Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Өөрийнхөө хүчээр, шударга барилдаад л өндөр цолд хүрэхийг хүсдэг

Өнөө жил улсын харцага болсон Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх Доржийн Анартай ярилцлаа. Тунана гэдэг тун сайн байгаагийн шинж хэмээн бөхийн хорхойтнууд ярьдаг. Улсын наадмын төдийгүй бусад барилдаанд ихэвчлэн тунаж, өндөр цолтнууд бэргэдэг бөхчүүдийн нэг нь яах аргагүй тэр мөн. Төрийн наадамд хоёр дахь удаагаа барилдаад л улсын начин болсон бахдам амжилт түүнийх. 2014 оноос үндэсний бөхөөр тууштай хичээллэж буй Д.Анар тухайн жилээ Дорнодын наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. 

Дараа онд нь төрийн наадамд анх зодоглохдоо улсын аварга Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулсан ч начны даваанд Н.Ганбаатар гарьдад унаж, наадамчин олны тэр тусмаа дорнодчуудын итгэлийг хүлээсэн юм. Улмаар 2016 онд улсын начин Б.Сугаржаргал, тухайн үед аймгийн хурц арслан байсан Ш.Мөнгөнбаатар нарыг давж, улсын начин болсон билээ. Түүнээс хойш Д.Анар тунасаар, наадамчин олон дээлийнх нь захыг мушгисаар. 27 настай тэрбээр өнөө жил олны итгэлийг амжилтаар хариулж, цолоо ахиулав. Үндэсний бөхөөс гадна самбо, жүдогоор хичээллэн, УАШТ-д чамгүй олон удаа түрүүлсэн түүнтэй хөөрөлдлөө.

-Дорнод нутгаас мэндэлсэн улсын анхны харцага болсонд тань баяр хүргэе. Наадмын дараа хөдөө явж амарсан гэсэн. Хангалттай амарч чадав уу?

-Баярлалаа. Юуны өмнө Монголынхоо ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. Наадмын дараа гэр бүлээрээ хотоос зайдуухан хэд хоног сайхан амар чихаад ирлээ. Би энэ жил наадмын бэлтгэлээ Дорнод аймгийн “Дорнын хүчтэн” дэвжээнийхээ бөхчүүдтэй хамт, улсын начин Д.Цогзолдорж, аймгийн арслан Б.Батхуяг ах нарынхаа удирдлагад хийлээ. Бэртэл бүрэн илааршиж, бэлтгэл сайтай байсан болохоор цолоо ахиулах, ер нь үзүүр, түрүү булаалдах зорилготой зодоглосон. Улсын харцага болсондоо баяртай байна.

Бөхчүүд “Түрүүлэх бөхтэй битгий учраа таараасай” гэж ярилцдаг. Энэ жил яалт ч үгүй Э.Оюунболдтой тунан барилдаад өвдөг шороодлоо. Түрүү бөхтэй харгүй сайхан барилдаад унасан болохоор нэг их харамсахгүй байна. Өнөө жил улсын начин болдог жилийнх шигээ баярлаж, догдлоогүй. Э.Оюунболд бид хоёр сайн найзууд, хоёулаа зүүн, бас Сэцэн хан аймгийнх. Найзыгаа улсын аварга болсонд баярлаж байна. Олон хүн надад баяр хүргэж, утасны дуудлагад булуулж сууна. Фэйсбүүкээр ч олон хүн баяр хүргэсээр байна. Заримд нь хариу бичиж амжихгүй явна, уучлаарай. Намайг дэмждэг “Стэп голд” компанийн хамт олон өчигдөр хүлээж авлаа.

Би 2011 оноос хойш “Аврагч” спорт хороонд харьяалагдан, барилдаж байна. Өнөөдөр (өчигдөр) ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хүлээн авч, амжилт хүслээ. Онцгой байдал их хүнд алба. Үргэлж бусдын төлөө амиа үл хайхран зүтгэдэг алба хаагчдаараа, ийм сайхан байгууллагын нэрийн өмнөөс барилддагаараа бахархдаг.

-Олон жил шударга барилдан, олны итгэлийг хүлээсэн хүчтэн улсын харцага боллоо гээд хүмүүс их баяртай, ам сайтай байна.

