Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Тал нутгийн Ах дүү хоёр аваргын түүхээс

Өнөөгийн Сэргэлэн сум буюу Сэцэн хан аймгийн Сан бэйсийн хошуу, Хөгнө хавиар нутагтай Галын голын отгийн ах дүү хоёр аварга Монгол бөхийн түүхэнд мөнхрөн үлдсэн байдаг. Үндэсний их баяр наадмын энэ өдөр тал нутгаас төрсөн ах дүү хоёр аваргын үүх түүхээс товч танилцуулж байна.

Удам дамжсан ах дүү аваргуудын залгамж халаа болсон хүчит бөхчүүд Дорнын тал нутгаас олон төрөх болтугай! 

ОЧИР ЗААН

Ах дүү аваргуудын өвөг эцэг Очир нь 1838 оны их даншигт 8 даван шөвгөрч заан цол хүртэж байсан бөх байжээ.

Дээр үеийн наадмуудын бөхийн барилдааны онооны дансыг үзэхэд Төр гэрэлтийн 17 дугаар он  буюу 1837 онд болсон Халхын 7 хошуу Даншиг наадамд анх удаа Очир бүргэд гэгч хүний нэр үзэгддэг бөгөөд тэр наадамд 940 бөх барилдахад Очир бүргэд 4 давсан байна. Түүний дараа  жил буюу Төр гэрэлтийн 18 дугаар онд (1838 он) болсон Долоон хошуу наадамд 1032 бөх барилдахад Очир бүргэд заан 8 давсан байна.

Энэ явдлаас хойш нэлээн хэдэн жил өнгөрсний хойно 1844 он буюу  Төр гэрэлтийн 24 дүгээр онд болсон Долоон хошуу Даншиг наадамд Очир заан 2 давж, мөн оны Арван засгийн наадамд Очир заан 1 давжээ.

Энэхүү Очир зааны тухай ард түмний дунд одоо хүртэл яригдаж байгаа дурдатгал ярианд өгүүлсэн нь:

Тэр үеийн нэгэн жилд Халхын Долоон хошуу Даншиг наадам болоход барилдсан бөхчүүдийн хамгийн шувтрагын 13 бөх нь Сэцэн ханы Минжүүрдоржийн хошууны бөхчүүд үлджээ. Үүнд:

  • Сэцэн хан ба Минжүүрдорж нараас энэ бөхчүүд дотроос түрүүлсэн нэг бөхийг уламжлалт заншил ёсоор Богд танаа өргөнө. Харин одоо эдний дотроос “Богд та нэгэн бөхийг таалан соёрхоно уу” гэж баярласан, бахархсандаа болон айлтгажээ. Үүнд Богд, тэр 13 бөхийг таалан болгоож нэгэн сайхан биетэй эрийг заасан нь Очир заан байсан гэдэг. Гэтэл Очир заан бол тэр 13 бөх дотроос хамгийн муу бөх нь байсан гэлцдэг яриа бий.

Энэхүү Очир зааны хүү Омбой заан гэж байжээ. Омбой зааны чухамхүү барилдаж байсан үеийн тодорхой баримт одоогоор үгүй байна. Учир нь яг тэр үеийн наадмуудын материал болон ялангуяа бөхийн оноо нь алга болжээ. Омбой заан 2 хүүтэй байсны их нь Гэлэгсэнгэ, бага нь Дугар билээ.

ОМБОЙН ГЭЛЭГСЭНГЭ

Одоогийн Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутгийн бөх. 1853 онд төрсөн.

Гэлэгсэнгэ хүү 1876 оноос эхлэн Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж эхэлжээ. Түүний алдаршсан үе бол Бадаргуулт төрийн үе бөгөөд хар, шар феодалууд (ихэс дээдсүүдийн) зугаа цэнгэлийг хөөцөлдөж байсан ид үе тул найр наадам маш олширсон үе байлаа. Гэлэгсэнгэ нэр анх, Бүрэнт засагчийн 7 дугаар он буюу 1868 оноос эхлэн бөхийн оноонд тодрон гардаг билээ. Үүнээс хойш Гэлэгсэнгэ нь Богд хаан, Хэнтий хан уулын тайлгын (арван засгийн) ба 7 хошуу даншиг наадмуудад олон жил дарааллан амжилттай барилдсан байна. Түүний барилдаж байсан онуудыг сийрүүлбэл:

1875 оны арван засгийн наадамд 8 давж түрүүлсэн.

1876 оны даншиг наадамд 11 давж түрүүлсэн.

1877 оны арван засгийн наадамд 8 давж түрүүлсэн.

1878 оны арван засгийн наадамд 8 давж түрүүлсэн.

1879 оны арван засгийн наадамд 8 давж түрүүлсэн.

1879 оны даншиг наадамд 9 давж түрүүлсэн.

1880 оны даншиг наадамд 9 давж түрүүлсэн.

