Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

 Дайнд оролцсон Баяндунгийн охидын түүхийг 40 жил нууцалсан

Халх голын дайнд Дорнод аймгийн Баяндун сумын 16 охин оролцсон түүхтэй. Тэднээс өдгөө цор ганц нь л энх тунх байгаа бөгөөд түүнтэй хийсэн ярилцлагын дараа манай агентлагт олон хүн хандсаны нэг нь Д.Базарханд гуай юм. Түүний хоёр эх нь буюу төрүүлсэн, өргөж авсан ээж нь Баяндунгийн баатарлаг охидын дунд дайнд морджээ. Д.Базарханд гуай ээж болон хүргэн ахынхаа 40 жил дарсан нууцыг бидэнд ийнхүү задалсан юм.

-Халх голын дайнд оролцсон Баяндунгийн 16 охидын дунд таны ээж байсан хэрэг үү?

-БНМАУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч даргын 1939 оны долдугаар сарын 20-ны 80 дугаар тогтоолоор Баянтүмэнд 200-300 ортой цэргийн госпиталь байгуулсан юм билээ. Баянтүмэн гэдэг нь одоогийн Чойбалсан хотын төв хэсэг шүү дээ. Энэхүү дайнд явахаар Баяндун сумын 30 гаруй эмэгтэй хүсэлт гаргасан ч аймгийн Намын хороо тэдний 16-г нь зөвшөөрч явуулсан юм билээ. Тэдний дунд намайг өргөж авсан ээж А.Дарийм, төрсөн ээж О.Балдармаа нар байсан.

-Ээж тань дайнд явсан тухайгаа хэрхэн дурсдаг байв?

-Ээж маань тэрхүү госпитальд асрагч хийж байсан юм гэсэн. Тэдгээр охид тэнд угаагч, цэвэрлэгч, сувилагч гээд л эмч нарын гар хөлийн үзүүрт зарагдаж байсан. Сүүлд сум нэгдэлдээ ирээд тодорхой хугацаанд ажиллаад, зарим нь  албан ёсоор сувилагч болсон юм байна. Ц.Чимэдцэрэн, Ж.Цэмпэлмаа хоёр эмч нарыг долоо хоног дагаад л тариа хийдэг болчихсон. Тэр хоёр л дайны үеэр сувилагч хийж байсан. Бусад нь хар бор л ажил хийж байсан юм гэсэн. Ж.Цэмпэлмаа нь сүүлд Багшийн техникум төгсөөд багш болсон гэсэн.

-Чухам яагаад 16 охиныг сонгож авсан талаар та сонирхож, судалж байв уу?

-Энэхүү түүхийг 1939 онд Баяндун сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн дарга байсан Н.Аюуш гэж хүн надад Халх голын дайны 40 жилийн ой буюу 1979 оны зургаадугаар сард аминчлан ярьсан юм. Тэр хүн миний ээжийн төрсөн дүүтэй ханилсан, хүргэн ах маань юм. Ах хэлэхдээ, 1939 оны зун Баяндун сумын залуусыг цуглуулж,  гурван сарын хугацаатай монгол бичгийн түр сургууль ажиллуулж байсан юм гэсэн. 1937 оны хэлмэгдүүлэлтэд Баяндунгийнхан хиаруулж, сумын төвд эрчүүд бараг байхгүй болсон байсан юм билээ. Түр сургуульд 30 гаруй эмэгтэй суралцаж байсан. Тэд дайнд оролцох санал гаргасан юм билээ. Н.Аюуш ах энэ тухай аймгийн Намын хороонд танилцуулж, зөвшөөрөл хүссэн байна. Гэтэл тэднээс 16-г нь дайнд явуулахыг намын хороо зөвшөөрчээ. Ингэхдээ голдуу хэлмэгдсэн, ардаа татлаа түлхээгүй хүүхдийг сонгож авсан гэж ярьсан. Учир нь, охидын амь нас үрэгдвэл хойноос нь нэхэх хүн байхгүй гэж энэ шийдвэрийг гаргасан юм гэсэн. Харин сум нэгдлийн дарга н.Жамц өөрийн охин Ж.Цэмпэлмааг сувилагч болгоно гэж явуулсан. Халх голын дайны 30 жилийн ой буюу 1969 онд энэ тухай анх яригдсан ч нам дарсан гэж байсан.

-Яагаад нам дарсан юм бол, нууцлах ямар нэг шалтгаан байв уу?

-Охид дайн дууссаны дараа, 12 дугаар сар хүртэл эмнэлэгтээ өвчтөнүүдээ асарсан. Ингээд 12 дугаар сарын сүүлээр нутаг буцахаар болоход нь аймгийн Намын хорооноос настайвтар, бүдүүн хар хүн ирж яриа хийсэн. Тэрээр, дайнд оролцсон тухай хэнд ч ярьж болохгүй гээд, охидоос ам тангараг авсан юм гэсэн. Ихэнх нь эсэргүүний хүүхдүүд байсан болохоор их айсан байх л даа. Үүнээс хойш 40 жилийн турш энэ тухай нэг ч үг дуугараагүй хүмүүс дээ. Энэ тухай өмнө нь би хүнд ярьж байгаагүй ээ. Н.Аюуш ах тэр зун надад хэлэхдээ, “За миний дүү, чи их сургууль төгслөө, чамд одоо нэг зүйл хэлэх ёстой. Гэхдээ үүнийг зөвхөн дотроо хадгалж яв. Хамаагүй ярьж явбал, хожим намын гишүүн болоход чинь саад болно” гэж анхааруулаад ярьсан юм.