-Ашгүй дээ. Би ч бас тэгж байгааг нь анзаарсан шүү. Монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэндээ улсын харцага цол хүртсэнээс дутахгүй баярлаж байна. Дорнодоос олон хүн намайг дэмжихээр Улаанбаатарт ирсэн гэнэ лээ. Намайг улсын харцага болоход дорнодчууд их баярласан байх. Нутгийн минь уул, ус намайг түшиж, өдий хүртэл шударга барилдсаныг минь бөхийн босоо цагаан хийморь ивээсний ачаар улсын харцага боллоо.

-Та энэ жил Э.Оюунболдтой хоёр барилдахдаа нэг давж, өгөө аваатай байсан. Ер нь барилдаанаа бүрэн гаргаж, санасныхаа дагуу барилдаж чадав уу?

-Долоогийн даваанд түүнтэй тунах болов уу гэж таамагласан. Э.Оюунболд байгалиас заяасан өгөгдөлтэй, хөдөлмөрч бөх. Улсын аварга болно гэдэг хүссэн бүхний хүрэх оргил биш. Үнэхээр бусдаасаа тасархай, онцгой бөхийн гаргах амжилт. Түүнтэй хэрхэн барилдахаа нэлээд бодсон. Золгуулахаас өмнө давахаар төлөвлөсөн юм, уг нь. Даанч тэгэх боломж үнэндээ гараагүй. Э.Оюунболд үнэхээр хийгүй барилдсан, ямар нэг алдаа гаргаагүй. Унасныхаа дараа түүнийг түрүүлээсэй, аварга болоосой гэж чин сэтгэлээсээ хүссэн.

-Ц.Сандагдорж, Б.Орхонбаяр хоёрын аль нэгийг нь улсын цол хүртэг гээд улсын начин Д.Амарсайханыг амласан тань олны талархлыг ихэд хүлээлээ. Өөрөө тунаж барилдаад улсын цол хүртсэн, бор зүрхээрээ зүтгэж яваа болохоор тэгж шийдсэн үү?

-Тийм ээ. Би улсын начин болохдоо тухайн үед аймгийн хурц арслан байсан Ш.Мөнгөнбаатартай тунаж барилдаад давсан. Бусад бөхийг ч бас шударгаар улсын цол хүртээсэй гэж хүсдэг. Энэ жил тавын даваанд тунах байх гэж бодсон юм. Тэгээд Төв цэнгэлдэх хүрээлэн дотор амарч суув. Хэн хэнийг амлаж буйг гар утсаараа үзээд л. Гэтэл улсын начин Э.Энхбат Б.Амарзаяа начныг амлачихдаг юм байна.

Тэгснээр гурван бөхөөс ам авах боломж надад бүрдсэн. Улсын цолны босго ямар өндрийг би сайн мэднэ. Тиймээс тэдний нэгийг нь улсын цол хүртэг гэсэндээ Д.Амарсайханыг амласан юм. Би энэ жил наадмын сорилго барилдаанд түрүүлэхдээ гурвын даваанд Б.Орхонбаярыг амлаж барилдаад давсан. Тэгэхэд ирээдүйтэй, барилдаанч нь анзаарагдсан. Тиймээс залуудаа эртхэн улсын цолд хүрээд, дээшээ барилдаг гэж бодлоо.

-Та 2016 онд улсын начин болохдоо харцага цолны даваанд Б.Бат-Өлзийд өвдөг шороодсон. Энэ удаа түүнээс даагаа нэхэж, улсын харцага болсон нь ховор тохиолдол байх.

-Тийм шүү. Өнөө цагийн хүчит харцага Б.Бат-Өлзий бид хоёр заал танхимын барилдаанд олон удаа өрсөлдсөн. Биенийхээ барилдаан, мэхийг андахгүй. Даваа, унааны харьцаа ойролцоо. Энэ удаа улсын харцага болохдоо түүнээс даагаа нэхлээ.

-Улсын начин Б.Серик та хоёр Ц.Шийрэв багшийн шавь, сайн найзууд. Цолоо ахиулах зорилготой, ид ирэн дээрээ яваа хоёр найз улсын наадмын дөрвийн даваанд хүч сорих ямар байх юм бэ?