1880  оны арван засгийн наадамд 8 давж түрүүлсэн.

1881 оны арван засгийн наадамд 8 давж түрүүлсэн.

1882 оны арван засгийн наадамд 8 давж түрүүлсэн.

1884 оны даншиг наадамд 11 давж түрүүлсэн.

1890 оны даншиг наадамд 11 давж түрүүлсэн.

1893 оны даншиг наадамд 7 давжээ.

1896 оны даншиг наадамд 1 давсан бөгөөд үүнээс гадна Гэлэгсэнгэ аварга:

1900 оны 7 хошуу даншигт 5 давсан,

1907 оны даншигт 6 давсан мэдээ байдаг.

Энэ хоорондын болон бусад үл мэдэгдэх онуудын наадамд хэрхэн барилдсан нь мэдэгдэхгүй байна. Үүнээс үзэхэд Гэлэгсэнгэ аварга лав л гуч гаруй жил тасралтгүй барилдсан. Монголын алдарт аварга мөн ажээ.

Гэлэгсэнгэ бол тэр үедээ нийтэд нэр зар бүхий алдарт бөхчүүд болох Довчин арслан, Цэвэгмид арслан нартай барилдаж явсан билээ. Гэлэгсэнгэ аварга бол тэр үеийн Сэцэн хан аймгийн Сан бэйсийн хошуу нутаг дахь Их шавийн Галын голын отгийн харъяат ард бөгөөд одоогийн Дорнод аймгийн Хөгнө хэмээх газраар нутаглаж байсан хүн билээ.

Их даншигт 4 удаа, бага даншигт 1 удаа, уул тайлгад 6 удаа нийтдээ Монголд наадамд Гэлэгсэнгэ дархан аварга 11 түрүүлжээ. Түүний дархан аварга болсон түүх нь дүү Дугар аваргатай салшгүй холбоотой юм.

 

ОМБОЙН ДУГАР

Одоогийн Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутгийн бөх. 1859 онд төрсөн. Энэ үеийн бичиг баримтууд устаж үгүй болсон тул Дугар аваргын бага насны талаар өөр тодорхой баримт үгүй байна.

Дугар хүү анх 1885 оны уул тайлгын наадамд ирж барилдаад 6 даван шөвгөрч начин цол, 1886 оноос эхлэн Богдын шавийн нэрийн өмнөөс босч барилдаад тэр жилийн их даншигт түрүүлж арслан цол, 1890 оны их даншигт 11-ийн даваанд ах Гэлэгсэнгэ аваргад унаж үзүүрлэн даян аварга цол, 1896 оны их даншигт Намхай аваргад унаж үзүүрлэн дархан аварга цол хүртжээ.

1890 оны их даншиг наадмын 6-ийн даваа эхлэхийн өмнө ах Гэлэгсэнгэ аваргын бие нь чилээрхэж барилдаж боломжгүй болжээ. Тэгэхэд нь дүү Дугар арслан өөрөө гоц мөргөхийн оронд ахыгаа гоц мөргүүлэх зөвшөөрлийг дээдсээс олж аваад сүүлийн хоёр бөхөд үлдэж ах Гэлэгсэнгээ түрүүлүүлж дархан аварга цол, өөрөө хичээнгүй нягт цог нэмэх далай даян аварга цол хүртжээ. Өөрөөр хэлбэл Богдын шавийн хоёр бөх Гэлэгсэнгэ аварга, Дугар арслан хоёр ээлжлэн гоц мөргөх байтал ах Гэлэгсэнгэ нь 6-10 дугаар үе(даваа)-д дараалан гоц мөргөж, улмаар түрүүлсэн байна.

Дугар дархан аварга их даншигт 2 удаа түрүүлж 5 удаа үзүүрлэсэн. Уул тайлгын наадамд 4 удаа түрүүлж 1 удаа үзүүрлэсэн. Нийтдээ Монгол наадамд Дугар аварга 6 түрүүлж 6 үзүүрлэжээ.

