Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Баяндун сумын нутаг дэвсгэрээс хулгайгаар чулууны алт олборлосоор байна

“Дорнод аймгийн Баяндун сумаас чулуу ачсан том машинууд явах боллоо. Манайхаас уг нь шороо л зөөвөрлөх зөвшөөрөлтэй” нутгийн нэгэн иргэн мэдээллээ. Тодруулбал, тус газрын “Хуурай хөндийн эх” гэдэг газар хувь хүмүүс чулууны алт олборлох зорилгоор 60 гаруй нүх ухжээ.

Дорнод аймгийн Баяндун сумын захиргаанаас энэ талаар лавлахад “Хуурай хөндийн эх”  гэдэг газраас хууль бусаар хүмүүс чулуу олборлож, зөөвөрлөж байгааг бид мэдсэн ч яг тухайн хууль зөрчсөн этгээдүүдийг барьж чадаагүй байна гэлээ. Ингээд Дорнод аймгийн Баяндун сумын байгаль орчин хариуцсан мэргэжилтэн С.Болдмаагаас авсан тодруулгыг хүргэе.

С.БОЛДМАА: ХУЛГАЙГААР ЧУЛУУ АЧИН, АЛТ УГААЖ БАЙНА ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ БИЙ

-Баяндун сумаас чулуу зөөвөрлөөд байна гэсэн. Энэ үйл ажиллагаа нь зөвшөөрөлтэй юу?

-Ямар ч зөвшөөрөлгүй, эрүүл газраас хууль бусаар чулуу олборлож байгааг бид илрүүлсэн. Одоо “Хуурай хөндийн эх” хэмээх уг газарт үзлэг шалгалт хийгдэж байна.

-Тэгэхээр хууль бус үйл ажиллагаа явуулж байсан этгээдүүдийг барьсан гэсэн үг үү?

-Одоогоор нэг ч хүнийг бариагүй байна. Гэхдээ 2018 оны 10 сараас эхлэн манай сумын “Хуурай хөндийн эх” хэмээх газраас чулуу ачин, Зүүнхараа руу олборлож байна гэсэн мэдээлэл авч, тухайн үед олборлолт хийж байсан хүмүүсийг барьж байсан. Тэр үед 20 гаруй нүх ухаж, сэндийчсэн ба бид тухайн газрыг сул шороогоор дүүргэж дахин ухах боломжгүй болгосон. Гэвч он гарсаар энэ үйлдэл дахин давтагдсан байна.

-Шинээр дахин хэчнээн нүх гаргасан байна?

-Жар орчим шинэ нүх гаргасан байсан. Бид аймгийн цагдаагийн газартай хамтран энэ хэрэг дээр ажиллаж байгаа. Бидэнд ирсэн мэдээллээр уг үйлдлийг хийж буй иргэд шөнийн цагаар ирж, явдаг бололтой. Уг чулуу зөөвөрлөж байгаа тээврийн хэрэгслүүд нь Архангай, Дархан, Заамар, Өвөрхангай гэсэн улсын дугаартай гэсэн мэдээллүүд ирсэн.

-Өөр ямар мэдээлэл ирсэн бэ?

-Чулууг Зүүнхараа руу олборлож, алт угааж байна гэсэн мэдээлэл бас байгаа. Сүүлийн хоёр гурав хоногт дээрх нутагт хүмүүс ирж мэдэгдсэнгүй. Уг хэргийг хийгээд байгаа этгээдүүд нь ямартай ч манай нутгийн хүмүүс биш гэдэг нь тогтоогдсон.

-Чулууны алтны нөөцтэй гэдгийг нутгийн иргэд мэдэх үү мөн энд ямар нэг лиценз бий юу?

-Манай нутагт алтны нөөц их бий, үүнийг нутгийн иргэд ч мэднэ. Өнгөрсөн оны байдлаар манай энэ хавьд таван уурхай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа.

-Алтны нөөцтэй газар нутгийг хамгаалалтад авах юм уу, ямар нэг арга хэмжээ авах уу?


-Энэ зунаас тусгай хамгаалалтад авах байх. Одоогоор ямар нэг хамгаалалт байхгүй ч аймгаас хууль бус олборлолт хийж буй хувь хүмүүст хариуцлага тооцох арга хэмжээ авч байна.

-Танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Манай нутагт алтны нөөц ихтэй учраас хувиараа олборлогчид металл хайгчийн тусламжтайгаар хууль бусаар ийм үйлдэл ихээхэн хийх болсон. Иймд эдгээр этгээдүүдийг таслан зогсоож багасгах ажлыг эрчимтэй хиймээр байгаа гэдгийг л хэлмээр байна. Бид чадлынхаа хэрээр ажиллаж байгаа ч хууль бусаар олборлогчид байсаар л байна.

Ж.ДӨЛГӨӨН

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Sumin udirdlaga tsagdaa nar yu hiiged bn we huiwaldaj hamtraad bn uu гуай өгүүлрүүн:

    fgfg

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*