Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Арван гурван мэргэнтэй Баян-Уулын харваачид

Монгол түмний эрийн гурван наадам бол өнө эртний түүх, өв уламжлалыг илтгэсэн наадгай юм. Эрийн гурван наадмыг морь, бөх, сурын харваагүйгээр төсөөлшгүй бөгөөд тулгын гурван чулуу гэлтэй. Архангай, Увс, Хөвсгөл, Төв, Булган хүчит бөхчүүдээрээ, Дарьганга, Галшар, Тэсийн голын хурдан хурц морьдоороо улсдаа цуутай бол Дорнод аймаг эрхий мэргэн харваачдаараа алдартай. Тэр дундаа Баян-Уул сумаас улсын наадмын зурхайд уухай хадаан түрүүлсэн мэргэн харваачид олон бий. Дамдины Цэрэндорж буюу Мухардааны удмын харваачдаас эхлээд Аюушийн Цэвээн, түүний хүү Ц.Хүдэрчулуун, Хишигтийн Даваажаргал гээд нэрлээд байвал Улзын хөндийгөөс олон харваачид төрөн гарсан. Эх сурвалжаас үзвэл 1921 оноос хойш 70 орчим мэргэн харваачид төрснөөс Дорнод нутгаас 30 орчим, эдгээрээс хагас нь зөвхөн Баян-Уул нутаг, Улзын харваачид байна.

Баян-Уулын харваачдаас анх Ц.Пүрэв (Мухардаан) 1961 оны МБАТ-ий анхдугаар спартакиадаар түрүүлж улсын мэргэн цол хүртсэн нь Улз нутгийн харваачдын алдар цурайн эхлэл байсан юм. Түүнээс хойш А.Цэвээн, П.Гарамдорж, Д.Базаргүр, Ц.Гэнин, Ж.Ганболд, Л.Ренчиндорж, Д.Нямсүрэн, Ц.Хүдэрчулуун, Д.Сэрээтэр, С.Долгормаа, Г.Дуламханд, Х.Даваажаргал нарын алдар цуутай харваачид улсын наадмынхаа зурхайд алдар нэрээ мандуулан, улсын мэргэн цолонд хүрсэн. Мөн энэ нутгаас дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан байт харвааны паралимпийн аварга Д.Баатаржав төрөн гарсан гэхээр яалт ч үгүй сурын өлгий нутаг юм.

Хавтгай цагаан Улзын хавтай харваачдын амжилтаас дурдвал, дархан мэргэн А.Цэвээн МУ-ын үндэсний сурын харвааны цорын ганц хөдөлмөрийн баатар цолыг хүртсэн бол үндэсний сурын гавьяат тамирчин цолыг А.Цэвээн түүний хүү дархан мэргэн Ц.Хүдэрчулуун нар хүртээд байна. Улсын наадмын алтан зурхайд 1973 нд А.Цэвээн, Д.Сэрээтэр нар эхний 2 байранд, 1977 онд А.Цэвээн, Г.Ломбодорж, Ц.Гэнин нар, 1978 онд Ц.Гэнин, А.Цэвээн, Г.Гомбодорж нар, 1979 онд Ц.Гэнин, А.Цэвээн, Д.Базаргүр нар эхний 3 байранд, 1982 онд Ц.Гэнин, А.Цэвээн, 1984 онд А.Цэвээн, Ц.Гэнин, 1986 онд Л.Ренчиндорж, А.Цэвээн нар эхний 2 байранд, 1988 онд А.Цэвээн, Л.Ренчиндорж, Ц.Гэнин, И.Цоож нар эхний 4 байранд тус тус шалгарч Баян-Уулын харваачид улсын наадмын эхний байруудыг авч байсан. Мөн 1978, 1981, 1987, 1992 оны улсын баяр наадмын эхний 5 байранд Улз нутгийн харваачид багтсан байдаг. 2002 оны улсын баяр наадмын эрэгтэй харваанд Ц.Хүдэрчулуун, эмэгтэй харваанд Х.Даваажаргал, хүүхдийн харваанд Ц.Энхчулуун нар түрүүлсэн нь бас нэгэн бахдам амжилт юм.

Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд Баян-Уулын харваачдаас дархан мэргэн, СМ Х.Даваажаргал 5, дархан мэргэн, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин А.Цэвээн (1973, 1977, 1984, 1988 он), гавьяат тамирчин Ц.Хүдэрчулуун нар 4 (1987 1994, 2002, 2012 он) удаа, Ц.Гэнин 3 (1978, 1979, 1982 он) удаа, С.Долгормаа 2 (1964, 1974 он) удаа түрүүлсэн бол Д.Базаргүр, Ж.Ганболд, Л.Ренчиндорж, Д.Нямсүрэн, Г.Дуламханд нар тус бүр 1 удаа улсын наадмын тэргүүн байр эзэлсэн байна.

