Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аглаг дорноос хөхрөгч Хөлөнбуйр аяласан тэмдэглэл

Амьтан хүнгүй сэнсэрсэн хаврын тарчиг шар цагаар хилийн дээс алхахаар Дорнодын их талаасаа хөдөллөө. Багын найз Чинбаттайгаа хоёул ӨМӨЗО-ны Хайлаар хэмээх хотыг үзэхээр явж буй минь тэр. Хавирга, Ар-Хашаатын боомтоор Алтан-Эмээл балгас руу 6 жилийн дараа ийнхүү зорилоо. Дорнод аймгаас өнөөх л бусгаж булгисан замаараа хоёр цаг гаруй явж хилийн боомтод хүрэв ээ. Уг нь энэ хооронд зам тавьчих болов уу гэж Хятад, Монголгүй л битүүхэн горьддогсон, байдаггүй шүү. Биднийг боомт дээр ирэхэд нэлээн урт цуваа үүсчихсэн дараалал хүлээн зогсож байлаа. Нэг үгээр хэлбэл энэ боомтын ачаалал ихсэж Шинэ Барга Баруун Хошууг чиглэсэн худалдаа арилжаа, аялалын их урсгал бий болж буйг бэлхнээ харуулжээ. Оройн 17 цагт хил хаадаг учир жолооч нар сандруухан байдалтай хүлээлж зогсоно.
Хил гаалиар нэвтрэхэд нэг үеэ бодвол шуурхай болжээ. Монголын ч тэр БНХАУ-ын ч тэр. Хөршийнхөө босгоор давуутал л шил толь шиг шинэхэн замд ороод галгиулж эхлэх нь атаархал төрүүлнэ. Боомт дээрээсээ Алтан-Эмээл ордог замаа Баруун хошууныхан аль хэдийн шинээр тавьчихаж. Хажуугаар нь бидний олон жилийн өмнө явдаг байсан засмал жаахан эвдрэлтэй ч явчихаж болмоор л харагдана лээ. Манай аймгийн төвийн замаас л дээр харагдаж шар гозойлгоно. Цаг гаруйхан давхиад Алтан-Эмээл балгаснаа орж ирлээ.
Зургаан жилийн өмнө хамгийн сүүлд бууснаас минь шал өөр болж Манжуур хоторхуу өнгө үзэмж нэмжээ. Хот цэмцгэр, урд талаар байсан шавар тагзнуудын орон орчин үеийн орон сууцны барилгууд сүндэрлэчихсэн, цөөхөн үлдсэн хэдийг нь нурааж харагдана лээ, шинэчилж байгаа нь тодорхой. Энд “Монголчуудын гудамж” нэрлэгддэг газар ч бий болж. Дорнодоос хүн зөөж ирсэн машинууд “Мандала” хэмээх буудлын урд ярайж Өвөр Монгол таксичидтай хэзээ язааны ахан дүүс минь инээлдэн ярилцаж зогсох. Монголоос Манжуур, Хайлаар явах хүмүүсийг манайхан хүргэж очоод өвөрлөгч найзуудынхаа унаанд суулгаж өгдөг гэнэ. Нэг ёсны амжиргааныхаа хэдэн зоосыг авалцаж өгөлцдөг түншүүд болсон гэсэн үг. Монголчууд их зорчдог болжээ. Даа ялангуяа манай Дорнодынхон хэзээний Чойбалсандаа яваа юм шиг алхацгааж зарим нь урд зүгийн сархад сэнгэнүүлчихсэн төөрөх торох юмгүй алхацгааж харагдана. Дам сураг сонсохнээ Монгол хүмүүс энд ирж ажил хийдэг сурагтай. Хэдий албан ёсны зөвшөөрөлгүй ч Өвөрлөгч нартайгаа тохиролцон нэг сарын хугацаандаа ажилладаг гэнэ. Зарим нь цалин хөлс давгүй авдаг, хаа нэг хөлс мөнгөө авч чадаагүй гомдолтой нэгэн ч байдаг гэнэ. Хоёр улс энэ харилцааг зохицуулж өгмөөр л санагдсан. Албан ёсны хууль журмын дагуу хэн хэнийхээ хэрэгцээнд тохирсон харилцаа байвал тэртээ тэргүй улс алгасан ажиллаж амьдарч яваа Монголчууд минь хаяандаа шахам боломжийн ажил хийгээд ар гэртээ нэмэр болох нэг гарц байгаа л юм билээ.
