мөргөлдөөн болж, цагдаа цэргийнхэн оролцож байж босогчдыг тараасан.

Кумторын ордын авилгаас  үүдэн Кыргизийн анхны ерөнхийлөгч Акаев унаж, эх орноосоо дутаасан. Энэ асуудлаас үүдэн  Бакиев гэгч дараагийн ерөнхийлөгч нь эх орондоо гишгэх газаргүй болж хөөгдсөн. Одоо тэрээр Беларусь улсад орогнож байгаа. Ер нь алттай оролдсон хэн бүхний амьдрал нь орвонгоороо эргэдгийг хүн бүр ойлгох цаг нь болсон баймаар.

-“Бороо Гоулд” компани  Сэлэнгэ аймгаас 50 тонн алт олборлосон гэдэг. Тэр газраа нөхөн сэргээлт хийгээд дуусчихсан уу? 

-Алтны ордыг ашиглах үед хөрс хуулалтын том овоолго үүсэн байгаль орчинд х сөрөг нөлөө үзүүлдэг. “Сентерра Гоулд”  нь Бороогийн ордоос 60 гаруй тонн алтыг аль хэдийнээ аваад явчихсан.

Харин бидэнд энэ хэмжээний их овоолго, онгойсон том хар нүх л үлдлээ. Арван хэдэн жилийн өмнө анх амлаж байсан шигээ Их Даширын нурууг маань эргээд босгодоггүй юм аа гэхэд тэнд тэсэлж дэлбэлээд ухчихсан ангал хар нүхээ бүрэн булж, ядаж малын бэлчээрт ч болов  ашиглахад аюулгүй болгоосой. Мөн хаягдал нууранд агуулагдах тэр их хүнцлийн асуудлаа өнөө хүртэл шийдээгүй байгаа.

Тэсэлж дэлбэлж, байгаад авсан алтаа татвар төлбөргүйгээр гадагш нь гаргачихаад олборлолт хийсэн  талбайдаа онгойсон том хар нүх үлдээж орхичихоод одоо “Ноён уулыг” чинь ийм болгоно хэмээн дайрч байгаатай монголчууд хэзээ ч эвлэрч болохгүй.

-Тэнд байгаа Хүннүгийн үеийн булш бунхан болон цэвдгийн талаар нарийн судалгаа хийсэн юм болов уу?

-Атилла хааны үеийн хэдэн зуун булш бунхныг агуулдаг газар өнөөдөр дэлхийд Монголоос өөр хаа ч байхгүй. Энэ талаар археологич гавьяатнууд тайлбарлах байх. Харин Хүннүгийн үеийн Монголоос аваачсан олдвороороо Санкт-Петербургийн Эрмитаж өнөөдөр Парижийн Лувраас дутахгүй алдаршиж байгааг л би мэдэх юм.

2016 онд ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгээс хэвлүүлсэн “Монгол орны Цэвдгийн тархалтын шинэхэн зураг­лалыг” авч үзвэл Ноён уул орчмын бүс нутаг нь цэвдгийн  тархалттай гэсэн ангилалд багтсан байдаг юм.

Үүнтэй хамаагүй оролдвол энэ хавийн нутгийн ой ургамлын сан хөмрөг дахин нөхөн сэргээгдэхгүй болтлоо эвдэрч сүйрч нүцгэн цөл болно гэсэн үг. Мөн энэ хүрээлэнгээс хийсэн хөрсний судалгаанаас харахад хүнцлийн агууламжийн дундаж хэмжээ дээр дурдсан Монгол Улсын стандартаас хавьгүй өндөр байгааг тогтоосон байдаг.

Байгалийн ерөнхий фон нь хүнцэл ийм өндөр агууламжтай байгаа нь аливаа ашигт малт­малын олборлолт явуулах гэж байгаа бол энэ орчмын гол горхи, гүний болон гар худгуудад хүнцлийн агууламжийг бүр нарийвчлан судлах шаард­лагатай. Гэтэл ийм судалгаа хийгдсэн юм огт байхгүй, хийхээсээ ч “Сентерра Гоулд”-ынхан айгаад  байгаа юм.

Эцэст нь хэлэхэд ийм нарийвчилсан судалгаа үнэлгээгүйгээр уул уурхайн том төсөл хэрэгжүүлнэ гэж муйхарлан зүтгээд суугаа сайд, дарга нарт алсдаа эх орон ард түмэн зон олны өмнө хүлээх үүрэг хариуцлага хатуу нэхэлтэй гэдгийг дахин сануулмаар санагдана.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*