-Дайнд тэдгээр бүсгүйчүүд нэг нь ч эндэлгүй эсэн мэнд ирцгээсэн үү?

-1939 оны долоодугаар сарын сүүлээр тэдгээр охидыг Баянтүмэнгийн госпитальд хүргэхээр үхэр тэргээр авч явсан. Зарим нь морьтой явцгаасан юм байна. Н.Аюуш ах сумаас 30 км газарт Яргын даваа хүртэл гаргаж өгсөн гэсэн. Тэд аймгийн төв орохын өмнөхөн дээгүүр нь онгоц нисэж, морьд үргэсэн. Энэ үед М.Цэгмид гэх охин мориндоо чирэгдэж бэртсэн. Ингээд эмнэлэгт хүргэгдээд, удалгүй нас барсан гэж ярьсан. Тэгэхээр 16 эмэгтэй дайнд явахаар бүртгүүлсэн ч яг 15 нь оролцоод эсэн мэнд буцсан.

-Энэ түүхийг таны ах Н.Аюуш яагаад 40 жилийн дараа хэлэх болсон юм бол?

-Халх голын 40 жилийн ойн үеэр дайнд оролцсон бүсгүйчүүдийг Намын төв хорооноос Оросын нэгэн генерал хүн асууж ирсэн. Тэр хүн дайнд явсан охидтой хамт цэргийн госпитальд ажиллаж байсан юм гэсэн. Тиймээс аймгийн Намын хороо руу утас цохиж, тэдгээр баатарлаг гавьяа байгуулсан бүсгүйчүүдийг алдаршуулах үүрэг өгсөн юм. Энэ үеэр аймгийн намын хорооныхон сандралдаж, “Үнэн” сонины сурвалжлагч Д.Сэнэднасааг энэ хүмүүсийг эрж сурах ажилд томилсон юм билээ. Ингээд “Үнэн” сонины сурвалжлагч Д.Сэнэднасаа ээжтэй чинь уулзаж, дайнд оролцсон хүмүүсийн нэр, усыг тодруулахаар болжээ. Ах хэлэхдээ, ээж чинь чих хатуу болохоор ярилцахад нь чи туслах хэрэгтэй гэсэн. Ингээд маргааш нь үнэхээр аймгийн сонины сурвалжлагч Д.Сэнэднасаа ирж, ээжтэй нэлээд удаан ярилцсан. Ингээд “Дайнд оролцогчид” гээд нэр тэмдэглэж авсан. Үүнд, Арилдийн Дарийм 20 настай, Мөнхийн Дарийм 18 настай, Очирын Балдармаа 20 настай, Жамцын Цэмпэлмаа 16 настай, Самбуугийн Балжинням 14 настай, Дэлэгийн Цэгмэд 17 настай, Буджавын Жаргал 20 настай, Цэрэнгийн Чимэдцэрэн 15 настай, Цэдэнгийн Ханд 17 настай, Дагвын Балдалмаа 18 настай, Гэлэгбалсангийн Хандсүрэн 14 настай, Гончигийн Хандам, Дондогийн Ханджав, Магсарын Цэгмэд зэрэг нэр байсан. Тэр моринд чирэгдэж нас барсан нь Магсарын Цэгмэд, харин одоо энх тунх амьдарч байгаа нь Ц.Чимэдцэрэн гуай юм.

-Та эхээс хэдүүлээ вэ?

-А.Дарийм ээжээс хүүхэд төрөөгүй. Тиймээс дайнд явсан найзаасаа намайг өргөж авсан юм билээ. ой дөрөвтэй байсан. Аав намайг авахаар ирэхэд, миний төрсөн ах намайг харамлаад байсан гэсэн. Тэгээд аав сумын төвөөс чихэр авч ирээд ахыг хуурч, намайг авч явсан гэнэ билээ. О.Балдармаа ээж сайн найзаа гээд хүүгээ өргүүлсэн. Миний төрсөн ээж зургаан хүү төрүүлсэн мундаг хүн бий. Дайны дараахан хүмүүс ах дүү нарынхаа хүүхдийг өргөж авдаг байсан. Миний ээж хамгийн бага дүүг үлдээгээд, бусдыг нь өргүүлсэн юм. Одоо ах дүү нар маань бүгд өөр овогтой. Миний өргүүлсэн аав ээж 50-60 насандаа өөд болсон. Түүний дараахан би төрсөн ээжтэйгээ цагаан сараар золгодог болсон доо.

-Таны хоёр өвөө ямар хүмүүс байсан бэ?

-Миний эмээ н.Маря гэдэг хөгшин байсан гэсэн. Аав маань хүнд өргүүлсэн болохоор хөгшин аавын талаар сайн мэддэггүй юм. Хэлмэгдсэн л юм гэсэн. Жаахан байхад энэ тухай сонирхож асуудаггүй тэнэг байжээ. Н.Аюуш ах 40 жил нууцалж байж надад ярьсан зүйлийг, би бас 40 жилийн дараа та нарт ярилаа шүү.

 

Монцамэ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*