Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Нэгэн аялагчийн тэмдэглэл: Зүүн хязгаарт зорчсон нь

Энэ зун Халхголыг зорьж, Буйр нуурт амарсан Улаанбаатар хотын нэгэн аялагч аян замын сэтгэгдэлээ олон нийтийн сүлжээнд бичсэнийг сонирхуулж байна.

1000 гаруй км-ийг 15-18 цаг яваад л замдаа Чойбалсанд 1 хоноод Буйр нуурт очно гэж төлөвлөж энэхүү аялалыг эхлүүлж аян замдаа гарсан юм.

Гэхдээ, бага насны хүүхэдтэй явсан учраас тайван сайхан, таарсан газраа майхангаа зоогоод л “Яараад яахав дээ” гээд л явж өгсөн дөө. Хээр тал нутагт буудаллана гэдэг нь бас өөрөө адал явдалтай юм билээ. Майхан босгох нөмөр газар олдохгүй, хэн ч үзэгдэхгүй тал нутаг. Эхний оройдоо, бидэнд хань бас хамгаалагч болохоор хөөрхөн банхар Хэнтийн хаана ч юм бүү мэд газарт ирсэн юм. Өглөө босоод ачаагаа бэлдэж эхэлмэгц биднийг орхиод өгсөн дөө.

Дараагийн хоноглосон газар нь хаа нэгтээ Мэнэнгийн талд байлаа. Дорнод аймгийн талаар үлдсэн сэтгэгдэл гэвэл Дорнодын сүүтэй цай давсгүй, амны цангаа сайхан тайлна. Чойбалсанд хүмүүс маш найрсаг, хүлээцтэйгээр машинаа барьдаг. “Яараад яахав дээ” хүмүүс чинь харин тэнд л байдаг юм билээ. Бид хүссэн газартаа очихоор явсаар л байв…

Үнэхээр хүссэн хүн л энэ байгалын үзэсгэлэнг үзэхээр зориглож ирнэ. Тал нутаг үнэхээр хязгааргүй мэт санагдаж, бид зорьсон газраа хэзээ ч хүрэхгүй мэт сэтгэгдэл төрж, хэтэрхий хол газрыг дэмий зорьчихвуу гэсэн бодлууд намайг хааяахан эзэмдэж байсныг нуух юун. Алдарт мэнэнгийн талаар, Монгол улсын зүүн
Хилийн зурвасаар явж, замаасаа гарчихсан бид шөнө дунд хилийн 0306 цэргийн баазад шалгуулж бас л эвгүй айдастай байсан шүү. Чойбалсан хүртэл 670 км засмал зам, Чойбалсангаас Буйр нуур хүртэл 330+ км шороон замаар тал нутгийг харин ч нэг туулах шиг болов. Замдаа 2 хоног буудаллаж бид зорьсон газраа ирсэн юм.
Буйр нуур цэнгэг устай, элсээр хүрээлэгдсэн Монголдоо л далайн эрэг юм билээ.
Буйр нуур дээр нар жаргаж байгааг ажих нь энэ аялалын үнэ цэнийг мэдрүүлэх мэт. Юун тэр 1000 км туулах, мэнэнгийн талаар төөрөх… Энэ бүхний үнэ цэнэ нь нар нуурандаа шингэж буй 3хан минутыг харахад л оршжээ.
Нуурын түрлэг, шувуудын жиргээ, 5 хошуу малын ундаалж буй энэ бүх байгалийн дуу чимээ оюун бодлыг ариулж бас цэнэглэнэ.

Нар жаргахдаа өөрийгөө тунхаглаж, өөртөө хамаг анхаарлыг татаж буй мэт салхи шуурга тавьж, эцэстээ амар жаргадаг нь сэтгэлд үлджээ.