Оройтож ирсэн бид Чойбалсан-Алтан-Эмээл хооронд олон жил хүн зөөж буй Ариукагаас /нэрийг нь өөрчлөв/ гайгүйхэн Монгол хоолтой газар олж өгөхийг хүслээ. Мань хүн “тэрэн шиг амархан юм хаа байна, алив явна аа” гэсээр “Алтанзулын гуанз” гэж манайхан нэрлэдэг хоолны газар дагуулж ирлээ. Өмнөөс Монгол бүсгүй ямар хоол захиалах вэ” гэсээр угтахад Монгол байна уу, Хятадад байна уу гэж эргэлзмээр санагдав. Тос өөх ахиухантай Монгол хүний гарын цуйван идчихээд “Баянтал” хэмээх манайхан голдуу буудаг буудалд хоноглов. Дөрвөн хүний 60 юаны хямд атлаа цэвэрхэн буудал юм. Энд манайхан орж хэдийн заншсан бололтой, буудлын эзэнтэй ихэд дотночлон харьцаж байгаа харагдсан. Эндээс харахад Алтан-Эмээл аль хэдүйн Монголчуудын очих дуртай хийгээд амь амжиргаагаа залгуулдаг газар болж цаашид Зүүн хойт Хятадын арилжаа, аялал жуулчлалын томоохон хот болох ирээдүй тодхон. Хотыг удирдаж буй хүмүүсийн сэтгэл хийгээд зүтгэл нь хотын өөрчлөлт, өнгө үзэмжээс бэлхнээ харагдана. Алтан-Эмээл балгас Зүүн хойт Хятадын аялал жуулчлалын гол дамжин өнгөрөх гарц юм. Эндээс Манжуур, Хайлаар, Харбин хэмээх түүхэн хийгээд Өрнө, Дорно хосолсон үзэмжит хотуудаар аялах боломж аль хэдийн нээгдэж өдөрт хэд хэдэн автобус дүүрэн Монголчууд ирж буцаж байна. Алтан-Эмээлд ирэхээр миний цагаан атаархал төрүүлдэг нь юм нь нөгөө л зам. Хотын төвийн дөрвөн эгнээ найман урсгалтай замыг харахаар л “Манай Дорнодод байдаг ч болоосой” гэж…..
Өглөөний найман цагт бослоо. Гадаалж эртийн Алтан-Эмээлийг харахаар гарав. Худалдаа, наймааны дэлгүүрүүд нь онгойчихсон, хийн дасгалын Хятад аялгуу хангинаж аль хэдийн амьдрал “буцалчихаж”. “Буриад хоол” гэсэн хаягтай жижиг хоолны газар орж цайлаад Хайлаар явах машин хайхаар нөгөө “Монголчуудын гудамж”-наа очлоо. Тэр дороо л нэгэн өвөрлөгч бүсгүйг олж машинд нь суучихав. Алтан-Эмээлээс Хайлаар таксигаар явахад нэг хүний 100 юань буюу манай мөнгөөр 39000 төгрөг юм байна. Шил толь мэт замаар 300 км давхина. Замдаа Шинэ Барга Зүүн Хошуугаар дамждаг юм байна. Хошууны төв нэлээн том хэдий ч Алтан-Эмээлийг бол арай гүйцэхгүй тохижилт, хөгжилтэй харагдсан.
Нэгэн цагт Монголын их эзэнт гүрний омогт баатруудын морин туурай Хөлөнбуйрын их талыг тамгалан тоосорч асан, хэцүү бачуу он жилүүдэд Манж-Го хэмээх тоглоомын улс байгуулагдаж, Их наран улсын Азийг залгих их цэргийн гол түшиц бааз болж асан, “Эв хамтчууд”-ын их Хятад гүрнийг байгуулахын төлөө цус асгаруулан тэмцэж асан, “Соёлын довтолгоо”, Мао Зедун хэмээх их удирдагчийнхаа залсан жолоогоор нэгэн зүгт тэмүүлсэн дорнын хөдөлмөрч хийгээд махрангуй түмний түүхийг бичнэ гэвэл нэг байтугай нэлээд номонд үл багтах буйзаа.
