Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дотоодын аялагчдаас цэнгэг уст нууруудаа хамгаалъя

Монголд аялал жуулчлал гэдэг нь зөвхөн гадаад орноос жуулчин хүлээн авах гэдэг ойлголтоос гадна дотоодын аялал жуулчлал, outbound буюу гадаад руу аялуулах зах зээлд өрсөлдөж, аялагчдын тоо жил ирэх тусам өсөж байгаа. Жилдээ хоёр сая гаруй монгол иргэн дотооддоо аяладаг гэх тоо баримт бий. Дотоодын аялал жуулчлал хөгжих нь сайн зүйл боловч нөгөө талдаа хог хаягдал, “НОЛЬ”-ийн асуудал хурцхан сэдвүүдийн нэг. Дотоодын аялагчид хаана ч очсон сурсан зангаа гээлгүй хамаа намаагүй хог хаядаг гаж зуршилаа зассангүй хэдэн жилийн нүүрийг үзэв.

Дотоодын аялагчид Горхи, Тэрэлж, Хөвсгөл, Увс нуур, Орхоны хөндий зэрэг улсын тусгай хамгаалалттай, аялал жуулчлалын гол бүс нутгуудыг талхлаж эхлэв. Ялангуяа цэнгэг уст томоохон нуурууд бохирдож, заримынх нь усны түвшин эрс багасаж байгаа талаарх гомдол, мэдээлэл тасрахаа больсон билээ. Туул голын эрэг гэхэд зугаалах байтугай зугтмаар бохир болсныг нийслэлчүүд хэлүүлэлтгүй мэднэ. Хөвсгөл нуур сүүлийн 4-5 жилд үүний адил буртаглагдаж байна. Жанхайн даваа, Хатгал орчимд, нуурын эрэг дагуу байрлах жуулчны бааз, гэр буудлуудын тоо хэрээс хэтэрч, Улаанбаатарын гэр хороолол шиг шавааралдсан байх жишээтэй. Дараагийн байрт нь цэнгэг уст Тэрхийн цагаан, Өгий нуур “жагсаж” явааг олон нийт хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Олны хөлөөс хол, Улаанбаатараас нэлээд зайтай Увс, Буйр нуурт очих хүний тоо ч сүүлийн үед олширч, байгалийн унаган төрх нь алдагдаж болзошгүйд санаа зовох хүн ч цөөнгүй бий. Ийн бохирдсон газруудад очсон гадаадын жуулчдын хэдийнх нь дур гутаж “Монголд дахиж ирэхгүй” гэсэн бодол тээгээд буцсан бол.

image

Энэ жилийн наадмаар дотоодын аялагчид Өгий нуурыг “дайлаар” мордож эрүүл газаргүй болтол нь тамтаглав. Үүнийг харсан нутгийн иргэд “Хар галуу, хар элэгт хүн хоёрт Өгий нуур маань сүйтгэгдлээ” хэмээн халаглан сууна. Уг нь энэ бүхнийг зохицуулж, аялагчдын журманд нь оруулах ёстой аялал жуулчлал хариуцсан яам нь ажлаа хийж байна уу гэх асуудал яах аргагүй сөхөгдөнө. Гадаадын нэгэн жуулчин Архангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялаж үзснийхээ дараа “Монголчууд хэзээ ч замаа засаж чадахгүй, хогоо цэвэрлэж барахгүй” гэж хэлсэн гэдэг. Бодит амьдрал дээр яг л ийм байгаа. Дотоодын аялал жуулчлалаас болж байгаль орчинд хэр их хохирол учирсныг одоогоор төрийн болон төрийн бус аль ч байгууллага судалж тогтоогоогүй. Тэр ч байтугай дотоодын хэдэн иргэн хаагуур аялсныг ч бүрэн тодорхойлж чадахгүй сууна. Зуны турш, ялангуяа наадмын үеэр хөдөөгүүр аялсан иргэдийн “тарьсан” хог хаягдал, үлдээсэн ул мөрийг нь яаж арилгах вэ гэж шогшрохоос бус, дорвитой арга хэмжээ авч чадахгүй хэвээр байна. Дотоодын аялагчидыг яаж эмх цэгцэнд нь оруулах вэ Н.Цэрэнбат сайдаа.

image

М.Амаржаргал

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*