ЗӨВЛӨГӨӨ 1. МӨНГӨ
Энд бэлэн мөнгөтэй л ирэх хэрэгтэй. Аав ээж нар маань уншвал “Ямар ойлгомжтой зүйл яриад байгаа юм бэ?!” гэж хэлэх байх. Гэхдээ, бид нар чинь ингэж л явах залуучууд шүү дээ. Ккк. Амралтын баазууд бүгд бэлэн мөнгөөр л үйлчилнэ. Сүлжээ байхгүй. Зарим нэг цэгүүдэд Юнителийн сүлжээ орж ирдэг. Дансанд байгаа мөнгөө бэлэн мөнгө болгох арга Буйр нуурт лав байхгүй.
ЗӨВЛӨГӨӨ 2. ЗАГАСЧДАД
Цэнгэг устай тул загас их байдаг гэсэн. Загасны ферм ч энд байдаг гэсэн шүү. Өөрсдөө загасчлавал за бараг л загас баригдахгүй. Гэхдээ мэдээж загасны мах идэх хорхойгоо дарах бүрэн боломжтой. Буйр нуураас 28 км яваад очих зайнд байдаг Ялалт багаас дахиад 10 км явах загасны фермэнд 1 загасыг ойролцоогоор 5000 төгрөгөөр авч болно. Угаасаа буцах замынхаа шатахууныг авахын тулд Ялалт багруу зайлшгүй явж таарах болов уу. Ийм их зам туулсан хүмүүст дахиад жаахан яваад загас авах юухан байхав.
ЗӨВЛӨГӨӨ 3. АМРАЛТЫН ГАЗРУУД
Бид бүгд л фэйсбүүкээс Буйр нуур ресортын талаар мэдээлэл авсан буй. Буйр нуур ресортоос гадна Баян нуур, элст хайрхан, цэнгэг уст гэх мэт олон амралтын баазууд байдаг юм билээ. Гэхдээ миний олж мэдсэнээр Буйр нуур ресорт хамгийн гоё элстэй газар нь бүтээн байгуулалтаа хийсэн бөгөөд бусад газруудаас илүү тохижилт, хөгжилдөх зүйлсийг хийсэн байсан. Бяцхан дэггүй аз жаргалуудаа дагуулж ирсэн ээжүүдэд хамгийн таатай зүйл нь миний хүүхдийн хэлдгээр “Тоглоомын төв” байлаа. Түүнчлэн, эднийх Google Maps дээр гарч ирдэг нь үнэхээр амар байсан юм. Мэдээж, майхангаа бариад эдний үйлчилгээнүүдийг авах бүрэн боломжтой байсан нь хамгийн ихээр таалагдсан юм.
ЗӨВЛӨГӨӨ 4. АМЬ АВРАГСАД
Хэрвээ майхангаа бариад буйр нуурын үзэсгэлэнг үзэхээр 1000 км зорьж ирсэн бол хамгийн их хэрэгтэй зүйл нь цэвэр ус. Уух усаа сайн нөөцөлж авах хэрэгтэй. Ямар нэгэн аргаар сүүдэр гаргах зүйлс заавал аваарай. Дээрээс нар, доороос элс хайрна. Саравч, сүүдрэвч маш их хэрэгтэй шүү. Аа бас, маш их бүүр маш их нарны тос аваарай. Энд нээрэй, шумуул бас бус хаздаг шавьж, нисдэг амьтад бараг байхгүй. Тэгэхээр монголынхоо далайн эрэг дээр биеэ шараад л хэвтэж өгнө дөө.

Эцэст нь Буйр нуур луу явахыг хүсэж байгаа таныг үнэхээр гайхалтай үзэсгэлэн гоо хүлээж байгааг баттай хэлэх байна. Харин үүнийг үзэх эсэхийг таны хүсэл, түүнийг дагах тэвчээр л шийдэг.

Улаанбаатар хотдоо иржээ. Дорнын их замыг хоёронтоо туулжээ. Дараагийн аялал хүртэл баяртай.

2019.07.12
Аялалын замдаа бичив.
Erdenesuvd
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    zamiin temdeg, memdegleend uhekheer ankhaarakh shaardlagatai.zam suraglasan mashinuud ikh taarch baisan shuu. ayalal juulchlaliin jildee amjuulj khiigeerei.

  2. Erdenetsetseg гуай өгүүлрүүн:

    Баярлалаа.Үзэсгэлэнт дорнын тал,гайхамшигт Буйр нуур,халхын голын домогт тулаан гээд үнэн бодит зузаан түүхтэй нутгаар минь аялж гайхамшгийг мэдэрч чадсан аялагч танд талархаж байна.Сайн сайхныг хүсэн ерөөе.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*