-Намайг гурвын даваанд аймгийн хурц арслан С.Очирбатыг давсны дараа тайлбарлагч “Дөрвийн даваанд Анар, Серик хоёр хоорондоо оноолтоор барилдах магадлал өндөр” гэсэн. Би “Арай ч тэгэхгүй байлгүй дээ, зөрөх байх” гэсэн шүү юм бодоод өнгөрөв. Гэтэл үнэхээр таарчихдаг байгаа. Барилдахын өмнө Серик “Энэ жил миний найз бэлтгэл сайтай байгаа юм чинь дээшээ барилд. Надаар гар амар давчих” гэхэд нь би зөвшөөрөөгүй. Баян-Өлгийчүүд төдийгүй наадамчин олон найзад минь итгэл хүлээлгэн, дэмжиж буйг нь хүндэлсэн. Би дараагийн даваанд уначихвал найзынхаа нүүрийг яаж харах билээ. Б.Серик давсан бол гээд харамсах ч байсан юм бил үү. Тэгээд л хоёулаа шударгаар өрсөлдсөн.

-Улсын цол хүртчихээд харих мөч хамгийн жаргалтай, сайхан байдаг болов уу. Шагналаа аваад шууд харьсан уу, эсвэл бөхчүүдтэйгээ баяраа тэмдэглэв үү?

-“Дорнын хүчтэн” дэвжээний удирдлага, бөхчүүд, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ нэг газар цуглан, баяраа тэмдэглэсэн. Дараа нь гэртээ харьж, сайхан амарлаа. Ээж минь Улаанбаатар хотод амьдардаг. Ээждээ хурдан очиж, үнсүүлэх сэн гэж их яарлаа. Намайг улсын начин болоход ээжийн сэтгэл их хөдөлснөөс болж даралт нь ихсэн, манай хамаатнуудыг их сандаргасан гэнэ лээ. Энэ удаа ер тэгж сандраагүй, тайван байсан гэсэн. Би эхээс наймуулаа, дөрвөн ах, гурван эгчтэй. Айлын бага болоод ч тэр үү, нэлээд эрх, дураараа өссөн. Аав минь намайг ой гарантай байхад бурхан болсон. Улсын харцага болоод аавыгаа их үгүйллээ.

Амьд сэрүүн байсан бол хүүгээрээ их бахархах байсан болов уу. Дээлийг минь тэврэн, баярлаад л гүйх байсан биз ээ. Би эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг. Хань минь Төв аймгийн Баянцогт сумынх. Надтай адил спортын хүн. Жүдо, самбо, кураш бөхөөр барилддаг байсан, дэлхийн аварга Хоролсүрэн шүү дээ. Хань минь тамирчны жаргал, зовлонг сайн мэднэ. Тэр нь миний амжилтад их нөлөөлдөг. Арыг минь найдвартай даан, амжилт гаргах бүхий л нөхцөл, боломжоор хангадаг ханьдаа баярладаг. Намайг үргэлж дэмждэг ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээ, “Степ голд” компанийн хамт олон, Ц.Шийрэв багшдаа, Кёкүшюзан Д.Батбаяр ахдаа, ээждээ, ханьдаа, монгол түмэндээ, дорнодчууддаа баярлалаа.

-Дорнод аймаг улсын цолтой хуруу дарам бөхтэй. Тунаанаас гаргах, наагуур, цаагуур нь яриад өгчих бөхтэй байсан ч болоосой гэж боддог уу?

-Ёстой тэгж бодож, ач холбогдол өгдөггүй. Тэр намайг тунаанаас гаргаад өгөх болов уу, энэ компанийн захирал дэмжих болов уу гэж бодохгүй харин ч амар байдаг юм. Тэгж бодох л юм бол сэтгэл санаа хоёрдоно. Би “За, тунах байх. Хэнтэй ч тунасан сайхан барилдаад, шударга өрсөлдье” л гэж боддог. Хэн нэгэн гар амар давуулъя, дээгүүр, доогуур нь яриад өгье гэвэл би зөвшөөрөхгүй. Өөрийнхөө хүчээр, шударга барилдаад л том цолд хүрэхийг хүсдэг учраас тэр. Тэгж байж л бусдын өмнө нүүр бардам алхана шүү дээ.