Дугар аваргын тухай хууч ярианаас

Сэцэн хан аймгийн Дорнод нутагт Аюур зайсангийн гэж адуу мал олонтой, ардаг догшин ихтэй нэгэн айл байсан гэдэг. Нэг өдөр Аюур зайсан гэртээ суугаад чөдөр зангидаж байтал явуулын бололтой нэг том хар хүү иржээ. Монгол овогтны хаа ч байдаг ёс заншлаар цай идээ өгч, энэ тэрхнийг ярьж байхын завсар хаа зорьж явааг нь асуувал Даншиг наадамд очих санаатай явна гэж ажиг ч үгүй хариулжээ. Наадам олонтой бөх элбэгтэй газар болохоор Аюур зайсан ч нэг их санаанд орсонгүй. Тэр ирсэн хар хүү газар нутгийн байдал, зун зуншлага зэргийг ярьж сууснаа зангидсан чөдрөөс нь нэг овоо сайн хар суран чөдрийг авч үзэж сууж гэнэ. Аюур зайсан олон эмгэг адуутай тул ногт чөдөр тэсдэггүй, хөдөө газрын урьдын нэгэн новширхуу айлын эзэн хүн тул тийм ч амар тасрахгүй чөдөр хэдтэй болох санаатай зориуд ноцолдож суугаа нь энэ бөгөөд тэр ирсэн хүний барьж үзэж байгаа хар суран чөдөр бол тусгайлан хийсэн хамгийн бөх бат мундаг чөдөр нь байсан болохоор:
– За хөө, ямар болж вэ дээ хэмээн ихэд бахархан гайхууласхийж асуужээ.
– Яах вэ дээ, гэж цаад хүн ихэд голонгуй маягтай дуугарчээ.
– Шш хүү минь, арай голж байгаа юм биш биз дээ. Эр хар сурыг дөрөв дарж сумалсан давхар суран алгатай дөрвөн давхар хаатай ийм чөдөр ч ховор байдаг байлгүй, үүгээр чөдөрлүүлсэн адуу ч төмөр хөлтэй л юм биш бол барагтай бол таслах нь ч гайгүй байлгүй. Элдүүр, идээ хоёр нь ч овоо л таарсан эр үхрийн зооны сур даа хөө. Чи Долоон хошуу наадамд очих гэж яваа хүүхэд байна. Бодвол барилдах л гэж яваа биз дээ. Харсаар байтал ер нь наадахаа нэг татаад үз л дээ гэж Аюур зайсан яриад инээж гэнэ.
– Татвал тасарчих байлгүй дээ гэж залуу эр тоосон шинжгүй хэлжээ.
– Дийлдэг л юм бол тасал л даа хамаагүй. Ер нь гайгүй л болов уу гэж би санах юм. Гомдлын мөрт үзвэл нэг үз л дээ хүү минь гэж Аюур хэлж дуустал тэр хүн чөдрийг урдаа хөндийхөн барьж нэг ч их хүч гаргалгүй татаад амархаан тасалчихжээ.
Ер бусын энэ явдалд гайхахын ихээр гайхсан Аюур зайсан нүд нь том болж:
– За хүү минь, алдар хэн билээ? гэхэд цаад хүн:
– Миний нэр Дугар гэжээ.
– Аль нутаг вэ? гэвэл
– Сэцэн ханы Сан бэйсийн хошуу Хөгнө хавиар нутагтай Их шавийн Галын голын отгийн хүн дээ гэж гэнэ.
Ийнхүү Дугарын нэр нутаг хошуунд тархаж эхэлжээ. Мөн тэрнээс хойш нэгэн зун болсон явдлыг дурдвал:
Урьд Сан бэйсийн бөхчүүд тэр үеийн Долоон хошуу даншигт бөөнөөрөө морин хөсгөөр аялан явах замдаа нэг, нэг өдрөөр урьдчилан явж ус олж, аргал түлш түүдэг байжээ. Гэтэл нэг өдөр Дугар аваргын ээлж болж худагт толгойгоороо унаж үхсэн үхрийг татан гаргахаар ноцолдон ядаж байсан баахан хүмүүстэй тааралджээ. Тэгээд тэдгээр хүмүүсийн татаж гаргаж чадаагүй байсан тэр үхрийг Дугар аварга ганцаараа чангаан худгийн хашаа модны хамтаар суга татан гаргасанд тэдгээр хүмүүс гайхалдан, Дугар аваргын нэрийг асуусанд тэнд байсан хүмүүсийн тоогоор хорин нэгэн муу гэдэг хэмээн хариулсан гэдэг учраас “хорин нэгэн муугийн худаг” гэж түүнээс хойш алдаршсан нэг худаг бий гэж одоо болтол домог болон ярилцдаг билээ.
Энэ мэт өч төчнөөн гайхамшигт домог дурдатгалыг ард түмний дунд үлдээсээр явжээ.