Миний Мэнэнгийн их талыг санагдуулам шар талаар давхиж ахуйд олон тооны салхины цахилгаан үүсгүүрүүд тааралдана. Байгаль орчинд хор нөлөөгүй, байгаль экологид ээлтэй энэ сэнснүүдийг манайхан “хуулчихмаар” л санагдана. “Сэтгэж чадахгүй бол сайн хуул” гэсэн нэг үг байдагсан даа. Замын туршид мал болон малчин айлууд харагдана. Манайхаас нэг ялгаатай нь айл болгон тороор хашаалсан бэлчээрийн газартай л болохоос бусдаас төстэй. Хаа очих хашаа, өвөлжөөндөө өвсийг бол нуруулдаж өгчээ.
Хоёр цаг хэртэй давхиад Хайлаар хот орж ирлээ. Хотоос 20 километрийн наанаас шинэхэн ногоон ой эхэлжээ. Хүний гараар тарьж ургуулсан тэгшхэн, ижилхэн ногоон гацуур, нарс бүхий ойн сайхан бөгөөд хэлбэрлэг ургасан нь нүд булаана. Эртнээс энэ хот ногоон байгууламжиндаа анхаарч буйг энэ жишээ харуулна. Хот гэдэг өндөр байшин барьж, өнгөт гэрэл алаглуулснаараа хөгждөг биш гэдгийг хэлээд байх шиг. Лавтайяа хааш хаашаа 20 км битүү ногоон ойг бий болгож чадсан хөдөлмөрч ард түмэн хийгээд ирээдүйгээ харж чаддаг удирдагчдыг нь өөрийн эрхгүй хүндлэм.
ӨМӨЗО Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот үүднээсээ эхлээд эртний нүүдэлчин, эдүгээгийн бидний түүх соёлын нүдэнд харагдтал хөшөө дурсгалаараа чимжээ. Чингисийн талбай, эртний морьт баатрууд, Монгол түмний аж байдлыг харуулсан цацлаа өргөж буй эзэгтэй, таван хошуу мал, араг үүрсэн буурай, тэр ч бүү хэл халтар банхарыг минь хүртэл сүндэрлүүлж. Гэхдээ манайхан шиг жижигхэн банхар, зургаа долоон тэмээ зэрэгхэн биш нүсэр том хийгээд өгүүлэмж урлал сайтай юм. Биднийг хүргэж буй эмэгтэй энэ хотыг сайн мэддэг бололтой. “Монголчууд байдаг газарт буулгаарай” гэсний “И бай” гэх худалдааны төв дээр буулгалаа. Эртхэн ирснийг худалдааны энэ томоохон райноор хэсэв. Том юм аа. Нарантуулыг нэг нугалсан шахам. Өөрийн юм нүдэнд ойр гэж “Мөнгөн завъяа”-гийн алт мөнгөн эдлэл, “Говь”, “Гоёо”-гийн бүтээгдэхүүнээс эхлээд манай Дорнодод хийсэн “Торой бандийн хөшөө”-ний сувинер хүртэл харагдана лээ. Монгол бараа үнэ өндөр гэж нутгийн барга Монголчууд ярьж байна лээ. Монгол нэртэй ч Хятадуудын хийсэн бараа ч ирдэг гэнэ. Энэ хотод сүүлийн жилүүдэд Монголчууд их ирдэг болжээ. Хөлөнбуйрын их сургуульд чамгүй тооны Монгол залуус сурдаг юм байна. Хотоор явж байхад дэлгүүр хоршоо, хоолны газар бүгд ханз бичиг, Монгол бичиг хослуулан хаягаа хадсан болохоор багцаа баримжаа алдсангүй. Хэл соёлдоо хичнээн “дотно” ханддаг нь илэрхий. Манайхан шиг хальт мөлт Англиар оромдсон газар маш цөөн харагдана.
Зээлээр жаахан юм сонирхож байгаад боломжийн нэг цэвэрхэн буудалд буулаа. Хоёр ортой буудал нь хоногийн 50 юань гэнэ. Маргааш эртлэн Хайлаараас хойш 80 орчим км байх Эвэнк Монголчууд буюу бидний мэддэгээр Хамниган Монголчуудын аж байдалтай хальт танилцах санаа бид хоёрт бий учир эртхэн амарлаа. Аан тийм. “И бай” зах руу орох “Монгол уу” гэж танимхайран угтсан Шилийн гол аймгаас гаралтай Хувьсгалт гэх ахтай танилцаж маргааш Эвэнк сум орох автобусанд суулгуулахаар тохирлоо.