“Би өөрийнхөө хүчээр, тунаж барилдаад цол авсан” гээд ярьвал сайхан биз дээ. Өөрийнхөө хүчээр авсан цол хэчнээн үнэ цэнтэй, утга учиртай билээ. Үүнийг бөхчүүд сайн мэднэ. Надад амжилт гаргах боломж, нөөц байгаа. Тиймээс бусдын гар харах бус, өөрийгөө бүрэн дайчлах юу юунаас илүү чухал.

-Таныг улсын начин болсноос хойш танай аймагт бөхөөр хичээллэгсдийн тоо хэр нэмэгдэж, хүмүүсийн хандлага яаж өөрчлөгдөв?

-Нэлээд ахиц гарсан шүү. Жил гаруйн өмнө манай аймаг үндэсний бөхийн дэвжээтэй болж, “Дорнын хүчтэн” гэж нэрлэсэн. Дорнодын бөхчүүдийн тоо эрс өсөж, амжилт нь мэдэгдэхүйц ахиж буйд олзуурхдаг. Дэмжиж л чадвал улсын цол хүртэх хэмжээний залуус манай аймагт олон бий. “Анар ах чадсан юм чинь би яагаад чадахгүй гэж. Дорнод аймгаас улсын цолтон төрдөггүй гэдэг нь худлаа юм байна” гээд нэлээн хэдэн хүүхэд үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн гэнэ лээ. “Бөхгүй нутаг гэж байхгүй. Бөхөө дэмждэггүй нутаг л гэж бий” гэдэг ёстой үнэн. Дорнод нутгаас мэндэлсэн улсын анхны харцага боллоо. Амжилт минь булган сүүлтэй байх болтугай.

-Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аваргаас авхуулаад алтан үеийнхэн их спортоос гадна үндэсний бөхөөр давхар хичээллэдэг байсан. Энэ жил л гэхэд Э.Оюунболд, Н.Батсуурь, Б.Гончигдамбаас авхуулаад жүдо, чөлөөт бөхийн аль нэгээр нь хичээллэдэг бөхчүүд өндөр амжилт гаргалаа. Тэдний нэг нь Та.

-Их спортоор давхар хичээллэдгийн минь өгөөж л дөө. Хүүхдэд бөхийн суурийг нь их спортоор тавьбал их зүгээр. Тэгээд дараа нь алийг нь сонгохоо тухайн хүүхэд шийдвэл өндөр амжилт гаргахад нь тустай. Үндэсний бөхийнхөн их спортоор давхар хичээллэвэл олон талын ашигтай. Би сүүлийн жилүүдэд үндэсний бөхийн бэлтгэл түлхүү хийж байна. Заримдаа Ц.Шийрэв багшийн удирдлагад жүдогийн бэлтгэл хийж, дотоодын тэмцээнд оролцдог.

Миний өнөөгийн амжилт Ц.Шийрэв багштай салшгүй холбоотой. Багшийгаа өнгөрсөн жил Гавьяат дасгалжуулагч болоход нь их баярласан. Зөвхөн жүдо, үндэсний бөх гэлтгүй сүмо, самбо зэрэг бөхийн олон төрлөөр Гавьяат тамирчин Д.Нармандах, ОУХМ Д.Төмөрхүлэг, Ц.Цогтбаатар, сүмоч А.Ичинноров, Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй шилдгүүдийг бэлтгэж буй мундаг хүн дээ.

-Та анх жүдо, самбо бөхөөр хичээллэн, бүр хожим үндэсний бөх рүү урвасан юм билээ. Их спортод анх хөл тавьсан дурсамжаасаа хуваалцана уу?

-Би хөдөөний бусад хүүхдийн адил дээл, гутлаа ханзартал барилдан, радиогоор бөхийн барилдаан бүрийг алгасалгүй сонсож өссөн. Бага насны минь хамгийн сайхан дурсамжууд яахын аргагүй Дорнод аймгийн Дашбалбар суманд бий. Сумынхаа дунд сургуульд наймдугаар анги төгстөлөө сурсан. Манай удамд цэргийн начин цолтой бөх байсан юм билээ. Цэргийн начин, самбо бөхийн спортын мастер Мөнхжаргал гэдэг хүн манай сургуулийн биеийн тамирын багш байлаа. Манай ангийнханд самбо, үндэсний бөх заасан нь тамирчин болоход минь их нөлөөлсөн.