***

Бадаргуулт төрийн 16 дугаар он буюу 1890 оны цагаан бар жилийн долоон хошуу даншиг наадамд Дугар аварга, түүний ах Гэлэгсэнгэ нар хоёул ирж барилджээ. Гэтэл дөрвийн давааны үеэр бөхчүүд ид ам угтуул авалцаж байхад Дугар аварга онооны түшмэлээр уламжлан Богд болон Амбан сайд нарт айлтгасан гэнэ.
-Миний төрсөн ах “Гэлэгсэнгэ олон жил барилдсан бөгөөд улсын Далай даян мөн боловч эдүгээ Дархан аварга хараахан болоогүй билээ. Харин энэ жилийн наадамд барилдан түрүүлж Дархан аварга болох зорилготой анх нутгаас гарч ирсэн бөгөөтөл ид барилдаж явтал нь нуруугаар нь хатгах хууч нь хөдөлж, барилдаж эс чадлаа. Иймд нэгэн эхийн хэвлийгээс зулай зулайгаа гишгэж төрсөн дүү нь би мөнийн тул ахынхаа зорьж ирсэн Дархан аваргыг нь өөрийн биеэр барилдан авч өгөхийг хүснэм. Үүний тул нэгэн удаа ах Гэлэгсэнгийн өмнөөс, нэгэн удаа өөрийн өмнөөс энэ наадамд оноо бүрд давхар барилдахыг тогтоон соёрхоно уу” гэжээ. Үүнд Богд баахан бодож, Амбан сайдад уламжилсан бөгөөд, Амбан сайдын газраар бөөн яриа болсоноор “НЭР АГЧ Дугар нь өөрийнхөө болон ахынхаа өмнөөс нэгэн гараанд хоёр хүнтэй барилдахыг зөвшөөрөв. Харин энэ учраануудын аль нэгэнд нь унах аваас шийтгэх болно” гэсэн хариу иржээ. Ийнхүү Дугар аварга нэгэн гараа бүхэнд хоёр хүнтэй барилдаж эхэлжээ.

Дугарын ах Гэлэгсэнгэ бол Далай даян аварга учир үе бүрийн эхний гараанд гарах бөгөөд Дугарын гараанд зэрэгцэж таардаг тул гарах бүрийд нь хоёр бөх амдаад зогсож байх нь хөндлөнгөөс харахад төлөөнөөс нь сүрдмээр байсан гэдэг.
Гэтэл Дугар аварга учраа бүхнээ хоёр хоёроор нь ялсаар яваад аравын даваанд Засагт хан аймгийн Луу жанжин гүний (Одоогийн Увс аймгийн Туруун, Өндөр хангай сумын нутаг) Ламзав аварга гэгчтэй нэлээд удаан ноцолджээ. Үүнд сонирхогч хүмүүс машид сандран хүлээж зарим нэг нь:
– Энэ Дугар гэгч Халхад өөрөөсөө өөр эр хүн үгүй юм шиг дэндүү онгирсон хүн, унаасай билээ гэж, зарим хэсэг нь аварга маань яагаад ингэж удав, арай унаж харлахгүй байгаа даа гэж түршиж их наадмын талбар тэр аяараа амьсгал даран хүлээжээ.
Гэтэл Дугар аварга Ламзавыг орхиж хэлсэн амандаа хүрэхэд энэ их хүний агуу хүчин чадлыг бахархан гайхсан наадамчин олон сая л нэг амьсгал аван шуугилдаж, шагшин магталцаж, баяр талархал болов.
Ийнхүү Дугар аварга өөрийнхөө арван нэг, ахынхаа долоо бүгд арван найман даваанд нэр төртэй ялсаар түрүүлж ахдаа ДАРХАН АВАРГА цолыг авч өгсөн гэдэг.
Урьд эдүгээгийн Монгол бөхийн түүхэнд тэр дундаа Долоон хошуу даншиг наадамд ингэж зориглосон гайхамшигийн онцгой хүчтэй бөх Дугараас өөр гараагүй билээ.

***

Дугар аварга бол бөхийн хувьд аль ч талаас нь харахад өө хий байхгүй бөгөөд дөрвөн тал ноцолдолгоотой, тэнхээ маш ихтэй, бие бялдар сайхантай, төв даруухан хүн байжээ. Хүнтэй барилдахдаа их уддаггүй, голдуу цэрвэг барьж, шувтарч дунгуйлдан, унагадаг байсан гэнэ.
Аваргын зан төлөв нь тун даруу, зөөлөн, үг яриа хөөрөө нь уран наргиач бөгөөд маш тайван, уужуу хүн байжээ. Харин барилдахдаа маш шаламгай байсан гэдэг.
Дугар аварга үргэлж инээж байдаг, айвуу тайвуу хүн байсан хэр нь хаяа уураа хүрсэн цагт сүртэй догшин байсан гэж мэдэх хүмүүс гайхдаг билээ.

