Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хугараагүй ноён нуруу

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд үүдний харуулаар хижээл насны нэгэн эр ажиллана. Дөрвөлжин дэвтэр дэлгэн үзэг барин их л хичээнгүйлэн бичиж харагдлаа. Түүнээс энэ тэрийг асуунгаа ойртон очиж, бичгийн үзвэл эмх цэгцтэй, цэвэрхэн, гаргац сайтай бичих аж. “Антон Павлович Чехов” гэж дөнгөж бичиж дуусмагц түүнтэй ярилцах хүсэл төрлөө. Ажлын цаг арай дуусаагүй тул хэд хоногоор хойшлуулж, цаг болзон бид ярилцахаар тохиров. Уулзах өдөр болоход тэр хэдэн зузаан дэвтэр авчихсан яг цагтаа ирсэн юм.

Энэ хүн бол Дорнод аймгийн уугуул, буриад ястны үргэлжлэл Баатаржин харгана омогтын Батын Доржмятав. Тэрбээр нэгэн үе амьдралын шуурганд унаж, тусаж, алдаж бүдэрсэн ч эргээд бат зогсож, өөрийгөө олж чадсан хугараагүй ноён нуруу билээ. Ингэж хэлэхийн учрыг дор өгүүлье.

Б.Доржмятав 1958 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Баянгол хэмээх газар айлын ганц хүү болон мэндэлжээ. Нутагтаа дунд сургуулиа дүүргээд, Цэргийн Ерөнхий дээд сургуульд (Одоогийн Батлан хамгаалахын их сургууль) автын инженер мэргэжлээр элсэн суралцаж, 1980 онд төгссөн байдаг. Ажил, амьдралын гараагаа Зүүнбаянгийн цэргийн ангиас эхэлж, автын албаны даргын туслахаар ажиллах болжээ. Удалгүй нутгийн сайхан бүсгүйтэй дэр нэгтгэж, үр хүүхэдтэй ч боллоо.

ЖАРГАЛД ТАШУУРСАН ОН ЖИЛҮҮД

Цэргийн албанд ажиллаж эхлээд тэр архи хааяахан хүртэж эхлэв. Засварын хороон дарга болоод 600 гаруй төгрөгийн цалин авдаг боллоо. Тухайн үедээ л их мөнгө. Амьдралд санаа зовох зүйлгүй учир авсан цалингаа архинд өгчихнө. Энэ байдал олон дахин давтагдсаар удалгүй тушаал буурчээ. 90-ээд онд анги татан буугдахад 131-р ангийн автын хороонд нэг жил болоод хойтон жил нь “Цэргийн нисэхийн холбоо”-ны батальонд техникийн орлогчоор ажиллах болов. Тэнд цэргийн амьдрал дүрэмт хувцастай боловч энгийн журамтай, өдрийн хоёр хоолтой нэг ёсондоо жаргалын орон байлаа. Онгоцны цонх цантах үед хэрэглэх хоёр зуун литрийн спирт ирнэ. Энэ л үеэс Б.Доржмятав архинд донтох нь улам бүр нэмэгджээ. Ингэж явсаар хоёр жилийн дараа түүнийг Эрдэнэт хот руу шилжүүлсэн байна. Эрдэнэтэд очоод 186-р ангийн “Хадгалах тасаг”-ийн инженер хийв. Хурандаа, дарга нар түүнийг ажлаа их цэвэрхэн, нямбай хийдэг гэж магтана. Үүнд эрдэж, өнөөх архиа бас л ууна. Энд ч бас тэр засарсангүй.