Хөлөнбуйрын өглөө

Өглөө эрт өнөөх л Хятад хөгжим эгшиглэж машин тэрэгний дуунаар сэрэв. Цаг харлаа 6.30 болж байна. Хайлаарынхан Алтан-Эмээлчүүдээс эртэч бололтой. Том хот хойно арга үгүй биз дээ. 2010 онд л 400 орчим мянган хүнтэй байсан гэнэлээ одоо лавтай хагас сая хол даваа биз. Өглөөний цайгаа буудлынхаа доорхи цайны гзарт уугаад 8 цаг болж байхад Хувьсгалт ах ирлээ. Ингээд хэдүүлээ таксидаж Хайлаар хотын тээврийн авто вокзалд ирж Манжуур орох автобусанд суулаа. Бидний зорьж буй Эвэнкчүүдийн нутагладаг газар яг замд нь байдаг юм байна. Нэг цаг яваад жолооч биднийг буу гэж дохив. Жижигхэн гацаа бололтой. Алтан-Эмээлээс ярьж очихоор тохирсон барга залуу Бааяа тосоод зогсож байв. Сайхан яриа хөөрөөтэй Монгол залуутай ярьж хөөрж байсаар тэднийд ирлээ. Жирийн л нэг Монгол айл юм. Тохижсон байшин, малын тохилог хашаа саравч, хадуур тармуур, пад трактор, өргөгч трактор гээд бүх юм гадна нь байна аа.
Айлын аж байдлыг тоочихоос илүүтэй Хятадаар Орчоон, Эвэнк буюу Хамниган гэж ямар угсаа гаралтай ястан гэдгийг өөрийн мэдсэнээр товчхон үзэглэе. Байгаль нуурын зүүн эргээр нутаглаж асан, Монголын эзэнт гүрний хаан Зүчийн харъяат, манай Буриад, Баргужинтай угсаа гарвал нэн ойр энэ ястан эдүгээ тун цөөхөн хүн амтай их даяаршлалд уусч яваа зон. Цагтаа Байгаль нуураас Хянганы уулс хүртэл өргөн уудам нутагт нүүдэллэн амьдарч байсан ойн иргэд юм. Эвэнк гэдэг нэр нь “Энгэр ээвэр газрын хүмүүс” гэсэн утгатайг Бааяагийн хадам аав Аюушу бидэнд хуучлана лээ. Хамниган гэсэн нэршил нэлээн хожуу Буриадуудын өгсөн “Хам нийгмийн хүмүүс” гэсэн нэршил нь сунжирсаар Хамниган болсон бололтой. Хамтын нийгэм буюу омгийн зохион байгуулалтад олон зуун жил амьдарсан эдгээр ойн иргэд 1770-аад оны үед Манжийн Энх-Амгалан хааны захиргаанд орж Ойрдын Галдан бошгот хааныг дарахад хошуучлан байлдсан учир Манжийн хаанаас хөхүүлсэн шагнагдаж байсан дайнч түмэн. Гүнтөмөр хэмээх ноён нь алба гувчуур өндөр хэмээн харъяат иргэдээ дагуулан Оросын хаант улсад дагаар орж 1917 оны Октябрийн хувьгалаас зугтаж Хянганы нуруу даган ирсэн юм билээ. Тунгус эвэнк, сонгоол эвэнк, манж гаралтай гэж олон таамаглал явдаг ч миний бодлоор бол Буриад, Барга хүмүүс шиг л санагдсан. Сонгоол гэдэг нь цавчих намнахдаа сайн гэсэн манж үг гэдгийг нь А гуай ярина лээ. Тэгэхээр яалт ч үгүй үндэс угсааны нэршил биш бололтой. Их Хятад улсын тавин зургаан үндэстний нэг хэмээгддэг ч маш цөөхөн ард түмэн.