Баян-Уул сумаас төрсөн УЛСЫН МЭРГЭН ХАРВААЧИД:

  1. Цэрэндоржийн Пүрэв: 1961 оны МБАТ-ий анхдугаар спартакиадад түрүүлж улсын мэргэн цол хүртсэн. Улсын наадамд 1961 онд 3, 1978 онд 5-р байранд орсон.
  2. Аюушийн Цэвээн: 1973 оны мэргэн. Улсын наадамд 1973, 1977, 1984, 1988 онуудад түрүүлж, 1976, 1978, 1979, 1980, 1982, 1985, 1986 онуудад 2-р байр, 1975 онд 3-р байр, 1981, 1994 онуудад 4-р байр, 1990 онд 5-р байранд орсон.
  3. Дашийн Сэрээтэр: 1973 оны мэргэн. Отго харвааны түрүүлж улсын мэргэн цол хүртсэн. Улсын наадамдаа 1964 онд 4, 1973 онд 2-р байранд орсон.
  4. Пүрэвийн Гарамдорж: 1974 оны мэргэн. 1974 оны хөдөөгийн Залуучуудын спартакиад түрүүлж улсын мэргэн цол хүртсэн. Улсын наадамдаа 1963, 2002 онуудад 5-р байр, 1974 онд 4-р байр, 1962, 2002 онуудад 3-р байранд шалгарсан.
  5. Дэлгэрмөнхийн Базаргүр: 1974 оны наадамд түрүүлж улсын мэргэн цол хүртсэн. 1974 онд түрүү, 1979, 1983, 1985 онуудад 3-р байр, 1987 онд 4-р байранд шалгарсан.
  6. Цэрэндоржийн Гэнин: 1978 оны наадамд түрүүлж улсын мэргэн цол хүртсэн. Улсын баяр наадамд 1978, 1979, 1982 онуудад түрүү, 1977, 1984 онуудад 2-р байр, 1988 онд 3-р байр, 1972 онд 4-р байр, 1983, 1987 онуудад 5-р байранд шалгарч айрагдсан байдаг.
  7. Жамсрангийн Ганболд: 1981 оны улсын наадамд түрүүлж улсын мэргэн цол хүртсэн.
  8. Лувсандоржийн Ренчиндорж: 1986 оны улсын наадамд түрүүлж мэргэн цолонд хүрсэн. Мөн 1988 онд 2-р байр, 1990 онд 3-р байранд шалгарч байжээ.
  9. Дондогийн Нямсүрэн: 1987 онд түрүүлж мэргэн, 1991 онд түрүүлэн хошой мэргэн цол хүртээд 1992 онд 2-р байр, 1983 онд 4-р байранд шалгарсан.
  10. Цэвээний Хүдэрчулуун: 1987 оны улсын наадамд түрүүлж мэргэн цолонд хүрсэн. Тэрээр аавынхаа амжилтыг давтаж 1987, 1994, 2002, 2012 онуудад түрүүлсэн бол 1993, 1996, 2004 онуудад 2-р байр, 1997, 1998 онуудад 3-р байр, 1992, 1999 онуудад 4-р байр, 1989, 2009 онуудад 5-р байранд орсон.
  11. Самданы Долгормаа: Улсын наадамд 1964, 1974 онуудад түрүү, 1975, 1990 онуудад 5-р байранд шалгарсан.
  12. Гүржавын Дуламханд: 1972 оны улсын наадамд түрүүлж мэргэн цолонд хүрсэн.
  13. Хишигтийн Даваажаргал: Улсын баяр наадамдаа 1996, 2002, 2002, 2004, 2005 онуудад түрүүлж гайхамшигтай амжилт үзүүлсэн. Үүнээс гадна 1997 онд 4, 2003 онд 3, 2009 онд 5-р байранд шалгарсан.

МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин А.Цэвээн, хүү гавьяат тамирчин Ц.Хүдэрчулуун

Улсын наадамд 5 удаа түрүүлсэн Дархан мэргэн Х.Даваажаргал

Б.БЯМБАБАЯР

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Харваач гуай өгүүлрүүн:

    Уг нь Баян-Уул сум 17 мэргэнтэй, яагаад дөрвийг нь хасчихав аа?

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*