ЗОВЛОНГ МЭДСЭН ХҮН УХААЖДАГ

Хүн архийг зохицуулж ууна гэдэг ч, үнэндээ архи хүнийг зохицуулчихдаг аж. Нэг удаа ажлынхаа залуутай хамт айлд ууж байгаад гаднаас орж ирсэн хүнтэй маргаж, гар зөрүүлжээ. Үүнээс хойш юу болсныг тэр огт санадаггүй гэнэ. Уйлж суугаа эхнэрээ харсан Б.Доржмятав эмнэлгийн орон дээр ухаангүй байснаа мэджээ. Гэвч амьдрал түүнээс нүүр буруулсан гэдгийг хараахан мэдээгүй байлаа. Архи уусан удаа дараагийн сануулга дээр танхайрч зодоон хийсэн үйлдэл нэмэгдэж тэр ажилгүй хоцров. Толгойндоо хүнд гэмтэл авсан учраас эмнэлэг эргүүлдэг ажилтай боллоо. Хүнтэй ярьж суугаа мөртлөө юу ярьж буйгаа мэддэггүй, өнгөрснөө санадаггүй, унтдаггүй ухаан балартах өвчтэй болсон байлаа. Энэ үед Эрдэнэтийн бариач-эмч н.Балдандорж гэдэг хүн түүнийг 21 хоног эмчилжээ. Ингэхдээ хөх даалимба дээр халаасан шар будаа тавьж, долоо хоног толгойг нь жигнээд, хавар намарт мэдрэлийн эмнэлэгт хэвтэхийг зөвлөжээ. Хэлсэн ёсоор Б.Доржмятав нутагтаа эргэн очиж, мэдрэлийн эмчийн хяналтад ороод гурван жил эмнэлэг эргүүлсний дараа сая нэг хэвийн байдалдаа оржээ. Эмнэлгээр явсан энэ л гурван жил түүнд амьдралыг ухаарах сөхөө өгсөн мэт. Өнгөрсөн бүх зүйлийг эргэцүүлэн боджээ. Архи уусан он жилүүд түүнд юу ч өгөөгүй, зөвхөн хар толбо үлдээсэн гэдгийг ойлгож. Гэхдээ үүнийг давтаж болохгүй, одоо л зогсох ёстой гэж өөртөө андгайлсан байна.

АМЬДРАЛ ТҮҮНИЙГ АХИН ШАЛГАВ

Б.Доржмятав эрүүл боллоо бас архинаас гарлаа, ажилтай ч боллоо. Амьдрал нэг ёсондоо цэцэглэж эхлэв. Тэрбээр Дорнодын Баян-Уулын хилийн цэргийн ангид заставын орлогч болж, хошууч цолоо сэргээжээ. Гэвч түүнийг амьдрал ахиад л сорилоо. Дөнгөж л дөчин нас хүрсэн ханиа гэнэт алдаж, гурван жаахан хүүхэдтэй хоцорлоо. Хамгийн том нь наймдугаар анги, бага нь арван настай. Тэр үед Доржмятав “Ханиа жаргааж чадаагүйдээ харамсахдаа, гурван хүүхдээ хүн шиг л хүн болгоно доо” гэсэн ганц л зорилго өөртөө тавьжээ.

Түүний хань Бадамдоржийн Дуламсүрэн ЗХУ-ын Донецк хотод техникум төгссөн, оёдлын машины механик хүн байжээ. “Манай хүн даруу, төлөв их л тэвчээртэй хүн байж дээ, архинд орсон надад хатуу үг хэлж байгаагүй” хэмээн ханиа тэр дурсан сууна. Гэрийн хос багана нуран унахад тэр айл яаж орших вэ. Үүн адил гурван хүүхэдтэй хоцорсон эр хүн цаашид яаж амьдрах талаар төсөөлөхөд бэрх. Аз болоход Б.Доржмятавын аав ээж хажууд байж их дэм болжээ.

ЗОВЛОНГИЙН ЦААНА ЖАРГАЛ

Б.Доржмятав Дорнод аймгийн зэвсэгт хүчний 327-р ангид ажиллаж байгаад гавьяаны амралтаа авчээ. Хүүхдүүдээ хүний зэрэгт хүргэж, ажил амьдралтай болгов. Том хүү нь “MCS” компанид ажилладаг бол удаах охин “Тэсо” компанид маркетингийн менежер хийж байсан, одоо гэртээ хүүхдээ хардаг. Харин бага хүү нь “Энержи ресурс” компанид уулын инженер. Б.Доржмятав амьдралын үргэлжлэл дөрвөн сайхан ач зээтэй. Бага хүүгийнхээ авч өгсөн хоёр өрөө байранд 83 настай ээжтэйгээ амьдарч байна. Тэрбээр: “Ажлаа тараад оройд ирэхэд ээж минь хоол хийчихсэн угтдаг юм. Намайг эрхлүүлж байгаа нь тэр. Харин би ээждээ хаяа шарсан банш хийж өгдөг. Дуртай болохоор их баярладаг юм” гэсэн.