Ингээд жирийн нэгэн монгол угсаатан айлын аж амьдралыг сонирхов. А гуайнх гурван охинтой. Охид нь бүгд Хөх хотын Улсын Их Сургуулийг төгсөж Хайлаартаа ажиллаж байгаа гэнэ. Дал гаруй үхэр, 700 орчим хонь, арваад адуутай. Гэрийн эзэн өөрөө бага залуугаасаа мал малласан, гацааныхаа дарга, залуучуудын байгууллагаар ажиллаж байсан нэгэн. Сүүлийн гуч гаран жил ийнхүү мал сүргээ өсгөж байгаа юм байна. Эндээ л тов хийсэн амжиргаатай айл юм. Дундат улс малчдынхаа ахуй амьдралд ихээхэн анхаарлаа хандуулдаг юм байна. Тухайлбал малын хашаа саравчийг нь барьж өгч жил бүр малынх нь тоогоор тэтгэмж өгдөг гэнэ. Нэг бог малд 20 юань гэх мэтээр. Дээр нь хэрэглээний нарны цахилгаан үүсгүүр, салхин сэнс зэргийг төрөөс үнэгүй олгож малчны тэтгэмж олгодог гэнэлээ. Ингэхээр энд малчид тун хангалуун амьдрах нөхцлийг бий болгожээ. Аюушу гуайн өвөг дээдэс жинхэнэ Эвэнкчүүд. Үүгээрээ ч их бахархах юм билээ. Жаахан аялагатай болохоос манай буриад хэлтэй тун төстэй ярина. С авиаг hа, Х авиаг Ко-оор дуудна. Монгол ахуйн бүх хэрэглэгдэхүүн яг бидэндтэй ижил. Үнээгээ сааж хөөрүүлэн өрөм тараг, ааруул, ээзгийгээ бэлдэнэ. Сүүлийн жилүүдэд хүн бүл муутай болохоор хөгшин нь хүчрэхгүй учир цөөхөн үнээ саадаг болсон гэнэ. Биднийг очиход гуч гаруй үнээ тугласан байсан. Үхэр нь Оросын Сминталь үүлдрийн мах сүүний чиглэлийнх юм билээ.
Өвгөн өдөртөө жижиг мотоциклоор малаа харна. “Одоо морь унаж малаа малладаг Монгол хүн үгүй боллоо” хэмээн харамсангуй ярьж сууна лээ. Хаа сайгүй тийм болж дээ. Эвэнк суманд нь 1500 орчим цэвэр Эвэнкчүүд амьдардаг юм байна. Ихэнх нь уламжлалт мал аж ахуй эрхэлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүдтэйгээ ноднин Улаанбаатар хотоор аялсан тухайгаа хүүрнэж Хэнтий аймгийн Дадал суманд байдаг Хамниганчууд руугаа энэ жилээс очиж үзэх санаатай байгаагаа ярина лээ. Өглөө босоод аргалаа түлж, цайныхаа дээжийг өргөж нүүдэлчдийн өвөрмөц ёс заншлаа хадгалж явааг нь харахад сэтгэлд дотно байлаа. Дээр хэлсэнчлэн малчид сайхан амьдрах бас нэг хөшүүрэг нь малын үнэлгээ юм. Нэг тарган хонь гэхэд л 3000 юань, бяруу 5000 юань, нас гүйцсэн үхэр нэг түмэн юань буюу 3.9 сая төгрөг. Нэг килограмм мах манай мөнгөөр бол бараг 40000 төгрөг гээд бодохоор арга ч үгүй юм уу даа. Хятад наймаачид өглөөдөө л малчдын хот дамжаад хэрэгцээтэй мал махаа аваад явчихдаг юм байна. Биднийг байхад их туранхай, бараг явж чадахгүй шахам болсон үнээг нь л гэхэд 2500 юань өгөөд ачаад явчих жишээтэй. Энэ өрхийн гишүүд малдаа бүхнээ зориулсан жинхэнэ малч хүмүүс юм. Өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл малынхаа дэргэд байж бүхий л цаг заваа зориулахыг нь харахад Монгол малчдын удам хэзээ ч тасрахгүй юм байна гэсэн бат итгэл төрж байв аа. “Бид яахав малынхаа араас явсаар байгаад дуусна. Энэ залуучууд харин цааш нь авч явах байлгүй дээ” хэмээн эргэлзэнгүй ярих Монгол өвгөнийхөөс хөдлөхөд ахин ирээрэй хэмээн сэтгэл догдлон үдэж өгсөн нь хил хязгаар тусдаа ч сэтгэл зүрх нэг юм даа Монгол хүн гэсэн бодол төрж байлаа.
Ийнхүү үзэх гэсэн газраа, эртний язгуурт Эвэнк түмний хэрхэн амьдарч буй сонирхсон аялал маань өндөрлөж Хянганы нурууны салбар уулсын хөх салхиар алгадуулан буцлаа. Манай хавар ааш муутайхан байсан шиг тэнд ч энэ хавар аашаа гаргасаар байлаа. Гуч гаран жил яг л энэ нутагтаа өвлийн 50 градус хүйтэртэг Хятадын хамгийн хүйтэн нутагтаа хамгийн дулаан сэтгэлтэй яваа Аюушу ахын гэр бүлд сайныг ерөөмүү.

Н.Мөнхсайхан

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*