***

Дугар аварга өөрийн хошуунд барилдахдаа төдий л тавьдаггүй бөгөөд анхны даваануудад уначих явдал хаяа байсан гэдэг.
Өөр нэгэн явдлыг сонирхуулбал: Тэдний нутагт Дамба заан гэж айхтар муу мэхтэй бөх байжээ. Дамба заан бол хүнтэй барилдахдаа зодогныхоо сэмжийг өгч зориуд бариулаад, огцомхон мурихдаа цаад хүнийхээ гарыг мултлах буюу аягүй бол хугалж таардаг тийм хачин аргатай хүн байжээ. Гэтэл нэгэн зуны хошуу наадмаар Дугар аваргатай учирч урьд адилаар зодгийн сэнжээ өгсөнд Дугар аварга тэр дархан сэнжнээс нь бариад авчээ. Дамба заан сурснаараа нэг мурайд Дугар аваргын долоовор хурууны эхний үеийн нь мултлаж орхижээ. Үүнд Дугар аварга гэнэт уурлаж тэр дороо Дамба зааныг барьж авч айхтар чанга хаяад тэр чигтээ дараагийн бөхчүүдийг цөмийг авч чанга чанга хаясаар яаж ч болохгүй түрүүлж байсан гэдэг яриа бий. Энэ мэтээр Дугар аваргын тухай олон сонин яриа дурдатгалууд ард түмний дунд одоо хүртэл яригдсаар байгаад алийг тэр гэх вэ.

***

Дорнод нутагт Дугарыг аварга гэхээсээ “БУУЧ ДУГАР” гэвэл илүү сайн мэдэх ажээ.
Учир нь “Дугар аварга зартай сайн анчин бөгөөд Хэнтий хөвчөөр буга, гахай зэрэг тураг ан агнаж, зүүн хязгаар тийш Хулан хараат зэрэг газраар цагаан зээр, хулан зэргийг агнадаг байсан мэргэн бууч хүн” байжээ
Хожим хүмүүсийн ярианаас сонсоход 1915 оны үеэр Дугар аварга ан агнаж яваад, буугаа шийрлэх гээд түрүүлгээ унаж, хоёр гараа зангидан газрын хөрсөнд бугуйгаа хүртэл шааж унаад тэр чигтээ нас барсан гэлцдэг билээ.

Дугар аваргын барилдааны амжилтаас

Бадаргуултын онууд:

1876 он (Бадаргуултын 2-р он)-д Улаан хулгана жилд болсон Даншиг наадамд 1063 бөх барилдсанаас Сэцэн хан аймаг дахь Их шавын Галын голын отгийн Гэлэгсэнгэ гэгч хүн түрүүлж, мөн аймгийн Цэвэгмид 10 давж үзүүрлэжээ. Дараах даваануудад Өсөхбаяр аварга 9, Санжаадорж арслан, Дашдоной арслан, Баяндоной арслан нар 8 тус тус давсан байна. Үүнээс хойш нэгэн хэсэг Долоон хошуу наадмын мэдээ тасалджээ.

1879 онд (Бадаргуултын 5-р онд) Манзширийн 5 дугаар дүрийг залсаны баяр болгон үйлдсэн Даншиг наадамд 632 бөх барилджээ. Үүнд:Гэлэгсэнгэ арслан 8 давж түрүүлэн, Дашдэндэв заан 7 давж үзүүрлээд, Дэнзэн (Сэцэн ханы Орлой шавийн начин) 6 давсан байна.

1880 он (Бадаргуултын 6-р он)-д 1032 бөх барилдахад мөн Орлой шавийн Дэнзэн начин 11 давж түрүүлэн, Цэвэгмид арслан 10 давж үзүүрлэжээ. Дараах даваануудад Гэлэгсэнгэ арслан 9 давж, Гонгор начин 8 давж, Санжаадорж 6 давсан байна.

1881 он (Бадаргуултын 7-р он)-д 960 бөх барилдаж, Гэлэгсэнгэ арслан 10 давж түрүүлэн, Дашдоной арслан 9 давж үзүүрт үлджээ.

1884 он (Бадаргуултын 10-р он)-д болсон даншиг наадамд 1064 бөх барилдсанаас Гэлэгсэнгэ аварга 11 давж түрүүлжээ. Сэцэн хан аймгийн Ялгуусны Яринпэл гэгч хүн 10 давж үзүүрт үлджээ. Дараах даваанд: Даш начин 9 давж, Жамбал заан 8 давж, Дайчин Чин вангийнн Чимиг Очир заан (Дэдийн Жамц) нар 8 давсан байна

1886 он (Бадаргуултын 12-р он)-д 1032 бөх барилдсанаас Их шавийн Галын отгийн Дугар арслан 11 давж түрүүлсэн байна. Үүний өмнө Дугар аваргын барилдсан хэд хэдэн наадмын (даншиг) материал үгүй болсныг энэ дашрам болгон дурдая. Учир нь Дугар 1883 оноос эхлэн даншиг наадамд түрүүлсэн мэдээ байдаг билээ.

Сэцэн ханы Санж заан 10 давж Дугар унаснаар энэ наадмын үзүүрийн бөх болж, Дайчин Чин Вангийн Баянмөнх, хулгар Нацаг 8  давжээ (Энэхүү хулгар Нацагийн тухай дараа өгүүлэгдэх болно). Мөн Дашдоной арслан, Ламжав нар тус тус 8 давсан ажээ.