15 настайдаа Улаанбаатар хотод ирж, Ц.Шийрэв багшийн шавь болсноор бөхийн спорттой амьдралаа холбож байлаа. Үндэсний бөхөөр барилддаг тамирчинд зөвхөн тухайн спортынх нь бус, жүдо, сүмо зэрэг олон төрлөөр давхар хичээллүүлэн, барилдааных нь чадварыг хөгжүүлдэг онцлогтой. Тийм болохоор багшийн минь шавь нар өндөр амжилт үзүүлдэг байх. Их спортоор хичээллэж эхэлснээсээ хойш жилийн дараа болсон өсвөрийн УАШТ-ээс жүдогоор алт, самбо бөхөөр мөнгөн медаль хүртэн, амжилтын гараагаа эхэлж байв. Жүдо бөхийн УАШТ-ээс насанд хүрэгчдийнхэд хоёр алт, нэг мөнгө, багийнхад нэг алт, нэг хүрэл медаль хүртэн, залуучууд, оюутан, өсвөр үеийнхэд түрүүлсэн. Харин самбогийн УАШТ-ээс насанд хүрэгчдийнхэд нэг мөнгө, залуучууд, өсвөр үеийнхэд нэг алтан медальтай.

-100 кг-д Н.Түвшинбаяр аварга зодоглодог байсан (Өнгөрсөн жилээс +100 кг-д барилдаж байгаа). Аваргатай ер нь хэр олон удаа барилдсан билээ?

-Нэг л удаа учраа таарсан юм байна. Тэгэхдээ торгуулиар ялагдаж байлаа. Би УАШТ-д хоёр удаа түрүүлэхдээ шигшээд Э.Энхбат начныг ялсан.

-Жүдогоор Япон улсад номын дуу сонссон бил үү?

-Тэгсэн. Японы жүдо бөхийн сургуульд хоёр жил гаруй (2009-2011) сурсан.

-Долоон жил гаруй хугацаанд хичээллэсэн жүдогийн спортыг орхин, үндэсний бөхийг сонгох амаргүй байсан нь мэдээж. Ер нь яагаад их спортоор тууштай хичээллэхээ больсон юм бэ?

-Би жиндээ орохын тулд багадаа 14-15 кг-ыг хасдаг байлаа. Хамгийн сүүлд буюу 2015 оны самбо, жүдогийн УАШТ-д оролцохдоо бүр 25 кг хассан шүү. Яаж барилдах вэ, бэлтгэлээ хэрхэн хийх вэ гэхээс илүү жиндээ яаж орох вэ гэж боддог юм билээ. Тэр жилдээ жүдогийнход нь улсын начин Э.Энхбатад ялагдан, мөнгөн медаль авсан.

Их спортоор чамгүй олон жил хичээллэн, уйгагүй хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртчих юм сан гэж нэлээд гүрийсэн ч даанч чадаагүй. Жин их хасах биед халтай. Ер нь 6-7 кг-аас илүү жин хасах дэмий гэдэг юм билээ. Тэгээд 2014 онд үндэсний бө хөөр тууштай барилдахаар шийдсэн юм.

-Жин хасалгүй +100 кг-д зодоглох боломж байсан уу?

-Мэдээж тэгж бололгүй яах вэ. Би +100 кг-ынхны дунд нуруугаар намханд орно. Жингийн зөрүү ч их тул амжилт гаргахад бүр хэцүү. Миний барил дааны онцлог 90 юм уу, -100 кг-д яг тохирдог байсан юм.

-Та 2016 онд улсын начин цол хүртэхдээ хоёр ч удаа тунасан. Ялангуяа тавын даваанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатартай тунаж, барилдсаныг тань өдгөө ч бөхийн хорхойтнууд дурсдаг. Олон жил улсын начин цолны таамагт багтаж явсан түүнийг давна гэдэгтээ хэр их итгэлтэй байв?