Зовлон гэдэг сорилт. Сорилт бол урагшлах зам. Тиймээс учирсан зовлонгийн өмнө өвдөг сөгдөж болохгүй. Улам зүтгээд урагшлах ёстойг тэр өөрийн амьдралаас ухаарчээ.

ДУРСАМЖ Л ҮЛДЭНЭ

Зовлонд бүдрэлгүй, босож тэмцэхэд түүнд тусалсан хүч бол онч мэргэн үгс. Өвчтэй эмнэлэгт хэвтэж байхад хажууд байсан хүн “Эд хүнийг эвддэг” гэжээ. Энэ үг их тод бууж, шууд л дэвтэр дээр тэмдэглээд авчээ. Үүнээс хойш мэргэдийн хэлсэн онч мэргэн үгсийг ном, сонин, сэтгүүлээс дэвтэр дээр түүж бичих болов. Одоо түүнд 96 хуудас бүхий дөрвөн ширхэг дэвтэр бий. Үүнийг гурван үрдээ өвлүүлэхээр шийджээ. Тэрбээр хүүхдүүддээ : “Хүн гэдэг мөнх бус. Хэзээ нэгэн цагт хорвоогоос одно. Тэр цагт аавыгаа санавал энэ муу дэвтрүүдийг дэлгэж нэг хараарай” гэж хэлдэг гэнэ.

Тэр өдөр Б.Доржмятав гуай дэвтэр дээр юуг тэгтлээ хичээж бичсэнийг одоо л мэдлээ. Мөнх бусын орчлонд өөрийг нь орлон үлдэх “дурсамж” байж шүү дээ.

МӨН ЧАНАРАА АЛДАЖ БОЛОХГҮЙ

Энэ үгийг тэр хэлэх дуртай. Эргэн тойрны найз нөхөд, дүү нартаа захиж хэлдэг. Өөрөө ч хүн чанараа алдаагүй хүн. Үүнийг түүний дарга С.Отгонсүрэн батлан ярилаа. “Өнөө цагт итгэлтэй ажилтан олоход бэрх. Б.Доржмятав бол манай үлгэр жишээ ажилчдын нэг. Маш хариуцлагатай, үнэнч, шударга, аливаад сэтгэлээсээ ханддаг. Мөн бичиг үсгийн чадвар сайтай, яруу найраг сонирхож, мэргэдийн үг цуглуулах дуртай. Үүнийгээ ажлын залуучууддаа уншиж өгдөг” гэсэн юм. Харин Б.Доржмятав “Ханийг минь орлодог ганц зүйл бол ажлын хамт олон. Энэ хэдтэйгээ байхад ганцаардах юмгүй” гэж байлаа.

Тэр архи уудаг байхдаа гэр бүлдээ ганц ч удаа агсан тавьж байгаагүй гэж ам бардам хэлсэн. Хүүхдүүдээ эрхлүүлж байгаад л унтчихдаг байж. Угаас хүчирхийлэл үйлдэж чадахгүй. Харин шударга үгийг хэний ч өмнө хэлчихнэ. Тэр жил Алтанхуяаг сайд Дорнодод аймагт очиж, иргэдтэй уулзжээ. Зурагтаар шуудай нүүрс өргөж байсныг харсан Доржмятав уулзалтын үеэр сайдаас “Нүүрс өргөхөд хүнд байсан уу?” гэж асуужээ. Сайд хариуд нь жуумалзав. Тэгэхээр нь “Нүүрснээс илүү Монголын ард түмний итгэл хүнд байдаг шүү сайд аа, сайн ажиллаарай” гээд хэлчихсэн гэдэг.

Тэр ийм л шударга хүн. Хэнээс ч айж, ичихгүй. Бас хэнийг ч далдуур муулахгүй. Хүн өөрчлөгдөж болох ч мөн чанараа л гээж болохгүй гэдгийг ухаарсан нэгэн. Амьдралын төлөө зүтгэж, гурван сайхан үрээ хүн болгосон эцэг. Алдаж, эндэж явсан ч хувь тавилангийн өмнө хугараагүй ноён нуруу.

Ц.АРИУНЗАЯА

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*