1888 он (Бадаргуултын 14-р он)-д хар хулгана жилд болсон Долоон хошуу даншиг наадамд 1064 бөх барилдснаас Дугар аварга 11 давж түрүүлсэн Сэцэн хан аймгийн Мэргэн гүний Улам-Өрнөх шандас 10 давж үзүүрлэв. Хотгойдын Годон Дампил 9 давсан байна.

1890 он (Бадаргуултын 16-р он)-д цагаан бар жилд Сэцэн хан, Түшээт хан, Шавь гурван газраас нийлж хийсэн даншиг наадамд 936 бөх барилдаж, Сэцэн ханы Улам-баярлах заан 10 давж түрүүлэн, Дашдоной арслан 9 давж үзүүрлэжээ.

Энэ наадамд Дугар аварга ирээгүй ажээ. Мөн оны долоон хошуу даншиг наадамд 1069 бөх барилдаж, Дугар аварга өөрийн болон ахынхаа (Гэлэгсэнгэ)-ийн орноос давхар барилдаж түрүүлснээр Гэлэгсэнгэ дархан болж 11 давж, түрүүлэв гэж бичигдэн Дугар аварга 10 давж үзүүрлэснээр бичигдэх болсон ажээ аварга. Мөн дараах даваанууд: Годон Дампил 9 давж, Дашдоной арслан, Баянмөнх (хулгар Нацаг) нар 8, Чимиг-Очир (Дэдийн Жамц) 7 тус тус давсан байна.

1891 он (Бадаргуултын 16-р он)-д 1032 бөх барилдахад Дугар аварга 11 давж түрүүлэн Уламбаярлах заан 10 давж үзүүрлэжээ.Үүний дараа жилийн даншиг наадам тодорхой бус.

1893 он (Бадаргуултын 18-р он)-д 1069 бөх барилдснаас  Засагт хан аймгийн Луу жанжин гүний Ламжав арслан 11 давж түрүүлэн Намхай заан 10 давж (Сандаг-Очир) үзүүр булаацалджээ. Дараах даваануудад Дашдоной арслан 9 давж, Түшээт хан аймаг Дайчин вангийн (Хэхрэнгийн Жамц) Гарьд заан 8 давж, мөн нутгийн хулгар Нацаг хэмээх Баянмөнх заан, Цэсрэн заан, Дэдийн Жамц хэмээх Чимиг-Очир заан Гэлэгсэнгэ аварга,Гомбожав начин, годон Дампил нар 7 давжээ.

1895 онд 8-р Богдын Эрдэнэ Зууд залсны баяр болгон үйлдсэн даншиг наадамд 1064 бөх барилдснаас Сандаг-Очир хэмээх Намхай 11 давж түрүүлэн Сэцэн хан аймаг дахь Их шавь Бэрээвэн номун ханы Гонгоржав арслан 10 давж үзүүлжээ. Дараагийн даваануудад: Сайн хан аймаг, Шавай ширээтийн Батсуурь 9, Их шавийн Бий булаг отгийн Раднаабазар 8 давсан байна.

1896 он ( Бадаргуултын 22-р он)-д улаан бичин жилд хийсэн даншиг наадамд 1069 бөх барилдаж, Сандаг-Очир хэмээх Намхай аварга 11 давж түрүүлэн Дугар аварга 10 давж үзүүрлэжээ. Дараах даваануудад Сайн ханы Далай Чойнхор вангийн Цагаан банди 9 давж, Их шавь Бий булаг отгийн Раднаабазар, Дашдоной, Дайчин вангийн (одоогийн Булган, Хантай сум) мундаг хэмээх хочтой Лувсандаш нар тус тус 8 давсан байна. (Энэ мундаг Лувсандаш бол одоогийн Түвдэндорж аваргаас хааш хаашаа том хүн байсан билээ).

1897  он ( Бадаргуултын 23-р он)-д 1064 бөх барилдахад Сандаг-Очир аварга 11 давж түрүүлэн, Дугар аварга 10 давж үзүүрлэсэн байна. Дараах даваануудад Гомбо заан, Гарьд начин 9 давж, Чимэг-Очир заан, годон Дампил арслан нар 8 давсан байна.

1899  он ( Бадаргуултын 25-р он)-д шарагчин гахай жилд болсон даншиг долоон хошуу наадамд мөн 1064 бөх барилдахад Сандаг-Очир (Намхай) аварга 11 давж түрүүлэн, Дугар аварга 10 давж үзүүрлэсэн байна. Дараах даваануудад: Гомбо арслан 9 давж, Сэцэн ханы сан бэйсийн Тавхай , Дайчин вангийн Балжинхүү, Ламжав арслан нар 8 давж, Гарьд заан, Уламбаяр заан, Сэцэн ханы Да вангийн Балсанлхүндэв арслан, Гэлэгсэнгэ аварга, Раднаабазар начин, Бэрээвэнгийн Гонгоржав  нар 7 давжээ.