-Би тэр жил бэлтгэл сайтай, цөөнгүй барилдаанд дээгүүр барилдсан болохоор улсын цол хүртэх зорилго өмнөө тавьсан юм. Барилдааны ур чадвар ахин, олон түмэн итгэл хүлээлгээд эхлэхээр хүн өөрийгөө улам хурцалж, дайчилдаг юм билээ. Ер нь начны даваанд цөөнгүй аймгийн арслан цолтон хоорондоо тунах болов уу гэж таамаглаж байлаа. Төв цэнгэлдэхийн урд амьдардаг ахындаа амарчихаад ирэх нь ээ улсын харцага Т.Өсөх-Ирээдүй “Ахын дүү тунасан байна. Хэнтэй гэдгийг нь хараахан мэдсэнгүй. Тунаж барилдаад цол хүртэх шиг сайхан юм хаана байх вэ” гэж намайг хурцалсан нь санаанаас ер гардаггүй юм.

Улсын харцага Ш.Мөнгөнбаатар Монголд алдартай бөх. “Мөнгөөр улсын цол хүртсэнээс Мөнгөнбаатар шиг аймгийн арслан цолтой явсан нь дээр” гэдэг үг хүртэл гарсан шүү дээ. Ийм мундаг бөхөд унасан ч харамсахгүй, санасан мэхээ хийгээд, шударга өрсөлдье гээд л барилдсан юм. Харин өөрөөсөө сул өрсөлдөгчтэй хүч үзэн, өвдөг шороодвол харамсана л даа. 2016 онд түүнтэй гурван удаа учраа тааран барилдахдаа бүгдэд нь түрүүлж мэх хийн, хариу мэхэнд орсны улмаас унасан юм. Тиймээс аль болох хүлээцтэй, тайван барилдахыг илүүд үзсэн. Улсын начин цолны болзол ханган, Төрийн есөн хөлт цагаан тугаа тойрон, дэвж явахад үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг юм билээ.

“Нээрэн, би улсын начин цол хүртчихлээ гэж үү” гээд өөртөө итгээгүй. Зүүдлээд ч байгаа юм шиг. Улсын цол хүртсэн бөхчүүдээс хамгийн залуу нь байж, даагаар шагнуулсандаа их бэлгэшээсэн.

-Допинг бөхчүүдийг талцуулж, МҮБХ-ны “шүдний өвчин” болоод удлаа. Таны бодлоор хориотой бодистой тэмцэх хамгийн зөв гаргалгаа юу вэ?

-Дэлхий даяараа допингтой тэмцэж, эсэргүүцэж байна. МҮБХ-ныхон допингийн эсрэг маш хатуу байр суурьтай байх хэрэгтэй. Эл бодисын хор хөнөөлийг бөхчүүдэд сайтар ойлгуулж, сургалт зохион байгуулах нь чухал. Наадмын үеэр бөхчүүдээс авсан шинжилгээний хариу удаж гардаг. Допингийн шинжилгээнд тэдэн бөх бүдэрлээ, эсвэл хэн нэгнээс илэрсэнгүй гээд л өнгөрдөг. Үнэн, худлыг нь мэдэх аргагүй.

Дөрвөн бөхөөс илэрлээ гэхэд гурвыг нь нуугаад өнгөрч буйг үгүйсгэх аргагүй. Тиймээс бөхчүүдийн шинжилгээний хариуг нийтэд ил тод зарлах нь чухал. Би олон улсын тэмцээнд байсхийгээд л оролцдог. Гэтэл тэгж явахад авсан шинжилгээний хариу маргааш нь гарчихдаг шүү дээ. Хэн допинг хэрэглэж, бусдад худалдаж буй талаар хүмүүс ярьдаг. Гэтэл тэднийг шалгадаггүй, зөнгөөр нь орхичихдог нь буруу.

-Харцагын сахал бусад бөхөөс содон харагддаг. Та ер нь хэр стиллэг бол?

-Үнэнийг хэлэхэд лаг харагдах гэсэндээ сахал тавиагүй юм аа. Би нарны харшилтай. Харшил хөдлөхөөр эрүүн доогуур юм гардаг. Бусдад эвтэйхэн харагдахын тулд л сахал тавьсан.

-Та нутаг руугаа хэзээ явах вэ?

-Долдугаар сарын 27-28-нд Дорнод аймагт Зүүн бүсийн даншиг наадам болно. Тэнд очиж барилдана. Тэр үеэр л нутагтаа очно доо. Даншгийн бэлтгэлдээ орчихсон, энэ сарын 14-нөөс хойш хийж байна.

Өнөөдөр сонин

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*