1900  он ( Бадаргуултын 26-р он)-д 1032 бөх барилдахад Сандаг-Очир 11 давж түрүүлэн, Гомбо арслан 10 давж үзүүрлэжээ. Дараах даваанаас  Дугар аварга Балсанлхүндэв нар 9, Уламбаяр заан 8, Шаравжамц (их монгол ) давжээ. Энэ наадамд үзүүрлэж байгаа Гомбо арслан бол Сандаг-Очир (Намхай аваргын ах Лувсанжамбаа аварга эхлэн гарч байгаа хэрэг).

1901  он ( Бадаргуултын 27-р он)-д цагаагчин үхэр жилд болсон даншиг наадамд 1064 бөх барилдахад Гомбо арслан 11 давж түрүүлэн, Бий булагийн Раднаабазар начин 10 давж үзүүрлэжээ. Дараагийн даваануудаас: Сандаг-Очир аварга 9 давж, Гомбо, Дайчин вангийн Балжин арслан 8 давж, годон Дампил арслан , Чимиг-Очир заан, Дугар аварга нар 5 давжээ.

1902  он ( Бадаргуултын 28-р он)-д 1032 бөх барилдахад Сандаг-Очир аварга 11 давж түрүүлэн, Дугар аварга 10 давж үзүүрлэжээ. Дараа нь Гомбо аварга 9 давж, Сандаг-Очир заан, Чүлтэм, Раднаабазар нар 8 давжээ. Чүлтэм гэгч бөх бол Сэцэн хан аймгийн хүн билээ.

1904  он ( Бадаргуултын 30-р он)-д 1059 бөх барилдахад Сандаг-Очир аварга 11 давж түрүүлэн, Сэцэн хан аймгийн далай вангийн (Буянтогтох) Буян то аварга хэмээгч Бат-Очир арслан 10 давж үзүүрлэжээ. Дараах даваануудад: Ёндонжунай, Чүлтэм нар 9 давж, Давхай, Дугар аварга, Раднаабазар, Уламбаяр нар 8 давж, Гэлэгсэнгэ, Гомбо аварга нар Галсанравжаа (их монгол) Балсанлхүнхэв, Гэндэндоо арслан (Сайн хан) нар 7 давжээ.

1905  он ( Бадаргуултын 31-р он)-д 1032 бөх барилдахад Сандаг-Очир аварга 11 давж түрүүлэн, Бий булагийн Раднаабазар арслан 10 давж үзүүрлэсэн байна.

1906  он ( Бадаргуултын 32-р он)-д улаан морин жилд болсон даншиг наадамд 1064 бөх барилдсанаас Боржгин Сэцэн вангийн Чүлтэм арслан 11 давж түрүүлэн, Гомбо арслан (Лувсанжамба) 10 давж үзүүрлэжээ.

Дараах даваануудад: Бат-Очир (Буян-то) арслан 9 давж, Боржгины Лувсан-Иш, Галсанравжаа, Тавхай нар 8 давж, Даваг, Чойнзон нар 7 давж, Дугар аварга, Балсанлхүндэв нар 6 давжээ.

Мөн онд Давхар болсон долоон хошуу даншиг наадамд 1032 бөх барилдахад Боржгин Сэцэн вангийн Чүлтэм аварга 11 давж түрүүлэн, Дайчин вангийн Даваг начин 10 давж үзүүрлэжээ. Дараах даваанд:Галсанравжаа 8 давж, Дугар аварга, Чойнзон    нар 7 давжээ.

1907  онд болсон даншиг наадамд мөн 1032 бөх барилдахад Сандаг-Очир аварга 11 давж түрүүлэн, Мөррэнцэн аварга хэмээх Дашрэнцэн начин 10 давж үзүүрлэжээ. Дараах даваануудад: Чүлтэм арслан 9 давж, Гомбо аварга, Намсрай нар 8 давж, Дайчин вангийн тарган Санзай, Дугар аварга, Бат-Очир, Дагва, Дамчаа, Балсанлхүндэв, Ёндонжунай, Чойнзон нар 7 давжээ.

1912 он (Олноо өргөгдсөний 2-р он)-д буюу хар хулгана жил эртнээс уламжлагдан ирсэн долоон хошуу даншиг наадмын хамгийн сүүлчийн (отгон) наадмыг хийсэн билээ. Үүнээс хойш даншиг долоон хошуу наадам хийгээгүй. Энэ наадамд 1064 бөх барилдахад Мөррэнцэн арслан 11 давж түрүүлсэн. Дайчин вангийн хошууны (одоогоор бол Булган аймаг, Хантай сумын) мундаг Лувсандаш 10 давж үзүүрлэсэн байна.

  

БАДАРГУУЛТ ТӨРИЙН ОНУУД

1875 он (Бадаргуултын 1-р он)-д хөхөгчин гахай жил 112 бөх барилдаж, Сэцэн ханы нутаг дахь Их шавийн Галын голын нутгийн Хөгнө хавиар нутагтай Гэлэгсэнгэ 7 давж түрүүлэн, мөн аймгийн Халх голын Да вангийн Дашдоной 6 давж, үзүүрлэжээ.

1877  онд болсон 10 засгийн наадамд 116 бөх барилдаж Гэлэгсэнгэ арслан 7 давж түрүүлэн, Цэвэгмид арслан 6 давж үзүүрлэжээ.

1878  онд 10 засгийн наадамд 132 бөх барилдаж Гэлэгсэнгэ арслан 8 давж түрүүлэн Сэцэн ханы Жонон гүний Баяндоной арслан 7 давж үзүүрлэжээ.

1879  он (Бадаргуултын 5-р он)-д 10 засгийн наадамд 116 бөх барилдаж Гэлэгсэнгэ арслан 7 давж түрүүлэн, Дашдэндэв заан 6 давж үзүүрлэжээ.

1880  он (Бадаргуултын 6-р он)-д 116 бөх барилдаж Гэлэгсэнгэ арслан 7 давж түрүүлэн, Сэцэн ханы Уламбаярлах начин 6 давж үзүүрлэжээ.

Энэ наадамд Жамсран начин, Уртнасан аварга зэрэг хүмүүс 5 давсан байна.

1881  онд 116 бөх барилдаж, Гэлэгсэнгэ аварга 7 давж түрүүлэн Сэцэн ханы Далай бэйсийн Цэвээн начин 6 давж үзүүрлэн, мөн аймгийн Чүлтэм начин 5 давжээ.

1882  онд (Бадаргуултын 8-р он)-д болсон наадамд 112 бөх барилдаж, Гэлэгсэнгэ аварга 7 давж түрүүлэн, Сэцэн ханы Уламбаярлах заан 6 давж үзүүрлэж, Даш начин 5 давжээ. (Энэ Сэцэн хан аймгийн ялгуусан шавийн тэнэг Даш гэгч хүн ажээ)

1884 он 116 бөх барилдаж, Төгсхүү 7 давж түрүүлэн Уламбаярлах заан 6 давж үзүүрлэжээ. Энэ наадамд Дайчин чин вангийн Дэдийн Жамц (Чимэг-Очир) 5 давж, Дугар аварга 3-ын даваанд Данзан арсланд унажээ.

1886  он (Бадаргуултын 12-р он)-д 116 бөх барилаж Сэцэн хан аймгийн Галын голын Дондол 7 давж түрүүлэн, Дашдоной арсланд унажээ.

1887  он (Бадаргуултын 13-р он)-д Дугар аварга 7 давж түрүүлэн, Сэцэн ханы Боржгин Сэцэн вангийн хошуу Лувсан-Иш начин 6 давж үзүүрлэжээ.

1888  он (Бадаргуултын 14-р он)-д Шар хулгана жил 132 бөх барилдаж Дугар аварга 8 давж түрүүлэн, Дашдоной арслан 7 давж үзүүрлэн, Дондол заан 6 давжээ.

1889  он (Бадаргуултын 15-р он)-д Дугар аварга 8 давж түрүүлэн, Сайн ноён ханы Ёндон начин 7 давж үзүүрлэн, Гонгоржав заан 6 давсан байна.

1890  он (Бадаргуултын 16-р он)-д Цагаан бар жил Дондол 8 давж түрүүлэн, Дайчин вангийн Дэдийн Жамц хэмээх Чимиг-Очир начин 7 давж үзүүрлэжээ.

Дараах даваануудад: Одоогийн Булганы Хэхрэнгийн Жамц хэмээх Гарьд начин 6 давжээ.

Энэ наадамд Дугар аварга Дайчин вангийн Лүндэгт 3-ын даваанд уналаа.

1894  он (Бадаргуултын 20-р он)-д 112 бөх барилдаж Дугар аварга 7 давж түрүүлэн, Сандаг-Очир арслан 6 давж үзүүрлэжээ. Сэцэн ханы Мин засгийн Шарав заан 5 давсан байна.

1897  он (Бадаргуултын 23-р он)-д 112 бөх барилдаж Дугар аварга 7 давж түрүүлэв.

1899  он (Бадаргуултын 25-р он)-д 112 бөх барилдаж Сандаг-Очир аварга 7 давж түрүүлэн Дайчин вангийн шинэ Жамц хэмээх Сандаг-Очир начин 6 давж үзүүрлэжээ. Содном-Очир, Дугар аварга нар 5 давжээ. Дээрх Сан бэйсийн Содном-Очир бол Амбасын яаманд Галдаа хэмээх түшмэл байв.

1901  он (Бадаргуултын 27-р он)-д цагаагчин үхэр жил 112 бөх барилдсанаас Дугар аварга 2 давжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*